Нүүр Дугаарын сурвалжилга Хүүхдийн бурхан
Дугаарын сурвалжилга

Хүүхдийн бурхан

G.Press 1 жилийн өмнө 62 үзэлт 1 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Төв эмнэлгийн Хүүхдийн тасаг гэж гаднаасаа онгож гандсан хуучин байшин барилгатай ч дотроо авралын бурхад хурсан ёстой буян нь дэлгэрсэн газар. Мөн ч олон удаа өдөр, шөнө, өглөө, үдэш гэлгүй халуурч бүлээрсэн хүүгээ тэврээд аврал эрэн очсон доо. Тэгэхэд хүүг минь цагаан халаадтай “бурхад” тосож аваад эмчилж эдгээгээд инээгээд үддэг сэн. Над шиг л адгаж тэвдсэн олон төмөр замчдын энхрий үрсэд энэрлийн гараа дэлгээд угтдаг ачтануудын нэгийг энэ дугаартаа урилаа.

УБТЗ-ын Төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний их эмч Галбадрахын Наранчимэг 20 жил төмөр замчдын хүүхдүүдийн эрүүл энхийг манаанд зогсжээ.

Таныг харахад хүүхдүүдэд их элгэмсэг ханддаг. Ингэхэд та өөрийнхөө бага насны дурсамжаа хуваалцаач гэхэд “Би ээж аавыгаа оюутан байхад төрөөд, эмээ өвөө дээрээ өссөн айлын том охин. Бага нас гэхээр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын төв, аймгийн төвийн тоост гудамж санаанд бууж байна.

Цэцэрлэгт яваагүй. Нэг удаа аав, ээж хоёр минь намайг хотод авчраад төмөр замын I цэцэрлэгт өгсөн чинь хүүхдүүд нь “Чи маргааш манай цэцэрлэгт битгий ирээрэй. Хөдөө рүүгээ яваарай” гээд... Тэгэхээр нь дахиж цэцэрлэгт явахгүй гэж зөрүүдлээд хөдөө эмээ өвөө хоёр дээрээ очсон. Хөдөө яваагүй үедээ ээжийнхээ ажил дээр өнждөг байв. Ээж минь тэр үед БОС-ны II ангид ажиллаж байсан юм. Хожим нь Санхүүгийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж одоо “Булагтай” сувиллын нягтлангаар ажиллаж байгаа Долгорсүрэн гэж хүн бий. “Булагтай” сувилал хоёр жилийн өмнө манай эмнэлгийн харьяанд ирсэн. Тэгэхээр ээжтэйгээ нэг байгууллагад ажилладаг болсон гэсэн үг.

Би 38 дугаар сургуульд анх орсон юм. Тэр үед сургууль маань Ахмадын өргөөний дэргэд байлаа. Би сайн санадаггүй юм. Ээж л намайг нэг, хоёрдугаар ангидаа ангийн дарга байсан. Өдөр хичээл нь орох байтал улаан дарцаг бариад ангийнхаа хүүхдүүдийг цуглуулна 10.00 цагийн үед л гэрээсээ гардаг байсан гэж ярьдаг. Бодвол ангийнхаа хүүхдүүдийг гэрээс нь цуглуулж тойрч явсаар сургууль дээрээ очдог байсан юм болов уу /инээв/.

Эмчийн мэргэжлийг та өөрөө дурлаж сонгов уу гэхэд “Намайг эмч болохыг ээж л шийдсэн дээ. Өөрөө эмч болж чадаагүй том охиноо эмч болгоно гэсэн. Гуравдугаар ангидаа VI сургууль руу шилжиж, наймдугаар ангиасаа Гаваа багшийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон. Гаваа багш алдартай. Эмч болох хүүхдүүд Гаваа багшийн химийн ангид ордог байсан юм. Манай ангиас л гэхэд арваад хүүхэд анагаахад орж байлаа шүү дээ.

Сургуулиа төгсөөд өрхийн эмнэлэгт гурав, дөрөвхөн сар ажиллаад төмөр замын Төв эмнэлгийн амбулаторид хүүхдийн эмчээр орж, арваад жил ажиллаад Хүүхдийн эрчим эмчилгээний тасагт ирээд 13 жил болж байна даа. Миний амьдралын тойрог төмөр замын тосгон дотроо л өрнөж байна даа.

Амбулаторид байхад хүүхдийн эмч нар төмөр замын байруудаар явж хяналт хийж, зөвлөгөө өгдөг байсан. Хүүхдүүдээ үзнэ, вакцинаа хийнэ. Олон жил яваад байхаар төмөр замын нялхтай айлуудын байр, тоотыг андахгүй болчихдогсон. Арваад жилийн өмнөөс хүүхдийн эмч нар тэгж явахаа больсон санагдана.

 

2012 онд Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ирсэн. Эрчимт эмчилгээний тасаг бол хүүхдийн амь насыг аврах торгон ирэн дээр ажилладаг талбар шүү дээ. Таны санаанаас гардаггүй дурсамж бий юу гэвэл

Энд ирээд удаагүй байтал хүүхдээрээ шахуу 18-19 настай хоёр аав ээж болчихсон хоёр сартай хүүхдээ аваад хэвтсэн юм. Хоёр сартай нярай хатгаатай, суулгалттай биеийн байдал нь хүнд. Хоногт бараг 20 удаа суулгаж байв. Эмч хүн хамгийн түрүүнд эрсдэлээ тооцдог. Сайнаасаа илүү саарыг түрүүлж хараад байдаг талтай. Хүүхдийн биеийн байдал дордоод байдаг. Сэхээний шинэхэн эмч байсныг хэлэх үү. Байн байн гүйж орж хүүхдийг нь үзнэ. Тэр тоолонд нөгөө хоёр хөзөр тоглоод сууж байдагсан. Миний санаа зовоод шөнө ч нойр хүрэхгүй. Жижүүр эмч нар руу утасдаж нөгөө хүүхдийн биеийн байдлыг нь асууна. Өглөө ирэнгүүтээ яваад ороход аав, ээж хоёр нь хөзрөө л тоглосоор байна. Дотроо “Миний байж байгаа, энэ хоёрын байж байгаа” гэж бодно. Ашгүй хэд хоноод хүүхдийн бие сайжраад эмнэлгээс гарлаа. Уг нь залуу туршлагагүй ээж аавуудаас илүү эмээ өвөө нь санаа тавьдаг л даа. Гэтэл тэр хүүхдийн эмээ өвөө нь ч бас тийм амгалан хүмүүс байсан юм байлгүй, таг чиг.

Нэг талдаа амгалан хүмүүсийн хүүхэд гайгүй болчихдог талтай.

Хоёр гурван жилийн дараа өнөө хөзөрддөг хоёр маань эмч нарын баяраар бялуу бариад ирж билээ. Тэр гурав миний санаанаас огт гардаггүй юм. Одоо хүү нь том болсон байх. Монголчуудын “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” гэдэг ч оргүй үг биш гэж бодогддог.

Хүүхдийн биеийн байдал дордож, эсвэл дээрдэж байгаа нь нүдэн дээр илт байдаг. Хүүхэд гэдэг ямар ч жүжиглэлтгүй байдгаараа онцлог. Нүдээ нээж чадахгүй байсан хүүхэд маргааш нь шомбойгоод суучихсан цай ууж байдаг. Хүүхдийн эмч маш гярхай ажигч байх хэрэгтэй. Хүүхдээ олон дахин орж үзэх хэрэгтэй. Өмнө нь анзаараагүйгээ дараагийн оролт дээрээ анзаардаг. Хүүхдийн эмчид ажигч гярхай чанар маш чухал.

Сургууль төгсөхөд багш “Та нар 15 жил ажиллаад эмчийн дөртэй болно доо” гэхэд нь бүтэн зургаан жил сураад, дээр нь хоёр жил резидентэд сурчихаад байхад юу яриад байна даа гэж бодож байсан. Одоо л багшийнхаа тэр үгний учрыг ойлгож байна. Одоо ирж байгаа хүүхдүүдийг үзэхээсээ өмнө биеийн байдал нь хэр хүнд, хөнгөн байгааг гадарлана шүү.

Манай хүүхдийн тасгийн палатнууд том цонхтой байдаг шүү дээ. Бид нааш цааш явахдаа байнга л хүүхдүүдээ ажиглаж явна. Босоод гүйгээд тоглоод сахилгагүйтэж байвал тэр хүүхдийн бие сайн байна гэсэн үг. Хэвтээд хөдлөхгүй байгаад байвал заавал орж үзнэ. Хүүхэд байгаа газар баяр хөөр, аз жаргал ундарч байдаг. Өдөржин энэ хэдэн хүүхдээ харж, бие нь сайжирч байгаад урамшиж, энэ хэдтэйгээ тоглож байгаад харьдаг даа” гэв.

Ингэхэд та хэр сайн ээж вэ гэхэд “Би гурван хүүхэдтэй том хүүгээ зургадугаар курсэд байхдаа төрүүлсэн. Том хүү одоо 22 настай ШУТИС-ийн оюутан.

Хоёр бага нь дунд сургуульд сурдаг.

2013 онд Сэхээний курсээ төгсөж ирээд дахиад мэргэжил дээшлүүлж байсан. Тэгэхэд Эх нялхаст жижүүр эмчээр гардаг байлаа.  Ажлаасаа чөлөөлөгдөөд сурч байгаа хэрнээ эндээ бас жижүүр эмчээр гардаг байсан. Сард 12-13 удаа жижүүр хийдэг байсан. Тэгээд өдөр нь хичээлдээ явна. Гэртээ байхдаа маргааш жижүүртэй гээд унтана, жижүүрээс бууж ирлээ гээд унтана. Нэг өдөр унтаагүй байж байтал том хүү ирээд “Ээж та яагаад унтаагүй байгаа юм” гээд бүр гайхаж билээ. Тэгж байж гурван сарын ард гарч билээ. Тэгэхээр би хэр ээж байх нь вэ. Намайг ямар ээж гэдгийг хүүхдүүд минь л мэдэх байх даа. Одоо бол сард 5-6 удаа жижүүртэй хонох бол юу ч биш. Ингэхэд хүүхдийн эмч том хүн үзэж чадахаа больчихдог юм билээ. Бид жижүүртэй үедээ хааяа дээшээ гарч, Мэдрэлийн тасгийн өвчтнүүдийг үздэг л дээ. Том хүн үзэх нэг л бууж өгдөггүй.

Хүүхдүүдийг эмчлэх бол бөөн аз жаргал инээд хөөр байдаг. Эмчилсэн хүүхэд эдгэрээд эмнэлгээс гарах нь бидэнд хамгийн сайхан мэдрэмж. Хүүхэд гаран гартлаа  инээд бэлэглэдэг. Би хүүхдийн эмчээс өөр ямар ч ажил хийж чадахгүй байхаа” гээд инээв.

Ийм л эгэлхэн нэгэн эмч бүсгүйтэй ярилцлаа. Энэ хорин жилд та хичнээн хүүхдүүдэд эрүүл энхийг бэлэглээ бол...  Танд миний нэгэн адил мянга мянган төмөр замчин баярлаж явдаг нь дамжиггүй. Баярлалаа, танд...

 

Б.Гүнжинлхам 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 1 жилийн өмнө
Ekhiin khui jamaaraa tasrakh yustoi