Сүхбаатар өртөөний галт тэрэгний найруулагч, Замын мэргэжлийн аварга Базаргүрийн Даваа Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад төрж өсжээ. Түүний аав Базаргүр УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрт жолооч, ээж Д.Адъяа вагон үзэгчээр ажилладаг байж. Б.Даваа тэдний найман хүүхдийн ууган нь ажээ.
1992 онд дунд сургуулийн наймдугаар анги дүүргэсэн тэрбээр дараа жил нь Мод боловсруулах үйлдвэрт гуалин хураагчаар ажлын гараагаа эхэлжээ. Тэгэхэд 17 настай байж. Түүнээс хойш тус үйлдвэрт 14 жил ажиллахдаа уулын бригадад тракторын жолоочоос бусад бүх ажлыг хийсэн гэнэ.
Тухайн үед хуурайшилтын үеэс бусад цагт ууланд л мод бэлтгэдэг байсан гэх. Харин түүний хань Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2007 онд Сүхбаатар өртөөнд ажиллах томилолт авснаар Б.Даваад ажил мэргэжлээ солих шаардлага гарчээ. Ийнхүү Ерөө өртөөнд галт тэрэгний найруулагч болж шинэ ажил мэргэжилд суралцаж, амьдралын бас нэгэн эргэлтийг хийжээ. Түүнийг галт тэрэгний найруулагч болоход Ерөө өртөөнд “Болд төмөр-Ерөө гол” ХХК-ний төмрийн хүдрийн ачилт эхэлж байсан үе гэдэг. Тэр бол УБТЗ ХНН-ийн гол зам хувийн хэвшлийн төмөр замтай анх холбогдож, төмрийн хүдрийн тээврийг Ерөө өртөөнөөс хийж эхэлж байсан түүхэн цаг үе гэхэд болно. Б.Даваа тэр цаг үеийн гэрч төдийгүй, төмрийн хүдэр ачсан анхны галт тэргийг найруулсан найруулагч нь болж түүхэнд үлджээ. Энэ тухай тэр “Тэр үед өдөртөө 34 вагон төмрийн хүдрийн ачилт хийж байсан. Сүүлдээ 51 вагонд ачилт хийдэг болсон. Би Ерөө өртөөнд 2007 оны долдугаар сараас эхлэн ажиллаад арванхоёрдугаар сарын эхээр зам төмрийн уулзварын боолтууд тасарсан байсныг илрүүлж, В.Отгондэмбэрэлийн даргын тушаалаар “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялааж байлаа. Тэр шагнал надад их урам өгч билээ. Ерөө өртөөнд хоёр жил ажиллаад 2009 оноос Сүхбаатар өртөөнд ирсэн” хэмээн даруухан өгүүллээ.
Тэрбээр, хилийн өртөөнд ирээд 15 дахь өвөлтэйгөө золгож байгаа нь энэ. Сүхбаатар өртөөнд галт тэрэгний найруулагч хийнэ гэдэг бас л эр хүний чадал чансааг, тэсвэр хатуужлыг шалгадаг л алба шүү дээ. Орхон голын эрэг дээр өвөлдөө -40 хэм давж хүйтрэх өдрүүд цөөнгүй. Агаарын температур -40 хэм байлаа гэхэд хөдлөх бүрэлдэхүүнээс зүүгдээд өвлийн жавар зүсэн ажлаа хийж яваа галт тэрэгний найруулагчид -5 -6 хэмээр илүү хүйтэн мэдрэгдэнэ. Үндсэндээ өвлийн улиралд дунджаар -45 хэмд ажиллана гэдэг эр зоригийн шалгуур гэдэг нь мадаггүй. Хүйтэн байна гээд хэт зузаалчихвал хөдөлгөөн хоригдоод аюулгүй байдлаа хангаж, хөдлөх бүрэлдэхүүнээс зүүгдэх, буухад төвөг учирна. Тэгэхгүй гэхээр даарна жиндэнэ. Ер нь, галт тэрэгний холбогч найруулагч нарт ийм бэрхшээл нийтлэг юм билээ.
Б.Даваа “Би төмөр замд нийт 32 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 15 жилд нь хилийн өртөөнд ажиллалаа. Хилийн өртөөнд ажиллана гэдэг бусдаас илүү хариуцлагатай, сахилгатай байхыг шаарддаг гэж боддог” гэв.
Түүний хэлснээр хилийн өртөөнд ажиллахад “Сүхбаатар өртөө”, эсвэл “УБТЗ” гэдгээс илүү “Монгол” гэж овоглогдож, улс орныхоо нэр нүүрийг өргөж явах үүргээ сэтгэлдээ давхар тээж явдаг бизээ. Өдөр бүр л өөртөө энэ бодлыг чивчиртэл тунгааж, үг, үйлдэл бүрээ нягталж явдгаа тийн цөөн үгээр илэрхийлэв бололтой.
Замын аварга маань сул үг амнаасаа унагахгүй нэгэн аж. Асуусан асуулт бүрт цөөн үгээр, оновчтой хариулна.
Таны ажилд өдөр тутам тулгардаг бэрхшээл бий юу гэхэд “Өртөө маань хүлээн авч явуулах 13 замтай. Жилээс жилд ачаа тээвэр нэмэгдээд байгаа. Урд, хойноос галт тэрэгнүүд зэрэг орж ирдэг. Замын багтаамж багатай болохоор галт тэрэг задлах, найруулахад амаргүй л болж байна” гэв.
Найруулагч нарынхаа хамгийн ахмад нь болсон түүнд шавь нар олон. Тэр шавь нартаа ажлын арга туршлагыг заахаас өмнө “Хүн бол хүнээрээ л байх сайхан” гэдгийг аминчлан захидаг гэнэ. “Хүн байх...” энэ бол түүний амьдралдаа баримталж ирсэн жанжин шугам ажээ.
“Ажил суръя. Энэ ажлыг хийгээд амьдрал ахуйгаа залгуулаад явъя” гэсэн зорилготой ирсэн залуус бол шал өөр шүү дээ. Заасан юмыг хурдан сураад, зөвлөсөн үгийг зөв тусгаж аваад явдаг залуус цөөнгүй байна. Залууст чадах мэдэхээ заагаад өгөхсөн л гэж хичээх юм. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал гэж хоёр ойлголт байна. Яг үнэндээ хөдөлгөөнчдийн хувьд энэ хоёр нэг л зүйлийн хоёр тал гэж ойлгодог. Салгах аргагүй шүү. Хамт олон гэдэг хүнийг зүгшрүүлж, чиглүүлдэг том “гэр бүл” гэсэн үг шүү дээ. Хамт олны уур амьсгал дулаан, эерэг байх хэрэгтэй. Тийм хамт олон дунд инээдэм, наргиан элбэг байдаг даа. Бид чинь хүндхэн ажлын ард гарчихаад жаахан амсхийх зуураа нэгнийгээ цаашлуулж, инээж хөхрөөд стресс бухимдлаа тайлчихдаг. Манайхан тийм л сайхан хамт олон доо” гэв.
“Монгол эрчүүд найранд гурван дуутай, наадам гурван даваатай гэдэг дээ. Таны хувьд...” гэж үг өдвөл “Би дуулах дуртай. Залуудаа байгууллагаас зохиосон үйл ажиллагаан дээр гоцлол дуулчихдаг л байлаа. Барилдахын тухайд бидний багад үеийнхэнтэйгээ дээлнийхээ сугыг ханзалж өсөөгүй хүүхэд гэж байгаагүй. Тэр л жишгээр өссөн. Харин нас биед хүрээд барилдаж сүйд болсонгүй. Нэг удаа Сүхбаатар зангилааныхаа төмөр замчдын баяраар бөхийн барилдаанд гурав давдгийн даваан дээр өвдөг шороодсон. Бидэнд ямар зодог шуудаг байх биш. Шорт, подволктой гараад шорт урагдаад, бушуухан унаад орсон доо. Тэгээгүй бол гурав давчих л байсан байх. Тэгж л нэг зодоглосон хүн дээ” хэмээгээд инээв.
Түүний гэргий Д.Оюунчимэг Сүхбаатар өртөөний ерөнхий нягтлангаар ажилладаг аж. Тэд гэр бүл болоод 30-аад жилийг ардаа үджээ. Тэд оонын эвэр шиг хоёр сайхан охинтой аж. Том охин нь эмч мэргэжилтэй бол бага охин нь оюутан, сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа гэнэ. Б.Даваа, Д.Оюунчимэг нар гурван зээтэй. Зээ нараа эрхлүүлэх чухал ажлыг тун хичээнгүй гүйцэтгэдэг гэв.
Аав, ээжийнхээ тухай яриач гэвэл “Аав, ээж хоёр маань тэтгэвэртээ гарцгааж, Зүүнхараадаа бий. Аав минь их дуу цөөтэй хүн. Ээж минь насаараа вагон үзэгч хийсэн хүн болохоор “ГТХАБ бол нэгдүгээрт...” гэж ирээд ярьдаг хүн дээ” гээд инээв.
Эцэст нь, тэрбээр Замын мэргэжлийн аваргаар шалгарч, Тайланд орноор аялаад ирсэн минь миний амьдралын нэгэн сайхан дурсамжтай үе байсан. Замын захиргаандаа маш их талархаж байна. Төмөр замын мэргэжил, мэргэжлийн шилдэг ажилтнуудтай долоо хоног сайхан аялсан. Тайланд орны хөгжлийг гайхан биширсээр яваад ирсэн дээ. Хөгжилтэй нь би хятад хоолны үнэр авч чаддаггүй юм. Тайландад талх, өндөгхөнөөр хооллож яваад Паттаяа арал дээр очоод орос хоолтой газар олж аваад хэдэн өдөр сайхан гэдэс цатгалан явсан шүү. Би чинь өмнө нь охиноо Шанхайд сурч байхад нэг очиж байсан түүнээс өөр олон улс орноор явж үзсэнгүй. Замын захиргаа маань төмөр замчдаа шагнаж урамшуулж, юм үзүүлж, нүд тайлуулсанд талархснаа энэ ташрамд илэрхийлье” гэв.
Тэрбээр, 2007, 2016 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр хоёронтоо энгэрээ мялаасан ховорхон хувьтан. Харин 2019 онд “Тэргүүний төмөр замчин”, энэ жил төмөр замын баяраар “Төмөр замчны алдар” тэмдгээр энгэрээ мялаажээ.
2024 онд төмөр замын хамгийн том хоёр шагналыг хүртсэн сайхан жил болж өнгөрч байна даа гэж сэтгэл хангалуун өгүүлэв.
Ийм нэгэн эгэлхэн эр өдгөө өвлийн жавар зүсэн цан хүүрэг татуулан ган дөрөө жийн шар дарцагаараа даллан галт тэргээ найруулсаар яваа даа.
Б.Гүнжинлхам
