Би хоёр удаа анхдагч албан тушаалд ажиллах хувь тохиосон хэмээн инээмсэглэн ярих энэ залууг Батсайхан гэдэг. Тэрбээр Улаанбаатар төмөр замд 17 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай залуу төмөр замчин. Одоогоор Сайншанд өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй, үргэлж инээмсэглэж явдаг нэгэн. УБТЗ-ын Сайншанд өртөөнд ХАБЭА хариуцсан инженерийн орон тоо анх батлагдахад уг албан тушаалд ажиллах боломж түүнд олдсон аж. Мөн тус өртөөнд анхны орон тооны үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдахад даргаар нь сонгогдон ажиллах хувь тохиосон тухай тэрээр дурссан юм. Ингээд түүнтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Цогтсайханы Батсайхан гэдэг. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Сургууль төгссөн цагаас өнөөдрийг хүртэл УБТЗ-д 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Ц.Цогтсайхан Дундговь аймгийнх, харин ээж Н.Нямгарав маань Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн. Аав ээж маань аль аль нь төмөр замчин хүмүүс. Би төмөр замчин гэр бүлд өссөн. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэргийг минь З.Цэнгэлбаяр гэдэг. Ер нь миний гэр бүл, ойр дотны хүмүүс бүгд төмөр замчид. Миний хадам аав С.Зоригтбаатар, хадам ээж Жаргалсайхан нар насаараа Сайншанд Татах хэсэгт ажиллаад тэтгэвэртээ суусан. Хадам аав маань Орос, Монголын хос “Хүндэт төмөр замчин” цол тэмдэгтэй мундаг хүн бий. Мөн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той. Түүний боловсруулсан зарим зүтгүүрийн нормативт ажлууд өдгөө ч үнэлэгдсээр байдгаар нь бахархаж явдаг.
-Та яагаад төмөр замын мэргэжлийг сонгосон бэ. Өөрийн хүсэл мөрөөдлөөр үү, эсвэл хувь тохиолоор уу?
-Би өөрийгөө төмөр зам гэдэг байгууллагад өртэй гэж бодож явдаг. Учир нь миний аав, ээж хоёр хоёулаа замчин хүмүүс. Замын IV ангийн II хэсэгт ажиллаж байсан. Хүүхэд нас минь төмөр замтай салшгүй холбоотой өнгөрсөн. Би төмөр замын “Хараацай” цэцэрлэгт хүмүүжиж, мөн л төмөр замын харьяа III сургуулийг төгссөн. Зах зээлийн ороо бусгаа цаг үед ч мөр бүтэн, хоол ундтай, дутагдах гачигдах зүйлгүй өссөн минь төмөр замын ач гэж бодож явдаг. Анх би барилга, архитектурын чиглэлээр суралцах сонирхолтой байсан. Арван жилдээ техник, технологийн олимпиадад оролцож, аймагтаа түрүүлж улмаар улсын олимпиадад хүртэл оролцож байлаа. Аав маань намайг Төмөр замын дээд сургуульд суралцахаар шийдэхэд их баярласан. Тэр үед би аавынхаа ачийг хариулна гэж бодоод ШУТИС-ийг орхиод ТЗДС-ийг сонгож, 2010 онд инженер, бакалаврын зэрэгтэй төгсөж байлаа. Төгсөн даруйдаа Улаанбаатар өртөөнөөс галт тэрэгний туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед өртөөг Ц.Лувсан дарга удирдаж байсан. Туршлагагүй шинэ төгсөгчийг угтан авч төмөр замд нутагшуулсан анхны даргадаа болон тухайн үед намайг сургаж дадлагажуулсан багшдаа бас баярлаж явдагаа энэ дашрамд танай сониноор дамжуулан хэлэхийг хүсэж байна.
-Ажлын замнал тань хэрхэн үргэлжилсэн бэ?
-Анх 2010 онд сургууль төгсөөд шинэхэн инженер залуу Улаанбаатар өртөөнд холбогчоор ажилд орсон цагаас эхлээд 2012 он хүртэл холбогч болон туслах жижүүрээр ажилласан. Нутагтаа ирж ажиллах сонголтыг хийж 2014 онд Сайншанд өртөөний харъяа алсын удирдлагатай Түшлэг өртөөнд жижүүрээр ажилд орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл өртөө зөрлөгийн жижүүр, зөрлөгийн дарга, холбогч найруулагч, ачаа вагон хүлээлцэгч, туслах жижүүр зэрэг бүх л албан тушаалыг дамжиж ажилласаар өнөөдөрт хүрсэн байна. Эргээд харахад би өөрийгөө энэ бүх л ажлыг хийж байсан минь өнөөдрийн намайг бий болгож өгсөн гэж боддог.
-Та томоохон бүтээн байгуулалтын төсөл дээр ажиллаж байсан гэсэн?
-Тиймээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд дэд бүтцийн хөдөлгөөн хариуцсан инженерээр ажилласан. Энэ хугацаанд диспетчерийн ажлыг гурван сарын турш дагалдангаар хийж, төслийн нэгж дээр хөдөлгөөн хариуцсан инженерээр ажилласан нь миний хувьд их туршлага болсон.
-Хэзээ ҮЭ-ийн хорооны дарга болов?
-Төслийн ажил дуусаад, 2021 онд Сайншанд өртөөнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажилласан. Манай өртөөний 70 жилийн түүхэнд анх удаа ХАБЭА хариуцсан инженерийн орон тоо батлагдаж, тэрхүү албан тушаалд томилогдсон. Харин 2023 онд Сайншанд өртөөнд мөн л анх удаа орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал бий болсон юм. Сонгуульд өрсөлдөж, хамт олныхоо итгэлийг авч сонгогдон одоо ч ажиллаж байна. Ингэснээр Сайншанд өртөөний түүхэнд бий болсон хоёр анхдагч орон тоон дээр ажиллах завшаан надад тохиолдсон нь сонин давхцал юм. Би ч үүнийгээ их хувь тохиол гэж бодож билэгшээдэг.
-Та ажлын гараагаа анхан шатнаас эхэлсэн хүн. Энэ туршлага одоогийн ажилд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
- Шатлал дамжиж ажилласан туршлага маань ер нь их хэрэг болдог шүү. Даргын албыг хашиж байгаа хүн ажилчдынхаа зовлон жаргалыг ойлгодог байх ёстой гэж боддог. Би ачаа вагон хүлээлцэгч ямар ажил хийдэг, өртөө, зөрлөг дээр ямар амьдрал өрнөдөг, зөрлөгийн даргад ямар асуудал тулгардаг, холбогч, найруулагч нар гадаа ямар нөхцөлд ажилладаг вэ гэдгийг өөрийн биеэр туулж мэдэрсэн. Тийм болохоор Үйлдвэрчний эвлэлийн хороог ахалж ажиллахад надад ойр санагддаг. Ажилчидтайгаа ойлголтын зөрүү гарахгүй амар байдаг.
-Орон тооны ҮЭ-ийн хорооны даргатай болсон нь бодит үр дүнгээ өгч байна уу?
-Манай Сайншанд өртөө 144 хүний орон тоотой. Орон тооны ҮЭ-ийн хорооны даргатай болсон нь оновчтой шийдвэр болсон гэж боддог. Ажлын найман цагийг зөвхөн ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн тухай хууль, цалин хөлс, маргаантай асуудлыг шийдэж судлах боломжтой болсон. Тухайлбал, цалин хөлс буруу бодогдсон тохиолдолд цалин хөлсний эмхэтгэлээс шалгах, санхүү тасагтайгаа ярилцах зэргээр ажилтнуудаа хохиролгүй болгох асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэх боломж бүрддэг. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо 12 жилийн турш шийдвэрлэж чадаагүй байсан ачаа вагон хүлээлцэгчийн хөдөлмөрийн нөхцлийг хүнд нөхцөлд оруулах асуудлыг шийдэж чадсан. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 221 дүгээр тушаалд оруулж чадсан. Энэ нь эмэгтэй ажилтан 50 насандаа, эрэгтэй ажилтан 55 насандаа тэтгэвэрт гарах эрх үүсэх боломжийг бүрдүүлж чадсан.
-Хамтын гэрээний хэрэгжилтийн талаар юу хийж ажиллаж байна вэ?
-2024-2025 оны хамтын гэрээний хэрэгжилтийг бүх өртөө, зөрлөгөөрөө явж танилцуулсан. Мөн 2026-2027 оны хамтын гэрээнд оруулах санал хүсэлтийг ч ажилчдаас бичгээр авч нэгтгээд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний комисст хүргүүлсэн. Тус комиссын шийдвэрүүд гарч, өнгөрсөн нэгдүгээр сарын 2-ны өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Бид унаа болон хоолны хөнгөлөлтийг нэмэгдүүлэх санал оруулсан. Мөн холбогч, найруулагч нар зуны халуун, өвлийн хүйтэнд төмөрт хүрч ажилладаг учраас хүйтний нэмэгдлийг нэмэгдүүлэх санал гаргасан. Энэ асуудлыг дахин судлахаар төлөвлөгөөнд тусгасан.
-Та залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн нь. Өнгөрсөн ”Гурван үеийн уулзалт”-ын үеэр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Миний хувьд Сайншанд зангилааны Залуучуудын зөвлөлийн тэргүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Залуучууд нийгэмдээ оролцоотой, идэвхтэй, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Жил бүр “Гурван үеийн уулзалт”-ыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд “Мэргэжил сурталчлах өдөрлөг” -ийг зохион байгуулж, ерөнхий боловсролын зургаан сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан. “Бид мэргэжлээрээ бахархдаг” уралдаанд манай зангилаа гуравдугаар байр эзэлсэн. Мөн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. УБТЗ-ын Залуучуудын байгууллагын 10 жилийн ойд зориулсан бүтээлч ажлуудыг ч төлөвлөж байна.
-Сайншанд өртөө энэ жил түүхт ойгоо тэмдэглэх гэж байна.
-Манай Сайншанд өртөө 70 жилийн ойгоо зургадугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Дорноговь аймгийн ИТХ-аас манай өртөөг 17 жил удирдсан Ш.Ёндонноров агсны нэрэмжит болгосон. Үүнтэй холбогдуулаад түүний хөшөөг босгохоор төлөвлөж байгаа. Мөн түүхт ойгоо угтаж олон бүтээлч ажил хийж байна. Тухайлбал, Долоодын хөндий зөрлөгийг хоггүй зөрлөг болгож, зөрлөгийн барилгуудыг их засварт оруулж, дулааны алдагдлыг бууруулсан. Цахилгаан халаалтын системд шилжүүлж, цахилгааны хөнгөлөлтийг олгож байна. Цаашид Долоодын хөндийд тоглоомын талбай болон зангилааны ажилчдын чөлөөт цагаа өнгөрөөх бие бялдаржуулах задгай талбай байгуулахаар төлөвлөсөн. Манай өртөө байгуулагдсанаас хойш өргөтгөл хийгээгүй. Хүлээн авах 1-9 дүгээр замтай. Ашигтай уртын хувьд бусад өртөөтэй харьцуулахад хамгийн богино л доо. Сүүлийн жилүүдэд төмөр замын сүлжээ өргөжиж, ачаалал ч нэмэгдэж байна. Зүүнбаян, Газрын тос боловсруулах үйлдвэр, Ханги боомт руу чиглэсэн төмөр зам зэрэг олон чиглэл манай өртөөгөөр дамжих болсон. Өнөөдөр Сайншанд өртөө Замын-Үүд, Ханги, Ганцмод гэсэн гурван хилээр дамжих экспорт, импортын ачааг хүлээн авах боломжтой зангилаа болж байна. Иймээс замын өргөтгөл зайлшгүй шаардлагатай байгаа.
-Өртөөний хөгжлийн талаар цаашид хөгжүүлэх ямар санал бодол байна вэ?
-Ирээдүйд урт, хүнд бүрэлдэхүүнтэй галт тэргийг манай өртөөнд хүлээж авч, явуулах нь цаг хугацааны л асуудал. Мааньт өртөөнөөс Айраг хүртэл саяхан ийм аялал хийсэн. Манай өртөөнд ирэх ачааллыг урьдчилан харж, замын өргөтгөл хийх, ашиглалтын барилгуудыг сайжруулах, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн замд их засвар хийх шаардлагатай. Мөн орон тооны зарим өөрчлөлт хийх шаардлага бий. Жишээлбэл техникийн конторчин, вагон бичигчийн ажлыг тусгаарлах хэрэгцээ гарч байна. Энэ талаар судалгаа хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
-Ажилчдаас хамгийн их ирдэг санал хүсэлт юу байдаг вэ?
-Хамгийн их ирдэг санал бол цалингийн системийг шинэчлэх тухай. Холбогч, найруулагч, ачаа вагон хүлээлцэгч, замчид, машинч нарын цалинг нэмэх шаардлагатай гэсэн санал их гардаг. Хамтын гэрээний дагуу гуравдугаар улиралд цалинг арван хувь нэмэхээр төлөвлөсөн. Мөн шагналт цалингийн тодорхой хувийг үндсэн цалинд шингээж байгаа нь маш зөв шийдвэр гэж боддог. Үндсэн цалин өсөхөөр дагаад бусад нэмэгдлүүд нэмэгдэнэ. Энэ нь ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ.
-Төмөр замчдад зориулсан хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаа юу?
-Манайд “Говийн төмөр замчин” бага, дунд, урт хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна. Говийн нөхцөлд ажилладаг хүмүүсийн амьдрал, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн энэ хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. Мөн “Цалинтай ээж”, тогтвортой ажилласны урамшууллын хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь ажилчдад их дэмжлэг болдог. “УБТЗ-ын хамгийн үнэт зүйл бол ажилчид” гэж Д.Жигжиднямаа дарга хэлдэг байсан. Үнэхээр ч захиргаа болон Үйлдвэрчний эвлэл хамтран ажилчдынхаа төлөө олон бодит ажлыг хийж байна. Цаашид ч төмөр замчдынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Төмөр замчдадаа ажил хөдөлмөр, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
- Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
