"ГТХЗНТ" УТҮГ, “УБТЗ” ХНН, “МТЛ” ХХК хамтран “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгчдийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 19-нд анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, гэрчилгээжүүлэлтийг нэгтгэх, төмөр замын тээвэрлэлтэд оролцогч хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгч иргэн, хуулийн этгээдүүдийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар туршлага солилцох, тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, хамтран ажиллахад үндсэн зорилгоо чиглүүлсэн уг  зөвлөгөөнд ерөнхий зохион байгуулагчдаас гадна “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК, “МТЛ” ХХК--??? компани болон бусад хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, өмчлөгч болон түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчид  “Хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээжүүлэлтийн өнөөгийн байдал”, “Засвар үйлчилгээний чиглэлээр тулгамдаж буй асуудлууд”, “Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, түрээслэгчдээс ирүүлсэн санал, асуултууд” зэрэг сэдвийн хүрээнд зөвлөлдөж, харилцан санал солилцсон юм. Энэ үеэр оролцогч компаниуд өөрсдөд нь тулгамддаг асуудлаа ярилцсаны  зэрэгцээ шийдэл, гарц гаргалгааны талаар харилцан санал солилцлоо. Төгсгөлд нь, дэвшүүлсэн асуудлыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулж ажиллахаа зохион байгуулагч талууд онцоллоо.

Энэ үеэр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Идэр “Өмнө нь, Монгол Улсын төмөр замын салбар зөвхөн УБТЗ ХНН-ээр төлөөлөгддөг байсан бол сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн олон төмөр зам бий болсныг та бүхэн мэднэ. Үүнийг дагаад хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, түрээлсэгч нарын тоо ч нэмэгдсэн. Тэдгээрийн хоорондын уялдаа холбоо болон үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэ оны долдугаар сард Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Улмаар 2024 оноос энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих байсан ч хууль хэрэгжих хугацааны бэлтгэлийг хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2025 он болгож хойшлуулсан.  Бид төмөр замын салбарт мөрдөгддөг бүх дүрэм журмыг шинэчлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, Төмөр замын агентлагтай болох гэхчлэнгээр олон чухал зүйл заалтыг Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, батлуулсан. Мөн тус хуулийн хүрээнд төмөр замын салбар дотроо “Суурь бүтэц эзэмшигч”, “Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч”-ийг хооронд нь салгаж өгснөөрөө онцлогтой. Энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүлээж буй гол үр дүн нь Монгол Улсад орж ирж байгаа хөдлөх бүрэлдэхүүнүүдэд нэн тэргүүнд ямар шаардлага тавих вэ? Цаашлаад тэдгээрийн засвар арчлалтад дотоод нөөц бололцоо маань хүрэх үү, үгүй юу? Хүчин чадал хүрэлцлээ гэхэд ямар технологиор, ямар стандарттай вагонуудыг хүлээн авч ашиглах вэ? Хөдлөх бүрэлдэхүүний тоо хэмжээг хэдэд барьж ажиллавал өнөөгийн суурь бүтцийнхээ хүчин чадалд багтах вэ? Хилээр оруулж ирэх вагонуудын зөвшөөрлийг хэрхэн олгох вэ? Эдгээр маш олон чухал асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах явдал юм. Товчхондоо, эдгээрийг шийдвэрлэх эхний алхмаа бид өнөөдөр хийж байна гэж ойлгож болно. Яг өнөөдрийн байдлаар хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, түрээслэгчдэд тулгамдаж байгаа гол асуудал нь завсарын бааз. Завсар хийх хүчин чадлаа нэн тэргүүнд нэмэгдүүлэхгүй бол үүсээд буй эрэлт хэрэгцээгээ одоо байгаа засварын бааз маань бүрэн хангахгүй. Энэ нь тээвэрт явж байгаа хөдлөх бүрэлдэхүүнүүд нэгэн зэрэг зогсох эрсдлийг дагуулж байна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөнд оролцогчид харилцан санал солилцлоо” гэв.

 

А.Буяннэмэх:Төмөр замын байгууллагууд хамтдаа шийдэх шаардлагатай олон асуудал байна

 

 Зөвлөгөөний үеэр “ГТХЗНТ” УТҮГ-ын дарга А.Буяннэмэхээс тодруулга авлаа.

 

-Зөвлөгөөний хүрээнд нэлээд өргөн хүрээний асуудлыг хөндлөө. Зохион байгуулагчдын хувьд хүссэн үр дүндээ хүрч чадав уу?

-Бидний зохион байгуулсан энэхүү зөвлөгөөн далайцын хувьд ч цаашдын ач холбогдлыг нь бодсон ч маш чухал. Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, ашиглагч, түрээслэгчдийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд асар хурдацтай өслөө. Саяхан л 20 гаруйхан байгууллага хөдлөх бүрэлдэхүүнтэй холбогдож байсан бол өнөөдөр 65 байгууллага болж өргөжсөн нь бодит баримт юм. Тэгэхээр цаг үеийн хэрэгцээ шаардлага асар ихээр үүссэн энэ үед бид нэгэн дээвэр доор чуулж тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилаа. Энэ бол цаашдын үйл хэрэгт маш чухал алхам. Эхний алхмаа амжилттай хийнэ гэдэг том үр дүн гэж харж байна.

-Монгол Улсын хэмжээнд хэдэн хөдлөх бүрэлдэхүүн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцож байна вэ?

-2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар манай улс 12.285 хөдлөх бүрэлдэхүүнтэй гэсэн статистик мэдээ байна. Үүний 10 мянга гаруй нь ачааны вагон. Иймд цаашдаа бидэнд завсарын асуудал маш хурцаар хөндөгдөх нь. Өнөөдрийн байдлаар, албан ёсны зөвшөөрлөө авсан нь УБТЗ ХНН-ийн харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, “МТЛ” ХХК-ийн Вагон депо гэсэн хоёр л байгууллага байна. Гэтэл энэ хоёр вагон депо 4000 вагон засварлах хүчин чадалтай гэж тооцвол цаана нь 6000 вагон үлдэнэ. Дээр нь Монгол Улсын хилээр орж ирэх вагоны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Зөвхөн 2022 онд л гэхэд 3000 гаруй вагоныг эзэмших болон түрээслэх нөхцөлтэйгөөр оруулж ирсэн бол энэ онд 1100 вагон хилээр оруулж ирсэн. Цаашид баруун, зүүн бүсийн төмөр замуудын төслийн хэрэгжилтийг дагаад ачааны вагоны тоо улам бүр өсөх нь. Тиймээс хөдлөх бүрэлдэхүүний цахим бүртгэлийг бий болгох, засварын хуваарийг технологийн хөгжилд суурилсан илүү ухаалаг байдлаар шийдвэрлэх, вагон засварын депогийн ажиллагааг галт тэрэгнийхээ хөдөлгөөний зурмагтай уялдуулж өгөх, депо засварын ажлыг жигд явуулах, энэхүү төлөвлөлтүүдийг төмөр замын салбарын хэмжээнд нэгдсэн бодлогоор гаргах хэмжээний программ хангамжийг бий болгохгүй бол бид маш хүнд байдал руу орно. Энэ бүхнийг шийдэхэд зөвлөгөөнөөс гарсан санал санаачилгууд хэрэг болно. Цааш цаашдаа ярих, шийдэх асуудал маш олон байна гэдгийг энэ удаагийн зөвлөгөөн тодоор харуулж байна.  Инженерүүд ч үүнтэй санал нэг байна.

 

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

ХАБЭА-Н АЖИЛТНУУД АЖЛАА ДҮГНЭЖ, ИРЭХ ЖИЛИЙН ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛОВ

УБТЗ-ын нийт бүтцийн нэгжийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудын дунд “Аюулгүй байдалд удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сэдэвт зөвлөгөөн, сургалтыг энэ сарын 19-нд зохион байгууллаа. ЗТХ-ийн сайдын нэрэмжит Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулсан уг сургалтад УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев, ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан нар оролцож, өндөр хөгжилтэй орнуудын ХАБЭА-н туршлага, ажилтны эрүүл мэнд, удирдлагын манлайллын сургалтыг сонордлоо. Мөн 2023 онд гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, алдаа оноогоо ярилцан ирэх жилийн төлөвлөлт, аюул, эрсдлээс хэрхэн урьдчилсан сэргийлж ажиллах талаар санал солилцож зөвлөлдсөн юм.

 

А.Энх-Амгалан:ХАБЭА бол нэг хүнд бус нийтэд хамаатай ажил

 

Энэ үеэр ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн зөвлөгөөний онцлог юу вэ?

-Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн зөвлөгөөнд ХАБЭА хариуцсан орон тооны нийт 58 инженер, ТЗДС-ийн ХАБЭА-н сургалтын төв, мөн эрүүл ахуйн байгаагч нараа оролцуулан 2023 оны “отгон” сургалт зөвлөгөөнөө зохион байгуулж байна.  Энэ удаагийн сургалтаар 2023 оны Замын хэмжээний сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу БНСУ-ын ХАБЭА-н нийгэмлэгийн сургалтад хамрагдсан таван ажилтан бусад мэргэжил нэгтнүүддээ үзэж, харсан мэдлэгээ хуваалцаж, БНСУ-ын туршлага, Олон улсын ХАБЭА-н соёлын талаар таван чиглэлт сургалтыг хийж байна. Мөн Эрсдлийн менежментийн талаар н.Эрдэнэтөгс багш сургалт орлоо. Дээрээс нь УБТЗ-ын ХАБЭА-н бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар өдрийн турш зөвлөлдлөө.  Хамгийн гол нь  бид юун дээр алдаад байна вэ, учир шалтгаан нь юунаас улбаатай байна вэ гэдэгт энд хуран цугласан 58 инженер гол анхаарлаа хандуулж, дээрх асуудлыг шийдвэрлэж, хэрхэн алдаа дутагдал гаргахгүй байх вэ, хэрхэн осол эндэгдэлгүй ажиллах вэ гэдэгт чиглэсэн төлөвлөлтийн төсөлд саналаа тусгаж, 2024 оны төлөвлөгөөнд ХАБЭА-н асуудлыг хариуцсан ажилтнуудын оролцоог хангахыг зорьж буй юм.

-ХАБЭА-г хангаж ажиллахын тулд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд илүү өндөр мэдлэгтэй, ур чадвартай байх шаардлага тулгарч байх шиг?

-Замын даргын зүгээс ХАБЭА-н чиглэлд өндөр ач холбогдол өгч, энэ асуудлыг хариуцдаг ажилтнуудыг сургаж, хөгжүүлэх, аливаа осол зөрчлийг гарахаас нь өмнө эрсдлийг илрүүлж, урдчилан сэргийлж ажиллах ёстойг онцолсон. Зөвхөн манай алба ч гэлтгүй бусад бүх салбар нэгжид энэ агуулгыг хангаж ажиллахыг үүрэг болгож байгаа. Тийм ч учраас өнөөдрийн үйл ажиллагаа нь Замын даргын дэвшүүлсэн зорилт, өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын эхний хэсэг гэж ойлгож болно.

-ХАБЭА-н албаны даргаар томилогдсоны хувьд ямар бодлого барьж ажиллахыг зорьж байна вэ?

-“УБТЗ-ын ХАБЭА-н талаар баримтлах бодлогын баримт бичиг” 2025 он хүртэл хэрэгжихээр батлагдсан байдаг.  Энэ хүрээнд бидний хувьд нэн тэргүүнд тавьсан зорилт бол ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах. Үүнийг хэрэгжүүлэх зорилго нь ослыг тэглэх замаар  эрсдлийн үнэлгээг бүх түвшинд хийж хэрэгжүүлэх зорилтоор дамжин бодит ажил болж байгаа. Энэхүү бодлогын баримт бичиг нь хэн нэгнээс хамаарсан байдалтай явж болохгүй. Бид дээрх бодлогоо зорилтот хугацаа хүртэл нь хэрэгжүүлээд 2025 оноос буюу ирэх жилийн төгсгөлөөс дараагийн шатанд илүү сайжруулах замаар бодлогоо шинэчлэн тодорхойлж ажиллана.

 

Б.Дэлгэрхишиг