Х.Баянмөнх: Бид Төв эмнэлгээ улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байгууллага болгох зорилттой ажиллана
УБТЗ-ын Төв эмнэлгийн даргаар Х.Баянмөнхийг саяхан томилсон. Тэрбээр 2012-2013 онд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Медипас эмнэлгийн төслийг удирдан ажиллаж, ашиглалтад өгчээ. 2013-2014 онд Зам тээврийн сайдын орон тооны бус зөвлөх, УБТЗ-ын Төв эмнэлгийн зөвлөхөөр, 2017-2021 онд Монгол улсын Үндэсний аюулгүй зөвлөлд шинжээч эмчээр ажилласан туршлагатай юм.
-Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Арван жилийн сургуулиа дүүргээд 1986-1993 онд АУИС-д суралцаж, 1993 оноос Щвейцарийн Холбооны Улсад очоод, 1998 онд тус улсын Лузанны их сургуулийг дүүргэж хүний их эмч мэргэжил эзэмшсэн.
Щвейцарийн Холбооны улсад 20 гаруй жил ажиллаж, амьдрах хугацаандаа ерөнхий мэс засал, элэг цөс, нойр булчирхайн мэс засалч гэдэг хос мэргэжил эзэмшин, Лузанны их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Мэс заслын эмчээр анхан шатнаас нь эхлэн ажиллаад тус улсын нэг мужийн төв эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч хүртэл нь ажилласан. Щвейцарийн Холбооны улсын боловсролын систем манайхаас их ялгаатай. Эмч, мэргэжилтэн бэлтгэх дипломын дараах сургалтын программ нь зөвхөн мэргэжил, мэргэжлийн ур чадварыг онол, практикийн өндөр түвшинд эзэмшүүлэхээр хязгаарлагдалгүй, эмнэлгийн мэргэжилтний этик, өндөр ёс зүй, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн менежмент гэх мэт өргөн хүрээг хамардаг.
Щвейцарьт ажиллаж байх хугацаандаа 2004, 2005, 2006 онуудад Олон улсын мэс засалчдын коллежийн Щвейцарь дахь салбар болох “Щвейцарь мэс засалчдын баг”-ийн бүрэлдэхүүнд, өөрийн багш, профессор Мишель Жилегийн хамт, Монголдоо хүмүүнлэгийн шугамаар ирж ажиллан, ХСҮТ, I, II эмнэлгүүдэд элэг, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдруудын мэс засал болон тухайн үед Монголд хийгдэж байгаагүй бусад мэс засал эмчилгээнүүдийг нутагшуулахаар ажиллаж байв. Ташрамд дурдахад миний багш профессор Мишель Жиле Францын Мэс заслын академийн тэргүүн асан, тухайн үедээ дэлхийд эхний 20-д эрэмбэлэгддэг томоохон академич, эрдэмтэн профессоруудын нэг юм. 2004 оноос хойш хориод удаа Монголд хүмүүнлэгийн шугамаар ирж ажиллан, олон мянган Монголуудыг хорт хавдраас эмчлэн аврахын сацуу Хавдар судлалын Үндэсний төвийн олон арван мэс засалчдад багшлан хорт хавдрын мэс засал эмчилгээг Европ стандартын дагуу Монголд нутагшуулсан гавьяатай хүн. УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Хүний гавьяат эмч Р.Ганбаатар, Я.Эрдэнэ-Очир нар бүгдээрээ багшийг минь “багшаа” хэмээн хүндэлцгээдэг.
-Та ажлаа аваад удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу?
- Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд тушаал гарч, ажилд орсон. Өнгөрсөн нэг сарын хугацаанд эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж, эмнэлгийн үйл ажиллагааны хамрах цар хүрээ, хойд шугамын тасаг, нэгжүүдтэйгээ танилцаж ажиллалаа. Ерөнхийдөө эмнэлгийн дэд бүтэц, барилга байгууламж, хүний нөөц, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны цар хүрээ, удирдлага, менежментийн түвшинд анхаарах зүйл нэлээд байна. Эмнэлгийн сүүлийн гурван жилийн санхүүгийн нөхцөл байдалтай танилцахад дотаци буюу орлого зардлаас тооцсон алдагдал өндөр байна.
Зөвхөн төмөр замын эмнэлэг гэлтгүй улс даяар бүхий л эмнэлгүүдийн ЭМДС-ийн санхүүжилт хязгаарлагдаж, оношийн хамааралтай бүлгүүдээр, ихэнх архаг хууч өвчин эмгэгүүд, уламжлалт болон сувиллын эмчилгээнүүдийн санхүүжилтүүдийг зогсоосон байгаа нь эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж буй цаг мөчтэй давхцсан эгзэгтэй үед энэ албанд томилогдлоо.
Ажилдаа томилогдсоноос өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийнхээ үйл ажиллагааны дунд, урт хугацааны нэгдсэн бодлого, зорилт, зорилго, стратеги төлөвлөгөө, хүний нөөцийнхөө бүтэц, зохион байгуулалт, бодлого, удирдлагын менежмент, эмнэлгийн эдийн засаг, санхүүгийн төлөвлөлт гэх мэт цаашдын ажлуудынхаа зураглал, төлөвлөлтийг боловсруулж байна.
УБТЗ-ын Төв эмнэлэг Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд хүртэлх төмөр замчид, тэдний ар гэр, үр хүүхдүүд, төмөр замаас гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмадууд гээд нийтдээ 26590 орчим хүн амд эмнэлэг, эрүүл мэндийн тусламжийг хүргэдэг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогсож, эмнэлгийн үйл ажиллагаа доголдон, бид ихэнх эм тариа, дусал, тариур, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалжууд, ариутгалын бодисуудаа татаж авахад хүндрэлтэй болж байгаа энэ эгзэгтэй үед эмнэлгийн удирдлагатай уулзана, бид гомдолтой байна гэсээр олон өвчтөн, эмчлүүлэгчид, төмөр замын ахмадууд надтай ирж уулзаж байна. Зарим нь гомдол гаргаж захидал ч бичсэн байсан. Аль болох боломжоороо тэднийг хүлээн авч уулзаж, сонсож, тэдэнд өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн хязгаарлалт улс даяар иргэдэд амаргүй тусаж байгааг тайлбарлаж л байна.
-Энэ нөхцөлөөс гарах арга зам хайж байна уу?
-Улс даяараа ийм байгаа нөхцөлд одоо тэгвэл бид яах ёстой билээ. Эмнэлэг өөрөө энэ нөхцөл байдлаас гарах ёстой, гаргалгаа хайх хэрэгтэй болж байна. Эмнэлэг нь байна, хүмүүс ажиллаж байна. Бүгд санхүүжилтгүй, цалингүй гээд суугаад байж болохгүй. Санхүүжилтээ босгох боломж бий юу? Хувийн эмнэлгүүд яагаад хүн үзээд өвчтөнөө аваад явж болоод байна вэ. Тэнд асуудал алга. Хүмүүс үзүүлж, эмчлүүлж л байна. Яагаад манай эмнэлэг өөрсдийгөө санхүүжүүлж болохгүй гэж, тийм үү. Бид үлсын бусад эмнэлгүүдээс ялгарсан, өөрийн онцлогтой, орчин үеийн техник, технологийн дэвшил, хөгжлийг тусгасан, оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд, тодорхой хэмжээний төлбөртэй эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийг үзүүлье. Жишээлбэл бамбай булчирхай, хөх, умай, элэг, уушигны төрөл бүрийн зангилаа, бэрсүү, хоргүй хавдрууд, умайн миом зэргийг мэс засал хийлгүйгээр, түлэх эмчилгээг ч юм уу санал болгож болж байна. Зөвхөн төмөр замчдадаа гэлтгүй харьяалал харгалзахгүй үйлчилбэл эмнэлэг орлого олно. Төвлөрлийг ч бууруулахад тустай. Бид ингээд санхүүжилтээ олоод эхэлбэл цалингаа тавиад, эм тариагаа татаад, эндээсээ тодорхой сангууд үүсгээд ахмадууд, эмзэг бүлгийнхэнд үнэ төлбөргүй эсвэл нэн хөнгөлөлттэй эмчилгээг үзүүлэх боломж харагдаж байна. Шинэ менежмент, стратеги руу орно гэсэн үг. Хүссэн хүсээгүй улсын бодлого, ЭМДЕГ эрүүл мэндийн байгууллагуудыг энэ зах зээлийн тогтолцоо руу оруулж байгаа учраас санхүүжилт байхгүй ээ гээд гараа хумхиад, хэн нэгнээс аврал хүлээгээд суух эрх бидэнд байхгүй. Өнөөдөр Монгол улсад бүх юмны үнэ нэмэгдэж байна. Гэтэл ганц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй байж болох уу.
-ЭМД-ын сангийн санхүүжилт улс даяар оношийн хамааралтай бүлэг гэгчээр хязгаарлагдан зогсож, эмнэлгүүд хөл алдаж байна. Энэ тал дээр та бодлоо хуваалцахгүй юу?
-Миний бодлоор энэ нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой болов уу. Социализмын төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үед манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбар үнэ төлбөргүй, бүгдийг төр даадаг байж. 1990 оны улс төр, эдийн засгийн шилжилтийн дараа бид зах зээлийн эдийн засагт шилжсэн боловч эрүүл мэндийн салбар, ялангуяа уг салбарын санхүүжилтийн асуудал өөрчлөлт шинэчлэлийн гадна мартагдан үлдээд, социализмын үеийн, даатгалын санхүүжилт, ор хоног шүтсэн тогтолцоотойгоо явсаар өнөөдрийг хүрчээ. Бид хэн нэгнийг заавал эмнэлэгт хэвтүүлж эмчилбэл үр дүнтэй, чанартай эмчилдэг, гэрээр эсвэл амбулториор эмчлэх нь оновчгүй, үр дүнтэй биш гэсэн сэтгэхүйтэй явсаар өдий хүрлээ. Орчин үөийн эрүүл мэндийн менежментийн ухаанд “Тэг өвчтөнтэй эмнэлэг алдагдалгүй ажилладаг” гэдэг онол байдаг. Ухаандаа эмнэлэгт нэг хүн хэвтэн эмчлүүлж эхлэхэд тэр эмнэлэг эдийн засаг, санхүүгийн алдагдал хүлээж эхэлдэг. Тайлбарлая л даа. Тухайн өвчтөний эмчилгээний (эм тариа, дүсал, тариур, бээлий маск, ариутгал, эмч, сувилагч, асрагч нарын хөдөлмөрийн цалин хөлс гэх мэт эмнэлгийн тусламж эмчилгээтэй холбоотой) зардлуудаас гадна тухайн өвчтөнийг хэвтэж эмчлүүлэх үөд цэвэр, бохир ус, дулаан, гэрэл цахилгаан, агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлт, угаалга цэвэрлэгээ, хог хаягдал, интернет, хоол унд гэх мэт зочид буудлын зардлууд гардаг. Эрүүл мэндийн даатгалын сан зөвхөн тухайн өвчтөний оношилгоо эмчилгээний зардлыг даагаад цаана гарах зочид буудлын зардлуудыг орхигдуулдаг. Тийм учраас эмнэлгүүд байнга санхүүгийн алдагдалтай байдаг. Тэгэхлээр бид ор хоногт анхаарч, даатгалын санхүүжилтийг шүтдэг тогтолцооноосоо салж, орчин үөийн дэлхийн жишгээр эрүүл мэндийн шинэ менежментүүдийг нутагшуулахыг зорих хэрэгтэй байх. Өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь өмнө, эрүүл амьдрах хэв маягт сургах,эрүүл мэндийг дэмжих сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өдрийн эмчилгээ, амбулторийн эмчилгээ, амбулторийн мэс засал гэх мэт маш олон арга замууд бий.
-Та цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар манай уншигчдад товчхон ярьж болох уу?
-Мэдээлэл технологи, шинжлэх ухаан, техник, тоног төхөөрөмжийн хурдацтай хөгжил, интернет, цахим орчин, хиймэл оюун ухаан ид хөгжиж буй XXI зуунд бид амьдарч байна.
Өнөөдөр дэлхий дахинд “Эрүүл мэндийн тусламжийн менежмент” (Health care management) гэдэг бие даасан салбар бодитойгоор үйл ажиллагаа нь анагаах ухаанд стандарт болон хэрэгжиж байна.
Миний зүгээс УБТЗ-ын Төв эмнэлгийн дотоод болон гадаад боломжуудад суурилсан, өвчтөн, эмчлүүлэгчдийн шаардлагад нийцсэн, төвлөрсөн цогц систем бий болгохыг зорьж ажиллана. Дунд, урт хугацааны зорилго, бодлого боловруулах, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх стратегууд, хэрхэн хамгийн бага алдаатайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, процесс шийдэл, санхүүгийн үр ашгийг хэрхэн удирдах гэх мэт ажлуудыг төлөвлөж байгаа. Уг цогц системээр эмчлүүлэгчдэд эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй хүргэх болно. Дээр хэлсэнчлэн, би бол жирийн нэгэн мэс засалч, тэгэхлээр бодож төлөвлөж буй энэ ажилдаа олон улсын түвшний, мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө, дэмжлэг авах шаардлагатай болох байх.
-Ийм цогц эмнэлэг болоход нэлээд хугацаа орох уу?
-Их хугацаа орохгүй гэж бодож байна. Энэхүү цогц системийг бий болгоход жил ч хүрэхгүй, төлөвлөснөөр бол есөн сарын хугацаа л орох юм. Эхлээд эмнэлэгтэйгээ танилцаад, эмнэлгээ мэддэг болохоос л эхэлж байна. Миний ажлын гол зорилго бол УБТЗ-ын Төв эмнэлгээ Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэх зэргийн эмнэлэг болгох зорилготой. “Щвейцарь лугаа хөгжье” гэж манайхан ярьдаг даа (инээв), тийм л хөгжилд хүргэх зорилго тавьж ажиллана. Учир нь тэнд бүхий зүйлд стандарт хэрэгждэг газар. Стандартаа бариад л ажиллана даа.
- Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Танд, мөн танай сонины хуудсаар дамжуулан УБТЗ-ын нийт хамт олондоо эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
А.Энхсайхан
