Нүүр Томилолт Хаврын тариалалтад гарах 630 гаруй мянган суулгац бэлэн байна
Томилолт

Хаврын тариалалтад гарах 630 гаруй мянган суулгац бэлэн байна

G.Press 1 жилийн өмнө 105 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хаврын нар ээсэн дулаахан өдөр Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрээр орлоо.  Хашаагаар нь ороход л ойн үнэр сэнгэнэх шиг... УБТЗ-ын хашаандаа хамгийн олон модтой байгууллага гэдэгтэй маргах аргагүй биз.

Юун түрүүнд үйлдвэрийн дарга Ю.Ганхуягтай уулзлаа.

Ю.Ганхуяг даргын танилцуулснаар тус хамт олон өнгөрсөн онд 24 мянган погон метр сумын дүнз, 24143 дэр мод үйлдвэрлэжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гурван сая тарьц суулгац бойжуулж, үүнээс 36 000 тарьцыг төмөр замынхаа аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн байна.

Өнгөрсөн онд энэ үйлдвэрийнхэн ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэсэн гурван стандартыг хэрэгжүүлсэн УБТЗ-ын анхны байгууллага болжээ. Энэ амжилтыг нь нийгэмлэгээс үнэлж, “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх болзолт уралдаанд тэргүүн байрт шалгаруулж, 3.0 сая төгрөгөөр шагнасан байна. Мөн Замын хөдөлмөрийн болзолт уралдаанд шагналт гуравдугаар байрт шалгаран 6.0 сая төгрөгөөр шагнуулж ганзага дүүрэн амжилттай шинэ оны ажлаа эхлүүлснээ дурдлаа.

Харин 2025 онд тус хамт олон 26 мянган уртааш метр сумын дүнз, 26 мянган ширхэг дэр мод үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар, төлөвлөгөө нь 100 хувь гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Энэ үйлдвэрийн хувьд уулнаас мод бэлтгэх зөвшөөрөл авах нь хамгийн хүндхэн даваа гэдгийг үйлдвэрийн дарга ярьж байв.

Тус үйлдвэр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Түшиг, Баруунбүрэн, Ерөө зэрэг сумдын улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрлийн дагуу мод бэлтгэлийг хийдэг.

Гэвч өнөөдөр үйлдвэр үндсэн хүчин чадлынхаа ердөө 32 хувьд дүйцэх үйлдвэрлэл явуулж байна. Шалтгаан нь үндсэн түүхий эд болох мод бэлтгэлийн зөвшөөрөлтэй шууд холбоотой гэлээ.

Уг нь, Мод боловсруулах үйлдвэр 360 ажилтантай, жилд 160 мянган дэр мод үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мод бэлтгэлийн зөвшөөрлийн хэмжээ хумигдснаар хүн хүчийг хэдэн жилийн өмнө цомхотгосон байдаг. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд олон болсонтой холбоотой модны зөвшөөрлийн хэмжээ буурсан. Одоо жилд 11 мянган шоо метр гуалин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй,  141 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Замын захиргаанаас 2022 оноос хойш тус үйлдвэрт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны чиглэл нь мод тарих чиглэлд эрчимтэй хөгжиж буй гэж болно.Тус үйлдвэрийнхэн мод үржүүлгийн гурван талбай буюу нийт 29.5 га-д тарьц суулгац бойжуулж байна.

Энэ талаар тус үйлдвэрийн ойн инженер Е.Тэмүүжин, ойн техникч П.Даваасүрэн нараас тодрууллаа.

 

Ойн инженер Е.Тэмүүжин: Манай үйлдвэр мод үржүүлгийн гурван талбайтай. Үйлдвэрийн хашаан дахь энэ талбайдаа 12-13 төрлийн мод үржүүлж байна. Шинэс, нарс, гацуур, агч, хайлаас, бургас, улиас, гүйлс, буйлс гэх мэт. Өмнөх жилүүдийн захиалгаас харахад төмөр замын аж ахуйн нэгжүүд жимсний модны тарьц их асуудаг. Тиймээс энэ жилээс төвийнхөө суларсан талбайд жимсний мод үржүүлж эхлэхээр бэлтгэж байна. 2-3 жилийн дараа жимсний модны суулгацыг нийлүүлэх боломжтой болно.

 

-Хүндрэлтэй асуудал бий юу?

 

-Модны тарьцны борлуулалт тааруу байна. Тиймээс үржүүлгийн талбай маань сулрахгүй, дараагийн тарьц суулгацаа суулгах талбайгүй болох хүндрэл байгаа. Өөр газар үржүүлэг хийе гэхээр усалгааны системийг шийдэх шаардлага үүсдэг. Уг нь, тариалалтад гаргахад бэлэн болсон тарьцуудаа борлуулчихвал асуудалгүй.

 

-Борлуулалт бага байгаа нь ямар шалтгаантай вэ?

 

-Төмөр замын байгууллагуудын захиалга бага байна. Гадны зах зээлд борлуулахад Мандал суманд мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага олон байдаг. Зах зээлийн өрсөлдөөн их байна. Түүнээс гадна манай тарьцны үнэ ханш бол нэг их зөрүүгүй. Тарьц суулгацын амьдрах чадвар сайн байдаг.

 

-Та бүхэн “Тэрбум мод” хөтөлбөрөөс гадна ойн нөхөн сэргээлтийг хийгээд явдаг шүү дээ?

 

-Тэгэлгүй яах вэ, нөхөн сэргээлтэд зориулж бид шинэс, нарсны тарьц бойжуулдаг.

Саяхан шинэчлэгдсэн журмаар арчилгааны 100 шоо метр мод огтолгоо тутамд нэг га-д, үйлдвэрийн огтлолд хоёр га-д нөхөн сэргээлтээр мод тарих ёстой. Нэг га-д 1250-аас доошгүй мод тарьж ургуулах ёстой. 

 

-Танайхыг хөнгөн хөрс үйлдвэрлэж эхэлсэн гэж байсан энэ тухайгаа...?

 

-Тиймээ, энэ жилээс туршиж эхэлж байна. Ер нь, хөнгөн хөрсөнд бойжуулж байгаа тарьцын ургалт гадаа хөрсөнд суулгаснаас илүү байгаа нь ажиглагдаж байна. Мөн хөнгөн хөрстэй бортгонд үржүүлэг хийж туршиж байна. Энэ маань тээвэрлэх, тарихад ч хялбар гэдгээрээ давуу талтай.  

 

-Мод үржүүлэг дээр хэдэн хүн ажиллаж байна вэ?

 

Ойн техникч П.Даваасүрэн:  -Байнгын 20 ажилтантай. Ажил удирддаг ойн хоёр техникч маань үржүүлгийн гурван талбайн дунд явж ажилладаг. Зуны ид ачааллын үед уулын бригад, авто баазын ажилтнууд гээд нийт 100 орчим хүн ажилладаг. Модны тарьц бойжуулна гэдэг нялх хүүхэд асрахтай адил байнгын арчилгаа шаарддаг ажил. Гэхдээ хөрсөнд үр суулгачихаад соёолоод цухуйгаад ирэхийг нь харах маш гоё мэдрэмж өгдөг. Одоо хаврын усалгаа маань ирэх долоо хоногоос эхэлнэ. Бидний ажил ундарна даа.

 

-Төмөр замын байгууллагуудын энэ хаврын захиалга ирж байна уу?

 

-Одоогоор ирээгүй байна. Манайхан цагийг нь тулгаж байгаад захиалгаа өгдөг. Долоо хоногийн дотор маш их ачаалалтай ажиллах шаардлага гардаг. Уг нь, захиалгаа жаахан эрт өгч бидэнд захиалсан тарьц суулгацыг бэлтгэх хугацаа гаргавал зүгээр санагддаг гэв.

Одоогийн байдлаар тус үйлдвэрийн гурван талбайд 1-2 настай хоёр сая гаруй тарьц суулгац бойжиж байна. Энэ хаврын тариалалтад гаргахаар навчит модны тарьц 631 мянга, өөрийн ойжуулалтад хэрэглэх 400 гаруй мянган тарьц гаргахад бэлэн гэнэ. Үлдсэн нь нэг настай тарьцууд ирэх жил тариалалтад гарах юм байна.

Тус үйлдвэр хөнгөн хөрсийг анх удаа үйлдвэрлэж, туршиж эхэлжээ.Эндээс чамгүй үр дүн гарна гэдэгт тэд итгэлтэй байна. Нөгөө талаар, хөнгөн хөрс нь байгалийн хар шорооны хэрэглээг 75 хувиар бууруулж байгаа нь байгаль экологид ч тун ээлтэй шийдэл болж байгаа гэв.

Хөнгөн хөрсний орцонд үртэс 50, малын өнжмөл бууц 25, хар шороон хөрс 25 хувь ордог аж. Хөнгөн хөрстэй бортогонд тарьц суулгац бойжуулснаар ургах чадварыг нь 100 хувьд хүргэх боломж бий гэж ойн мэргэжилтнүүд маань харж байгаа аж.

Байгальд ээлтэй хөнгөн хөрсний үйлдвэрлэлийг эхлүүлсэнд нь энэ хамт олонд талархмаар санагдав. Учир нь, хэдэн жилийн өмнө манай сонинд ярилцлага өгсөн хөрс судлаач, доктор бүсгүй байгаль дээр нэг см хар шороонд хөрс бий болоход 100-150 жил шаардагддаг гэж ярьж байсан билээ.

Мод тайрахаас илүү тарьж ургуулдаг энэ хамт олны ажил үйлс нь өөдөө урган дэвших болтугай. Энэ л үйлдвэрийн хашаанд хавар хамгаас түрүүлж ирдэг бололтой. Нялх ногоо цухайж, ойн сэнгэнэсэн цэвэр агаар, модны таатай үнэр ханхалж байлаа.

 

Б.Гүнжээ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.