Эр цэргийн баярын тохиолдуулан уншигч танд яруу найрагч бүсгүйчүүдийн бичсэн эр хүн, эх орны тухай шүлгүүдээс толилуулж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан
НЭРГҮЙ ШҮЛЭГ
Сайрхах юм даанч биш дээ,
Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай…
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
Дөч хүрсэн эр үнэнч л баймаар даа.
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй.
Янаг зөөлөн харцны тань аясаар
Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай.
Уруулын будгийг минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг
Уучлан боддогт тань би танд хайртай.
Дурлал гэдэг зугаа бишийг
Дуулим орчлонд та одоо л ойлгоно
Дутуу хайрласан ханиа аргадахаар
Дурлаад хоцорсон намайгаа ч мартана
Сүслэн залбирдаг гараараа тэвэрч
Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь
Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг
Сүүрс алдан ухаарах болно.
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа
ААВ МОД
Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
Ээжийг минь хайрласан аавын хайр
Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
Үйлийн шугуй зурваслан ургахад
Хэн нь ч юм бэ сахалт гэж
Хэлж нэрлээд заншчихсан гэдэг
Алаг чихрийн цаас цуглуулдаг
Арав хүрээгүй балчир насанд
Айлын ах нар намайг шоглож
Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн
Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж
Сандран байж зөрдөг байлаа
Хүн шиг хүн болох гэж
Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа
Үрдээ зориулсан гэрэлт моддын
Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм
Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн
Амьд цэцэрлэг аав минь байсан юм
Алдаж хазайвал навчсаа дэвсэх
Амин мод аав минь байсан юм аа
Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь
Цангасан бурхад залаад явчихсан юм
Шорвог хорвоогийн жамыг дагахдаа
Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм
Аав минь одоо мод болсон
Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн
Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан
Хөндлөн хөх шугуй болсон
Аав минь одоо мод болсон
Амраг хосуудын мод болсон
Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд
Нас нэмэх сэтгэл болсон
Аав минь одоо мод болсоон
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг
ХАЛХЫН САЙХАН ЭРД
Халхын сайхан эрээс
Харахад нар үнэртэнэ
Хань бараа татаад хайрлахад
Хайрлахад нүнжиг ханхална
Дээлээ ялимгүй хөөргөж, шар дурдан бүс намируулна
Дэврэж жаахан халамцаад, тэнзэн ташуур тулж ханхалзана
Дэнгийн гэрэлд намайг ширтэж бас үе үехэн бишүүрхэнэ
Дэндүү сайхан харагддагаа л харцнаас минь үл олж харна
Хаа холын наадамд хүлэг хөтлөж, зодог бүслээд одно
Харьж ирэхдээ булан нь мөлийсөн хэдэн чихэр л авчирна
Хангал эрэмгий ажнайд үнэ хайрладаггүй атлаа
Ханзархай шилбэтэй дээлээ гоёлд өмсөхөө ч тоодоггүй
Арван алдын хар суран цалмыг толгой алдахгүй хаяна
Алтан богдын шилийг нугалаа алдахгүй исгэрнэ
Ан ав гөрөөлөхдөө хараа алдахгүй онилно
Алтан дэлхийд ховорхон төрсөн түүний
Гуниггүй хар нүдэнд нь нулимс шүүдэрлэхийг хармаар
Гуч гаруйхан насанд нь гэргий болж очмоор
Гурван жилийн цэрэгт явуулж, араас нь захиа бичмээр
Гуравдугаар сарын цаснаар хамтдаа нэг төөрмөөр өө
Халхын сайхан эрээс
Харахад нар үнэртэнэ
Хань бараа татаад хайрлахад
Хайрлахад нүнжиг ханхална
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Эмүжин
ЭР ХҮНД ХҮРГЭХ ҮГ
Эр хүн
Бүсгүй хүний дэргэд хаан нь байг
Бүдэг одны хажууд сар нь байг
Бүлээн энэ орчлонгийн нар нь байг
Бүрэн энэ улсын эзэн нь байг.
Эр хүн
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.
Эр хүн
Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг
Бүргэд дүүлэх халилд зориг нь байг
Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг
Бүтэн энэ Монголын сүр нь байг.
Эр хүн
Энгэр зөөлөн ээждээ үр нь байг
Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг
Эндүү андуу хагацалд нулимс нь байг
Эгэл энэ Монголын түшиг нь байг.
Эр хүн
Охид эмсийн харцанд шүтээн нь байг
Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг
Оготор энэ тавилангийн зүг чиг байг
Оосор бүчгүй Монголын зүрх нь байг
Эр хүн
Сэрж боссон түүхийн илд нь байг
Сэрүүн намрын найранд дуу нь байг
Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг
Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг
Эр хүн
Уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж, боссон амьдралд хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт энэ Монголын амь нь байг
Эр хүн
Дээлтэй их шастирын оюун нь байг
Дэндүү их жаргалын цулбуур нь байг
Дээвэрт энэ Монголын голомт нь байг
Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.
Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.Пүрэвжаргал
МИНИЙ САЯАН
Хэрчигдээд харьтны хөлд үлдсэн Эрдэнийн уул минь
Хүлэг морьсон бол хөтлөөд ирмээр миний Саяан
Хүйтэн төмрөөр торлогдоогүй бол
Дөтлөөд очмоор миний Саяан
Уул Алтайг минь нөмөрлөсөн
Цэцэг чулуун хаалт
Урт холын оргилууддаа
Тэнгэр тэгнүүлсэн хэрэм
Уйлж дуулсан бөмбөрцөгийн умар зүгт цутгах
Халуун амьсгалт Енисэйн хана болсон Саяан
Саяан гэж шимшрэлтэйхэн хэлнэ би
Саяан гэж сүсэгтэйхэн дуудна би
Дэлхийн түүхийг эргүүлсэн дээдсийн
Дэлдсэн харангын сүрт чимээ чамаас сонсогдоно
Хүчин буурах үеийх нь цус нулимсанд халтартсан
Хөх алаг цавчимуудаас тань халуу дүүгнэ,
Миний Саяан
Дулаан биеэс тань эх авсан цалгиат Енисей
Дуу алдан Сэлэнгэтэй минь нэгдсэн биз ээ
Хоногийн газраас мөст оргилоороо дохилцож
Хорьдол сарьдагийн минь хярын салхинаас амсдаг биз ээ
Миний Саяан
Нацагдорж “Миний нутаг”-ийнхаа эхний шаданд хашихдаа
Налж суух биз үрс минь хэмээн найдаж бичсэн нь магад аа
Хорьдугаар зууны эхний хагасад харь болгож одуулсны
Хорон эрчлээсээ түүх султгах буй за
Хомголзон шунагсадын их санаа халирах цагийн
Хомхойрлын харанхуйгаас гүйн ирэх Хүлэг - Уул аа
Холдуулахын шалтаг ойртуулахын ухаанд хувьсахад
Холхи нутгийн шороог сэгсэрч наашлах Уул -Хүлэг ээ
Харьд одсон охин үрийн харц мэт
Халирч ширтсээр байх уул минь
Ужиг түүхийн тохуурхал арилах болтугай
Удамт хөвгүүдийн зориг бадрах болтугай
Саяан гэж шимшрэлтэйхэн хэлнэ би
Саяан гэж сүсэгтэйхэн дуудна би
Хэрчигдээд харьтны хөлд үлдсэн Эрдэнийн уул минь
Хүлэг морьсон бол хөтлөөд ирмээр миний Саяан
Хүйтэн төмрөөр торлогдоогүй бол
Дөтлөөд очмоор миний Саяан...
Яруу найрагч А.Цолмонтуяа
ЭР ХҮН ТАНАА
Ингээд бодоход эр хүн таныг эгдүүцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар
Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хүн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юм аа
Ханийн түшиг, хатан баатар эр хүн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хүн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагүй тогтоц эр хүн таныг би шүтдэг
Хатан бүүвэй, хариу нэхэлгүй эр хүн танд би залбирдаг аа
Эвдрээгүй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бүсгүйд та шүтэгддэг
Эндүүцээгүй буурал амьдралын эзэн, ижийд та бишрэгдэн дээдлэгддэг
Элбэрэлгүй сааралтах сүүдэр шиг амьдралыг, өөд нь аваад та босгодог
Эцэсгүй үргэлжлэх аз жаргалын зовлонг нь та нимэглэн жаргаадаг аа
Эр хүн та бурхан заяа, булхайгүй тавилан
Эр хүн та будант тэнгэр, булзайраагүй түшиг
Эр хүн та уудамт хөндий, ухаант мэргэн
Эр хүн та утгат уянга, устамгүй сахиус аа
Яруу найрагч Б.Гүнжинлхам
Инээмсэглээд угтмаар...
Эргэн эргэн хармаар...
Хаанахын Юндэн бэ чи
Зүүдлээд унтмаар...
Зүрх зүггүйтүүлсэн...
Хаанахын Юндэн бэ чи
Амрагт минь худлаа хэлүүлмээр...
Ахиад тааралдахсан гэж яармаар...
Хаанахын Юндэн бэ чи
Хааяахан зам огтлолцохдоо
Харц чинь гэрэлтээд байх чинь
Санаашрал дагуулсан
Сайхан залуу минь чи надад дурласан юм биш биз
Хаанахын, хэний Юндэн бол доо чи
2014.02.21
