Хятадын өмнөд тэнгис дэх эргийн хотуудаар аялахад могой шиг урт, пүрш шиг агшиж сунадаг, бор хүрэн судалтай чийгийн хорхойнууд хэсэг хэсгээрээ багцлагдсан бийр багс аятай хялгасан хөлүүдээрээ газар шүүрдэн маш хурдтай мурилзан “давхилдах”-ыг үзсэн миний охин шууд л “Вагон хорхой” хэмээн дуу алдаж билээ. Тийм том, урт “Жаран хөлт” үзээгүй би ч гэсэн жигтэйхэн жийрхэж, хөлөө газарт хүргэхгүй бэргэж байгаа охиноо үүрээд тэр хорхойнуудыг зайчлан алхаж явахдаа “Нээрээ л замгүй газраар давхиж байгааг эс тооцвол вагон л юм даа” хэмээн яг оноод нэрлэчихсэнд нь ихээхэн инээд хүрч байсан сан.
Дараачийн өртөөн дээр амарч тухлах зуураа саваагүйтээд нөгөө хорхойгоо судлах санаатай хайлт хийтэл “Multipedes” буюу олон хөлт шавьжийн бүлгийн нөхөр, гэм хоргүй амьтан болж таарсан. Нээрээ шавьж, хорхой хоёр маань огт өөр ойлголт агаад шавьж нь хөлтэй, хорхой нь хөлгүй байдгийг бас мэдээд авав. Эхэндээ баахан хорхойны хөл биччихсэндээ хүлцэл өчье.
Үргэлжлүүлээд чат жипитигээс “Энэ хорхойноос вагон үүссэн үү” гэж асуутал харин вагоны талаарх маш сонирхолтой танин мэдэхүйн мэдээлэл гарч ирсэн юм. Амьтдын дуурайлган хийсэн технологийн нээлтүүдийг “Биомимик технологи” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь байгальд аль хэдийнэ шийдэгдсэн загварчлалаас санаа авч бүтээгдсэнээрээ онцлог. Тухайлбал, онгоцыг шувуунаас, шумбагч хөлгийг загаснаас, антибактери гадаргууг акулын арьснаас “сэдэвлэн” хийжээ. Тэгвэл галт тэрэгний хэлбэрийг загас, дельфинээс, холбоос системийг могойноос санаа зээлсэн байх юм. Бас л байгалийн амьтныг дуурайлгасан биомимик загвар гэсэн үг.
Харин сүүлийн үед хэт өндөр хурдаараа дэлхийг алмайруулж байгаа, туршилтаар цагт 600 км хурдалж чадсан Японы “Шинкансэн” суман зүтгүүрийн загварыг байгальд суурилан шинэчилсэн, шувуу судлаач Эйжи Накацу эрдэмтэн биомимик төслүүдэд арилшгүй нэрээ үлдээж чадсан. Цэнхэр хошуут шувуун загас /kingfisher/-ыг дуурайлган зүтгүүрийн хамрыг нарийсгасны дүнд өнөөгийн төмөр замын салбар дахь онцгой дэвшил болсон өндөр хурдны суман шалт тэргүүд үйлдвэрлэгдсэн байна. Японд галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх олон шинэчлэлүүд ид явагдаж байсан 1990-ээд онд хурдны галт тэрэг 300 км цагийн хурдтайгаар хонгилоор дамжин өнгөрөх үед агаарыг хүчтэй шахсанаас үүдэлтэй дэлбэрэх мэт чанга чимээ хонгилын нөгөө үзүүрт гардаг байв. Энэ нь “Tunnel boom” буюу “Дууны тэсрэлт” хэмээх үзэгдэл юм. Галт тэрэг зохион бүтээгчид болон үйлдвэрлэгчдийн толгойны өвчин болж байсан энэхүү дарамтыг Эйжи Нагацугийн “загасан хошуу” бүрэн арилгаж дуу чимээний асуудлыг шийдээд зогсохгүй, тухайн хошуу нь агаарын эсэргүүцлийг бууруулснаар хурд өсгөх боломжийг ч олгожээ. Охиныхоо танин мэдэхүйд зориулан олж уншсан мэдээллээсээ цухасхан хуваалцахад ийм байна.
Б.Занданхүү
