“Машинч болох санаатай өргөдөл өгөөд “машин”-ыхаа ачааг манадаг хүн болсон минь өчигдөрхөн шиг санагдав ч 25 жил гэрлийн хурдаар цахилан оджээ” хэмээн даруухан мушийх энэ хүн бол Чойжилжавын Ганзориг. Аавыг нь Цэрэндоржийн Чойжилжав гэдэг, жолооч хүн. Аавынх нь төрсөн дүү Цэрэндоржийн Шархүү ч Зүтгүүрийн депод жолооч байжээ. Мөн авга ах Цэрэндоржийн Батжаргал нь аккумляторчин, төмөр замд насаа элээсэн нэгэн. Ганзориг өөрөө Төв аймгийн Аргалант сумын уугуул. Авга нарынхаа жишгийг даган, төмөр зам гэх их айлаар овоглох эрс шийдвэр өвөрлөсөн залуу хүү замын удирдлагуудад зүтгүүр жолооддог хүн болох хүсэлтэйгээ учирлан өргөдөл бичсэн нь 2000 он. Цэргээс халагдаж ирээд л төмөр зам руу зүглэжээ. Харин дарга нар өргөдөлтэй нь нямбайлан танилцаад УБТЗ-ын Гал унтраах ангид шинээр эмхлэн байгуулж байсан Нүүрсний харуулын тасагт хамгаалагчаар “шидчих” нь тэр. Эр цэргийн албанд ярсхийтэл ёсолж дассан эх орны байлдагч тэрээр эрхэм дарга нарынхаа шийдвэрийг ч мөн ёслоод л дагав.
Төмөр замын архаг кадрын нэг Цэгмидийн Жаргалсайхан гэж хүнээр даргалуулан байгуулсан шинэ алба нь есөн харуул, гурван нохойтой товхийсэн бүл. Харин хийдэг ажил нь халшрам. Амь насаа ч тоох юмгүй, ачааны вагон дээрээс нүүрс шидлэн үхэлдэж байгаа том жижиг хүмүүсийг зохицуулах гэж хөөж тууж, аргадаж учирлах аюулын төвөгтэй ажилд тохоогдож. Нийгэм цаг үе нь ч хэцүү хатуу байсан юм хойно доо. Нүдээ аниад улайрч байгаа улстай дүрэм журам ярина гэдэг зангууны үлгэр. Гэхдээ л үүрэгт ажил нь юм болохоор чадлаараа хичээн чардайгаад үзэхээр шийдэв. Ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах... гэдэг дүрмээ тарни лугаа шившин, вагон дамжин гүйж нүүрсчдийг хөөж тууж явахдаа тэднийг өрөвдөх, амьдрахуйг нь харан өр сэтгэл өмрөх үе бишгүй. “Чадуудаа биш ядуудаа л тэгж явсан шүү дээ, миний монголчууд” гэж хэлэхдээ өнөө хэр сэтгэл нь сэмэрч байх шиг.
Цаг сайхан болохын хэрээр ачааны вагонууд дүрэм журмынхаа дагуу, хөндлөнгийн аюул халдлагагүй зорчдог болсныг ярихдаа сэтгэл нь тэнийх ч анх ажилд орж байх үеийнх нь дурсамж өнөө ч түүнээс арилж холдсонгүй. Гав, бороохой, буу гээд хамгаалалтын хэрэгсэл иж бүрнээр нь олгодог, өндөр хариуцлагатай ажил хэдий ч ажлыг сүрээр хийж, хүний өөдөөс бороохой далайж, буу шагайж явсангүй. Ер нь монголчуудын цөлх хар ухаан хэтээсээ цагаан цайлганы хөрсөн дээр зурагдсан юм болохоор яаж ийгээд л бусадтай эвээ олоод, хэн хэнээ хохироочихгүйхэн шиг хэцүү он жилүүдийг туулаадахжээ. Одоо харин цаг өөр болж тээврийн вагоны ачаа руу халдах гэдэг нь орчин үеийн хүмүүст байж болшгүй, ойлгогдошгүй зүйл болж хувирсан. Харин Ганзоригийн хувьд энхийн цагт ч, эгзэгтэй үед ч, аюултай ачааг ч, ахуйн таваарыг ч УБТЗ-ын нэрийн өмнөөс бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган, хүрэх газарт хүргэх нь л үндсэн зорилго.
Түүний ажлын бас нэг онцлог бол бэлэн байдал. Цаг агаар, шөнө өдөр, түгжрэл саатлыг үл хамааран гэнэт дуудагддаг. Вагон бэлэн болохтой зэрэгцэн хамгаалагч ч мөн бэлэн болох үүрэгтэй.
Ганзориг 2002 онд Улаанбаатар өртөөний паркийн харуулаар томилогдож 15 жилийн турш тухайн ажлаа тогтвор суурьшилтай хийгээд 2017 онд ачаа хамгаалагч болсон гэнэ. Анх хамт ажилд орж байсан арван хүнээс нэг нь ч үлдсэнгүй. Харин мань Локомотив гүрийснээрээ гүрийж, ажилдаа дасаж, сүүлдээ ажил нь амьдрал болтлоо хэвшсээр 25 оныг үдчихүй. Яагаад Ганзоригийг би “Локомитив” гэж нэрлэсэн бэ гэвэл, айлын ууган хүү тэрбээр гурван охин дүү, өөрийн дөрвөн хүүхдээ зүтгүүр лугаа чирсээр бүгдийнх нь хөлийг дөрөөнд хүргэжээ. Хажууд нь халуун урмаар тэтгэж, бүлээн сэтгэлээр ивж явсан хүн бол түүний хань Г.Отгон.
“Аав ээж минь эрт өнгөрсөн ч бурхны орноос хүүгээ хараад баярлаж суудаг биз ээ” гэж дөлгөөхөн ярих. Ажилдаа ч зүтгэлч, амьдралд ч бүтээлч, нэг зангаараа түүний өөрийгөө шагнах эл үг нь ихийг бодогдуулав. Өнгөрсөн амьдралдаа ийм итгэлтэй хүн ховор байдгаас ч тэр үү, тос даасан сэтгэлийн нүнжиг ханх татах шиг.
Ганзориг өөрийгөө биш хамт олноо их ярих юм. Болж өгвөл өөрийнхөө биш хамт олныхоо хөргийг бичүүлчих санаатай даг. Гэтэл хамт олон нь, ангийн захирагч нь, салааны дарга нь түүнийг бичээд алдаршуулаад өгөөч гэж манайхныг шалаад, авилгадах нь холгүй юм болсон. “Манай нэг сайхан ажилтан сүүлчийн гараагаа хийх гээд байна аа. Та нарын нөгөө бичээд байдаг “Эгэл төмөр замчин”-д яг тохирох хүн. Энэ хүнийг минь нэг сайхан бичээд, дурсаад өгөөч” гэж ярьсан удирдлагуудынх нь тухай Ганзоригт хэлтэл “Пээ, тиймүү” гэснээ нимгэн шар царай нь яах ийхийн зуургүй улайчихав. Тэгснээ “Дарга нар намайг биш, би л харин хамт олноо яримаар байна санж” гээд дуугаа хураачихлаа. Ер нь юм асуухгүй л бол дуугарахгүй, даруу цөлх хүн юм. Юм ярихаараа ихээ дулаахан нөөлөг үг хэлнэ. Жишээ нь “Сайн хамт олон садан төрлөөс илүү байдаг юм байна лээ” гэж хэлээд хэсэг таг болно. Бодвол тэднийгээ дурсах зуур баяр жаргалтай хувийн дурдатгалууд сэтгэлийнх нь угт кино кадр шиг хөвөрдөг бололтой.
“Та хамгийн сайхан дурсамжаа яриач” гэсэнд Ганзориг: “Дурсамж гэхээсээ илүү, надад хамгийн сайхан санагддаг зүйл бол галт тэрэг хурдлаад давхиж явах үе. Хойшоо Сүхбаатар өртөө рүү явах бүрт мэддэг газар мэт боловч байгалийн өнгө жилийн дөрвөн улиралд давтагдашгүй хувирч өөрчлөгдөхийг харж их олон юм бодогддог. Ер нь аян зам маш сайхан шүү дээ, яг амьдралын олон өнгө шиг” гээд ярих. Уг нь бол босоо тэнхлэгийн 1000 гаруй км төмөр замаар тоогүй олон удаа давхисныг нь бодохоор хэдийнэ уйдсан баймаар. Гэтэл хүний ажил нь өөрөө амьдрал болохын сайхан энэ ажээ.
Б.Занданхүү

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.