Нүүр УБТЗ ХНН ВАГОН ҮЗЭГЧ, ЗАСВАРЧИД АНХДУГААР ЧУУЛГАНАА ХИЙЛЭЭ
УБТЗ ХНН

ВАГОН ҮЗЭГЧ, ЗАСВАРЧИД АНХДУГААР ЧУУЛГАНАА ХИЙЛЭЭ

G.Press 2 жилийн өмнө 129 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй холбоотойгоор ачааны вагоны парк 2.5 дахин нэмэгдэж, олон галт тэргийг зөрлөгүүдэд хаяж вагон үзэгчдийг дуудлагаар ажиллуулах зайлшгүй шаардлага гараад буй. Түүнчлэн, өртөө, зөрлөгийн зам, сум дамнан зогссон урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэргийг боловсруулан аялуулах, бусдын эзэмшлийн вагоны техникийн аюулгүй ажиллагааг УБТЗ-ын суурь бүтэц дээр зохион байгуулах, СИРДП-Е шинэ технологийн СВХИБ-н ашиглалтыг хэвшүүлж нутагшуулах, вагон эзэмшигч шинэ компаниудын үйл ажиллагааг зүгшрүүлэх зэрэг томоохон сорилт вагончдын өмнө тулгарч байгаа аж. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх орон тоо зохион байгуулалт, шинэ техник технологи, хяналтын иж бүрэн тогтолцоог судалж нэвтрүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж буй юм. Тийм ч учраас “Вагон үзэгч-засварчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг “Төлөв-сорилт-боломж-зорилт” сэдвийн хүрээнд энэ сарын 19-нд зохион байгууллаа.

 

Л.БОЛД: 7.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТЫН ЗАРДЛЫГ ХЭМНЭЛЭЭ

 

Монгол Улсын эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, нийгмийн хөгжил, бүс нутаг, олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн 75 жилийн буурал түүхтэй УБТЗ-ын амин чухал салбарын нэг болох вагоны аж ахуйн хамт олны хувьд өмнөө тавьсан зорилтоо жил бүр давуулан биелүүлж, төмөр замын хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлтийн чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн. Тэр дундаас "Ачааны вагон угсрах" төслийн баримт бичгийг 2012 онд боловсруулж, нурмаг ачаа тээх таван вагон, тавцант хоёр вагоныг 2017 онд үйлдвэрлэж, Монгол Улсад анх удаа ачааны вагон угсрах боломжтойг нийгэмд батлан харуулж чадсаныг манай уншигчид бэлээхэн мэднэ. Эдгээр вагон өнөөдрийн байдлаар Багануур-Улаанбаатарын хооронд нүүрс тээвэрт явах 31.5 сая тонн км-ийн ажил гүйцэтгээд буй аж. Түүнчлэн, төмөр замын салбарт хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах, их засвар хийх цехийг анхлан зохион байгуулж ажиллаж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд бүх төрлийн  хөдлөх бүрэлдэхүүний 2100 орчим  дугуй угсарч, цех байгуулсан найман тэрбум төгрөгийн өртгөө нөхсөн төдийгүй долоон тэрбум төгрөгийн гадаад валютын зардлыг хэмнэн ажиллаж байгааг Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд зөвлөгөөний нээлтийн үеэр онцоллоо. Мөн тэрбээр, “Манай хамт олон ачааны вагоны тэвш, тэргэнцрийн элэгддэг хэсгүүдэд 2010 оноос хуванцар жийргэвч болон төмөр хавчуургуудыг санаачлан хийснээр тэргэнцрийн нумын дээд дамнуур, хажуу арлын эвдрэл, элэгдэл үлэмж буурсныг салбарын яаманд танилцуулж вагоны ашиглалтын нормт хугацааг 10 жилээр уртасган ашиглах улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан ажиллаж  байна. Мөн РУ-1 төрлийн хос дугуйны рейс элэгдэх, гэмтэх шалтгаанаар ашиглалтаас  дугуй хасагдаж байсныг сэргээн засах технологи боловсруулснаар дугуйн ашиглалтын хугацааг таван жилээр уртасгаж хос дугуйн нөөц бүрдүүлэн засварт ашиглаж байна. Энэ ташрамд, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд УБТЗ-ын удирдлага, хамт олон онцгой анхаарч дэмжиж ирсэнд вагончид талархаж явдгийг илэрхийлье” гэв.

 

Х.ХЭРЛЭН: ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ДОТООДДОО ОЛОН УЛСЫН ЧАНАР СТАНДАРТЫН ТҮВШИНД ХИЙДЭГ БОЛСОН

 

            Мөн энэ үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийгэмлэгийн тээврийн тарифыг шинэчлэх, их өрийн асуудлыг шийдэж дүрмийн санг нэмэгдүүлэх, цалин хөлсний системийн шинэчлэлтийг эхлүүлэх, шагнал урамшууллын журмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, говийн төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, нийгэмлэгт олон жил тогтвор суурьшилтай ажилласны төлөө мөнгөн шагнал олгох, замчин ээжүүдийн өрхийн амьжиргааг дээшлүүлж, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, төмөр замчдыг орон сууцжуулах зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ирсний үр дүн гарсаар байгааг онцлоод, “Нийгэмлэгийн тээврийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад манай вагоны аж ахуйн 1026 ажилтан чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм. Замын захиргааны зүгээс вагоны аж ахуйг бэхжүүлэх, засвар үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч ирсний үр дүнд тус аж ахуйн үйлдвэрлэлийн бааз тоног төхөөрөмж сайжирч, вагоны засвар үйлчилгээг дотооддоо олон улсын чанар стандартын түвшинд хийдэг болоод байна. Ийм амжилтад хүрэхэд тус хамт олны шинэ технологи, инноваци нэвтрүүлэхэд байнга анхаарч ажилладаг бүтээлч санаачилга чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм. Ер нь, Замын даргын үзлэгийн үеэр вагоны аж ахуйн аль ч депо, техник үйлчилгээний газраар ороход аж ахуйгаа үлгэр жишээ авч явдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр та бүхэн вагончдын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, мэдлэг, туршлагаа харилцан солилцох, олон чухал санал санаачилга дэвшүүлж төмөр замын салбарын өмнө тулгарч буй хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ хангамж, засварын чанар, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах зэрэг олон асуудлыг хэлэлцэн тодорхойлж, вагончдын хамтын ажиллагаа улам нягт уялдаа холбоотой болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Вагоны аж ахуйн албаны хамт олон вагон үзэгч, засварчдынхаа ажлын орчин нөхцөлийг сайжруулах үүднээс зам парк дээр засварын ажлын технологийн баримт бичиг, сэлбэг хэрэгсэл, ажлын багажийг 2-3 стеллажинд байрлуулан ашиглах технологид шилжжээ. Ингэснээр үзэгч засварчид 15-18 кг хэрэгсэл үүрч ажилладаг технологийг халж, вагон үзэгч зөвхөн үзлэг, оношилгоондоо түлхүү анхаарч, эвдрэл гэмтлийг газар дээр нь арилгах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний дүнд шуурхай байдал сайжирч ажлын гологдол зөрчлийн тоо гурав дахин буурсан байна. Мөн Салхит, Багануур, Сайншанд ТҮГ-ын барилгыг шинэчилж, Толгойт, УБ-2, Эрдэнэт ТҮГ, Түнх, Мандал, Аршаантын ТҮХ-ийн ажлын байруудыг өөрчлөн сайжруулж, өртөөдийн сумын хязгаарт  вагон үзэгчдийн дулаацах байр байрлуулснаар тэдний ажлын байрны нөхцөл сайжирч ажлын алдаа доголдол үлэмж буурсныг тус албаны удирдлагууд онцолсон юм.

 

Н.ТҮВШИНТӨГС: ВАГОНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ШААРДАЖ БАЙНА

 

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн техник оношилгооны цехийн доргионт оператор

Би 2008 онд ажлын гараагаа эхлүүлсэн. 2012 он хүртэл Зүүнхараа ТҮГ-т ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Ачааны вагон засварын депод орсон. Мөн оныхоо гуравдугаар сараас өнөөг хүртэл хос дугуйн гүүшингийн далд ноцтой гэмтлийг илрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Вагончдын анхдугаар зөвлөгөөн үнэхээр үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болж өндөрлөлөө. Ялангуяа, хойд, урд хэсэглэлийн хоёр ахмад үзэгч оролцогчдод залуу насныхаа дурсамж, сургаалыг хайрлалаа. Энэ хоёр хүн намайг ажлын  гараагаа эхлүүлж байхад хүлээн авч, мэргэжлийн талбарт зааж чиглүүлсэн ачтай хүмүүс. Ийм туршлагатай, чадварлаг хүмүүсийн сүүлийн шавь болсондоо би үргэлж бахархдаг. Энэ ташрамд 2008 онд намайг анх тосож авсан Оюунчимэг дарга болон тухайн үеийн бүх хүнд талархаж явдгаа илэрхийлье. Тухайн үеийн хүмүүс багш шавийн гэрээ байгуулсан үгүйгээс үл хамаараад хүн бүртэй тулж харьцдаг байсан учраас тэдний туршлагаар шинэ залуустаа үргэлж тусалж байхыг би эрмэлздэг. Манай цех бол нүдэнд үл харагдах  далд ноцтой гэмтлүүдийг илрүүлдэг, өндөр үүрэг хариуцлагатай, нарийн үйл ажиллагаатайгаараа онцлогтой. Өнөөдөр тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа вагонуудын насжилт маш өндөр байна. Зорчигчийн вагон 28 жил тээвэрт яваад актлагдах ёстой. Гэтэл 1963 онд үйлдвэрлэгдсэн вагон тээвэрт явж байна шүү дээ. Манайхан яаж ч үзлэг шалгалт хийж, засварт оруулаад удалгүй дахин гэмтэлтэйгээр орж ирээд байна. Тиймээс парк шинэчлэлт хийх, материалын нөөцийг нэмэгдүүлэх нь хамгаас чухал гэж боддог.

 

О.ЭРХЭМБААТАР:МЭРГЭЖЛИЙН БАХАРХАЛ МИНЬ АМЖИЛТАД ХӨТӨЛДӨГ

 

Замын-Үүд ТҮГ-ын шурган үзэгч 

Би УБТЗ-д 13 дахь жилдээ ажиллаж байна. Ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор манай албаны хэмжээнд технологийн шинэчлэлтүүд эрчимтэй хийгдэж байна. Галт тэргийг л гэхэд хоёр группээр үздэг болсноос эхлээд ажлын зохион байгуулалт ч өөрчлөгдсөн. Дээрээс нь боловсон хүчний хувьд эрс залуужиж байгаа учраас залуу вагон үзэгчдийг сургаж, дадлагажуулах нь маш чухал. Түүнээс гадна хувийн төмөр замууд бий болж, гадаадад ажиллах сонирхол залуусын дунд их байдаг зэрэгтэй холбоотойгоор ажилтны тогтвор суурьшил ч  гол асуудал болж байна гэж хардаг. Ер нь, говийн нөхцөлд ажлын ачаалал даах чадвар сул, залуус эзэмшсэн мэргэжлээ орхих тохиолдол ч байна. Үүнийг шийдвэрлэх гарц нь багш шавийн гэрээг бэхжүүлэх, шинээр ажилд орж байгаа ажилтныг ажлын талбартаа дасан зохицоход нь хүн бүр тусалж дэмжих нь зүйтэй болов уу гэж боддог. Өөрөөсөө жишээлж харахад тухайн хүнд ажил мэргэжлийн бахархал гээч зүйлийг бий болгочихвол цалин хөлсний хэмжээ, ажлын ачаалал зэрэг хүчин зүйлс тогтвор суурьшилд төдийлөн нөлөөлөөд байдаггүй юм байна даа гэж бодсон. Би 2016 онд Замын “Мэргэжлийн аварга”-аар тодорч Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-д очиж үзэж байлаа. 2021 онд татах хомын хүнд ноцтой  гэмтэл илрүүлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулсан. Энэ бол миний бахархал юм. Хамт олныхоо энэ их итгэлийг алдахгүйн төлөө улам илүү хичээж ажилладаг.

Мөн энэ үеэр ахмад төмөр замчин Ж.Өлзийбаатар “Гавьяаны амралтдаа суусан намайг энэ сайхан зөвлөгөөнд урьж оролцуулсанд баяртай байна. Үе үеийн вагончид, Вагоны аж ахуйн албаны удирдлагууддаа талархал илэрхийлье. Мэргэжил нэгт нөхөд маань анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж, тэр дундаа ирээдүйн вагоны аж ахуйг авч явах хүндтэй үүргийг хүлээж байгаа залуу үед хэрэгтэй, жаргал зовлон, гарц гаргалгаагаа ярилцсан. Хэтийн төлөвөө тодорхойлсон маш чухал зөвлөгөөнийг хийж байна гэж ахмад төмөр замчны хувиар бахархан харж сууна” хэмээн ярилаа.

Түүнчлэн, зөвлөгөөний хүрээнд  Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар “ГТХАБ-ын эрсдлийг үнэлэх хариу арга хэмжээ, ГТХАБ-ыг хангаж ажилласан байдал” сэдвээр илтгэл тавьж, Тээврийн хяналтын албаны вагон хариуцсан байцаагч Ц.Түмэндэмбэрэл “ГТХАБ-ын соёл” сэдвээр сургалт хийлээ. Мөн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын санал хүсэлтийг цахим шийдэл ашиглан хүлээн авсан билээ. Оролцогчдын зүгээс “Говийн нөхцөлд зундаа халуун тул нормын хувцсанд поло фудволк олгох”, “Боловсон хүчний тогтвор суурьшлыг хангахын тулд технологийн орон сууц барих”, “А-605 тоот тушаалын дагуу замд дуудагдан ажилласан тохиолдолд илүү цагийг сар сард нь олгодог байх”, “Замын даргын А207 тоот тушаал хэрэгжиж эхэлснээр өмнө авдаг байсан цалингийн хэмжээ буурсан тул тус тушаалыг цуцлуулах”, “Ажлын ачаалал хэт өндөрсөж байгаа тул Дархан-1 өртөөний ээлжийг хоёр, Дархан хоёр өртөөний ээлжийг гурав болгох”, “Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн гагнуурчдын цалингийн үнэлгээ, нормыг нэмэгдүүлэх” зэрэг санал, хүсэлтийг хүргүүлсэн байв. Албаны удирдлагууд эдгээр санал зөвлөмжийг нэгтгэж, Замын удирдлагад уламжлахаа илэрхийллээ. Ийнхүү “вагоны домч” нарын анхдугаар зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

 

Б.Дэлгэрхишиг 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.