1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Дэлхийн усны өдөр нь цэвэр усны үнэ цэнийн талаар тайлбарлан таниулахын зэрэгцээ дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахад чиглэдэг юм. Энэ жил дэлхий нийтээр уг өдрийг “Мөстөлт, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Харин энэ сарын 21-ний Баасан гарагт УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвөөс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ухаалаг худаг” сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сургалтад ЭХУХ-ийн I, II ангийн ус хангамжийн чиглэлийн ажилтнууд оролцов. Мөн Дархан болон Улаанбаатар Ус сувгийн газрын инженерүүд, ТЗДС-ийн дэргэдэх ХАБЭА-н сургалтын төвийн багш нар сургалт орж, харилцан туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Эрчим хүч, ус хангамжийн төвийн Ус хангамж хариуцсан инженер Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Та бүхэн Замын хэмжээнд ус хангамжийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?
-Манай төв нь Монгол Улсын хойд хилийн Тавтын постоос урд хилийн Замын-Үүд боомт хүртэл бүх зангилаа, өртөө, зөрлөг, замын хэсэг, тор засагч, морьт эргүүлийн байруудын усан хангамжийг хариуцан ажилладаг.
Нийт 76 өртөө, 46 замын хэсэг, 19 морьт эргүүлийг унд, ахуйн усаар хангах үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна говийн бүсэд байнгын усны эх үүсвэргүй газруудад Сайншанд зангилаанаас нэг бүр нь 54 тоннын багтаамжтай, 10 цистерн вагонтой усны галт тэрэгтээр зөөврийн ус хангамжийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээ үзүүлдэг усны галт тэрэг маань батлагдсан зурмагийн хатуу хуваарьтай тусдаа зүтгүүртэй, бригадыг авч явах класный вагонтой бүтэн цуваа аялдаг. Бригадын бүрэлдэхүүнд усны галт тэрэгний дарга, хоёр ус олгогч, холбогч, найруулагч гэсэн таван орон тоотойгоор ажилладаг.
-Танай ус хангамжийн салбарт нийтдээ хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Төвийн хэмжээнд ус хангамжийн салбарт 46 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Энэ удаад та бүхэн “Ухаалаг худаг” сэдвээр сургалт зөвлөгөөн зохион байгуулж буйн учир юу вэ?
-Манайх ухаалаг худгийн системийг нэвтрүүлээд 7-8 жил болж байна. Энэ хугацаанд нийтдээ төвлөрсөн ус хангамжийн ус түгээх худгууд болон шугам замын гүний худгууд нийт 31 ус түгээх худгийг ухаалаг худгийн төхөөрөмжөөр тоноглоод хүний оролцоогүй, 24/7 цагийн хязгааргүйгээр хэрэглэгч усаа авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчдэд хүндрэлгүй болсон зэрэг олон давуу талыг бий болгосон хэдий ч ашиглалтын явцад зарим хүндрэлүүд гарч ирж байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж, ямар оновчтой техникийн шийдэл гаргах талаараа судалж, харилцан туршлага судлахаар өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнө нь, ус олгогч ажиллаж нь тухайн объектынхоо бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцаад ажиллаж байсан бол ухаалаг худгийн системд шилжсэнээр үзлэгийн үечлэлт хуваариар бригадын аргаар ээлжит үзлэг үйлчилгээг хуваарийн дагуу хийдэг. Бусад үед эзэнгүйдэх байдал үүсэж байна. Наад зах нь өвлийн улиралд ус олголтын талбайд тогтсон мөс цас, хогийг цэвэрлэхгүй болохоор хүн хальтарч гэмтэх эрсдэл үүсэж байна. Мөн зөвлөгөөний үеэр манайх өөрийн гэсэн программ хангамжгүй тендерт шалгарсан компаний программыг ашиглаад тэдний үндсэн датанд бүх мэдээллүүд хадгалагддаг нь байгууллагын нууцын тухай хууль зөрчигдөх, борлуулалтын орлого тухайн сардаа төвлөрч чадахгүй, тухайн компаний дансаар дамжаад сарын эцэс юм уу, сар дамжин байгууллагын дансанд шилжих, гэмтэл саатал гарсан үед дуудлагаар ирж засвар хийчихээд үйлчилгээний хөлсийг манай борлуулалтын орлогоос шууд суутган тооцох зэрэг давуу байдлаа ашиглан өндөр үнэтэйгээр сервес хийж байна. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт энэ салбарт хурдацтай хөгжиж байгаагаас сэлбэг хэрэгслийн хомсдолд оруулж нөөц сэлбэгийн олдоцгүй байдлаас гэмтлийн хугацааг уртасган бидний үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, хэрэглэгчийг бухимдуулах гомдол мэдээллийн тоог нэмэгдүүлэх сөрөг хандлагууд гарч байна. Өнөөдрийн байдлаар “Эйч Ти Эл” ХХК, “Баялаг говь” ХХК, “Ирмүүн бармат” ХХК, “Иота софт- ХХК, “Эм Си Ар Эл” ХХК гэсэн таван компанийн таван өөр тоноглолтыг ашиглаж, борлуулалтаа хийж байна. Энэ систем нь манайд шинээр нэвтэрч, бүрэн нутагшаагүй. Өөрөөр хэлбэл, таван өөр технологитой тоноглол, программийн засвар үйлчилгээг хийх ажиллах хүчин, сэлбэг материалын нөөц байхгүй. Зарим худгийн ухаалаг дэлгэц худгийн гадна байрладгаас үйлчлүүлэгчдийн зүй бус хэрэглээнээс шалтгаалан эвдрэл гэмтэл их гарч байна. Иймд үед засвар хийх нөөц сэлбэг бидэнд байдаггүй. Заавал суурилуулсан компанид хандахаас өөр аргагүй. Ийм үед цаг хугацаа их шаардаж, гэмтэл удааширч хэрэглэгчид усгүй болох эрсдэл үүсэж байна. Гүйцэтгэсэн компанидаа хандахаар манайд суурилуулсан төхөөрөмжийн дараагийн сайжруулсан хувилбарыг нь оруулж ирдэг болсон өмнөх загварын нөөц сэлбэг байхгүй гэхээр үйлдвэрлэгч рүү нь хандахаас өөр аргагүй болж гэмтэл удаарширдаг. Эсвэл шинээр суурилуулж буй тоноглолыг нэмэлтээр авч суурилуул гэх мэтээр тухайн компаний эрхшээлд орох байдал үүсэж байна. Бид худгаа яаралтай ажилд оруулж төмөр замчдаа усаар хангахын тулд нэмэлт зардал гаргахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа.
-Анхнаасаа яагаад таван өөр компаний системийг оруулж ирэв?
- Тухайн ажил нэг жилд хийгдээгүй. Жил бүрийн их барилгын төлөвлөгөөний дагуу тендер зарлаад аль бага үнийн санал ирүүлсэн компани тендерт шалгарч суурилуулалт хийж байсан юм.
-Та бүхэн цаашид эдгээр асуудлыг яаж шийдэх вэ?
-Эхний ээлжинд бид өөрийн гэсэн программ хангамжтай болох шаардлагтай байна. Программтай болчихвол манай ажилтнууд тоноглолоо өөрсдөө суурилуулж чадна. Мэдээлэл технологийн албанд программын захиалгаа өгсөн байгаа. Мөн бэлэн программ худалдаж авах талаар судалгаа хийгдэж байна.
Бид өөрсдөө программтай болчихвол тоноглолоо суурилуулаад, засвар үйлчилгээгээ хийгээд ашиглалтын явцад гарч буй хүндрэлтэй асуудлаа хэрхэн шийдвэрлэх тодорхойлох зорилгоор өнөөдрийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад энэ чиглэлээр үйл ажиллагаа нь тогтмолжсон туршлагатай хоёр компанийн инженерүүдийг урьж оролцуулан туршлага судалж байна.
-Одоо 31 ухаалаг худаг байгаа гэсэн. Цаашид ухаалаг худаг тавих хэдэн цэг байна вэ?
-78 цэг байна. Төвийн хэмжээнд 118 гүний худгаас ус олборлоод хэрэглэгчдийг хангаж байгаа. Үүний 40 нь төвлөрсөн усан хангамж, шугам замд 78 гүний худагтай. Энэ 78 худгаас зургаан худгийг нь ухаалаг худагаар тоноглосон.
Тус төв нь Замын даргын 2023 оны есдүгээр сарын 29-ний А/847 тоот тушаалаар “Усны чанар сайжруулах хөтөлбөр” боловсруулан дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Уг төслийг 2024-2036 онд бүрэн хэрэгжүүлж дуусах төлөвлөгөөтэй.
Мөн “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийн хүрээнд байнгын усны эх үүсвэргүй усны галт тэргээр зөөвөрлөн хангадаг 17 өртөө зөрлөгт уст цэгийн хайгуул хийж, гүний худаг өрөмдүүлэн, усны чанар сайжруулах төхөөрөмж суурилуулж замчид, хэрэглэгчдийн нийгэм хангамжийн нөхцөлийг сайжруулахаар үе шаттай ажлуудыг төлөвлөсөн.
Замын техник эдийн засгийн зөвлөлийн хурлаар Сайншанд-Айраг чиглэлийн усны галт тэрэгний аяллын хуваарьт өөрчлөлт оруулснаар галт тэрэгний сарын ажлын зурмагаас усны галт тэрэгний хоёр нитки чөлөөлөгдөн оронд нь ачаа тээвэрлэж тээврийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэлэлцүүлж, амжилттай дэмжүүлэн, холбогдох төлөвлөгөөг авч Алтганы гол зөрлөгт гүний цооног өрөмдүүлэх ажлыг эхлүүлсэн.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа
Б.Гүнжинлхам
