УЛААНБААТАР ТАТАХ ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙД
УБТЗ нийгэмлэг ЗХУ-д мэргэжлийн дээд боловсролтой үндэсний инженерүүдийг бэлтгэж эхэлсэн нь 1950-аад он. Тухайн онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу дараа жилээс нь эхний суралцагчдаа илгээсэн. 1956 онд Москва хотын Төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг нэг, Ленинградын Төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг зургаан хүн тус тус төгсөж ирсэн нь манай анхны инженерүүд байлаа. Харин 1957 онд Г.Мандах Москвад, Р.Жамъяансүрэн, Б.Жигмэддорж нар Ленинградад төгсөж ирцгээсэн нь илчит тэрэгний анхны инженер механикууд болсон юм. Дараа жил нь буюу 1958 онд Москвад ес, Ленинградад хоёр хүн төгсөж ирсний нэг нь галт тэрэгний инженерүүдийн бахархал болсон Н.Цэрэнноров агсан байв. Москвагийн Төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг төгссөн тэрбээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн анхны монгол дарга, УБТЗ-ын Нэгдүгээр орлогч даргаар тасралтгүй 23 жил ажилласан сайн инженер, шилдэг удирдагч байсан билээ.
Миний бие ЗХУ-ын Ленинград хотын төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг 1979 онд төгсөж, илчит тэрэгний инженерүүдийн эгнээнд орж ирсэн. Хамт төгссөн, ангийн анд, зүтгүүрийн шилдэг багш Шарын Досмаа маань Н.Цэрэнноров даргатай нутаг нэг. Түүгээрээ их онгирноо.. Бид Улаанбаатар зүтгүүрийн депогоос хөдөлмөрийн гараагаа хамт эхэлсэн нэг үеийнхэн. Бас азтай ч улс. Учир нь тэр үед Замын хэмжээнд алдар нь түгсэн шилдгүүд депод л ажиллаж байлаа. Тодруулбал, депогийн даргаар Д.Гэсэржав, ашиглалт эрхэлсэн орлогч даргаар Б.Шаравжамц, засвар эрхэлсэн орлогч даргаар Ц.Сандууз нарын лидерүүд тэвхийтэл ярайж байсан цаг. Тэдний ажлын арга барил, хүнтэй харьцах чадвар, техникийн өндөр мэдлэг, биеэ авч яваа байдал нь надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг сэн.
Д.Гэсэржав даргыг ажилчид их хүндэтгэнэ. Ажилчдын амьдралыг гярхай мэдэрч, бодитой тусалдаг, өндөр шаардлага, өгөөмөр халамжийг хослуулдаг, мэргэжлийн арвин туршлагатай удирдагч, авьяаслаг зохион байгуулагч байлаа. Орос мэргэжилтнүүд хүртэл түүнээс бэргэдэг, хүндэтгэдэг байж билээ. Замын орос дарга нэг удаа “Би Гэсэржавыг 10 инженерээр ч солихгүй” гэж хэлснийг нь төмөр замчид маань үлгэр домог шиг ам дамжуулан ярьдаг сан.
Харин Б.Шаравжамц нь илчит тэрэгний техник механикчийн мэргэжилтэй, ХААДС-ийн инженер-эдийн засгийн ангийг төгссөн, нам, аж ахуйн хариуцлагатай ажлуудыг олон жил хийсэн, өндөр мэдлэг, арвин туршлагатай удирдах ажилтан байлаа. Бичгийн өндөр боловсролтой тэрээр шуурхай зөвлөгөөн удирдангаа хурлынхаа протоколыг өөрөө хөтлөөд шууд бичээчид өгдөг байж билээ. Маш хурдан татална. Тэгэхдээ бичгийн хэв нь алдагдана гэж байхгүй, хэлзүйн найрлага нь ч төгс. Бас Шаравжамц гуайд төмөр замын дүрэмт хувцас их гоё зохино. Цагаан цамц, зангиа, гялалзсан хар гутал, дүрэмт хувцастай түүнийг харсан залуус, “Ийм л дарга болох сон” гэх мөрөөдөлд автсанаа ярьдаг сан.
Илчит тэрэгний инженер, механик Ц.Сандууз, Ж.Нямаа нар ч мөн л ялгаагүй, гялалзсан лидерүүд байлаа. Илчит тэрэгний инженерүүдээс миний л мэдэх “оргилууд” тэд байсан. Ц.Сандууз 1963 онд, Ж.Нямаа 1964 онд ЗХУ-ын Ленинград хотын төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг төгсцгөөжээ. Бид нэг сургуулийн бүтээгдэхүүнүүд.
Би Улаанбаатар зүтгүүрийн депогийн ашиглалтын цехэд дөрвөн сар туслах машинчаар ажиллаад, засварын цехэд цахилгаан аппаратын цехийн мастераар томилогдлоо. Өөрөөр хэлбэл, депогийн засвар эрхэлсэн орлогч дарга, инженер Ц.Сандуузын удирдлагад шилжсэн гэсэн үг. Ц.Сандууз дарга засварын планёрка /төлөвлөлтийн хурал/, шуурхай зөвлөгөөнүүдийг удирдах нь бусдаас шал ондоо, түүний техникийн өндөр мэдлэг, хүнтэй харьцах чадвар илт ялгарч үзэгддэг сэн. Ялангуяа, орос мэргэжилтнүүдтэй харьцаж байгаа байдал, асуудлыг шийдэх гаргалгаа нь гайхалтай санагддаг байлаа.
1980 онд намайг засварын цехэд ирэхэд, цех болгоны ширээн дээр зуун буудалт даамны хөлөг зураастай, шүүгээнд нь ТЭ2 серийн илчит тэрэгний дизелийн цилиндрийн тагны жийргэвч резинүүд байдаг байлаа. Даамнууд нь л даа. Өдрийн цайны цагаар, орой ажил тараад даам тоглоно. Би ч мөн эндээс л зуун буудалт даамны амтанд орсон доо. 1960 оны сүүл, 1970 оны эхээр бүр оргил үе нь байж, ажилчид тараад бараг гэртээ харихгүй шахам тоглодог байсныг ахмадууд маань дурсдаг.
Ц.Сандууз инженер, цехийн мастер Петр Семенович Константинов /зуун буудалт даамны нэгдүгээр зэрэгтэй/ нар зуун буудалт даамны дугуйлан байгуулж, энэ спортыг депод, төмөр замд төдийгүй Монгол Улсад түгээн дэлгэрүүлж, хөгжүүлсэн гавьяатнууд. Ер нь төмөр замынхан олон спортыг Монголд нутагшуулсан гавъяатай. 1966 онд зуун буудалт даамны хотын аварга шалгаруулах анхны тэмцээн болж, Улаанбаатар Зүтгүүрийн депогийн инженер Б.Амарсанаа түрүүлж, Ц.Сандууз гуай дэд байрт орж байжээ. Мөн ондоо улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, УБТЗ-ын орлогч дарга ашиглалтын инженер С.Болд түрүүлж, Ц.Сандууз инженер дэд байр эзэлсэн бол 1969 онд зохион байгуулагдсан хоёр дахь УАШТ-нд Ц.Сандууз инженер түрүүлсэн түүхтэй. 1976 оноос Ц.Сандууз гуайн санаачлагаар депогийн цомын төлөө зуун буудалт даамны тэмцээн зохион байгуулагдах болж, хожмоо /2000 онд/ уг тэмцээнийг түүний нэрэмжит болгосон билээ. Тэрээр, Монголын Даамны холбооны тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хашиж байв. Мөн 1988-1994 онд УБТЗ-ын “Замчин” спорт хороонд шатар, зуун буудалт даамын дасгалжуулагчаар ажиллаж байсан. Спортын мастер Т.Пүрэвдорж гуай “Ц.Сандууз бол төмөр замд зуунд буудалт даамыг хөгжүүлэхэд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан хүн. Төмөр замын их ажлынхаа хажуугаар энэ спортоор хичээллэн, улсын аваргаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, Улаанбаатар хотын аваргаас хоёр алт, дөрвөн мөнгөн медаль авсан сайн тамирчин. Ц.Сандууз 1966-1982 оны хооронд 16 жилийн турш миний гол өрсөлдөгч байсан юм шүү” гэж ярьж билээ. Т.Пүрэвдорж гуай өөрөө улсын хоёр, хотын долоон удаагийн аварга юм.
Ц.Сандууз дарга өөрийгөө боловсруулахад их анхаардаг хүн байсан. Байнга л ном уншиж харагддаг сан. Жинхэнэ өөрийнхөө техникийн мэдлэг, удирдах чадвараар өндөр албан тушаал, эрх мэдэлд бусдын дэмжлэггүй хүрсэн хүн. Зүтгүүрийн аж ахуйд туслах машинч, засварчин, бригадын дарга, мастер, засварын инженер, засвар, ашиглалт эрхэлсэн орлогч дарга зэрэг ажлуудыг шат дараалан хийсэн, одоогийнхоор бол мерит зарчмаар бэлтгэгдсэн удирдагч байв. 1982-1985 онд зүтгүүрийн аж ахуйн албанд ерөнхий инженер, 1985-1989 онд албаны орлогч дарга, 1989-1991 онд Замын ерөнхий байцаагчийн орлогч, 1991-1994 онд Зүтгүүрийн аж ахуйн албаны анхны монгол дарга, 1994-2001 онд Замын даргын орлогч бөгөөд ерөнхий байцаагчаар ажиллаж байв. Хөдөлмөрийн ийм гайхалтай замналтай хүн ховор доо.
2000 оны Замын даргын намрын үзлэг шиг санагдаж байна. Ц.Сандууз дарга бид хоёр зэрэгцээд Зүтгүүрийн депо руу орж явтал, “Батхүү, депогийн үнэр нь хүртэл сайхан шүү” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Би тулгамдсандаа “Тийм ээ...” гэхээс өөр юм хэлж чадаагүй. Надад ч гэсэн энэ үнэр онцгой сайхан санагддаг юм.
Ж.Нямаа инженер 1964 онд Сүхбаатар депогоос илчит тэрэгний туслах машинчаар хөдөлмөрийн гараагаа эхлэн, улмаар Улаанбаатар Зүтгүүрийн депод засварын мастер, албанд инженер, төмөр замын техникумд мэргэжлийн багш, хичээлийн эрхлэгч, орлогч захирал, Улаанбаатар зүтгүүрийн депод инженер, техник хэлтсийн дарга, засвар эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэж ярьдаг шүү дээ. Ж.Нямаа инженерийн амьдралд ч гэсэн бор дарсанд дурлаж явсан бор үе байдаг юм. Д.Гэсэржав гуай депогийн дарга байхдаа Ж.Нямаа инженерт захиргааны шийтгэл ногдуулж, албан тушаал буулган техник үзлэгийн цехийн хүлээн авагч болгов. Мань хүн ч одоо улам их уух байх даа гэж бэргэж байтал Ж.Нямаа инженер маргааш өглөө нь цоо шинэ ажлын хувцас, бакалтай, алхаа барин инээд алдсаар ирж билээ. Ажлаа үнэнхүү чин сэтгэлээсээ сайхан хийнэ. Удсан ч үгүй засвар эрхэлсэн орлогч даргаар дэвшив. Ер нь Нямаа инженер ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг хүн л дээ. Би 1982 онд Улаанбаатар зүтгүүрийн депогийн техник хэлтсийн даргаар томилогдсоноор Ж.Нямаа даргатай ойр ажиллах боломж тохиосон юм. Тэр үед зүтгүүрийн парк шинэчлэлт явагдаж, ЗХУ-ын Брянскийн үйлдвэрийн ТЭМ2, Ворошиловградын үйлдвэрийн 2М62, М62УМ серийн илчит тэрэгнүүдийг хүлээн авч байлаа. Шинэ илчит тэрэг эзэмших ажил ид өрнөж, Ж.Нямаа дарга хагас, бүтэнгүй ажиллана. Тэрээр сүүлийн 30 жилийн судалгаанд үндэслэн гурван бүсэд хуваасан номограмм зохиож, түүндээ дизелийн тохируулга бүс бүрт агаарын температур, чийглэгээс шалтгаалан хэрхэн өөрчлөгдөх талаар судалгааны ажил хийж, 1987 онд ЗХУ-ын Ленинград хотын төмөр замын тээврийн инженерийн дээд сургуульдаа техникийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан билээ.
Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байсан Ж.Нямаа инженерийн техникийн мэдлэг, ажлын туршлага, удирдах чадвар нь улам нэмэгдсээр асан 1989 онд нэг онцгой үйл явдал болсныг би мартдаггүй. УБТЗ-ын ерөнхий инженерийг монгол инженерээр тавих, тавихдаа намын шийдвэр, захиргааны тушаалаар биш, нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, олонхын санал авсан хүнийг томилохоор тохирцгоолоо. Энэ нь яах аргагүй Монголд өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал орж ирсний тэмдэг байсан юм. Тусгай шалгуураар таван инженер нэр дэвшүүлж, өөрсдийн хөтөлбөрийг боловсруулан өрсөлдсөнөөс Ж.Нямаа инженер олонхын санал авсан даа. Улс, эх орон маань нийгмийн шилжилтийн хүндхэн үе рүү орж, төмөр замын тээврийн хэмжээ буурч, орлого хомсдож байсан үед Замын дарга, замын ерөнхий инженер гэсэн УБТЗ нийгэмлэгийн дээд удирдлагад ийнхүү Р.Раш, Ж.Нямаа гэх хоёр монгол инженер гарч ирсэн билээ. Тэд гар нийлэн яаж ажилласан, хэрхэн амжилтад хүрсэн, УБТЗ-ын хөгжилд ямархан жинтэй хувь нэмэр оруулсныг төмөр замчид бүгд мэднэ дээ. Ж.Нямаа инженер УБТЗ нийгэмлэгийн ерөнхий инженерийн албан тушаал дээр 1989-2002 онуудад тасралтгүй 12 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Миний дурссан зүтгүүрийн аж ахуйн хоёр инженер бол яах аргагүй инженерүүдийн “оргил”, бидний үлгэр дууриал, бахархал болсон хүмүүс билээ.
Би ЗХУ-ын Ленинград хотын төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулиараа, ажил мэргэжил, амжилт бүтээлийн уурхай болсон Улаанбаатар зүтгүүрийн депогоороо үргэлж бахархаж явдаг даа.
Тиймээ, депогийн үнэр сайхаан!
Илчит тэрэгний инженер-механик, ахмад төмөр замчин
Боржигин овогт Дүүрэнгийн Батхүү

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.