Сар шинийн баяр нь Азийн улс орнуудын хувьд он солигдож буйг тэмдэглэдэг Шинэ жилийн баяр юм. Дорнын үндэстнүүдийн хувьд тухайн баяр нь гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлдгээрээ онцлогтой. Цагаан сараар халуун бүл, хамаатан саднаараа цуглаж, билэг дэмбэрэлтэй үг хэлэлцэж, бэлэг сэлт солилцож, ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөдөг. Ингээд Азийн улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг талаарх мэдээллийг товчлон хүргэе.
Хаврын баяр 春节 /Хятад/
Хятадын “Хаврын баяр” нь жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын дунд үеийн хооронд болдог. Билгийн тооллоор шинийн нэгэн нь дээрх хугацааны аль нэгэн өдөр тохионо. Тэдний баярын зонхилох өнгө нь улаан бөгөөд, хүүхдүүддээ улаан дугтуйнд мөнгө хийж бэлэглэдэг. Мөн улаан дэнлүүгээр гудамж талбайгаа гоёж, улаан өнгө давамгайлсан уламжлалт хувцасаараа гангардаг. Үйлдвэрлэгчдийн зүгээс Цагаан сарын бэлгэнд зориулж гаргасан бүтээгдэхүүнүүдийн баглаа боодолд ч улаан өнгөний сонголт зонхилдог. Харин олон нийтийг хөгжөөж цэнгүүлдэг гол үзүүлбэр нь эртнээс уламжилж ирсэн Луугийн бүжиг бөгөөд янз бүрийн эд материалаар хийсэн сүртэй, гоёмсог том луун өмсгөлүүдэд хүмүүс орж бүжиг болгож дэглэн найруулдаг. Хятадууд Цагаан сараар төрөлх нутаг, төрсөн гэртээ очихыг эрхэмлэдэг тул жилийн энэ үед зам тээврийн зорчих хөдөлгөөн оргил рекордоо тогтоодог юм.
Шёогацү 正月 /Япон/
Япончуудын хувьд сар шинийн баяр нь жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд тохиодог. Тэд цагаан сарын баяраараа Японы эртний сүмд очиж залбирал үйлдэхээс гадна тус баярын онцлог хоол болох “Осэчи рёори” гэх багц хоолноос сонгож иддэг. Энэ нь зөвхөн нэг төрлийн хоол биш, шинэ жилийг угтах тусгай бэлгэдэл бүхий олон төрлийн хоолны нийлмэл юм. Тухайлбал, аз жаргал, урт нас, элбэг дэлбэг байдлыг бэлгэдсэн хар шош, загасны түрс, өндөг загастай ороомог, сам хорхой, амтат төмс, улаан загас, нүхтэй лянхуан үндэс зэргээр бэлтгэсэн хоол зуушууд байдаг аж. Япончууд мөн л гэр бүлээ дээдэлж, төрсөн нутаг, ээж аавдаа очиж бүрэн бүтэн халуун амиараа баяраа тэмдэглэхийг эрхэмлэдэг байна.
Соллаль 설날 /Солонгос/
Солонгос улс сарны тооллоор Соллаль баяраа тэмдэглэдэг учраас Хятад улсын Хаврын баяртай ихэвчлэн нэг өдөр тохиох нь бий. Тэд Сар шинийн баяраар том жижиггүй үндэсний хувцас хамбугаа өмсөж ахмад настнууддаа хүндэтгэл илэрхийлэх тусгай зан үйл хийдэг. Мөн өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулах утгаар сүм хийдэд тахил өргөж хүндэтгэлийн ёслол үйлддэг байна. Тэдний хувьд цагаан сарын онцлох идээ ундаа нь мөн л үндэсний уламжлалт хоол байх бөгөөд нас нэмсний дурсгал болгож Догбуг гэх цагаан будааны гурилтай шөл идэх нь нийтлэг. Бас төрөлх нутаг, төрсөн гэрээ зорьж халуун ам бүл, хамаатан саднаараа шинэ оноо угтаж, хамт хооллохыг эрхэмлэдэг.
Тэт Tết Nguyên Đán /Вьетнам/
Вьетнам улсын Сар шинийн баяр нь сарны тооллоор Хятад, Солонгос улсуудынхтай давхацдаг. Тэт баяраараа тэд гэр орон, хашаа хороогоо цэвэрлэхийг машид эрхэмлэх бөгөөд энэ нь аз дууддаг гэх итгэл үнэмшилтэй. Гэр орноо цэвэрлэж амжилгүй шинэ оноо угтвал аз буух газаргүй болно гэж цээрлэнэ. Баярын өдрүүдээс өмнө амжиж гэрээ цэвэрлэх нь маш чухал аж. Баярын үеэр гэрээ огт цэвэрлэхгүй. Учир нь азаа шүүрдчихнэ гэж үздэг. Энэ үеэр өвөг дээдсийнхээ онгоныг тахиж, мөргөлийн зан үйл хийнэ. Мөн тоорын болон жүржийн модоор гэр орноо чимэглэж, орсон гарсан хүмүүст тоор жимс, жүрж бэлэглэдэг. Хүүхдүүдэд азын мөнгө тараана. Вьетнамын Тэт баярын уламжлалт хоол нь будаа, мах, шошоор хийсэн дөрвөлжин хэлбэртэй “Банх чүнг” гэх өвөрмөц идээ юм. Мөн гахайн мах, өндгийг карамель маягаар чанаж нэг төрлийн уламжлалт хоолыг бэлтгэдэг.
Сонгкран /Тайланд/
Тайландын хувьд сар шинийн баяр нь дөрөвдүгээр сарын 13–15-нд болдог. Сүмд очиж залбирал мөргөл хийсний дараа хайртай дотны хүмүүс рүүгээ ус цацдаг. Ус цацах нь муу бүхнийг угааж сайн бүхнийг угтаж байгаа гэх бэлгэдэлтэй. Бие бие рүүгээ ус цацаж эхэлснээ таних танихгүй хүмүүс рүү ч ус цацах бөгөөд энэ нь найрсаг байдал, баяр, аз жаргалын бэлэг учраас дургүйцэх хүмүүс байхгүй, харин ч бэлэг мэтээр хүлээж авдаг байна.
Тиньян /Мьянмар/
Мьянмарын сар шинийн баяр Тиньян нь жил бүрийн дөрөвдүгээр сарын дундуур болдог. Тайландын адилаар ус цацах зан үйлтэй. Харин онцлог нь тэд энэ баяраар хооллохоос илүү мацаг барихыг илүүд үздэг бөгөөд энэ нь бие сэтгэлээ ариусган шинэ оныг угтаж байгаа бэлгэдэл юм.
Дивали /Энэтхэг/
Энэтхэгт сар шинийн баярууд нь бүс нутгаасаа хамаарч өөр өөр цаг хугацаанд болдог ч эдгээрээс хамгийн томоохон, бүх нийтийг хамардаг нь Дивали буюу “Гэрлийн баяр” юм. Маш олон зул, дэнлүү, галт бөмбөлөг асааж салют буудуулдаг. Энэ баяраар бурхад газар дэлхийд бууж ирдэг гэж үздэг учраас хүн бүхэн сэтгэлээ ариусгаж, аль болох элбэг дэлбэг, гэрэл гэгээтэй байхыг чухалчилдаг. Энэтхэгчүүд сар шинийн баяраараа шинэ хувцас өмсөхийг эрхэмлэдэг нь шинэ оноо шинэ утга учраар угтах эрмэлзэлтэй нь холбоотой.
Б.Занданхүү
