Галт тэрэгнээс Замын даргын зөвлөх Р.Рашийг буухад Зүүнхараа өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга П.Сүхболд, Ачааны вагон засварын депогийн дарга Э.Эрдэнэбат нар угтан авлаа. Зүүнхараад тэнгэр бүүдгэр ч зөөлөн сэвшээ салхитай дулаахан өдөр байв. Холын зочин эхлээд өртөөний жижүүрийн байраар орлоо. Зүүнхараа өртөөний хамт олон жижүүрийн байрны үүдний хэсэгт түүхэн гэрэл зургууд, тус өртөөнөөс төрсөн Замын мэргэжлийн аваргуудын хөргийг залжээ. Ийнхүү түүх уламжлалаа өнөө ч нандигнан авч явааг нь Р.Раш сайшааж, тэдгээр сайчуудын талаар сэтгэлд үлдсэн дурсамжаас хуваалцав.
Тухайн өдөр өртөөний жижүүр Г.Энхболд ажил үүрэг гүйцэтгэж байлаа. Тэрбээр, УБТЗ-д есөн жил, өртөөний жижүүрээр тав дахь жилдээ ажиллаж байгаа аж. Г.Энхболд жижүүр өөрийн хариуцсан ээлжийн ажлын талаар товч танилцуулаад ажлаа үргэлжлүүллээ.
Р.Раш залуу инженер, мэргэжилтнүүдээс төмөр замчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн, зардал, хугацаа хэмнэсэн, үр ашиг дээшлүүлсэн ШБАЗ хэр сэдэж санаачилж байгааг сонирхож явлаа. Ер нь, түүний энэ удаагийн аяллын гол зорилго тэр байсан юм. Жил бүр УБТЗ ХНН Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан инновацийн өдөрлөг зохион байгуулж, шинэ бүтээл, бүтээлч нэгж, ажилтныг шалгаруулж шагнаж урамшуулдаг билээ. Энэ жилийн “Төмөр зам инноваци-2025” өдөрлөгөөр “Шилдэг бүтээл” номинацийн гранпри шагналыг хүртсэн “Цахим анхаарамж” нь Зүүнхараа өртөөний орлогч дарга П.Сүхбатын бүтээл байсан юм. Анхаарамжийг цахимжуулснаар цаасан хэлбэрээр боловсруулахад зам, холбоо, өртөө гэсэн гурван нэгжийн есөн ажилтан оролцож, нийт 30 ажилбарыг дунджаар нэг цаг 55 минутад гүйцэтгэж байсныг цахим байдлаар дамжуулбал гурван нэгжийн таван ажилтан зургаан ажилбарыг ердөө 10 минутад гүйцэтгэхээс гадна дэвтэр, цаас, принтерийн хор, цавуу зэрэг бичиг хэргийн зардлаас Замын хэмжээнд жилд дунджаар 379 сая төгрөгийг хэмнэх тооцоо гарч байсан юм.
Цахим анхаарамжийг санаачилсан П.Сүхболд энэ удаад галт тэрэгний хөдөлгөөний бүртгэлийн дэвтрийг цахимжуулах төслөө бичиж, Тээвэр зохион байгуулалтын албаар дамжуулан Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргад хянуулахаар илгээсэн гэдгээ танилцууллаа. Өөрөөр хэлбэл, өртөөний жижүүрүүд ирсэн, явсан галт тэрэгний мэдээллийг дэвтэрт гараар бичих ажилбарыг программд оруулснаар “Натурк” программаас мэдээллийг шууд татаж авдаг болох аж. Ингэснээр өртөөний жижүүр ээлжиндээ уг дэвтрийг хөтлөхөд 1-2 цаг зарцуулдгийг хөнгөвчлөхөөс гадна Замын хэмжээнд жилд дунджаар дэвтэр хэвлүүлэх 30 орчим сая төгрөгийг хэмнэх тооцоог гаргажээ.
Р.Раш “Энэ жилийн инновацийн үзэсгэлэн дээр хөдөлгөөнчдийн бүтээл гэвэл “Цахим анхаарамж” л байсан санагдана. Та бүхнийг биет бодит зүйл хийдэг үйлдвэр, деподтой харьцуулах аргагүй. Гэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг уран зохион байгуулдаг танай өртөөний Замын мэргэжлийн арван удаагийн аварга Ц.Магсар, Улаанбаатар өртөөний Довын диспетчер Хөдөлмөрийн баатар Н.Ширнэндугар агсан зэрэг шилдэг хүмүүсийн ажлын арга барилыг судалж, залууст сургах нь бас л нэг төрлийн инноваци болно шүү гэдгийг захилаа.
Р.Раш зөвлөхийн зочилсон дараагийн байгууллага Ачааны вагон засварын депо байлаа. 1951 онд байгуулагдсан энэхүү депогоос УБТЗ-ын зүтгүүр, вагон, эрчим хүч, ус хангамжийн салбар тасарч гарсан гэж бодохоор аргагүй түүхтэй газар. Тус депогийн дарга Э.Эрдэнэбат ч энэ тухай ярианыхаа эхэнд дурдаж, тийм учраас манай хамт олон аливаад манлайлахыг хичээдэг гэсэн юм. Тэдний хичээл зүтгэлийн үр дүн депогийн үүднээс илхэн харагдаж байлаа.
Тухайлбал, төмөр замын хюултай бүсийн дэглэмийг хангуулах үүднээс депогийн арын гармыг гэрлэн дохио, зарлан мэдээлэгчээр тоногложээ. Энэ байгууллагын үүдэнд тавигдсан анхны гэрлэн дохио байх гэхэд Э.Эрдэнэбат дарга “Тиймээ. Тэр байгтугай Мандал суманд нэг л гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар бий. Хоёр дахь гэрлэн дохио нь манай байгууллагын үүдэн байгаа нь энэ” гэж хөгжилтэй өгүүлэв. Уг гэрлэн дохиог тавихын тулд 231 дүгээр км-ийн 10 дугаар зуут дахь гармаас депогийн үүд хүртэл хоёр км шуудуу ухаж, Дохиолол холбооны I ангийнхнаар уг дохиоллыг тавиулжээ. Депогийн залуус хоёр км шуудууг ганцхан өдрийн дотор бэлэн болгосон гэв. Цааш депогийн үүдний харуулын байр, депо руу ороход ХАБЭА-н зааварчилгаа өгөх өрөө гээд цэвэр цэмцгэр тохилог орчин угтана. Эдгээрийг мөн л депогийн залуус өөрсдөө дотоод нөөц боломжоо ашиглан аж ахуйн аргаар засаж тохижуулсан байна.
Депо руу нэвтрэхээс өмнө ХАБЭА-н инженер Б.Ганчимэг гадны зочдод аюулгүй байдлын зааварчилгааг үзүүлэх самбар болон видеог ашиглан ойлгомжтой өгч, шар хантааз, каска өмсүүлэн дотогш нэвтрүүлдэг аж. Тэдний энэ туршлагыг төмөр замын бусад байгууллагууд ч хэрэгжүүлээсэй гэж бодогдсон.
Депогийн хашаагаар ороход олон жил “мөнхийн зогсоолд зогссон” ..... сэлгээний илчит тэргэнд их засвар хийж, сэлгээний нөөц тэрэгтэй болсноо танилцууллаа. Хуучин тэргээс рамыг нь л ашиглаж, шинэ мотор тавьж, товчоор бол модернизаци хийжээ. Ингэснээр тус депод сэлгээний илчит тэрэгнээс шалтгаалсан ажлын саатал гарахгүй болсон гэв.
Депогийн засварын үндсэн цех, хос дугуй угсрах цех, дарханы газар, металлыг сэргээн шавах технологи гээд эл өдөр ихэнх тасаг цехийн ажилтай танилцлаа. Үүний зэрэгцээ залуусын оюунаар тунгаагдаж, ур ухаанаар биежиж, алтан гараар бүтсэн олон инновацитай танилцаж, үр өгөөжийг нь сонслоо. Үүний зэрэгцээ байгууллагын засвар тохижилт, бүтээлч ажлуудыг нүдээр үзэж, гараар барьж явлаа. Р.Раш зөвлөх тус депогийнхны ШБАЗ-уудыг ийнхүү газар дээр нь нь үзэж, урмыг үг харамлалгүй явлаа. Тэгэхдээ өмнөх үеийнхний тэргүүн туршлага ололт амжилтын сайхан түүхүүдээс ч хуваалцаж явлаа.
Үүнээс гадна тус депогийнхон өөрийн хашаандаа олон жил ашиглалтгүй байсан барилгыг мөн л дотоод нөөц боломжоо ашиглан 2022 оноос үе шаттай засварласаар 2024 онд бүрэн ашиглалтад оруулжээ. Ингэхдээ тус депод ажиллахаар ирж буй залуу ажилтнуудад зориулсан 10 айлын технологийн орон сууц, ажилтнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт төв (бильярд, дартс, ширээний теннис, шагайн харваа), түүхийн музейг байгуулжээ. Уг барилгын засварт энэ депогийн дарга удирдлагуудаас эхлээд бүх ажилтан оролцсон байна. Түүнчлэн, түүхийн музей байгуулахдаа музейд тавигддаг стандарт шаардлагуудыг судалж, мэргэжлийнхнээс заавар зөвлөгөө авсан нь тэдний зорьсон, тэмүүлсэн, хийсэн ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэдгийн баталгаа бизээ. Уг нь, энэ барилгын засварыг гадны байгууллагаар хийлгэхээр 670 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг хэд хэдэн удаа зарлаад амжилтгүй болсон тул депогийн залуус өөрсдөө ханцуй шамлан орж, тал өртгөөр нь ийнхүү төлөвлөсөн ажлаа дуусгажээ. Харин барилгын сантехник, цахилгааны монтажийг төмөр замын Энэ бүгдийг нүдээр харж, гараар барьж үзсэний хувьд депогийн залуусаар бахархаж явлаа. Тэд хэзээ ч шалтаг тоочсонгүй, бэрхшээл дурдсангүй. Ийм их ажлын ард гарахад тэдний зам дардан байгаагүй нь лавтай. “Ажил хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог” гэсэн үг бий. Тэд ямагт аргаа олдог атгасан гар шиг хамт олон ажээ.
Зүүнхараа дахь томилолтын хоёр дахь өдөр Р.Раш зөвлөх Мод боловсруулах үйлдвэрээр зочиллоо. Тус үйлдвэрийн дарга Ю.Ганхуяг УБТЗ-ын суурь бүтцийн хөгжилд онцгой үүрэгтэй байсан энэ байгууллагын хувьд үндсэн түүхий эд болох модны зөвшөөрөл хумигдсанаас дэр модны үйлдвэрлэл урьд өмнөхтэй харьцуулахад хамаагүй буурсан. Энэ онд 11 мянган шоо метр мод бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 3000 шоо метрийн зөвшөөрөл авчихвал төлөвлөгөө нь биелэх аж.
1995 оны долдугаар сард үүдээ нээснээс хойш Мод боловсруулах үйлдвэр төмөр замын тээврийн салбарт чухал үүргийг гүйцэтгэж ирсэн юм. Гэхдээ төмөр замаас модон дэрийн хэрэглээ бүрэн халагдаагүй цагт энэ үйлдвэрийн үйл ажиллагаа зогсохгүй учиргүй Р.Раш онцлов.
Тээр жил Н.Багабанди ерөнхийлөгч тус үйлдвэрээр зочлохдоо “Монголын мод боловсруулах үйлдвэрүүд бүгд хаалга барьчихсан байхад төмөр замын Мод боловсруулах үйлдвэр цэцэглэн хөгжиж байна” гэж магтаж байсныг Р.Раш дурсаж, цаашид энэ үйлдвэр хэрхэн ажиллах ирээдүйгээ өнөөдрөөс бодож боловсруулж байхыг захина билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан мод үржүүлгийн ажлыг ихээхэн түлхүү хийж буйгаа тэд Замын даргын зөвлөхөд үзүүллээ. Р.Раш ч тэдний энэхүү ажлыг ихээхэн сайшааж, улам их амжилт хүслээ.
Төмөр замын анхны Хөдөлмөрийн баатар Мандах энэхүү мод үржүүлж, ойг нөхөн сэргээх ажил нь модон дэр ашигладаг төмөр замын байгууллагын хувьд зайлшгүй хийх ёстой чухал ажлын нэг гэж захьж байсныг Р.Раш зөвлөх мөн дурсаж байлаа.
Энэ зуур модны тарьц суулгацны борлуулалт ямар байгааг ойн техникч П.Даваасүрэнгээс тодруулахад “Одоогийн байдлаар 45 мянган тарьц борлуулсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад тарьцны борлуулалт өсөж байна. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн юм. Тус үйлдвэрийн ажилтнууд эл өдөр тарьц суулгацаа услах, хөрсөө бэлтгэх гээд зав чөлөөгүй хөдөлмөрлөж байлаа. Мөн борлуулалтад гарч буй тарьц суулгацаа тээвэрлэлтэд бэлтгэх гээд ажил их ундарсаар байгаа аж. Хүлэмжиндээ үрээр бойжуулж буй тарьцаа үзүүлж, арай томхонуудаа гадаа талбайдаа гарснаа харууллаа. Ойн мэргэжилтнүүдийн энэхүү ажлыг хүнээр зүйрлэвэл тэдний талбай модны төрөх тасгийн эх баригчид, улмаар яслийн багш асрагч нар шиг санагдлаа. Р.Раш тэдний ажлыг төмөр зам, улс эх оронд төдийгүй байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна хэмээн үнэлсэн юм. Нэг мод тарих нь 1000 зул өргөсөнтэй тэнцэх буян гэдэг. Энэ үйлдвэрийн хувьд хэдэн живаа зул өргөсөнтэй тэнцэх буян үйлдэж буй хамт олны үйлс өөдөө байх болтугай.
Биднийг тэр үйлдвэрээс явах гэж байхад үйлдвэрийн дарга Ю.Ганхуяг 33 мянган тарьцны захиалга орж ирлээ гэж байлаа.
Б.Гүнжинлхам
