Монгол түмэн хахир өвлийг өнтэй давж урин цагтай мэнд золгон хүн малын зоо тэнийх цаг айсуй. Айлчлан ирсэн модон луу жилийн ажил үйлс өрнүүн, амжилт бүтээл арвин байхыг бэлгэдэн шинэ оны ажилдаа шамдсан төмөр замчдын төлөөлөл болгон энэ удаа Улаанбаатар өртөөний Хөдөлгөөн цехийнхний ажлыг сурвалжлахаар очлоо.
Юун түрүүнд тус өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга О.Банзрагчтай уулзахыг зорив. Уг нь, өмнөх өдөр нь цаг товлож өглөө эртлэн очсон хэдий ч шуурхай ажил хариуцсан орлогч даргын үүдэнд уулзах хүний дараалал тасрахгүй, утас нь ч чөлөө завгүй хангинах аж. Гэсэн хэдий ч тэрбээр цаг гарган өнгөрсөн оны ололт амжилт, өртөөний өнөө жилийн зорилтоо танилцууллаа.
“Өөрийг тань ажил ихтэй үеэр ирчихэв үү” гэхэд “Манай өртөөний хувьд ажил багатай өдөр гэж байхгүй. Өдөр бүр л ажил оволздог” гэв.
Түүний танилцуулснаар Улаанбаатар өртөөний Хөдөлгөөн цехийнхэн өнгөрсөн онд тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-120 хувиар биелүүлэхийн зэрэгцээ гологдол, дутагдал, зурмагийн тасалдлыг бууруулж ажиллажээ. О.Банзрагч дарга хөдөлгөөнчдийн ажлын гол түлхүүр нь хамт олны эв нэгдэл гэж дүгнэдгээ онцлоод “Хөдөлгөөн цех бол Улаанбаатар өртөөний “зүрх” нь гэж ойлгож болно” хэмээснийг эргэцүүлэхэд нь тун оносон зүйрлэл санагдав.
Улаанбаатар өртөө хүчин чадлын хувьд хүлээн авч явуулах долоон замтай, ялгалтын арван нэгэн замтай ажлын парк 1078 вагон, сэлгээний таван илчит тэрэг ажилладаг Замын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох өртөө. Гэхдээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй харьцуулбал, болдог бол өртөөг ахиад ч өргөтгөмөөр, Гэвч тийм боломж бодит байдал дээр хомсхон. Өртөөний эргэн тойронд гадны компаниуд хашаа хороо тулгаад барьчихсан. Аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн хүндрэлтэй асуудлууд байдгийг өртөөний орлогч дарга цухас дурдав. Ийм нөхцөлд хөдөлгөөнчдийн ур чадвар, хөдөлгөөн зохион байгуулалтын оновчтой шийдэл тун чухал нөлөөтэйг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, Довын жижүүр, өртөөний жижүүр, холбогч найруулагч ивүүрчдийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүнд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн урсгалын ард амжилттай гарч байгаа юм байна. Үүнээс гадна тус өртөөнд орж ирж байгаа галт тэргийг Замын-Үүдээс явуулахдаа ачаатай вагонуудаа төрөлжүүлээд явуулдаг нь энэ өртөөний сэлгээний ажлыг хөнгөвчилдөг болжээ.
Энэ тухай О.Банзрагч дарга “Ерөөсөө төмөр замын тээвэр төмөр замчдын хамтын хөдөлмөр дээр явдгийн нэг тод жишээ энэ шүү дээ. Сэлгээний ажил буурснаар цаг хугацаа хэмнэгдэнэ. Вагон эргэлт сайжирна гэсэн үг” гэж тайлбарлалаа.
Тус өртөөний бусдаас ялгагдах гол онцлогийг тэрбээр “Одоогоор Замын хэмжээнд ялгалтын довтой ганц өртөө нь манайх. Тодруулбал, 16 мянган төмөр замчин дотор ердөө 14 ивүүрчин байдаг нь манай Хөдөлгөөн цехэд бий. Ивүүрчин гэдэг захын хүн эзэмшээд байдаггүй тун нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаардсан ажил мэргэжил. Зургадугаар зэрэгтэй найруулагчдаас шигшиж сонгоод багагүй хугацаанд туршлагатай ивүүрчдийг дагалдуулан сургаж байж жинхлүүлдэг” гэв.
Мөн “Довын жижүүр гэдэг тун хариуцлагатай алба. Энэ ажилд холбогч найруулагчаар чамгүй хэдэн жил ажиллачихсан хүнийг сонгож ажиллуулбал их дөхөм байдаг. Яагаад гэхээр салбар замуудын болон сэлгээний ажлынх нь онцлогийг мэддэг болохоор хөдөлгөөн зохион байгуулалтыг илүү оновчтой хийдэг талтай. Гэхдээ өртөөний салбар замуудын байрлал онцлогийг бүрэн мэдэхгүй бол хүндрэл гарна. Ер нь, довын болон өртөөний жижүүрээр холбогч, найруулагчаар ажиллаж байсан хүнийг сургаад дэвшүүлээд ажиллуулбал илүү үр дүнтэй гэж би хувьдаа хардаг. Манай залуучуудаас ч холбогч, найруулагчаар ажиллаад үзчихсэн одоо Довын болон өртөөний жижүүрээр ажиллая гээд өөрийн санаачилгаар дагалдаад суралцаж байгаа хүмүүс бий. Улаанбаатар өртөөний хувьд ажилтнуудын ур чадвар маш өндөрт тавигддаг. Манай өртөөний хувьд нэг ажилтан ажлаасаа гарах, эсвэл ажлын байр өөрчлөгдөх, дэвших тохиолдолд тухайн ажлын байранд 1-2 ажилтанг бодлогоор сургаж бэлтгэсэн байхыг чухалчилдаг.
Ер нь, Хөдөлгөөн цехийн маань нийт ажилтны 60 орчим хувь нь залуучууд. Тэр дундаа найруулагчдын бригад нэлээд шинэчлэгдэж байна. Найруулагч нараас ивүүрчин болж, оронд нь залуу найруулагч нар нэлээд орж ирж байна. Энэ залуучуудыг сургаж, мэргэшүүлэх нь юу юунаас чухал байгаа. Манай өртөөнөөс Замын даргын сүүлийн гурван ч үзлэгийн үеэр “Зааварлагч найруулагч” гэдэг албан тушаалыг бий болгох талаар санал дэвшүүлсэн. Энэ санал маань ямар ч байсан дэмжигдэж, Замын удирдлагаас зөвшөөрсөн. Одоо орон тоо нь батлагдаад ирвэл “зааварлагч найруулагч”-ийг манай өртөөнд хамгийн түрүүнд туршилтаар ажиллуулна. Энэ бол залуу ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахад ихээхэн үр дүн өгөх болов уу гэж бид найдаж байгаа. Зааварлагч машинч гэж байдаг шүү дээ. Түүнтэй адил шинээр найруулагч болсон залуусаа чадавхжуулах шаардлага зүй ёсоор гарч байна. Нэг жил холбогчоор ажиллаад найруулагч болж байгаа залуус их байна. Өнөөгийн нөхцөлд хүний нөөц бүрдүүлэлт, мэргэшүүлэн сургах ажлыг арай өөр түвшинд гаргах шаардлагатай гэж би хардаг” хэмээв.
О.Банзрагч даргын хувьд өнгөрсөн оны зургадугаар сард тус өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч даргаар томилогджээ. Түүнээс өмнө Амгалан өртөөний даргаар ажиллаж байсан юм. Ер нь, тэрбээр 2001 онд Төмөр замын коллежийг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөөд АБТЭМА-д ачигчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатар өртөөний Ачаа тээврийн цехэд ачаа вагон хүлээлцэгч, хүлээн авах пүүлэгч, тооцооны оператор, товарын конторын эрхлэгчийн дагалдан, пүүний оператор, ачааны диспетчерээр ажиллаж байгаад цэргийн албанд татагджээ. Цэргээс халагдаж ирээд тус өртөөнийхөө Хөдөлгөөн цехэд хөдөлгөөний техникч, өртөөний жижүүр, Довын жижүүрээр ажиллаж байгаад Амгалан өртөөний даргаар томилогдсон байна. Үндсэндээ Улаанбаатар өртөөнд шат шатны ажил хийж үзсэн туршлагатай хүн аж.
Шуурхай ажил хариуцсан орлогч дарга энэ удаагийн сурвалжилгадаа зөвхөн тус өртөөнд байдаг ивүүрчдийн ажил үйлсээс тусгаж өгөхийг надаас хүссэн юм.
Надад ч бас 16 мянган төмөр замчин дотор ердөө 14 байдаг тэр ховор мэргэжилтнүүдийн ажил үйлстэй танилцах нь сонирхолтой санагдсан тул ивүүрчдийн байрыг зүглэлээ.
Эл өдөр ахлах ивүүрчин Г.Ганхолбоо, ивүүрчин Э.Доржпүрэв нар ээлжинд гарч байв.
Ахлах ивүүрчин Г.Ганхолбоо Улаанбаатар өртөөнд нийтдээ 19 жил ажиллаж байна. Тэрбээр, хүлээн авах пүүлэгчээр долоон жил ажиллаж, ивүүрчнээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
-Ивүүрчний ажлын онцлогийг тайлбарлаж өгөөч?
-Довоос ялгаж тарааж байгаа ачаатай вагонуудын хурдыг тааруулж, чөлөөтэй болон вагонтой зам руу 5 км/цагаас дотогш хурдтай нийлүүлдэг. Нэг зам дээр зургаан ивүүртэй. Дээрээс ирж байгаа вагоны хурдыг сааруулж нийлүүлэх үүрэгтэй. Жишээ нь, довоос зургаан вагон шидлээ гэхэд бид ирж байгаа хурд, жинд нь тааруулаад хэдэн ивүүрээр хурдыг нь сааруулахаа шийдэж ивүүр тавина. Тэгж хурдыг сааруулснаар зөөлөн явсаар вагонуудтай нийлдэг. Хэрэв хурдыг зөөллөхгүй бол хүчтэй очиж мөргөснөөс болоод ачаа болон вагон гэмтэх эрсдэлтэй.
-Та ивүүрчин болохдоо ямар хүнийг дагалдаж байв?
-Ч.Энхбаяр гэдэг хүнийг дагалдаж ивүүрчин болж байсан. Багш маань саяхан тэтгэвэрт гарсан.
-Өдөрт Дов дээр хэчнээн галт тэрэг ирж задардаг вэ?
-Янз бүр дээ. Өнөөдрийн (хоёрдугаар сарын 16-нд) хувьд урдаас найм, хойноос хоёр галт тэрэг ирж энд задрах төлөвлөгөө өгсөн. Арван галт тэргээс 1-2 нь нүүрс орж ирвэл нүүрстэй галт тэрэг нэг их задраад байдаггүй. Өдөрт дунджаар Довоос 200 гаруй вагон шиднэ шүү. Ачаалал ихсээд ирвэл түүнээс олон вагон шиднэ. Ирсэн ачааг дарааллын дагуу хүлээн авагч нарт түргэн шуурхай хүлээлгэн өгөхийн тулд түрүүлж ирсэн ачааг задлан тараана. Түүнээс шалтгаалж дотроо сэлгээ их хийгдэнэ.
-Нэг ээлжинд хэдүүлээ, хэдэн цагаар ажилладаг вэ?
-Гурван ивүүрчин, 12 цагаар ээлжинд гардаг. Зүүн талдаа хоёр, баруун талдаа нэг ивүүрчин ажиллана. Зүүн талын хоёр ивүүрчин довоос шидсэн вагонуудын хурдыг зөөллөөд явдаг. Баруун талын ивүүрчин маань ивүүрээ ахиулаад, баруун талаас сэлгээ хийвэл ивүүрээ тавиад, нэмэгдүүлээд явдаг. Ер нь, холбогч найруулагчаар олон жил ажилласан хүмүүс ивүүрчин болдог.
-Ивүүрчний ажил хувь хүнээс маш нарийн мэдрэмж, туршлага шаарддаг гэх юм?
-Ивүүрчний ажлыг хүнд заахад хүртэл хэцүү. Вагон болгоны жин, тоо өөр. Довоос шидэгдэж байгаа хурд янз бүр. Жишээ нь, тус бүр нь 30 тоннтой хоёр вагоныг аятайхан зөөллөөд гаргачихлаа гэхэд дараагийн вагон 40 тоннын жинтэй ирвэл ивүүрээ зөв тооцохгүй бол зогсоочих эрсдэлтэй. Галт тэрэг задрахад хэдэн тоннтой ямар ачаа ирж байгаа мэдээллийг бид урьдчилж авдаг ч мэдрэмж маш чухал. Довоос ирэх хурд өөр байх үед тэр бүгдэд тааруулж тооцоолж ивүүр тавина.
Дээр нь бид хаягч замаа тосолж бэлтгэнэ. Зам тослоход хүртэл тохируулахгүй бол тосолгоог ихдүүлбэл гүйгээд вагон тогтохгүй. Тосолгоог багадуулбал зуурна. Шинээр сурч байгаа ивүүрчдэдээ ерөнхий арга барилыг дагуулаад зааж сургана уу гэхээс нарийн технологи байхгүй хэмээн ярилаа.
Түүнтэй нэг ээлжинд гарч байгаа ивүүрчин Э.Доржпүрэв зургадугаар зэрэгтэй найруулагчаар ажиллаж байгаад нарийн ур чадвар, мэдрэмж шаардсан ивүүрчний эрдэмд суралцан бие дааж буй ажээ.
Үүнээс гадна ивүүрчид байгаль цаг уур, салхины чиглэл, цас бороо, агаарын температурын өөрчлөлтийг хүртэл мэдэрч ажиллах шаардлага гардаг гэх юм билээ.
Ийнхүү Улаанбаатар өртөөний Хөдөлгөөн цехийн захгүй их ажлын сэжүүрээс чимхийг сонирхоход л ийм байна.
Б.Гүнжинлхам

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.