Нүүр УБТЗ ХНН УБТЗ-ын хэмжил зүйд хөндлөнгийн хяналт зайлшгүй шаардлагатай
УБТЗ ХНН

УБТЗ-ын хэмжил зүйд хөндлөнгийн хяналт зайлшгүй шаардлагатай

G.Press 5 сарын өмнө 368 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газар, УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчлалын албаны харьяа Хэмжил зүйн төв хамтран энэ сарын 19-нд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Бэхбат, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, Шалгалт тохируулгын хэлтсийн дарга А.Галбаатар нар болон хэмжил зүйн улсын байцаагч, мэргэжилтнүүд, УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн удирдлага, мэргэжилтэн, ИТА-нууд оролцлоо. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг талууд хэмжил зүйн үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авахад чиглэснийг онцолж байв.

Уулзалтын эхэнд УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн  бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хэмжил зүйн үйл ажиллагаа, цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлын талаар тус төвийн дарга Д.Түвшинбаяр мэдээлэл хийлээ.

Мөн Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн “Стандарт хэмжил зүйн газрын бүтэц, зохион байгуулалт, хэмжил зүйн үйл ажиллагаа, үндэсний нэгж дамжуулалтын тогтолцоо, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа үнэлгээ, бүртгэл, хяналт шалгалт, олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа уулзалтад зөвлөгөөнд оролцогсдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөв. УБТЗ-ын Хэмжил зүйн төвөөс хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг СХЗГ-ын удирдлагуудаас хүслээ. Тухайлбал, гадаад орнуудын хэмжил зүйн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн улсын болон ОУ-ын түвшний хэмжил зүйн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах, Монгол Улсад шалгалт баталгаажуулалтад хамруулах боломжгүй хэмжих хэрэгсэл, ажлын эталоныг өөрийн нөхцөлд баталгаажуулахыг хамтран судлах зэрэг асуудлыг дэвшүүлэв. Зочид тэдний тавьсан хүсэлтийг хамтран шийдвэрлэх боломжтой гэдэг хариултыг өгсөн юм.

Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн “Танай байгууллага ОУ-ын хэмжилзүйн байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллахын тулд Ази Номхон далайн хэмжилзүйн байгууллагын гишүүнээр элсэх шаардлагатай. Хоёрдугаарт, бусад хэмжил зүйн байгууллагуудын хамтын ажиллагааны мэдээллийг хүргэдэг үйл ажиллагаандаа бид анхааръя. ОУ-ын байгууллагуудаас ирсэн мэдээллийг танай байгууллагад хүргэдэг мэдээллийн урсгалыг цаашид тогтмолжуулъя. ОУ-ын хэмжээнд зохиогдох сургалт семинарт оролцох бүрэн боломжтой. Манай байгууллага ОХУ, БНХАУ-ын хэмжил зүйн байгууллага, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн, БНСУ-ын Хэмжил зүйн хүрээлэнтэй маш ойр уялдаа холбоотой ажилладаг. Эдгээр байгууллагуудтай хамтарсан онлайн сургалт, газар дээр нь үзэж танилцах үйл ажиллагаанд УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн ажилтнуудыг хамруулах боломжтой. ОХУ-аас манай Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлагийн үйл ажиллагаа болон эталон, шалгалт баталгаажуулалт хийдэг тогтолцоотой газар дээр нь ирж танилцаач гэдэг хүсэлтийг ирүүлсэн. Энд явах бүрэлдэхүүнд Монгол-Оросын хамтарсан байгууллагын хувьд танай төвийн  төлөөллийг оруулах  боломж байна. Хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн бол монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгддэг” гэлээ.

Үүний зэрэгцээ тус Хэмжил зүйн төвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих бүтэц УБТЗ ХНН-т байдаггүй юм байна. Үүнийг цаашид бий болгох шаардлагатай гэдэг зөвлөгөөг өгсөн юм.  Үүнээс гадна хил гаалиар орж ирж байгаа барилгын арматурын чанар стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах хүрээ нь ямар байгааг сонирхож, энэ хяналт шалгалтыг кран болон вагон жингээ ашиглан хийх боломжтой эсэх, газар дээр нь очиж дээж авч шалгалт хийх бололцоо хэр байгааг сонирхож байлаа. Учир нь хилээр орж ирж байгаа арматурын чанар тун эргэлзээтэй, тусгайлан бэлтгэсэн дээжийг хяналт шалгалтад оруулж, чанаргүй бүтээгдэхүүнийг барилгын зах зээлд нийлүүлж байгаа тохиолдол бий. Үүнийг шалгаж илрүүлэхэд танай төв хамтарч ажиллаж, тохирол, чанарын гэрчилгээндээ нийцэж байгаа эсэхийг шалгах боломжтой юу гэдгийг асууж байлаа. Одоогоор дээрх асуудлаар манайд гадны барилгын компаниуд хамтран ажиллах санал тавиагүй бөгөөд зөвхөн УБТЗ-ын барилгын байгууллагуудын ирүүлсэн арматурын  дээжид хяналт шалгалт хийж буйгаа тэд хэллээ.

Уулзалтын төгсгөлд тус Хэмжил зүйн зарим лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, зарим лабораторид нь Монгол Улсад ганц байгаа тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаад зочид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, СХЗГ-ын хэмжил зүйн лабораториудын ачаалалтыг бууруулах чиглэлээр  хамтран ажиллах боломжтой хэмээсэн юм.

Энэ үеэр УБТЗ-ын Дохиолол холбооны албаны лабораторийн ахлах инженер Б.Сэргэлэнтуяа, Хэмжил зүйн төвийн инженер Л.Бямбасүрэн нарыг Стандарт хэмжил зүйн газрын “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Бэхбат гардууллаа.

 

Эл өдрийн уулзалт зөвлөгөөний ач холбогдлын талаар СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Бэхбатаас тодруулахад;

 

-Өнөөдрийн энэ уулзалт хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой чухал ажил боллоо гэж дүгнэж байна. Энд Монгол Улсад хэмжил зүйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ялангуяа хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах, хэмжил зүйн үндэсний ажлын эталоныг бий болгох, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах чиглэлээр түлхүү харилцан туршлага солилцох байдлаар энэ өдрийн уулзалт өрнөлөө. Хэмжил зүйн байгууллага бол Засгийн газрын тохируулагч агентлаг, энэ хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хүлээдэг боловч хүний нөөц, эдийн засгийн боломж бололцооноос шалтгаалан тэр болгон хүрэлцэхгүй асуудлууд байдаг. Одоогийн хуулийн гол зохицуулалт бол төрийн захиргааны байгууллага төр хүрч чадахгүй зүйл дээр мэргэжлийн байгууллагын оролцоог хангах, ялангуяа, шалгалт тохируулгын чиглэлээр хувийн байгууллагуудыг дэмжих чиглэлийг барьж байгаа. Шалгалт тохируулга гэдэг нь үндсэндээ заавал баталгаажуулалтад хамрагдах ёстой хэмжих хэрэгслээс бусад өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад бэлтгэх нь шалгалт тохируулгын зохицуулалтаар явдаг. Үүнийг заавал төрийн байгууллага оролцохгүй хувийн байгууллага хийнэ гэдэг нь тухайн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Хэмжил зүйн хуулинд байгаа хэмжлийн мэргэжлийн байгууллага гэдэг нь тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхийг хүлээн зөвшөөрч байгаа үйл ажиллагаа. Үүний нэг жишээ нь УБТЗ-ын Хэмжил зүйн төв юм. Энэ байгууллага өөрийн салбартаа хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлээд, хөгжүүлээд явах бололцоог хуулиар олгосон. Энэ нь хэмжил зүйн ажил үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалт юм. Хамтарч шийдэх маш олон зүйл бий. Ялангуяа, Монгол Улсад хэмжил зүйн мэргэжилтэй албан хаагч нар үндсэндээ тэтгэвэрт гараад дуусаж байна. Өмнө нь, ОХУ-д бэлтгэгдсэн боловсон хүчний хамгийн сүүлийн хүн 2025 оны зургадугаар сард тэтгэвэртээ гарсан. УБТЗ-ын Хэмжил зүйн төвд хэмжил зүйн мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгаа. Бид улсын их сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр, модулийг бий болгох талаар ярилцаж байна. Хэрэв энэ салбарын мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгээд явах юм бол хэмжил зүйн чиглэлийн ажил үйлчилгээг эрхлэх, тасралтгүй явуулах боломжууд нээгдэнэ гэж харж байна. Бидний тооцсоноор ирэх таван жилийн хугацаанд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төр засгийн хэмжээнд авч үзэхгүй бол ажиллах хүчний дутагдалд орно. Тэгэхээр энэ чиглэлээр УБТЗ-тай хамтран ажиллах, харилцан туслалцах шаардлага байна.

 

-Энэ төвийн лабораториудын үйл ажиллагаатай танилцсан. Мэргэжлийн хүний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгөхөөр байна вэ?

 

-Лабораторийн хувьд гүйцэтгэх чиг үүрэгтээ тохирсон онцлог тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Өөрсдийн мэргэжлийн чиглэлээр нэлээд нарийвчилсан үйлчилгээг хийж байгаа юм байна. Мөн ажилтнуудын санаачилга идэвх сайн байгаа нь ажиглагдлаа. Улам илүү хөгжих боломжуудыг судлах, арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Ялангуяа, хөрш орнуудын төмөр замын хэмжил зүйн байгууллагуудын туршлагаас судлах, харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах боломжийг нээж ажиллаарай гэж зөвлөх байна.

 

УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяр:

 

-Манай сонин танай төвийн үйл ажиллагааг хоёр жилийн өмнө сурвалжилсан санагдана. Түүнээс хойш танай ажил үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн зүйл бий юу?

 

-Өнгөрсөн жилийн сүүлээр манай хамт олон үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн манометр болон дулааны хэмжих хэрэгсэл буюу эсэргүүцлийн термометрийг  шалгаж баталгаажуулдаг болсон. УБТЗ-д хүчилтөрөгчийн манометр хэрэглэдэг газар ховор. Ер нь, гадны байгууллагууд, ялангуяа, нисэхийн байгууллагуудын хүчилтөрөгчийн манометриудыг шалгаж баталгаажуулж байна. Мөн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас дулаан хэмжих хэрэгсэл (термометр)-ийн шалгалт баталгаажуулалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар, 325 ширхэгийг шалгаж баталгаажуулсан. 

Үүний зэрэгцээ манайх үл эвдэх сорилтын оношилгоог эрчимтэй хийж байна. УБТЗ-д ашиглаж байгаа өргөх механизм, хөдлөх бүрэлдэхүүн (зүтгүүр, вагон)-ий ачаалалтай ажилладаг хэсгүүдийн металл эд ангиуд, даралтат саванд үзлэг оношилгоо хийдэг. Энэ ажлын хүрээнд бид MNS ISO 17020 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартаар  итгэмжлэлийн гэрчилгээ авахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд Үндэсний итгэмжлэлийн газар техникийн хороогоор хэлэлцэгдэх байх.Техникийн хороо дэмжээд бид итгэмжлэлээ авчихвал энэ чиглэлээр гадны байгууллагын захиалгын дагуу үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.  

Бид цаашдаа MNS ISO 17024 " Тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавигдах ерөнхий шаардлага" стандартаар итгэмжлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үл эвдэх сорилтын чиглэлээр оношилгоо хийдэг инженер техникийн ажилтнуудын ур чадварыг өөрсдөө үнэлдэг, мөн баталгаа өгдөг болох юм гэв.

Тус төв нь УБТЗ-ын хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслүүдийг бүртгэх программыг 2022 оноос хойш хөгжүүлэн ашиглаж байгааг уулзалтад оролцогсод ихээхэн олзуурхаж, энэ чиглэлээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг программыг УБТЗ-ын Мэдээлэл технолоийн алба хийж, жил бүр хөгжүүлэлтийг хийж яваа аж.

Ташрамд дурдахад, ОУ-ын хэмжилийн нэгж гэдэг нь С системийн үндсэн долоон нэгж гэж ярьдаг. Энэ системийн үндэс суурь нь 1875 онд 17 улс орон Франц улсын Парис хотноо метрийн хэлэлцээрийг байгуулснаар тавигдсан гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, 150 жилийн өмнө метрийн хэлэлцээрээр С системийн үндсэн долоон нэгжийг олон улсад хэрэглэхээр тогтжээ. Гол нь олон улсын гадаад дотоод худалдааг улс хооронд хийхэд хүндрэл учирч байсан тул олон улсын түвшинд нэг хэмжлийн нэгжийг ашиглахаар болжээ. Метрийн хэлэлцээрийг байгуулсан 1875 оны тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Монгол Улсад хэмжил зүйн байгууллага 1923 онд үүсэн байгуулагдсан байна. Анх энэ байгууллага нэг хэмжил зүйн улсын байцаагч, хоёр дархантай Сангийн яамны харьяанд байгуулагдаж байжээ.   

 

Б.Гүнжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.