Нүүр Нийгэм УБТЗ-ЫН УСНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД САЛБАРЫНХАА АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
Нийгэм

УБТЗ-ЫН УСНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД САЛБАРЫНХАА АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

G.Press 2 жилийн өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

Дэлхийн цэвэр усны нөөц хомсдож байгаатай холбоотойгоор 1992 онд Ирланд улсын Дублин хотод 130 улсын усны мэргэжилтнүүд цуглаж, чуулган зохион байгуулсан. Тус чуулганы шийдвэрээр дэлхийн улс бүр усны асуудлыг онцгой анхаарч, ард иргэддээ болоод улс төрийн шийдвэр гаргах түвшинд ойлгуулж байх нь чухал гэж үзсэн. Ингээд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан байдаг. Ингэхдээ тодорхой уриан доор тэмдэглэж байхаар тогтжээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвөөс албаныхаа харьяаны инженер техникийн ажилтнуудыг хамруулсан сургалт зөвлөгөөнийг энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус сургалт, зөвлөгөөнд Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд болон Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргал, Эрчим хүч ус хангамжийн I ангийн дарга Д.Наранбаяр нарын удирдлагууд, УБТЗ-д дээрх чиглэлээр ажилладаг мэргэжлийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, Тээврийн хяналт, Тээвэр зохион байгуулалт, Замын аж ахуй, Барилга орон сууц, ХАБЭА-н албад, итгэмжлэгдсэн лабораториудын төлөөлөл  оролцсоноороо онцлогтой байлаа. Түүнчлэн, Эрүүл мэндийн яам, ЗГХА Усны газар, Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны сургалт судалгааны хэлтэс зэрэг төр захиргааны байгууллагын төлөөллөөс мэргэжлийн хүмүүс оролцож, “Усны зохистой хэрэглээ, усны бохирдол бууруулах, хэрэглэгчийн ангиллаар ялгавартай тариф тогтоох”, “Усаар хангагч байгууллагын ус ашиглах дүгнэлт болон хаягдал усны дүгнэлт”, “Ундны усны чанар, аюулгүй байдалтай холбоотой шинэчлэгдсэн дүрэм журмын өөрчлөлтүүд” зэрэг сэдвээр илтгэл танилцуулгуудыг хүргэсэн билээ.

 

А.БАТБОЛД:ЦЭВЭР УС БОЛ ХҮН БҮРД ХАМААТАЙ АСУУДАЛ

 

            Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд сургалт зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Монголчууд эрт дээр үеэс усыг амьтай бүхний амь гэж дээдэлдэг. “Чандмань эрдэнэ” хэмээн эрхэмлэж, зүй зохистой хэрэглээний талаар Их засаг хуульд хүртэл тодорхой тусгаж ирсэн түүхэн уламжлал, соёлтой ард түмэн. Тиймээс өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлыг улам бүр түгээн дэлгэрүүлж, эрхэмлэж явах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд, “Миний бие Төмөр зам, далайн тээврийн үндэсний стандартын хорооны даргын албыг хашдаг. Байгаль орчны чиглэлээр мөн үндэсний стандартын хороодтой нягт хамтын ажиллагаатай явдаг. Энэ ч утгаар олон улсаас тавьж байгаа шаардлагын хэлэлцүүлэгт энэхүү ажлынхаа хүрээнд суралцах шаардлага ч гардаг юм. Хүн төрөлхтөн бид нэг л дэлхий дээр амьдарч  байгаа учраас эко системийн талаар гүнзгий судалж, хүн бүр энэ талаар тодорхой мэдлэгтэй байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна. Өнөөдөр дэлхий өөрөө аюулд ороод байгаа нь хөдөлшгүй үнэн. Манай улс нийт 4200 гаруй гол горхи, том, жижиг нийлсэн 2500 орчим нуур, 7000 орчим булаг шандтай. Дэлхийн цэвэр усны гурван ай сав манай улсаар дайрдаг. Гэхдээ 73 хувь нь Хойд мөсөн далай болон Номхон далайн савд шингэдэг. Үлдсэн 17 хувь нь л гадагшаа урсацгүй буюу Монгол Улсдаа шингэдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хойд бүс нутгаараа харьцангуй усны нөөцтэй ч нийт нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг өмнөд бүс нутагт оршин суугчид ихэвчлэн гүний ус ашиглаж байна. Тэрхүү гүний ус нь хэрэглээнд тийм ч тохиромжтой бус. Манай улсын цэвэр усны нөөц 53 шоо.км, гүний усны нөөц ердөө 6 шоо.км. Гэтэл бид жилд 500 мянга орчим шоо.метр, үүнээс 20 мянган шоо.метрийн алдагдалтай гэсэн  Тиймээс усны асуудал Монгол Улсад маш их хамаатай” гэлээ.

Д.ОЮУНЧИМЭГ:2036 ОН ГЭХЭД ЦЭВЭР УСНЫ ЧАНАРАА САЙЖРУУЛЖ, 17 ЦЭГИЙГ БАЙНГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН

 

Энэ үеэр Эрчим, хүч ус хангамжийн төвийн ус хангамж хариуцсан инженер Д.Оюунчимэгээс дээрх сургалт, зөвлөгөөний талаар тодруулга авлаа

 

Манайх УБТЗ-ыг усаар хангагч байгууллагын хувьд 2005 оноос “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Ингэхдээ энэ өдрийг зөвхөн хурал, цуглаан төдийгөөр өнгөрөөх бус өнгөрсөн ондоо усны чиглэлээр юу хийсэн, ирэх жилдээ ямар уриа, зорилтын доор ажиллах вэ зэргээр хэтийн төлөвөө хэлэлцэх нь чухал юм гэж үздэг. Энэ ч утгаараа жил тутамд анги бүр өөрсдийн төлөвлөсөн ажлыг хүрээнд, замын хэмжээний өргөн цар хүрээтэй ажлыг 4-5 жилийн давтамжтайгаар зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2015 онд Замын хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, зарим дүрэм журам ч шинэчлэгдсэн учраас ийнхүү өргөн цар хүрээтэйгээр нэгдсэн сургалт, зөвлөгөөний зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд хэрэглэгч байгууллагаас Тээвэр зохион байгуулалт, Замын аж ахуй, Барилга орон сууцны албадын төлөөлөл оролцож байгаа бол хяналтын байгууллагын төлөөлж Тээврийн хяналт, ХАБЭА-н алба, Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Итгэмжлэгдсэн лабораторийн мэргэжилтнүүд,хангагч байгууллагын зүгээс Эрчим хүч, ус хангамжийн төв болон Эрчим хүч ус хангамжийн  I, II ангийн ус хангамжийн мэргэжлийн хамт болон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

 

-Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр ямар асуудлыг дэвшүүлэн тавьж байна вэ?

 

-Нэн тэргүүнд усны үнэ цэнийг хүмүүст ойлгуулъя, шинэчлэгдсэн дүрэм журмынхаа тухай мэдээ мэдээллийг хүргэе гэсэн үндсэн агуулгын дэвшүүлэн тавьж байгаа. Түүнчлэн, манай байгууллага хууль эрх зүйн ямар зохицуулалт, дүрэм журмын дагуу ажилладаг вэ гэдгийг ойлгуулахын тулд мэргэжлийн алба, яамдын төлөөллийг оролцуулснаараа онцлогтой.

 

-УБТЗ-ын хэмжээнд жилд хэдэн тонн усны хэрэглээтэй байна вэ. Ялангуяа, говийн бүсийн төмөр замчдад гол тулгамддаг асуудал нь ундны ус байдаг шүү дээ?

 

-УБТЗ-д 1949 онд уурын галт тэрэг явж эхэлсэн цагаас эхлэн ус хангамжийн салбарыг үүсэл хөгжил эхэлсэн байдаг. Тэгэхээр манай байгууллага 75 жилийн баялаг түүхтэй гэж хэлж болно. Бүтэц зохион байгуулалтын хувьд гэвэл депогийнхоо дэргэд хэлтэс байдлаар явж байгаад 1968 онд эрчим хүчний салбарынхантайгаа нийлж Эрчим хүч, ус хангамжийн алба болсон түүхтэй. Үндсэндээ усаар зэхдэг уурын тэрэг дизель хөдөлгүүрт шилжсэнтэй холбоотойгоор тухайн салбарын гол хөдөлгөгч хүч болсон хоёр салбарыг нэгтгэсэн гэсэн үг. Манай алба одоогоор жилд хагас сая тонн буюу 560-580 мянган шоо метр орчим усыг олборлож, хэрэглэгчдийг хангаж байна. Өнгөрсөн хугацаанд бид усны хангалт чиглэлдээ гол бодлогоо төвлөрүүлэн ажилласан бол одоо хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд усны чанарт онцгой анхаарахгүй бол болохгүй байна. Тэр тусмаа говийн ус эрдэсжилт, давсжилтын түвшин нь маш өндөр байдаг. Гэхдээ энэ асуудлыг огт орхигдуулсан юм биш. Манай Эрүүл мэндийн хэлтсийнхэн жилд хоёр удаа замын хэмжээнд явж, усны шинжилгээ хийж, стандарт хангахгүй цэгүүдэд шаардлагатай арга хэмжээг нь авдаг. Одоо харин илүү өргөн хүрээнд далайцтай ажлуудыг зохион байгуулах зорилт тавьж байгаа юм. Тухайлбал, 2022 онд Шинжлэх ухааны академийн мэргэжлийн эрдэмтдийн багтай хамтраад Замын хэмжээний 188 цэгт 88 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Энэ нь ямар онцлогтой вэ гэхээр манай үндсэн лаборатори хими, физикийн талаас нь л 28 үзүүлэлтээр усаа шинжилдэг. Харин мэргэжлийн эрдэмтдийн багтай ажилласнаар хими, бактерлогийн талаасаа үзүүлэлт нь маш өндөр болж, судалгааны цогц мэдээллээр үндсэн баазыг маань бүрдүүлж өгсөн. Энэ хүрээнд бид суурь судалгааны материалтай болчихсон учраас “Усны чанар сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулаад 2023 оны есдүгээр сард Замын даргаар батлуулсан. Тус хөтөлбөр 2024-2036  хүртэл 12 жилийн циклтэйгээр хэрэгжиж, энэ хугацаанд бид цэвэр усны чанараа сайжруулах юм. Мөн үндсэн үүргийнхээ хүрээнд цэвэр усаар хангах чиглэлээр шугам сүлжээний шинэчлэлт, нэмэлтээр эх үүсвэр бий болгох зэргээр жил жилийнхээ үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөнийхөө дагуу сайжруулалтуудыг хийгээд явдаг. Гэхдээ “Говийн төмөр замчин” хөтөлбөр батлагдан гарснаас хойш говийн бүсэд “Усны галт тэрэг”-ээр зөөврийн усаар хангадаг 17 өртөө зөрлөгийг 2030 он хүртэлх хугацаанд байнгын эх үүсвэртэй болгохоор ажиллаж байна. Үндсэндээ УБТЗ-ын усны мэргэжилтнүүд бид дээрх хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.