Нүүр Дугаарын сурвалжилга Түүхийн үнэт үзмэрүүд хайран болох вий!
Дугаарын сурвалжилга

Түүхийн үнэт үзмэрүүд хайран болох вий!

G.Press 2 жилийн өмнө 72 үзэлт 0 сэтгэгдэл

           

 

УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний ил музейг наадмын өмнөхөн зорьж очсон юм. Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн анхны шанг татсан “түүхэн гавьяатай” өвгөн уурын тэрэгнүүд хүндэтгэлийн зогсоолд залагдаад аль эрт нэгэн жарныг ардаа хийжээ. Тэдний халааг авсан илчит тэрэгнүүдийн эхэн үеийн загварууд ч энд бий. Хамгийн сүүлд буюу 2013 онд Маршал Х.Чойбалсангийн вагон музей энд байраа эзэлсэн. Ган дугуй нь эргэлдэж, гал утаа савсуулан галт тэрэгний эхэнд түүчээлэн довтолгохгүй ч өвгөн тэрэгнүүд энэ салбарын түүхийг гэрчлэн  мөнхийн зогсоолдоо  зогсоно.

Аялал жуулчлалын улиралд гадны жуулчдын хөл тасардаггүй бололтой.

Сурвалжилгаар очсон өдөр л гэхэд Өвөр Монголоос ирсэн жуулчид музей үзэж байхтай таарлаа. Тэдний сонирхлыг уурын тэрэгнүүд, Маршалын вагон музей ихэд татав бололтой. Дуу алдан шагширч, тайлбарлагчийн үгийг анхааралтай сонсонгоо дурсгалын зураг татуулах аж. Та бүхэн төмөр замчид уу хэмээн үг өдвөл аялагчид бүгд гавьяаны амралтаа авсан бага сургуулийн багш нар гэнэ. Тэдэн дотор Монголд анх ирж байгаа хүн ч байх, хэд хэдэн удаа ирсэн хүн ч байна.

Аяллын хөтөч Д.Ялалт: -Би аялал жуулчлалын мэргэжлийн хүн. Аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хотод ч олон удаа ирж очиж байна. Өнгөрсөн өвөл энэ музейг хашааных нь гаднаас хараад зураг бичлэг хийгээд явсан. Түүнийгээ аялагчдад үзүүлэхэд заавал ирж биеэр үзье гэцгээдэг. Энэ музейг жуулчдад нээлттэй болгоод хөтөлбөр гаргаад явбал олон хүн сонирхоно доо. Нэг жуулчны баг энэ музейг бүтэн үзээд тайлбарыг нь сонсоод явахад 30-40 минут болдог юм байна.

-Урд хөршид ийм музей бий юу?

-Миний хувьд Хятадын бүх газраар явсан. Гэхдээ ийм бух тэрэгний ил музейтэй таарч байсангүй. Хаа нэгтээ байдаг л  байх.

Харин Өвөр Монголын Хишигтэн хошуунд бух тэрэг (уурын тэрэг) 2000-аад он хүртэл тээвэрт явж байсан. Тухайн үед Япон жуулчид их сонирхож, очиж зураг авдаг байлаа. Бух тэрэг явахаа болиод бүгд байхгүй болсон. Одоо нэг л бух тэрэг 40-өөд км замаар аялал жуулчлалын журмаар явж байгаад коронагаас болоод аялал нь зогссон байсан. Одоо явж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна гэв.

УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний ил музейг Улаанбаатар татах хэсгийн музейн эрхлэгч  хариуцдаг аж. Татах хэсгийн музей хариуцсан ажилтан ээлжийн амралтаа авсан тул түүнээс өмнө хариуцаж байсан Ц.Эрдэнэбулгантай уулзлаа. Тэрбээр, ажлаа өөрчилж сэлгээний туслах машинчаар ажиллаж байгаа ч музейн үзмэрүүдийн үүх түүх, энэ музейн өнөөгийн тулгамдсан асуудал, ирээдүйн талаар сэтгэл зовинож явдаг.

Ц.Эрдэнэбулган “Энэ музейг ковидоос өмнөх жилүүдэд буюу ОУ-ын галт тэрэгний аялал хэвийн явж байхад өдөрт 300 орчим жуулчин үздэг байсан. Аялал жуулчлалын компаниуд ч аяллын хөтөлбөртөө тусгаж автобус, автобусаар аялагчид авчирдаг байсан. Харин одоо тийнхүү зохион байгуулалттай олон тоогоор ирэхгүй ч хөл тасардаггүй. Энэ музейг баруун Европын болон Солонгос. Японы жуулчид илүүтэй сонирхдог. Уурын тэрэгнүүдийг хараад дуу алдан тэвэрч үнсээд нулимс унагах 70 гаруй настай Герман өвгөнтэй таарч л байлаа. Тэр хүн “Миний өвөө, аав хоёр ийм уурын тэргэн дээр ажиллаж байсан” гээд сэтгэл нь ихэд хөдөлж байсан” хэмээв.

Түүнчлэн, Ц.Эрдэнэбулганаас музейн зарим үзмэрүүдийн түүхийг асууж сонирхлоо.

    

    Хөдлөх бүрэлдэхүүний музейн хамгийн баруун захад байрлах Т159 загварын уурын тэрэг Монгол Улсад хамгийн анх орж ирсэн уурын тэрэгнүүдийн нэг аж. Тодруулбал, Улаанбаатар-Налайхын нарийн царигийн замаар ТЭЦ-1-ийн нүүрс зөөвөрлөж байсан гэнэ.

Т1959 загварын уурын тэрэг нь ЗХУ-ын Коломенск, Подольский заводод 1930-1941 оны хооронд нийтдээ 990 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Монгол Улсад Т159 загварын арван уурын тэрэг, мөн 157, ВП1 загварын тус бүр хоёр тэрэг оруулж ирж, 1938 оноос Улаанбаатар-Налайхын хооронд нүүрс тээвэрт ашиглаж байжээ.

Энэхүү музейд байрлуулсан Т159  уурын тэрэгний тухайд 1937 онд үйлдвэрлэгдсэн. Өөрийн жин нь 14 тонн, 30-40 км/цагийн хурд авах хүчин чадалтай байж. Уг тэрэгнүүдийг 1937 оны өвөл Оросоос анх оруулж ирэхэд төмөр зам байхгүй, ачаад явах том тэрэг техник байхгүй тул Байгаль нуур, Сэлэнгэ мөрөн, Туул голын мөсөн дээгүүр чирч авчирч байсан түүхтэй юм байна.

Уг тэргийг 1958 оны үед хүндэтгэлийн зогсоолд байрлуулсан бололтой. Харин 157, ВП1 загварын уурын тэрэгнүүд хадгалагдаж үлдээгүй аж.

Харин УБТЗ байгуулагдсанаар 1949 оноос Ел , Су загварын уурын тэрэгнүүд, 1953 оноос П-36 загварын уурын тэрэг ашиглаж байжээ. Тухайлбал, Ел загварын 12, Су загварын дөрвөн уурын тэрэг тээвэрт ашиглаж байсан байжээ. Харин 1953 оноос манайд тээвэрт явж эхэлсэн С-36 уурын тэрэг хэдэн ширхэг Монголд ашиглагдаж байсан тоо баримт тодорхойгүй аж. Ер нь, 1961 онд уурын тэргийг тээврээс бүрэн халсан гэнэ. Хэдийгээр уурын тэрэгнүүд тээвэрт явахаа больсон ч нэг хэсэг депогийн уурын зуухны дэргэд паравоз ажиллуулж, депог халуун уураар хангах үүрэг гүйцэтгэж байсан тухай Ц.Эрдэнэбулган яригддаг гэлээ.

Уурын тэрэгний халааг авсан анхны илчит тэрэг бол ТЭ2 серийнх. 1956 оноос эхлэн УБТЗ-д ийм серийн 52 илчит тэрэг тээвэрт явж байжээ. Ил музейд тавигдсан “ТЭ2-522” илчит тэрэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар машинч Мягмарын Цээсүрэнгийн “700 мянгач машинч”-ийн болзол хангасан илчит тэрэг аж.

Түүний дараа 1980 оноос манайд тээвэрт ашиглаж эхэлсэн 2М62М серийн илчит тэрэг энэхүү музейд байраа олжээ. Энэ серийн 66 илчит тэрэг ачаа болон зорчигч тээвэрт ашиглагдаж байсан билээ. Мөн ТЭ1,ТЭМ1 серийн сэлгээний илчит тэрэг  хүндэтгэлийн зогсоолд байна.

Харин хамгийн сүүлд буюу 2013 онд “Маршалын вагон”-ыг энэхүү музейд байрлуулжээ.  ЗХУ-ын Владикавказын вагоны үйлдвэрт 1932 онд “Адмиральский вагон” нэртэйгээр ердөө 12-хон ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү хуяглагдсан вагоны нэг нь өдгөө энд байна. Энэхүү вагоныг анх 1949 оны зургадугаар сарын 29-ний өдөр БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Дархан-Сүхбаатарын чиглэлд аялсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс хойш энэхүү вагоныг нам төрийн удирдагч нар 1976 он хүртэл ашигласан байна. Уг вагоны доторх тавилга, тохижилтын дийлэнх нь тухайн үеийнхээрээ хадгалагдан үлдсэн тул хосгүй үнэтэйд тооцогдох аж.

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэн байгуулагдсан 85 жилийн түүхийг чимээгүйхэн “хүүрнэх” ил музейг товчхон танилцуулахад ийм байна. Гагцхүү он цагийн уртад нар салхинд элэгдэж, цас бороонд угаагдсан эдгээр “өвгөн” тэрэгнүүд элэгдэж, эмтэрч, зэвэнд идэгдэж, хэзээ мөдгүй нуран унахад ойртсон тухай  Ц.Эрдэнэбулган ярилаа.  Тэрбээр, музейн эрхлэгч байхдаа энэхүү музейг битүү дээвэр туургатай болгох гэж хэрэндээ хөөцөлдсөн ч амжилт олоогүй аж. Аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллаж тэднээс тус дэм хүсчээ. Аялал жуулчлалын гурван ч компани “Депотой гэрээ байгуулж, жуулчдад музейг нь үзүүлж, засвар тохижилтын ажилд нь хөрөнгө оруулна” гэж хэлсэн ч амлалтаасаа буцжээ. Тэгсээр цар тахал нүүрлэсэн жилүүдэд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хамаг юм зогссон байна. Одоо Ц.Эрдэнэбулган ажлаа өгч, өөр ажил хийх болсон ч энэ музейг сэтгэлдээ тээсээр яваа аж.  

Холоос өнгө үзэмжтэй сүрлэг харагдах эдгээр тэрэгнүүдийг ойртож очоод сайн ажиглавал зэвэнд идэгдэж, хаа сайгүй цоорч эхэлжээ.

Улаанбаатар татах хэсгийн зүгээс гаднаас нь будаж, цоорч, элэгдсэн хэсгийг нь зэвэрдэггүй төмрөөр нөхөж, хадаж, шрупдэхээс арчилгаа тордлогоо нь хэтэрч чадахгүй байгаа аж. Эдгээр илчит тэрэгний будаг нь хүртэл тусгай зориулалтын үнэтэй будаг байдаг гэнэ. 2013, 2015, 2020 онд сэргээн буджээ. Будахдаа хуучин будгийг бүрэн арилгаж дахин будах тул багагүй хүч хөдөлмөр зарцуулдаг байна. Харин эдгээр тэрэгний хувьд элэгдэл жилээс жилд нэмэгдэж, одоо дээр нь гарч, засвар хийх, будахад ч нурж унах эрсдэлтэй болоод байгаа юм байна.

Уг музейн үзмэрүүдийг нар салхи, цас борооноос хамгаалах байшин савтай болгоход багагүй хөрөнгө мөнгө шаардагдах нь дамжиггүй. Энэ музейг Монгол Улсын төмөр замын түүх гэдэг том хүрээнд нь харж, салбарын яамны хэмжээнд асуудлыг авч үзээсэй.

 “Түүх”-ийн гэрч энэ музейн үзмэрүүдийг бид “Байж л байсан, байсаар л байх болно. Төмөр юм чинь...” гэж сэтгэл амгалан явж байтал нэг л өдөр хожимдсон байх вий. Сэмэрсэн хадаг шиг сиймийснийг нь очоод нэг хараарай. Төмөр хүртэл элэгддэг хорвоо. Түүхийн үнэт үзмэрүүд хайран болох нь...

 

Б.Гүнжинлхам

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.