Нүүр Чөлөөт Түүхэн жүжгийг сонин мэдээлэл, сонин таамгаар хачирлав
Чөлөөт

Түүхэн жүжгийг сонин мэдээлэл, сонин таамгаар хачирлав

G.Press 1 жилийн өмнө 149 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монголын ард түмний хөлгөн их судар, түүхийн эх сурвалж, өвийн бичиг болсон “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээгийн цомнол, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганболдын найруулсан “Тэнгэрийн сум” жүжиг удахгүй нээлтээ хийх гэж байна.

Монгол Оросын ХНН Улаанбаатар төмөр байгуулагдсаны түүхт 75 жилийн ойд зориулсан Төмөр замчдын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн “Цагаан лавай” чуулгын хамтын бүтээл “Тэнгэрийн сум” жүжгийн агуулга, утга санааг түүхэн эх сурвалж, шинэ баримтад тулгуурлан үзэгч олон түмэнд тайлбарлан таниулах, сурталчлан ойлгуулах зорилгоор “Эх оронч хүмүүжил ба Монголын нууц товчоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн Бямба гаригт “Ган зам палас” төвд зохион байгууллаа.

Бидний нэрлэж заншсанаар Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын үүдээр ормогц “Тэнгэрийн сум” жүжгийн сурталчилгааны самбаруудыг эргэн тойрон байрлуулжээ. Жүжгийн агуулгыг илэрхийлсэн дүрслэлүүдэд гол дүрийг нэг бүрчлэн онцлон харуулсан нь нүдэнд тусч байлаа. Ялангуяа нүүр хувиргалт, хувцасны шийдэл нь онцгой сэтгэгдэл төрүүлж байв.

Театрын дуут хонх цангинаж, цугласан олон танхимд суудлаа эзлэхүй дор Их Монголын эзэнт гүрний сүр хүчийг илтгэх мэт нүргэлсэн их хөгжим цуурайтаж, хүчирхэг баатар эрчүүд, үзэсгэлэнт гоо хатад тайз дүүрэн бүжиж, уран яруу хөдөлгөөнөөрөө сэтгэлийн утсыг хөндлөө. “Тэнгэрийн сум” жүжгийн үндсэн өнгө төрхийг итгэсэн энэ цоглог бүжгийн араас тухайн түүхэн үеийг өгүүлсэн “Монголын нууц товчоо”-ны тухай эрдэмтэн мэргэдийн үгсийг сонсоход чихэнд нэг л наалдацтай.

Эрдэм шинжилгээний хурлын эхэнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Билгүүдэй “Монголын нууц товчооны түүхэн ач холбогдол” сэдэвт илтгэл тавихдаа “Сүүлийн үед судлаачид “Монголын нууц товчоо”-г 1240 оны хулгана жилд биш харин 1228 оны хулгана жилд зохиогдож эхэлжээ. Өөрөөр хэлбэл 1228 эхэлж бичигдээд, 1241-1254 онд үргэлжлэн бичигдсэн байна гэж үзэж байна. Энэ үеийг “Монголын нууц товчоо”-ны “Зохиогдох болсон үе” буюу анхны шат гэж нэрлээд дараагийн шатыг 1264-1368, 1382-1389, 1389-1908 оныг хүртэл хамруулж “Монголын нууц товчоо”-ны “Давхар бүрхүүлд орсон үе” буюу хоёр дахь шат гэж ангилсан байна. Харин 1917-1947 он хүртэлх үеийг “Давхар бүрхүүлээс гарсан үе” гэж ангилжээ. Энэ бүх ангилал нь “Монголын нууц товчоо”-ны түүхэн тайллыг нээж олоход гарч ирсэн шинэ эх сурвалж, баримтуудыг үнэлэж байгаа хэрэг юм” гэж хэллээ.

 

МУБИС-ийн Утга зохиолын тэнхмийн багш, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Улирч гэрлэх ёс ба Монголын нууц товчоон дахь нарийн зөрчил”  илтгэлдээ “Тэмүүжин загас сугас болон болжмор булаалдсанаас Бэгтэрийг хөнөөсөн хэмээн Монголын нууц товчоонд өгүүлдэг ч туйлын эргэлзээтэй. Улирч гэрлэх ёсоор бол Есүхэй баатрын Их хатан Сочихэл бэхийн хүү Бэгтэр Өүлэнийг хатнаа болгон авч Есүхэй баатрын орыг залгах учиртай. Чухам үүнийг сайтар мэдэж байсан учир Тэмүүжин Бэгтэрийг харваж хөнөөсөн байх талтай. Бэгтэрийг алсан нь хоногийн хоолны төдий өчүүхэн асуудал биш өөрийн хаан болох замыг зассан хэрэг байж болно” гэж дурдаад энэ бол Тэмүүжиний хамгийн анхны улстөрийн шийдвэр байсан гэж онцлов.

 

МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Б.Батсүрэн “13 дугаар зууны түүх болон Тэмүүжиний бага, идэр нас” илтгэлдээ “Тэмүүжин хар багаасаа хаан болно гэж мөрөөдөж байгаагүй шүү. Тэмүүжин байдаг хүчээ Тоорил хаанд  өргөөд хамаг дайсныг нь дарж өгч явсан. Тоорил хаан ч “Би сэтгэл амар боллоо” гээд хожмын Хэрээд Монголыг  Тэмүүжин мэднэ гээд хэлж байжээ. Гэтэл хүү Сэнгүмийнхээ ятгалгад орж Тэмүүжиний эсрэг 1203 онд довтлоход л “Би ингэж хүний хүнд хүчээ өгснөөс өөрөө төр улсаа гартаа авья” гээд улстөрийн шийдлээ гаргасан юм” гээд үүний нотолгоо болгож нэгэн сонирхолтой баримтыг гаргаж “Тэмүүжин 1180-1196 оны хооронд энгийн сайхан амьдралаар амьдарч явсан. Дөрвөн хүү, таван охин хүүхэд төрүүлж өсгөсөн байдаг. Хамгийн том нь охин хүүхэд байсныг одоо хэр нь мэдээгүй бид. Гэтэл “Судрын чуулган”-д Хүжим бэхи гэж тэмдэглэн үлдээсэн байхад  дэлхийн эрдэмтэд огт анзааралгүй өдий хүрчээ. Хүжим бэхийг Зүчийн эгч гэдгийг мэдээгүй. Одоо учир нь тайлагдаж байна. Бөртэ үжин Мэргэдэд олзлогдохдоо мухлаг тэргэнд хөхүүл хүүхэдтэй, жирэмсэн байсан тухай бичсэн байдаг нь ийм учиртай байжээ” гэж онцоллоо.

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Мөнхсайхан “Монголын нууц товчоон дахь эртний Монголчуудын соёлын уламжлал” гэсэн илтгэлдээ “Эртний Монголчуудын бүтээн бий болгосон соёл, ёс заншил нь эртнээс нааш уламжлагдан ирж, нийгмийн харилцааг эмх цэгцтэй, дэг журамтай болгодог бичигдээгүй журам байжээ. Өөрөөр хэлбэл эртний Монголчуудын соёлоор дамжсан дадал зуршил нь нийгмийн амьдрал болоод өдөр тутмын амьдрал ахуйг эмх журамтай болгож, өдөр тутмын амьдралын дадал хэвшлээр дамжуулан хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх, ёс суртахуун, харилцааны хандлагад сургадаг, товчоор хэлбэл хүнээр хүн болгодог ажээ” хэмээн тэмдэглэлээ.  

“Эх оронч хүмүүжил ба Монголын нууц товчоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэл болгон хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр суурилсан онцгой сонин мэдээлэл агуулсан бөгөөд дэвшүүлэн гаргаж байгаа шинэ санаа, таамаг нь Монголын нууц товчоо судлалд арга аргачлал, Монголчуудын мэдлэг, ухамсарт шинээр дүгнэн бодох боломжийг нээж өгөх ач холбогдолтой байлаа гэвэл хэтрүүлэг болохгүй биз ээ.

 

Г.Энхбаатар 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.