Нүүр Түүхийн хуудас сөхөхүй Түүх болон үлдсэн алтан дурсамж минь
Түүхийн хуудас сөхөхүй

Түүх болон үлдсэн алтан дурсамж минь

G.Press 2 сарын өмнө 147 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх урт зам

 

Замын-Үүд ТҮГ-ын маань түүхт 70 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид өөрийн дурсамжаа тэрлэе гэж саналаа.

Манайх Ховд аймгийн Цэцэг сумын айл. 1951 онд нагац ах Базар маань төмөр замчин, харин ээж минь барилгачин болохоор илгээлт өвөртлөн дүү нарыг аваад нутгаасаа гарсан билээ. Намар нь аав ч бас барилгачин болох илгээлт авч, бид хоёр нийслэлийг зорьсон билээ. Миний хувьд Базар ахын ажилладаг төмөр зам, вагон гэдгийг нүдээр үзэх нь гэж дотроо ихэд долдолж явсан сан.  Тэгэхэд Ховдоос хот ортол 15 хоног явж билээ. Тэвшин дээр нь ердөө найман хүн суудаг модон тэвштэй “Полу” гэх машин маань байсхийгээд л ус нь халаад зогсчихно. Ингэж явсаар хотод ирэхэд өнөөх төмөр зам гэгчийг олж харах гэж машины тэвшин дээрээс өндөлзөж явсан минь сэтгэлд тодхон үлджээ. Тэгэхэд Базар ах маань курсэд сураад Зүүнхараад ажиллаж байв. Хотод ирээд удалгүй Зүүнхараагаас төмөр замын материал ачихаар ирсэн машинд дайгдаж ах дээрээ очсон минь эргэлт буцалтгүй төмөр замчин болох хүсэл мөрөөдөлтэй учруулсан билээ. Ах маань саравчтай хар малгай өмсөх нь жигтэйхэн гоё харагдана. Төмөр замчин болж л ийм малгай өмсөх минь гэж бодож билээ. Замын хэсгийн мастер нь орос хүн, ах маань бригадын дарга хийж байв. Тэгэхэд төмөр замчдын ажил амьдралын зах зухыг нүдээр харж, ихэд сонирхож билээ. Замчид усанд орох газар байх. Түүнд орох гэтэл ах минь “Хамаагүй болохгүй. Хамгийн түрүүнд мастер, дараа нь бригадын дарга, түүний дараа замчид усанд орно” гэж тайлбарлаж билээ. Энэ дэг журам нь хүртэл надад сонихон санагдаж билээ.

Хотод буцаж ирээд VI сургуульд оров. 1955 оны өвөл Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орж, урд замд ажиллах ажилтан элсүүлж эхэлсэн байв. Би 1956 онд долдугаар анги төгсөж, төмөр замын боловсон хүчинтэй ирж уулзав. Тухайн үед боловсон хүчин одоогийн Зураг төслийн төвийн ард дан шар байшинд суудаг байв. Загдсүрэн гэдэг хүнтэй уулзахад “Чи төмөр замчин болох хүсэлтэй явна уу” гэж асуугаад “Төмөр замын хөдөлгөөний ажилд насанд хүрээгүй хүн авдаггүй юм. Ямар ч байсан боловсон хүчний даргатай уулзуулъя” гээд Дамдинбазар дарга дээр дагуулж оров. Би уг нь 18 нас хүрэхэд хэдхэн сар дутуу байсан юм. Тэр дарга “Чи ажилд орох өргөдөл  гурван үеийн намтар,  анкетаа бичээд Зүүнхараад оч. Энэ бичгийг үзүүлээд эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд ир” гэв. Тэгэхдээ вагонд суух бичиг хийж өгч, “Буцаж ирээд ажилд орохдоо аавтайгаа хамт ирээрэй” гэв. Би ч вагонд сууж үзэхийн бөөн хүслэн. Уурын тэрэг гэдэг уур манан татуулаад чанга дуутай нь сүрдмээр... Тэр үед зорчигчийн галт тэрэг гэж тусдаа явдаг байсангүй. Ачааны галт тэргэнд 1-2 модон вагон залгачихна. Хоёр талаараа модон вандантай модон вагонд ганцаараа суугаад Зүүнхараа руу явж байх минь зүүд ч юм шиг... Үүрээр Зүүнхараад буув. Ажил эхлэх болоогүй болохоор вокзалын модон вандан дээр унтаад өгөв. Хөгтэй нь өглөө сэртэл халаасанд байсан хэдэн төгрөг байдаггүй. Унтаж байгаад унагааж, хүн авсан уу, урт гарт таарав уу, бүү мэд. Ажил эхлэх үеэр хүнээр заалгаж, эмнэлэг дээр очиж шинжилгээгээ өглөө. Орос эмч, сувилагч нар нь шуурхай гэдэг нь жигтэйхэн. Маргааш нь хотод ирээд бичиг баримтаа бүрдүүлээд, ааваас насанд хүрээгүй хүүгээ ажиллуулахыг зөвшөөрнө гэсэн баталгаа авлаа.  Тэгэхэд “Та хоёр нөгөөдрийн вагоноор яв. Урд замд долоо хоногт ганц удаа вагон явдаг. Хоцорч болохгүй шүү” гээд суух бичиг өгөв. Ингээд аавтайгаа хамт Замын-Үүдийг зорьсон доо.

Тэр өдөр Улаанбаатараас аав бид хоёртай хамт арваад хүн сууж, тэд замдаа буусаар аав бид хоёр л маргааш өдөр нь Замын-Үүдэд буув.

 

 

Амьдрал эхэлсэн нь...

 

Вагоноос буухад Улаанбаатарт анх уулзсан Загдсүрэн гуай нэг хүнтэй хамт тосож аваад нэг модон байшинд хүргэж, нэг өрөөнд аав бид хоёрыг оруулав. Маргааш нь Загдсүрэн гуай намайг дагуулж яваад “ПТО” гэсэн хаягтай модон байшинд ороход хэдэн орос дарга нэг монгол хүн сууж байв. Орос дарга намайг “Насанд хүрээгүй бол зургаан цагаар ажиллуулах хэрэгтэй. Ээлжинд гарч ажиллаж чадах уу” гэхэд нь би “Чадна, чадна” гэлээ. Тийнхүү ПТО-гийн дарга Пастухов, инженер Калязин, мастер Демидов нартай тэгж уулзаж, төмөр замчин болж билээ.

Пастухов дарга Илья Петрович Кальмыков гэх автотормосны үзэгчийг дуудаж, намайг даатгав.

Би ингэж л багштайгаа учирсан даа. Мөн орос бакаль, брезинтэн бээлий, комбинзон өглөө. Комбинзон нь жигтэйхэн том юм. Манай хөрш эмнэлэгт ажилладаг Мягмарсүрэн /нөхөр/, Пашка /эхнэр/ гэх ааш зан сайтай залуу хос байх. Эхнэр нь тэр дор нь хувцсыг минь хасаж тааруулж өгөв. Тэгээд багшийнхаа хэлснээр дэвтэр, харандаа зэхэж аваад 19.30 цагт ажилдаа догдлон догдлон очиж байсан минь өчигдөрхөн мэт тодхон байна. Багш минь вагоны эд ангийн нэрийг хэлж өгч, би түүнийг бичиж тэмдэглэхээс ажил минь эхэлсэн дээ. Мөн бусад ажилтантай яаж харьцах, биеэ хэрхэн авч явах болон дохио тэмдэг зэргийг нэг бүрчлэн зааж өгч билээ. Анх орос монгол үг хольж, дохио зангаагаар харилцаж байсан багш бид хоёр сар гаруйн дараа хөөрхөн ойлголцдог болов. Багш маань их сэргэлэн, хөдөлгөөнтэй залуу. Багш маань бас дунд сургуулийн долдугаар анги төгсөөд, цэргийн алба хаасан хүн. Надад орос дуу, бүжиг, самбо бөхийн барилдаан заана. Бид хоёр тоо бодно. Багш нутагтаа очоод их сургуульд орохоор бэлтгэж байгаа нь тэр. Намайг бас сургуульд сурч боловсрол эзэмших хэрэгтэй гэж захина. Үе үе гэрээ их санадаг бололтой. Аав ээжийнхээ зургийг байн байн гаргаж үзүүлнэ. Багш маань надтай зургаан сар ажиллаад нутаг буцсан даа.

Нэг л шөнө ачааны вагоноор явсан байв. Би багшийнхаа хаягийг нь авч үлдээгүйдээ их харамсдаг. Намайг төвхнүүлж өгөхөөр дагаж очсон аав минь вокзалын гуанзанд манаач, бэлтгэгчээр ажилд орж, жил гаруй болоод буцсан даа.

Би 1978,1987 онуудад  ЗХУ-д ҮЭ-ийн дээд курсэд сурч байхдаа Москвагийн радио дээр очиж, зарлуулсан боловч багшийнхаа сургийг гаргаж чадаагүй юм. Багш намайг богинохон хугацаанд III  зэрэгтэй засварчин болгож,  316 төгрөгийн цалинд хүргэсэн юм. Анх би 220 төгрөгийн цалин авч байсан. Бид цалин дээрээ говийн нэмэгдэл 30, мөн аюул осолгүйн нэмэгдэл 30, нийт 60 хувийн нэмэгдэл авдаг байлаа. Мөн -28 градусаас дээш хүйтэрвэл хүйтний нэмэгдэл өгдөг байснаа больсон санагдана. Төмөр замчдын цалин их өндөр, цалингаараа юу авахаа мэдэхгүй. Тухайн үед Замын-Үүдэд дэлгүүр хоршоо байх биш. Хааяа вагон худалдаа очно. Ганц бие залуу ихэвчлэн талх, молоко, консерев авч иднэ. Вагон худалдааны Дэлгэр, Самдан гэх хүмүүстэй танилцаж хот руу аав, ээждээ цалингаа өгч явуулдаг байлаа.

 

Анхны шагнал-том урам

 

Тэр үеийн вагон гол төлөв хоёр голтой гинжин угсраатай, тосолдог гүүшинтэй, тугалган холхивчтой, ширмэн шахавчтай, засвар,үйлчилгээ маш их шаарддаг байв. Сэлбэгээ холоос зөөж, цаг их зарцуулдаг болохоор замын дагуу сэлбэг байрлуулах тавиурын зураг гаргаж, даргадаа танилцуулахад миний санал дэмжигдэв. Ингээд замын дагуу хоёр тавиур байрлуулсан нь засварын ажлын цагийг хэмнэх болов. Мөн гар ажиллагааг хөнгөвчлөх механик багаж,тормозны шаантаг сугалах, шахавч тавьж, өнгөлөх тавиур, томруулдаг шилний бариулыг сунгах иш зэргийг санаачлан ажилдаа хэрэглэж эхэлсэн минь ихэд сайшаагдав.

Тэр үед миний санаачилсан ШБАЗ-ыг хожим ТҮГ-ынхан маань 60 жилийн ойгоороо үзвэрийн танхимдаа нэрийг минь бичээд тавьсныг үзэж, ихэд баярласан даа.  Нэг удаа мөсөн зоорийн замд олон хоног зогссон хоёр голтой хагас вагонд автотормоз болон явах ангид засвар үйлчилгээ хийж байхдаа ноцтой гэмтэл илрүүлж, 70 төгрөгөөр шагнуулж байв.

Дээрх амжилтуудыг минь үнэлж, 1957 оны Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор Замын даргын арваннэгдүгээр сарын 5-ны 540 тоот тушаалаар “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнасан билээ. Тэгэхдээ “Тэргүүний төмөр замчин” тэмдэг хүртсэн зургаа дахь хүн болсон юм. Харин Замын-Үүд ТҮГ-аас энэ шагналыг хүртсэн анхны ажилчин юм.

 

Санаанаас гардаггүй сайхан түүхүүд

 

1958 оны долдугаар сарын 10-нд 20.00 цагаас ээлж хүлээж авах вагон үзэгч У.Пүрэв, өртөөний жижүүр Н.Рэнцэндорж хоёр ажилдаа ирсэнгүй.

Дарга нар баярын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, сонор сэрэмжтэй ажиллахыг онцгой анхааруулав. Аз болоход галт тэрэг цөөн, ачаалал багатай хонов. Гэтэл долдугаар сарын 12-ны орой өртөөний жижүүр Рэнцэндорж Сайншандаас “Пүрэв бид хоёр ачааны вагоноор шөнө очно. Пүрэв Дорноговь аймгийн наадамд түрүүлээд бай шагналаа хүлээгээд сууж байна” гэж ярьж, бид ч бөөн баяр болов. Даргадаа дуулгахад “Мэдсэн бол хэд хоног амраадаг байж дээ. Элсэн дээр Довдонсамбуутай л ноцолдоод байдаг нь наадмын бэлтгэлээ хийж байжээ” гэж билээ. Пүрэв маань анд их хорхойтой. Ээлжнээс буугаад буугаа аваад хаашаа ч юм явчихна. Тэгсэн нэг өглөө ажлаас хамт буугаад “Чи манайхаар орохгүй юу” гэв. Тэднийд ортол хаалганы ард нь нэг бэлтрэг уяатай байна.  У.Пүрэв “Энийг авчраад арваад хонолоо. Өдөр тавьж өгсөн хоолыг шөнө нь идчихдэг. Өдөр огт хоол идэхгүй юм” гэв. Хоёр сар гаруйн хойно “Чоно ер нь хүнд дасдаггүй юм шиг байна. Нэг шөнө уяаг нь тайлаад хонотол үүрээр над руу гэтэж байдаг байгаа” гэж билээ. У.Пүрэв маань 1958 онд аймгийн арслан, 1959 онд Монголын Залуучууд оюутны анхдугаар их наадмын тойргийн барилдаанд 25 давж Улсын начин цол хүртсэн. 1962 онд Улсын наадамд долоо давж улсын заан хүртсэн. 1963 онд тав, 1967 оны зургаа, 1968 онд тав, 1971 онд тав давсан хүчтэн билээ.

 Монгол бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүчтэний нэг У.Пүрэв маань бөхийн замналаа Замын-Үүд ТҮГ-аас эхэлсэн түүхтэйг энд бахархан дурсахад таатай байна.

 

Хил зөрчигч барьсан нь

 

1958 оны тавдугаар сарын 27-ны өглөө  Эрээнээс хоосон хагас вагонуудтай галт тэрэг орж ирэв. Бид галт тэргээ тосож аваад үзлэгээ эхэлтэл сүүлчийн вагоны резинэн хоолой байдаггүй шүү. Би дагуулж явдаг засварчин Д.Алексейг  резинэн  хоолойд явуулаад үзлэгээ хийж эхэлтэл вагон дотор торхийх чимээ гарав. Вагоны зүүн талын шатаар дээш гарч гар чийдэнгээ тусган харвал гартаа ууттай юм барьсан хөх хувцас, даавуун шаахайтай хятад залуу зогсож байв. Түүнийг гараад ир гэж дохив. Хил зөрчигч дуртай дургүй гарч ирэхэд нь Байцаан өнгөрүүлэх рүү хүргэж, ахмад Далай гэх хүнд хүлээлгэж өгөөд ажил руугаа буцав. Галт тэргээ үзэж явуулчихаад байтал Далай гуай намайг дуудаж, овог нэр асууж, хил зөрчигч хаана байсан, эсэргүүцэл үзүүлсэн үү гэж асуугаад “Их сайн байна. Чи чухал хүн барьж өглөө” гэж баяр хүргээд “Хил хязгаарт ажиллаж байгаа хүн бүр сонор сэрэмжтэй байх ёстой” гэж зөвлөв. Тэр тухай тэгсгээд мартаж орхиж. Тэгтэл намар нэг цэрэг хүрч ирээд “Чамайг Пүрэвсүрэн гэдэг үү” гэв.”Тийм” гэтэл “Хилийн цэргийн штаб дээр чамайг дуудаж байна” гээд дагуулаад явлаа. Би яасан юм бол гэж гайхсаар штабын хаалгаар ортол олон хүн шуугилдаад л явчихав. Нэгэн дарга тэндээс босож “Нөгөө хил зөрчигч тагнуулыг барьсан залуу чинь энэ шүү дээ” гэхэд хүмүүс нижигнэтэл алга ташив. Тэгээд надад сэрүүлэгтэй цаг гардуулж, “Чамайг “Онц хилчин” тэмдгээр шагнуулахаар тодорхойлсон” гэж билээ. 1996 онд Замын-Үүдийн 40 жилийн ойн арга хэмжээнд уригдаж очиход тухайн үед Намын даргаар ажиллаж байсан Сандагдорж гэдэг хүн надтай уулзаад “Чамайг “Онц хилчин” тэмдгээр шагнасныг гардуулах гэтэл чи шилжээд явчихсан байсан” гэж билээ.

Надтай хамт ажиллаж байсан В.Волков гэх залуу буцахдаа “Эх орон-52”  пянз тоглуулагчтай хүлээн авагчаа надад дурсгасан юм. Нэг удаа тэр радиогоо асаатал хятад, Өвөр монголоос өөр ямар ч долгион баригддаггүй. Би радиогоор Өвөрмонголын дуу их сонсдог байв. Гэтэл  нэг өдөр чамайг Намын хорооны дарга Сандагдорж дуудаж байна гэлээ. Яваад очтол аль аймгаас ирсэн гэх зэргээр байцааж, тэгснээ чи яахаараа байнга хятадын радио сонсдог юм гэж загнав. Би үнэнээ л хэллээ. Тэгтэл дахиад тэр радиог сонсож болохгүй шүү гэж сануулаад явуулж билээ. Ямар ч гэм хийгээгүй мөртлөө баривчлагдаагүйдээ баярлаад л харьж билээ. Цаг үе нь тийм хүнд байж дээ.

МХЗЭ-ийн XIII их хурлын нэрэмжит залуучуудын бригадыг М.Цэрэн-Очир ахлагчтай байгуулж осол зөрчилгүй, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах үүрэг авч билээ. Соёл хүмүүжлийн олон ажлыг зохиож, “МХЗЭ-ийн нэрэмжит бригад” гэсэн батламж авч, М.Цэрэн-Очир МХЗЭ-ийн анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцон гар бөмбөг тоглож, улсын III зэрэг авч байлаа. Манай бригадад Г,Явууланз, Л.Гомбожав, Ж.Довдонсамбуу, У.Пүрэв, С.Хүнбиш, Н.Чимиднамжил, Х.Хоомог, Д.Пүрэвдорж, Н.Дашмягмар, Ч.Юра , Энэбиш, Надмид, Нямжав, Банзрагч нар болон В,Волков, И.П.Кальмыков, Кузьмин, Димидов, Д.Алексей зэрэг олон сайхан нөхдөө дурсахад сэтгэл минь огшиж сууна. Тэд маш их авьяаслаг, хөдөлмөрч 

хүмүүс байж билээ.

     

     Би өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ хол, ойроос ирсэн бүх захидал шууданг тараадаг байж билээ. Ирсэн захидлыг эзэнд нь хүргэж өгөхөд тэд баяртай байвал сэтгэл минь нэг л сайхан болдог сон. Гэтэл нэг удаа манай Цэрэн-Очир захиа аваад  нэг л сэтгэл дундуур байгаа харагдав. Тэгсэн дараагийн долоо хоногт дахин захиа ирж, мань хүн жигтэйхэн хөөр баяр болов. Үнэндээ би л өртөөнд  пүүлэгч М.Цэрэн-Очир гэх эмэгтэйд ирсэн захиаг нэр ижил болохоор нь өмнөх долоо хоногт нь хооронд нь сольчихож. Тэглээ гээд надад гомдоллосонгүй. Тухайн үеийн залуус их хүлээцтэй, тэвчээртэй байж дээ. Өөрсдөө учир зүйгээ олцгоосон байв. Иймэрхүү хөгтэй, дурсамжтай он жилүүдийг улсынхаа торгон хил дээр өнгөрүүлснээ эргэн дурсахад таатай байна.     

Замын-Үүдийн ТҮГ-ын хамт олондоо 70 жилийн ойн цогтой халуун мэндийг хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.

 


Замын-Үүд ТҮГ-ын ууган ажилчдын нэг “Хүндэт төмөр замчин” Чогдовын Пүрэвсүрэн

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.