Нүүр Цаг үе Төвийн хэсэглэлийнхэн өвлийн тээвэрт бэлэн
Цаг үе

Төвийн хэсэглэлийнхэн өвлийн тээвэрт бэлэн

G.Press 2 жилийн өмнө 87 үзэлт 0 сэтгэгдэл

 

Орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан үзлэгийн комисс энэ сарын 23-25-ны хооронд төвийн хэсгийн аж ахуйн нэгжүүдийн өвлийн тээврийн бэлтгэл ажлыг шалгалаа. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс Замын удирдлагад дэвшүүлсэн санаачилга, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тоймлон хүргэе. Улаанбаатар хэсэглэлийн хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад эхний есөн сарын байдлаар тээврийн орлогын хэмжээ 8.5 тэрбум гаруй төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Үүний дотроос Улаанбаатар өртөөний хамт олон оны эхний есөн сарын байдлаар 46 тэрбум гаруй төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тус өртөөний дарга Ц.Төрмөнх танилцуулсан билээ. Орлогын хэмжээ ийнхүү буурсан нь хэд хэдэн шалтгаантай аж. Тухайлбал, өнгөрсөн онд Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байсантай холбоотойгоор “Улаанбаатар БҮК”-ээс бетон дэрний ачилт хийж байжээ. Харин энэ онд тухайн бүтээн байгуулалт дууссан учраас ачилт 2022 оныхоос 1243 вагоноор буюу орон нутгийн ачилтын орлого 1.4 тэрбум гаруй төгрөгөөр буурсан байна. Мөн олон улсын олголтын орлого 1.3 тэрбум гаруй төгрөгөөр буурсан нь ОХУ-аас буулгалтад ирсэн “ган бэлдэц” 59 хувиар, ОХУ, КНР-ээс буулгалтад ирсэн чингэлэг буурсантай холбоотой. Түүнчлэн, Олон улсын ачилтын орлого 845 сая гаруй төгрөгөөр буурсан нь чингэлэг тээвэр 8074 вагон буюу 31 хувиар буурсантай холбоотой зэрэг шалтгаан нөхцөлүүдийг дурдсан юм. Тэдний хувьд нэн тэргүүнд зааварлагч-найруулагчийн орон тоог шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа үзлэгийн комисст уламжиллаа. Мөн Амгалан өртөөнд II зэргийн хөдөлгөөний техникчийн орон тоо шинээр батлуулах шаардлагатай байгаа аж. Ингэснээр тус өртөөний жижүүр болон туслах жижүүрүүдийн илүү цагийг 50 хувиар бууруулж, жилд дунджаар 420 илүү цагийг багасгах боломж байгааг илтгэсэн юм. Энэ үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн төвийн хэсэглэлд аюултай бүсийн дэглэмийг сахиулах, салбар замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, салбар зам эзэмшигчдийг замынхаа засвар, арчилгаа үйлчилгээг УБТЗ-аар хийлгэхэд тулгуур өртөө, Замын II ангитай илүү нягт хамтрах хэрэгтэйг анхааруулав.

 

Вагончдын ажилбарт дэвшилтэт технологи шаардлагатай

 

Вагон ашиглалтын депогийнхны ажлын ачаалал жилээс жилд өссөөр. Энэ оны эхний есөн сарын байдлаар л гэхэд, ОХУ-ын хилийн өртөөгөөр хүлээн авч, хүлээлгэн өгсөн галт тэрэг 36-43 хувь, вагоны тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18-27 хувиар өссөн байна. Үүнээс гадна өнгөрсөн оны мөн үед 2.733.711 вагоныг техникийн үзлэгт оруулж байсан бол 2023 онд дээрх дүн даруй 27.8 хувиар нэмэгджээ.  Мөн ачилтад бэлтгэсэн вагоны тоо өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн байна. Энэхүү ажлын ачааллыг дагаад техникийн үзлэгийг богино хугацаанд үр дүнтэй хийх шаардлага зайлшгүй үүсэж буй. Тиймээс Зүүнбаян, Шивээ-Овоо ТҮХ-үүдэд орон тоо нэмүүлэх хүсэлтээ уламжиллаа. Вагон үзэгч нарын сэтгэлийг хамгийн ихээр зовоож буй асуудал нь  УБТЗ-ын эзэмшлийн вагонуудын хос дугуйн насжилт өндөр, ОХУ-д хос дугуйн угсралтын үеийн технологийн зөрчлөөс шалтгаалсан гэмтлүүд гарах болсон явдал аж. Сүүлийн дөрвөн жилд хийсэн судалгааны дүнгээс харахад  УБТЗ-ын эзэмшлийн 89, гадаад паркийн 54, хувийн хэвшлийн 13 вагонд буюу нийт  156 вагонд гүүшингийн далд ноцтой гэмтэл илэрсэн аж. Энэ нь вагон үзэгч нарын ажлын байранд орчин цагийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ашиглах шаардлага тулгарч буйн гол үндэслэл гэдгийг ч дурдлаа. Мэргэжлийн хүмүүсийн судалж мэдсэнээр гадаадын төмөр замд вагоны эд ангийн хэвийн байдлыг өндөр хурдны камераар хянах дэд систем буюу TFDS-ийг өргөнөөр ашиглаж байгаа аж. 5Т төхөөрөмжид суурилсан дээрх дэд системийг ТҮГ-тай өртөөний өмнөх зөрлөгт буюу ойролцоогоор 30 км-ийн зайд суурилуулан галт тэрэгний техникийн байдлыг өндөр хурдны камераар бүрэн үзэж, гэмтэл илэрсэн тохиолдолд тухайн бүрэлдэхүүнийг зогсоон шаардлагатай засварт оруулах байдлаар ажилладаг байна. Мөн галт тэрэгний баталгаат мөрийг уртасгах, аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр боловсруулсан саналаа үзлэгийн комисст танилцууллаа. Энэ хүрээнд УБТЗ ХНН ачааны вагоны парк шинэчлэл хийхдээ кассетан гүүшингээр тоноглосон вагоныг сонгож худалдан авалт хийх нь илүү оновчтой гэж үзсэн байна. Цаашлаад өөрийн эзэмшлийн суурь бүтэц дээгүүр тээврийн ажилд оролцож байгаа бүх вагоныг кассетан гүүшинд шилжүүлэх бодлого боловсруулсан байна. Ингэсний үр дүнд хос дугуйн гүүшингийн гэмтлээс шалтгаалсан галт тэрэгний саатал эрсдэлийг 25-30 хувиар бууруулах. Ачааны галт тэрэгний хурдыг 180 км/цаг хүртэл нэмэгдүүлэх. Вагоны нэг гол дээрх даацыг 32.5 тонн хүртэл нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэнэ гэж харж байгаа аж.  Түүнчлэн, вагоны хос дугуйн гүүшингийн зангилаанд хяналт тавьж, оношлох ажлыг автомат системээр гүйцэтгүүлж, техникийн үзлэгийн технологид өөрчлөлт оруулснаар хүний хүчээр хийдэг байсан гүүшингийн(халуун) үзлэгийн технологит ажлаас татгалзах боломжтой гэв. Зүтгүүр вагоны хариуцлагатай эд анги, зангилаа хэсгийн техникийн байдлыг байнгын хяналтад  байлгаж, автоматаар оношилсноор галт тэргэнд, өртөөнд хийдэг ажиллагааны тоо цөөрч, цаг хугацаа хэмнэнэ. Хөдлөх бүрэлдэхүүнд гэмтэл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хөдөлгөөнийг зогсоон шуурхай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Улмаар галт тэрэгний баталгаат мөр уртасна зэрэг олон эерэг үр дүн гарах юм байна. Вагончдын боловсруулсан энэхүү тооцоо судалгаа, гаргалгаа үндэслэлийг Замын удирдлагын хэмжээнд хэлэлцэж, шаардлагатай шийдвэрийг шат дараатайгаар гаргана гэдгийг Замын даргын үзлэгийн комисс илэрхийлнэ билээ.

 

Зорчигч тээврийнхэн санаачилгыг сайшаав

 

Мөн үйлчлүүлэгчидтэй шууд тулж харьцдаг байгууллага болох Зоригч үйлчилгээний төв, Зорчигчийн вагон депогийн хамт олон зорчигчдодоо зориулсан шинэлэг үйлчилгээ олноор нэвтрүүлж буйгаа үзлэгийн комисст танилцууллаа. Зорчигчийн вагон депогийн хамт олны тухайд сүүлийн зургаан жилд буюу 2378 хоног үйлдвэрийн ямар нэг осол, зөрчилгүй ажиллаж байна. Тус депо нь Менежментийн нэгдсэн тогтолцоог анх удаа бүрэн нэвтрүүлсэн УБТЗ-ын цөөн байгууллагуудын нэг юм. Мөн зорчигч тээврийн тарифыг шат дараатай нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орлого эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оноос 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн, ШБАЗ-ын чиглэлээр үзүүлж, сонирхуулах олон бүтээлтэйгээр үзлэгийн комиссыг угтсан юм.

Харин жил бүр орлогын өндөр үзүүлэлтэй ажилладаг АБТЭМА-ийнхан энэ жил арай өөр дүн мэдээтэй байв. Хэдийгээр төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүх төрлөөр биелсэн ч өнгөрсөн жилийн үзүүлэлтэд хараахан хүрээгүй гэдгийг ангийн удирдлага танилцуулав. Учир нь, өнгөрсөн онд цар тахлаас шалтгаалан ачилт, буулгалт, боловсруулалтын хэмжээ ангийн хувьд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байжээ. Харин энэ жил ажлын хэмжээ цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрээд байгаа гэнэ. Мөн тарифын өсөлт ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм гэдгийг комисст ажиллаж байсан зарим гишүүд дурдаж байсан. Ямартаа ч тэдний хувьд цаг үеийн өөрчлөлт шилжилт, шинээр бий болсон нөхцөлд хөрвөн ажиллах шаардлага тулгарч буй бололтой. Үүнтэй холбоотойгоор үзлэгийн комиссын зүгээс УБТЗ-ын ачаа тээвэр тэр дундаа чингэлэг тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж буйг дурдаад, дэлхийн худалдааны чиг хандлага ч чингэлэг тээвэр рүү шилжиж байгаа нь ирээдүйд энэ төрлийн тээврийн шилжүүлэн ачилт, ачаа боловсруулах техник технологийн хөгжлийг УБТЗ-аас шаардах болсон гэдгийг онцлов. Үүний тулд АБТЭМА-ийн Амгалан хэсгийг УБТЗ-ын хоёр дахь том чингэлгийн терминал болгон хөгжүүлэх зорилтыг Замын удирдлага дэвшүүлж байгааг дуулгалаа. Тодруулбал, ойрын ирээдүйд Амгалан хэсэг нь ачилт, буулгалт, боловсруулах хүчин чадлаар дараагийн томоохон терминал болж, хөгжих аж.

 

Санаачилга сайн ч үр дүн гаргах нь илүү чухал

 

Төвийн хэсгийн төмөр замчдын хувьд гар ажиллагааг хөнгөвчлөх, гэлтгүй ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил санаачилж, инженерүүдийнхээ ур ухаанаар бүтээсэн бүтээлүүдийг үзлэгийн комисст дэлгэн харуулж байв. Тэдний нэг нь Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хамт олон. Тус анги цахилгааны аж ахуйгаар ашигтай гарчээ. Мөн төмөр замын 147, гадны 44 гээд нийт 191 захиалгат ажлыг бусдын аж ахуйд хийж, 166 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн Төв засварын үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэргээн засварлах хүчин чадалтай Засвар механикийн үйлдвэр болох зорилтыг дэвшүүлжээ. Ингэснээр суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний импортоор авдаг сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, сэргээн засварлах боломжтой болно гэж үйлдвэрийн удирдлага үзэж байгаагаа үзлэгийн комисст илтгэв. Харин үзлэгийн комиссын ахлагч Ш.Нямсүрэн өмнөх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох, сайжруулах, үр дүнг гаргах хэрэгтэйг анхаарууллаа. Эдгээр байгууллагаас гадна Улаанбаатар татах хэсэг Ашиглалтын цехдээ VR төхөөрөмжөөр сургалт зохион байгуулж эхэлжээ. VR технологийг дэлхий дахинд сургалтын системд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд 3D хэмжээст ороход хүний анхаарал төвлөрөл 10 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг аж. Иймд зүтгүүрийн бригадын сургалтад VR технологид суурилсан хичээлүүдийг бэлтгэж, машинчдын техникийн мэдлэгийг дээшлүүлж байгаа гэнэ. Тэдний хувьд шинэ технологи нэвтрүүлж байгаа нь сайн байна. Гол нь үр дүн гаргах, ямар үр дүн гарсныг эргээд тайлагнахыг сануулав. Учир нь Улаанбаатар татах хэсгийн хэмжээнд ажлын үндсэн үзүүлэлттэй холбоотой нэлээд олон зүйлийг чиглэл хариуцсан байцаагч нар дэвшүүлэн тавьсан юм. Байцаагчдын зүгээс илрүүлсэн үл тохиролтой холбоотойгоор тус татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга н.Сүрэнжав тайлбар хийж, зарим санал шүүмжлэлийг ч Замын удирдлагад дэвшүүлэн тавьсан. Түүний дурдсанаар Улаанбаатар татах хэсэгт сэлбэгийн нийлүүлэлт тасалдсан. Үүнээс нь болж тээврийн үйл ажиллагаанд оролцоод явж байх ёстой зүтгүүрүүд маш удаан хугацаагаар зогссон. Засварт оруулахаар ОХУ руу явуулсан 38 эд ангийн 23 нь шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан зэрэг асуудал гарчээ. Үүнээс нь улбаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүнд, машинч нарын ажлын үзүүлэлтэд ч сөргөөр нөлөөлж буйг илтгэлээ.  Замын удирдлагын хувьд түүний хөндсөн асуудлуудыг судалж үзэхээ илэрхийлээд сэлбэг материалын хангалт, чанарыг сайжруулах чиглэлээр бүх шатанд ажиллаж байгаагаа ч дуулгасан.

Төвийн хэсэглэлийн үзлэгийн үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн 396 дугаар км-т баригдаж буй авто замын хонгилон гарцын барилгын ажилтай танилцсан юм. Тэрбээр, гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, ажлыг графикт хугацаанд нь чанартай гүйцэтгэж хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангуулж ажиллах шаардлагатайг хэлэв. Учир нь, тухайн хэсэгт галт тэрэгний жин, хурд гээд тээврийн үндсэн үзүүлэлтүүд бүгд буураад байгаа юм. Хэрэв гүйцэтгэгч компани тогтсон хугацаанд ажлаа чанартай хийж дуусгавал тухайн хэсэгт галт тэрэгний хурд, жин тонныг нэмэгдүүлж, 6000 тонн жинтэй галт тэрэг аялуулах, улмаар тээврийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэхүү авто замын хонгилон гарц ашиглалтад орвол 396 дугаар км-ийн гармыг хаахын зэрэгцээ төмөр зам, авто зам өөр түвшинд огтлолцож, гарам дээр гардаг осол, зөрчлийн тоо, авто замын түгжрэл буурах нөхцөл бүрдэнэ.

 

Боловсон хүчнээ тогтворжуулж, хөгжлөө хурдасгах шаардлага үүссэн

 

Ийнхүү 2023-2024 оны өвлийн тээврийн бэлэн байдлыг шалгах үндсэн зорилт бүхий Замын даргын намрын үзлэг Төвийн хэсэглэлээр өндөрлөж, энэ сарын 25-нд хурлаа хийлээ. Тус хурлын үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нийт төмөр замчдад хандаж, үг хэлсэн юм. Тэрбээр чиглэл хариуцсан байцаагчдын илрүүлсэн зөрчил, дутагдлыг цаг хугацаанд нь арилгахаас гадна дараах асуудлуудад төмөр замчдыг онцгой анхаарч ажиллахыг даалгаад дараах зүйлсийг онцлон тэмдэглэсэн.

1.УБТЗ бол олон улсын өмнө үүрэг хүлээсэн байгууллага. Манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг шуурхай, найдвартай богино хугацаанд өнгөрүүлэх нь та бидний олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Үүний тулд техник, технологийн гэхээс илүүтэй гадны хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг арилгах нь чухал. Тэр дундаа Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчимжилт өндөртэй гарам, технологийн гарцууд дээрх хяналтыг сайжруулах, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, хориг хашааны стандартыг шинэчлэх, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, яаралтай тоормос хийсэн тохиолдлын тоог бууруулах нь зүйтэй. Яаралтай тоормос гэдэг эдийн засгийн агуулгаараа УБТЗ-д маш их хохирол дагуулж байдаг гэдгийг ахин дурдъя.

2.Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн. Дан ганц УБТЗ гэлтгүй улсын хэмжээнд боловсон хүчний шилжилт хөдөлгөөн өндөр байгааг дурдах нь зөв. Мэдээж, энэ шилжилт хөдөлгөөн, олон жил ажилласан дадлага туршлагыг дагаад төмөр замын тээврийн найдвартай тасралтгүй ажиллагаа, сахилга хариуцлага алдагдах зэрэг зөрчил дутагдлууд илэрч байгааг юуг нь нуух вэ. Үүнийг засаж сайжруулахын тулд шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, багш шавийн гэрээтэй ажиллуулах, туршлага судлуулах, ахмад үеэс суралцах, техник технологийн дэвшлийг ашиглан сургалтын арга зүйгээ сайжруулах зэргээр ажиллах нь юу юунаас илүү чухал болоод байна.

3.Үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх. Энэ хүрээнд суурь бүтцийг өргөтгөх, өртөө зөрлөгүүдийн хүлээн авах, явуулах замын ашигтай уртыг нэмэгдүүлэх, Толгойт-Амгалан хоорондын замын хоёр дахь замыг барих, чингэлэг тээврийн терминалын хүчин чадлыг нэмэх, Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн Амгалан дахь хэсгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Замын удирдлага ч дээрх ажлуудыг ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгааг онцлон тэмдэглэе гэв.

 

 

Б.Дэлгэрхишиг 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.