Нүүр Дугаарын зочин Төмөр замчны дүрэмт хувцсаар гоёсон 36 дахь зун
Дугаарын зочин

Төмөр замчны дүрэмт хувцсаар гоёсон 36 дахь зун

G.Press 9 сарын өмнө 131 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хонхор өртөөний жижүүр Бадарчийн Хишигсүрэн УБТЗ-д 36 дахь жилдээ ажиллаж байна.

Налайх тосгонд уурхайчны гэр бүлд есөн хүүхдийн дундах, охидынх нь том нь болж төрсөн түүний хувь заяа төмөр замтай хэрхэн холбогдсон эгэлхэн түүхийг хүргэе.

Б.Хишигсүрэн “Наймдугаар ангиа төгсөхөд багш нар минь “Чи есдүгээр ангидаа ор” гэхэд нь “Үгүй ээ, надад Барилгын ТМС-ийн хуваарь байсан ч яах вэ” гээд зүтгэчихсэн. Тэгэхэд багш минь надад Төмөр замын техникумын эрчим хүчний ангийн хуваарь өгсөн юм. Үнэндээ тэр үед төмөр замын талаар ямар ч ойлголт надад байсангүй. Эрчим хүч гэхээр нь сургуулиа төгсөөд Налайхдаа ажиллах юм л бодож явсан санагдана. Тэр чинь 1985 он. Намар нь эх орны өнцөг булан бүрээс цугларсан зүс хараагүй хүүхдүүдтэй ЗИЛ-130 машины тэвшин дээр хөнжил пүүгээтэйгээ ачигдан тариа хураалтад явж байлаа. САА-д анги ангиараа жагсахад эрчим хүчний анги гэдэгт л жагсана. Харин аравдугаар сарын 1-нд хичээлдээ орох гээд ирэхэд “Анги хуваарилалт дахин хийсэн. Чи “Д-1А” ангид орсон” гэсэн. Ингэж л төмөр замчин болох зам минь эхэлсэн дээ. 1989 онд сургуулиа төгсөхөд албаны боловсон хүчин хүүхдүүдээс “Замын-Үүд явах уу?” гэж асууна. Бодвол тэр үед Замын-Үүдэд мэргэжлийн боловсон хүчин их хэрэгцээтэй байсан юм болов уу даа. Харин би “Замын-Үүд явахгүй ээ” гэснээр Чойр хэсэглэлийн Лүн зөрлөгт очих томилолт авсан юм.

Лүн зөрлөгт 1989 оны долдугаар сарын 1-нд ажилд орсон. Аав надтай хамт явж, тэнд хоёр жил хамт амьдарсан. Аав минь уурхайчин хүн. Тухайн үед группт гарчихсан байсан. Би аав ээж хоёрыгоо хоёр жил хол амьдруулсан хүн шүү дээ” гээд /инээв/.

Лүн зөрлөгийнхөн минь намайг их сайхан хүлээж авсан. Зөрлөгийн дарга н.Норов гэж хүн байсан. Шугам замд сургууль төгссөн залуус ховор очдог байсан юм байлгүй. Манай зөрлөгт Төмөр замын техникум төгссөн би, ТМС төгссөн Даваасүрэн бид хоёр ажиллаж байсан. 1990 оны Замын даргын үзлэгээр Дольгий дарга “Шугам замд ажиллаж байгаа залуу төмөр замчдыг дэмжих хэрэгтэй. Залуусаа хивс, магнитафоноор шагнаарай” гэж билээ. Чойр өртөөнийхөн бид хоёрт нэг нэг хивсэнцэр өгч байсан. Хөгжим нь тухайн үедээ олдоогүй юм байлгүй, өгөөгүй юмдаг. Одоо шиг үзэж харах цаг нөхцөөх зүйл ховор. Теннисний ширээтэй. Зав чөлөө гарвал теннис тоглоцгоодогсон. Лүнд хоёр жил ажиллаад Налайх өртөөний даргаар томилогдон 1991 оны долдугаар сарын 1-нд ажлаа хүлээж авч байлаа. Налайх бол Монголын төмөр замын ууган өртөө шүү дээ. Налайхын уурхай Улаанбаатарын дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг байлаа. Гэвч 1990 оны өвөл уурхайд дэлбэрэлт болж, уурхай хаагдсанаар өртөөний ажил ч багассан. Өртөөний даргаар 1991-1994 он хүртэл ажиллаад анхны хүүхдээ төрүүлсэн. Тухайн үед хань маань Геологийн ангид өрмийн мастераар ажилладаг байсан юм. Геологийнхон спортын сайхан том заалтай. Би сагс, воллейбол тоглодог байлаа. Тэнд бөмбөг хөөж яваад л ханьтайгаа танилцсан юм. Том охиноо гурван нас хүргээд 1997 онд ажилдаа орохдоо өртөөний жижүүрээр ажиллах болсон юм. Налайх өртөө, уурхай хаагдснаар ажил багасаж, зорчигчийн галт тэрэг хэсэг явж байгаад 1996 онд хаагдсан. 2001 онд Хонхор өртөөнд ирээд эндээсээ ахиж яваагүй. Хонхорт тэсэрч дэлбэрэх аюултай ачаа буудаг, олон улсад нээлттэй ачилт буулгалт хийдэг IV зэргийн өртөө. Харин өнгөрсөн жилээс энд аюултай ачаа буухаа больсон” гэлээ.

УБТЗ-д ажилласан он жилүүдээ эргээд харахад танд юу бодогдож байна вэ гэхэд тэрбээр “Би 36 жил яг хөдөлгөөний ажлыг хоёргүй сэтгэлээр хийж байна. Хоёр охинтой, нөхөр маань 1997 онд Замын II ангид ажилд орсон. Бригадын даргаар олон жил ажилласан. Одоо замчнаар ажиллаж байгаа.

Хөдөлгөөний ажил 12 цаг яс суудаг хариуцлага өндөртэй ажил шүү дээ. Нэг л товруу андуурвал яах билээ. Ийм хариуцлагатай ажлыг 36 жил гологдол зөрчилгүй хийсэндээ бахархдаг. Энэ ажилдаа дуртай. Дургүй байна ч гээд яах билээ.

Бидний залууд УБТЗ-аас өөр төмөр зам байсангүй. Энэ мэргэжлийг дөрвөн жил сурч эзэмшээд 36 жил ажиллаж амьдралаа залгууллаа. Ажлаа хүнд гэж бодож халширч үзсэнгүй. Ер нь, “Энэ мөн хэцүү, хүнд ажил шүү” гэж бодвол ямар ч ажил хүнд санагдана. Энэ ажлыг хийж би амьдралаа залгуулж, үр хүүхдээ өсгөж сайхан амьдарч яваа шүү гэж сэтгэлээ өгч хийх хэрэгтэй. Өртөө зөрлөгийн жижүүр ээлжээр ажилладаг амаргүй нь үнэн. Шөнийн нойрыг юугаар ч орлуулахгүй л гэцгээдэг. Гэхдээ 36 жил хөдөлгөөний ажил хийхээр дасан зохицчихдог юм байна. Ажлаасаа буугаад сайхан унтаж амраад л сэвхийгээд босоод ирнэ. Олон дарга нарын нүүр үзлээ. Төмөр зам сайхан. Ээлжиндээ элдэв асуудалгүй ажиллаад гэр рүүгээ явж байх ч сайхан шүү” хэмээв.

Идээшиж дассан энэ нутгийнхаа тухай “Дээхнэ үед “Хонхор тосгон” гэдэг байлаа. Одоо бол Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо гэж явдаг. Хонхор маань хотын хөдөө. Хоттой ойр, зундаа агаар сайтай, өвөлдөө утаа багатай. Замын түгжрэлгүй. Авто зам, төмөр зам гээд дэд бүтэц сайтай сайхан нутаг. Олон жил ажиллаж амьдарлаа. Өвөлдөө жаахан хүйтэн байдаг. Одоо ч хүйтнийг нь ажрахааргүй дасаж дээ.

Манай энд цэвдэгтэй гээд мод бут ургадаггүй байлаа. Бид олон ч мод суулгаж үхүүлсэн. Эцэст нь энэ моднуудыг тарьж чадсан шүү. Модныхоо нүхийг ухаад ус буцалгаж хийгээд хонуулаад маргааш нь суулгаж байлаа (Өртөөний байшингийн эргэн тойрон дахь моддыг заав). Цэвдэгтэй газар мод ургадаггүй гэдэг. Манайхан ургуулж чадсан байгаа биз. Ургадаг л юм байна. 20 гаруй жилийн өмнө тарьсан модод ийм өндөр ургажээ гэж сэтгэл дүүрэн өгүүллээ.

Таныг ирэх жил гавьяандаа суухаар бэлтгэж байгаа гэж сонссон, залуу хойч үеийнхнээ хэр бэлтгэв гэхэд “Шинээр ажилд орсон залуучуудад чадах мэдэхээ зааж зөвлөхийг хичээдэг. Шавь гэвэл олон бий. Манай өртөөний дарга Б.Баярсайхан маань 10-аад жилийн өмнө миний шавь байлаа.

Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлгийн тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагай “Багш шавийн гэрээ” байгуулсан шавь нарын нэг. Гадаад, дотоодод төгссөн шавь олон байна. Би шавь нартаа “Хөдөлгөөний ажлыг сэтгэлээ зориулж хий. Сэтгэлийн хөөрлөөр хийдэг ажил биш шүү. Гол нь дүрмээ л баримталж ажилла” гэж захьдаг гэлээ.

Таны хувьд “Хамгийн гоё баяр, хамгийн эрхэмлэдэг гоёл юу вэ?” гэхэд “Төмөр замчдын баяр байлгүй яахав. Манай энд ойрхон ч болдгийг хэлэх үү. Мэргэжлийнхээ баярыг дөхөөд ирэхээр ээлжийн хуваариа хараад амарч таарвал заавал очиж үздэг. Төмөр замчдын баярыг биднээс гадна Хонхор тосгоныхон хоног тоолон хүлээдэг. Эндэхийн хүмүүс наадам бүрээр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг яваад байдаггүй болохоор Хөлийн голд болдог төмөр замчдын баяр тэдний хувьд наадам гэсэн үг. Баяр дөхөхөөр энэ хавийнхан маань “Төмөр замын баяр хэзээ болох вэ?” гэж асууцгаадаг. Дуртай гоёл минь дүрэмт хувцас минь юм даа. Энэ хувцсаар 36 жил гоёлоо доо. Төмөр замын дүрэмт хувцас хүнийг сүр оруулдаг. Галт тэргээр явж байхад дүрэмт хувцсаа иж бүрнээр нь өмсчихсөн хяналтын цэг дээрээ зогсож байгаа жижүүр их гоё харагддаг. Дүрэмт хувцсыг дутуу хагас хайш яайш өмсвөл муухай харагдана. Төмөр замчин хүний ажилдаа хандах хандлага хувцсаа өмссөн байдлаас хүртэл харагддаг. Тийм болохоор ажилдаа чин сэтгэлээ өгч, дүрэм журмаа ягштал биелүүлээд ажиллах хэрэгтэй гэдгийг залуустаа захья. Төмөр замын ажил сайхан шүү.

 

 

Б.Гүнжээ 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.