Төмөр замчид жил бүр эмнэлгийн үзлэгт хамрагдаж, биеэ үзүүлдэг ч өвчлөл буурахгүй, мөн үзүүлээд явж байсан хэрнээ хавдартай болсноо хожуу мэдлээ гэх яриа чих дэлсдэг. Тэгвэл үзлэгийг үр дүнтэй байлгаж урьдчилан сэргийлэхийн хамгийн чухал нь юу болох, юун дээр анхаарах талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн Халдвартын эмч О.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Төмөр замын ажилчин бүр байгууллага байгууллагаараа хуваарь гарган жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Хүн нэг бүрчлэн цус шээсээр шинжилгээ өгдөг. Цус шээсээр шинжлээд алат асат ихэссэн багассан, мөн А, В,С,Д гэхчлэн вирүс байгаа эсэхийг нь тоолоод хариуг нь үйлдвэр, шугам замын эмч рүү шилжүүлдэг. Харьяалагдах байгууллага, үйлдвэрийн эмч нь шинжилгээний хариуг нягтлан хараад хэрэв тухайн хүнд ямар нэгэн вирус илэрсэн бол хамгийн түрүүнд Төв эмнэлгийн халдвартын эмч буюу над руу явуулдаг. Эрт илрүүлгээр вирус илэрсэн бол анхан шатны эмнэлгээсээ Төв эмнэлэгт шилждэг гэсэн үг. Ингэснээр вирүс нь ямар хэмжээнд байгааг нарийн шинжилгээгээр дахин тоолоод шаардлагатай бол вирүсийн эсрэг эмийн эмчилгээнд хамруулна. Мөн зайлшгүй хавдар, өмөн үү үүссэн эсэхийг хавдрын маркераар тодруулдаг. Хавдрын шинжилгээ хийхэд хавдрын маркер өндөр болсон тохиолдлууд цөөхөн боловч гарсан. Хэрвээ ямар нэгэн вирүсийн халдвартай, элэг өөрчлөлттэй гарсан тохиолдолд шууд л Төв эмнэлэг рүү шилжүүлэн үзүүлэхийг зөвлөдөг. Учир нь тухайн байгууллагын эмч нар дотрын эмч нар байдгаас гадна эмч болгон вирүсийн эсрэг эм бичих эрх байдаггүй. Манайхаас Эрүүл мэндийн хөгжлийн төв рүү хүсэлт өгч байж эм эмчилгээгээ авдаг. Тиймээс Төв эмнэлгийн халдвартын эмч рүү явуулж байгаа юм.
-Үзлэгийг үр дүнтэй байлгахад хамгийн чухал зүйл нь юу вэ?
-Үзлэгийг үр дүнтэй болгож урьдчилан сэргийлэхийн хамгийн гол чухал зүйл нь дээрх шинжилгээний хариу юм. Төмөр замын ажилтан үзлэгийн эцэст эмнэлгийн хуудсан дээрээ гарын үсэг зуруулах гээд тухайн байгууллагын эмчдээ хандахад таны өгсөн шинжилгээний хариуг хараад халдвартын эмчид үзүүлэх шаардлагатай байна гэсэн тохиолдолд яаралтай үгэнд нь орж, манайд ирж үзүүлээрэй. Төмөр замчид жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа учраас вирүсийн халдвараас өөрийгөө хамгаалж оношлуулж эмчлүүлэх давуу талтай юм. Гол нь илрүүлэх нь чухал. Илрүүлээд “За танаас ийм вирүс илэрлээ. Та халдвартын эмч дээр явж очоод вирусээ тоолуулаад зөвлөгөө авч эмчилгээ бичүүлээд дагаж мөрдөөрэй” гэдэг. Гэтэл нөгөө хүн маань хэнэггүйтээд тоохгүй хаячихдаг. Чихдээд аваад ирэлтэй биш, энэ тал дээр эмч хүний хувьд их санаа чилээдэг. Сүүлийн үеийн залуучууд биедээ анхаарал тавьдаг болсон байна. Мэдээлэл ч сайн байгаа байх. Харин 40-50 насны хүмүүс их хариуцлагагүй байна уу даа. Тоохгүй хэнэггүй явсаар 10 -аад жилийн дараа элэгний цирроз хатуурал, хавдар болгоод эмчид ханддаг. Энэ нь вирүстэйгээ мэдсээр байж удааж ирсний л хор уршиг шүү дээ.
-Ийм тохиолдол гарч байв уу?
- Энэ тал дээр би бодит сонссон бодит түүхээ ярья. Энгийн төмөр замын ажилчин хавдраар оношлогдоод гэр бүл нь уйлж сандраад, “Жил бүр л үзлэг шинжилгээнд орж байсан атал яагаад гэнэт хавдар болчихов. Эмнэлгийн хариуцлага, эмч нарын чадвар муу байна” гээд баахан явсан байгаа юм. Гэтэл тухайн хүний үзүүлж байсан карт, өвчний түүхийг нь үзэхэд бараг 5-6 жилийн өмнө вирус оношлогдсон байдаг. Үзүүлээрэй гэсэн зөвлөмж, хавдрын эмч рүү явуулсан цохолт бүгд өвчний түүх дээр байсан. Гэвч тухайн өвчтөн тэр бүхнийг тоохгүй үзүүлэхгүй явсаар аргагүй сүүлийн шатандаа орчихоод ирж байгаа юм. Тэгэхээр энэ бол 100 хувь тухайн хүний хариуцлага сахилга баттай холбоотой. Саяхны жишээ гэхэд өнгөрсөн X сард шинжилгээ өөрчлөлтэй гарсан өвчтөндөө, “Та энэ эмийг уугаад гурван сарын дараа шинжилгээ ирж өгөөрэй, тэгээд дахин лавшруулах шинжилгээ хийлгэе. Манайд хийдэггүй тул энэ эмнэлэгт хийлгээд ир” гээд тохироод салсан өвчтөн маань жилийн дараа хаана ч үзүүлээгүй ирж байх жишээтэй. Энэ хугацаанд өвчин нь даамжраад л яваад байгаа шүү дээ. Дундуур нь эмнэлэгт хэвтсэн гэх боловч тэр нь элэгний өвчнийг илааршуулах бус харин ч дэмжсэн эмчилгээ байсан. Манай ажилчид өнөө маргаашийн цалингаа бодоод чөлөө ч авч чадахгүй ажиллаж байтал хамгийн чухал эрүүл мэндээрээ л хохирдог. С вирус илэрлээ гэхэд эм уухгүй эмчилгээгүй явахад маш хурдан хавдар болж үрэвсдэг. Тиймээс ажлаа зохицуулаад өөртөө анхаарал хандуулж байгаарай л гэж эмчийн зүгээс зөвлөе.
-Та халдвартын эмчийн хувьд энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
- Би энэ ажлаа аваад жил болж байна. Энэ хугацаанд өөрийн чадах хэмжээгээр вирүс илэрсэн өвчтнийг эмчилж ирээдүйд гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийг зорьж ажиллаж байна. Миний хувьд янз бүрийн байдлаас шалтгаалж гарын салаагаар хүн үлдчих вий гэж зовиноод үзлэг хийдэг шинжилгээний программ дээрээс хариуг нь харж байгаад вирүс илэрсэн хүмүүсийн нэрсийг түүгээд үзүүлэхийг санал болгон утасдахаас гадна тухайн байгууллагын эмчтэй нь ярьдаг. Магадгүй үйлдвэрийн эмч явуулаагүй ч юмуу ямар нэг тохиолдлоор үзүүлэх нь чухал санагдаагүй вирүс тээгчийг эрсдлээс хамгаалах гэж л тэр л дээ.
-Вирүс илэрсэн өвчтөн эмчлэгдээд эдгэрэх үйл явц ямар байдаг вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-С вирус харин 3-6 сарын хугацаатай эм уугаад бүрэн эдгэрэх боломжтой. Элэгний С вирус илрээд тоохгүй орхивол 10-аас дээш жил болоод ирэхээрээ хавдар болох эрсдэлтэй. В вирус бол ер нь эмчлэгдэхгүй, ер нь биед байж л байна. В вирус элэгний цирроз буюу хатуурал болно. Тиймээс тоохгүй орхиж хэрхэвч болохгүй. Миний харснаар эмч дуудахгүй бол ирэхгүй тоохгүй орхиж байгаа хүмүүс мэр сэр байдаг. Байгууллагынх нь эмч ийм вирус байна шүү, Төв эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлдэг ч ирдэггүй. Ажлын зав чөлөө гардаггүй гээд өөртөө цаг гаргахгүй явсаар байтал нэг л мэдэхэд олон жил өнгөрчихдөг. Ирсэн ч ганц хоёр хоногоор ирж тууштай эмчлэхгүй хаячихдаг тал ажиглагддаг. Эмчилгээгээ тууштай хийж, үр дүнгээ үзэхгүй байхаар вирус дотроос нь өөрийг нь өвчлүүлсээр л байдаг. В Д вирүс хавсарвал насан турш эм уух ч заалт бий.
-Халдварлах зам юу вэ?
-В вирүс бэлгийн замаар халдварлахаас гадна арьс салстаар халдварлаж болно. Сахлын болон хумсны хутга гэхчлэн арьсыг гэмтээдэг зүйлсийг эрүүл ахуйн халдвар үүсэхүйц нөхцөлд дамжуулан хэрэглэх, маникюр педикюр гэхчлэн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах байдлаар халдварлагдаж болно. Вирүстэй хүний хумсны махыг лав аваад цус шүүрүүллээ гэж бодоход дараагийн хүнд тэр багажаа хэрэглээд өчүүхэн төдий арьс салст нь шалбарах төдийд халдвар авч болно шүү дээ. Тэгэхээр халдвар хамгаалалт 100 хувь хүний үйл ажиллагаа өөрөөс нь шалтгаална.
Өнөө барагцаалбал 50-иад насныхан багадаа шарлаж, тухайн үед халдварт бохир шар буюу А шарын вакцин байгаагүй учраас энэ төрлийн вирусээр их халдварлаж байсан байна. Маш олон хүн энэ шараар шарлаж С вирүстэй болсон. Цөөн тохиолдолд В,С цочмог халдвараар шарладаг. Гэхдээ багадаа шарласан хүн болгон вирүстэй гэж ойлгож болохгүй. Шар өвчин үүсгэж байгаа хэлбэрээрээ А,В,С, Д гээд олон янз байна. Багадаа шараар вирүс тээсэн хүмүүс бол А хэлбэрийн шарлалт юм. Одоо вакцин хийгддэг болсон тул эрс багассан.
Урьдчилан сэргийлэхийн тулд хэрвээ В вирүсгүй бол ХӨСҮТ дээр очоод 15 мянган төгрөгөөр вакцинд хамрагдаж болно. Энэ нь гурван тунтай, бүрэн тунгаар нь хийлгэсэн тохиолдолд 10-15 жилийн хугацаатай, 95-100 хувийн дархлаа тогтоно. Хүүхэд байхдаа товлолт вакцинд хамрагдаад 10-15 жил нь өнгөрсөн бол дахин хийлгэж болно. Учир нь хугацаа нь дууссан, мөн залуу хүмүүс ч халдвар авах нь их байгаа. 45-55 насныхны халдвар авсан байдлыг асуумжаар судлаад үзэхэд дээр үеийн шприцний шар тусаж, халдвар авсан тохиолдол их байдаг. Тухайн үед шилэн шприцийг буцалгаад хүмүүс хоорондоо дамжуулж хэрэглэдэг байсан. Энэ байдалтай холбоотой В,С-ийн халдвар ч бий.
-Вирүс илэрсэн өвчтнийг танай зүгээс хэрхэн анхаарах вэ?
-Одоогоор хянаж байгаа өвтөнүүддээ эмээ уугаарай, ирж үзүүлээрэй гэж ярьж байна. Шугам замын эмч рүү нь ярьж ганц хоёр хоногийн акт өгөөч гэж хэлж байна. Тэгээд байхад л ажлаа л хийсээр байдаг. Гол нь энд ирж байж ЭМД-д хуруугаар таниулж цахимаар бүртгүүлж байж эмээ авдаг учраас ирэхээс аргагүй байдаг. Тэрнээс биш шугам замд хол байгаа хүний эмийг эндээс бичих хүргүүлэх ямар ч боломж байдаггүй. Тиймээс өнөө маргаашийн цалин мөнгө ажил гэсээр хамгийн чухал эрүүл мэндээ хэрхэвч орхигдуулж болохгүйг анхааруулья.
А.Энхсайхан
