УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас санаачилан жил бүр зохион байгуулдаг “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөн төвийн бүсийн Улаанбаатар, Толгойт зангилаанд болж залуучууд, дунд, ахмад үеийн төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр “Төвийн бүсийн төмөр замчдын хөгжлийн бодлого” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ЗТБ-ын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академи”-ийн захирал Г.Мөнгөнхуягийн “Үе хоорондын ялгаа” сургалт уулзалтын цөм нь болж зөвлөлгөөнийг сонирхолтой өрнөх нөхцөлийг бүрдүүлсэн. “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, СГЗ Л.Сэнгээ дурсамжийн галт тэргээр “аялуулж”, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, Л.Мөнхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ, Ахмадын холбооны дэд дарга Д.Ганбат , менежер Ч.Ядамсүрэн нарын дурсамж яриа, зөвлөгөө, сургамж нь энэ уулзалт ямар үнэ цэнтэй болохыг тодотгосон. Уулзалтад Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга А.С.Бутов, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян нарын албаны бусад хүмүүс уулзалтад оролцсон билээ.
Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт “Өчигдөр,өнөөдөр, маргааш” илтгэлээрээ 2025 оны зорилт, хүлээгдэж буй үр дүн, 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр, цалин хөлс, санхүүгийн менежмент, санхүүгийн сахилга бат зэрэг цогц бодлого шийдвэрээ товч танилцуулсныг тоон үзүүлэлтээр тоймлон хүргэе.
УБТЗ ачаа, зорчигч, тээврийн гэсэн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлж, орлого олдог. 2015 онтой харьцуулахад тээвэрлэлтийн хэмжээ 73.9 хувиар, өмнөх жилээс 3.4 хувиар нэмэгдсэн. Зорчигч тээвэр сүүлийн арван жилд өсөж, буурсан үзүүлэлттэй. 2015 онтой харьцуулахад 30 орчим хувиар буурсан. 2024 онд УБТЗ дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд Оросын талын хөрөнгөөр оруулалт 83.7 тэрбум төгрөгөөр таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчилсэн байна. 2030 он гэхэд 50.6 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн зорилготой. 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс дотоодын ачаа тээвэрлэлтийн тарифын найман бүлгийн ачааг 10-16 хүртэл хувиар индексжүүлсэн. Тарифын индексжүүлэлтээс 9.6 тэрбум төгрөг, тээвэрлэлтийн өсөлтөөс 74.7 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нийт ажилчдын цалинг өнгөрсөн оны зургадугаар сарын 01-ний өдрөөс арван хувиар нэмэгдүүлэхэд 19.1 тэрбум төгрөг, хамтын гэрээ, нийгмийн асуудал, түншлэлд зориулж 260 гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ. УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүүхэд асрах чөлөө авсан эхчүүдэд “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны эхний өдрөөс олгож эхэлсэн. Сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж авч, хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ асрах боломжтой болсон. МҮЭ-ийн “Шилдэг түншлэгч байгууллага”-аар УБТЗ шалгарчээ. Нийт 850 ээжид 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ. УБТЗ 45 км гол замдаа их засвар хийхэд 37.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс 14 тарифыг индексжүүлсэн. УБТЗ-ын нийт тээврийн гуравны нэг хувийг эзэлдэг нүүрсний тээвэрлэлт 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн. Нүүрсний тээвэрлэлтийг 15.5 хувиар индескжүүлснээр алдалгүй болсон нь түүхэн үйл явдал. 2025 онд нүүрс тээвэрлэлтээс 14.1 тэрбум төгрөгийн орлого нэмж олох бололцоо бүрдэж байна. Транзит чиглэлийн хөнгөлөлт буюу маршрутын 12 хувийн хөнгөлөлтийг цуцалжээ. Энэ жил 100 гаруй тэрбум төгрөгийн орлого нэмж олсноор цалинг аравдугаар сарын 01-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцож байна. Замын урд хэсэг Айраг-Цомог-Олон-Овоо, хойд замд Сүхбаатар-Дулаан хүртэл 50 км замд их засвар хийхээр төлөвлөжээ. Шинэчлэлтийн хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтыг 50 хувь бууруулж, их засварыг өнгөрсөн жилээс гурав дахин нэмэгдүүлэх бодлогыг баримтална. 141 зүтгүүртэй байгаагаас 35.5 хувь нь, ачааны 3108 вагоны 52.6 хувь нь, зорчигчийн 250 вагоны 87.2 хувь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Иймд парк шинэчлэлт хийгдэнэ. 21 тарифын 18 нь алдагдалтай явж ирснээс, сүүлийн гурван жилийн хугацаанд тодорхой үе шаттай тарифын өөрчлөлтийг хийснээс ачааны 21 тарифын 19 нь ашигтай болж, тээвэрлэлтийн орлогыг нэмэгдүүлж чадсан. Зорчигчийн тарифыг сүүлийн 15 жилээр авч үзэхэд 2017 онд 15, 2022 онд 50, 2023 онд 50 хувь нэмсэн. Тарифын өөрчлөлтийг хийж чадахгүй байснаас вагоны парк шинэчлэлтийг хийж чадахгүй, алдагдал улам нэмэгдэж байсан цаг үеүд байсан. Замын урд хэсэгт “Говийн төмөр замчин” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Хойд болон төвд ажиллаж байгаа залуус урд замд шилжиж ажиллавал олон боломж бололцоог нээж өгнө. Тухайлбал, шагналт цалинтай дагалдан хийнэ. Шугам замд ажиллаж байх хугацаандаа мэргэжил дээшлүүлэхээр суралцвал үнэгүй суралцах боломж бий. Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн бүтэц өөрчлөгдөж байна. Экспортын нүүрс Чойр, Олон-Овоо,Бор-Өндөр зэрэг урд хэсгээс ачигдаж байна. Ачаа тээвэр хойд, төв, урд хэсэгт жигд байсан бол сүүлийн жилүүдэд урд замаас илүү тээвэрлэх болсноор ажлын байр нэмэгдэж байгаа юм.
УБТЗ-ын Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга А.С.Бутов ”Улаанбаатар төмөр замын 2025 оны “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөнд уригдаж оролцлоо. Маш их хүчин чармайлт гаргасан нь тодорхой байна. Гурван үеийн төмөр замчид нэгэн зэрэг оролцдог ийм төрлийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Энэ үйл явдлын онцлог нь удирдах чадвар багахан хэмжээний туршлагаар хязгаарлагддаг залуу, амбицтай хүмүүст арвин туршлагатай ахмад үеийнхнээс зөвлөгөө авах боломж гарч ирдэгт юм. Ахмадууд идэвхтэй залуу үеийнхэндээ зааж зөвлөдөг бол, томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа дунд үеийнхэн бид боловсон хүчний нөөцөө сайтар харж, ахмад үеэ хүндэтгэх учиртай. Залуу үеийнхний эрч хүч, ахмад үеийнхний туршлагатай зэрэгцэн оршвол аливаа ажил, тэр дундаа хамгийн их амбицтай ажил ч хэрэгжих боломжтой… Олон хүний орхигдуулж байсан нэг чухал санааг би онцолмоор байна. Энэ нь залуу үеийнхэнтэй шууд холбоотой. УБТЗ-ын удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогтын тэмдэглэснээр, энэ нь төмөр замын хүний нөөцийн менежментийн мэргэжлийн загвараас ур чадварт суурилсан менежмент рүү шилжиж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орчин үеийн ертөнцөд мэргэжлээрээ сайн байх нь хангалтгүй, харин карьерын шатыг ахиулахын тулд корпорацийн чадамжийг (Soft Skills) хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Үгээр бус үйлдлээрээ манлайлагч байх, шинийг эрэлхийлэгч, бүтээлч байх, сэтгэл хөдлөлөө удирдах өндөр чадвартай, оюунлаг, өрөвдөх сэтгэлтэй байх явдал юм. Карьерын шатаар өгсөж буй бүх төмөр замчдын гэрийн даалгаварт Айн Рендийн "Атлантын нуруу тэнийв" зохиолыг уншихыг зөвлөж байна. Хүн болгонд таалагдах зохиол юм хэмээн зөвлөснийг “Youth ubtz” пэйж хуудсаар онцолжээ.
Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян “ Хүний нөөцийн бодлого алдагдаж байна. Хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх зүйтэй. Хүмүүсээ тогтвортой ажиллуулах нь гол зорилго гэж бодож байна. 4-5 жил ажилласан ажилчид ажилдаа тогтож үлддэг. Ажилчдаа тогтвортой ажиллуулахад цалин, байгууллагын соёл, ажлын уур амьсгал, нийгмийн асуудлыг нь тодорхой үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг юм. Технологийн орон сууцыг суллаж өгөхгүй байгаа хүмүүс тэтгэврийн хүмүүс байна. Орон сууцжуулах ажлыг дорвитой зохион байгуулж, жижиг ам.метртэй байруудыг олноор барьж өгвөл, УБТЗ-ын орон сууц хөтөлбөр нь боломжийн гэсэн хандлага бий болж залуучууд төмөр замд орж ажиллах болно” хэмээн онцолж байсан.
УБТЗ-ын Төв эмнэлгийн ахмадууд сургаал зөвлөгөөгөө, захидлаар ирүүлсэн байв. Захидалдаа, “Байнга өөрсдийн мэдлэгээ дээшлүүлж тархиа цэнэглэж байх. Харьцаа хандлагадаа анхаарч зөв боловсон соёлтой байж сурах. Хүнийг уучилж алдаанаас суралцаж дахин давтахгүй, цагтай уралдаж бүтээлж ажиллаж хэвшиж дадал болгох гэсэн гурван зүйлийг залууст захижээ.
Замын даргын А01 тоот тушаалаар 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил” болгон зарласныг уулзалтад оролцогсод талархалтай хүлээж авсан. Хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлагын үеэр төмөр замчдын цалин, хөлс, технологийн орон сууц, ипотекийн зээлийн хөнгөлөлт, ЗТ-ийн сайдын тухайн ажил дээр ямар мэргэжлийн хүн ажиллах ёстой вэ гэсэн 154 дүгээр тогтоол тушаалтай холбоотой асуултууд голлож байсан. УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж дээрх асуултад тодорхой хариулсан.
Тэрбээр, “Тодорхой төлөвлөсөн ажлуудын талаар хүргэе. Залуучууд орон сууцны асуудлыг ярьж байна. Энэ нь ч тулгамдсан асуудал юм. Нийт ажилчдын 9500 нь арван жил тогтвортой ажиллаж буй залуучууд байна. Аливаа ажилтан тогтвор суурьшилтай ажиллахад орон сууц зайлшгүй чухал. УБТЗ-ын Орон сууцны төв комисс нэлээд ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шаардлага тавигддаг. Үүнд баталгаа гаргаж өгөх үү гэж асуудаг. Энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Орон сууцны төв комисс дээр яригдаж байгаа. Урьдчилгаа арван хувийг нь ажилчдаасаа гаргуулж, үлдсэн тодорхой хувь дээр УБТЗ баталгаа болж, хамтарсан гэрээ хийх гэсэн асуудал яригдаж байгаа. Төвийн хэсэгт буюу нийт 7000 гаруй ажилтнаас 1400 нь байрны хүсэлт ирүүлсэн. 2022 оны дунд үеэс эхэлсэн “Орчлон констракшн” компанийн барьж байгаа орон сууцны эхний блок ирэх дөрөвдүгээр сард, дараагийнх нь наймдугаар сарын 31-нд ашиглалтад өгнө гэсэн яриа хэлцэл байгаа. Барилга баригдах биднээс шалтгаалахгүйгээр хугацаа хойшлогдох асуудлууд гарч байна. 180 айлын орон сууц ашиглалтад орно оо. 73 дугаар сургуулийн хашаанд байгаа сурагчийн 12 айлын орон сууцыг буулгаад 96 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ орон сууцыг залууст зориулсан бага ам.метр зай талбайтай байхаар төлөвлөсөн. Автотээврийн үйлчилгээний төвийн хашаан дотор залуучууддаа зориулсан орон сууц барина. Зөвхөн залуучууд гэлтгүй нөхцлөө сайжруулах хүсэлтэй дунд насныхан, тэтгэвэртээ гарсан ахмадууд ч хамрагдах боломжтой.
Дунд шатны удирдах түвшний ажилтнуудтай холбоотой ажлын байрны дарамтын асуудал бас яригдаж байна. Энэ шатны хүмүүст харилцааны соёлын талаарх сургалтыг зохион байгуулна. Ажлын байрны дарамтаас салья аа. Орчин үеийн залуучуудын хэм хэмжээ, зан харилцааны онцлогт тохируулж ажиллах хэрэгтэй болжээ. Залуучуудаас ч хүсэх зүйл байна. Залуучууд та нар ямар хэм хэмжээнд байгаа вэ. Тасралтгүй суралцах хэрэгтэй. Залуучуудаа бүх чиглэлээр суралцах тал дээр дэмжиж ажиллана. Техникийн сургалтыг цахим, танхим гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Сургалтын хөгжлийн хэлтэсийг Замын хэмжээнд байгуулахаар ярилцаж байна. Замын хэмжээний бүтэц зохион байгуулалтыг талаар яригдаж байна. Тушаал зааварт баригдсан байгууллагын соёлоо үр ашигтай ажилладаг байгууллагын соёл руу шилжүүлэх ёстой. Замын хэмжээнд бүх бүтэцийг авч үзэх, ярилцах шийдэл гаргахаар төлөвлөгөөнд тусгасан. Ингэснээр тодорхой шийдэл, үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Цахим ирц бүртгэл зарим газар цаасаар явагдаж байгаа талаар яригдлаа. Замын хэмжээнд цахимд шилжихээр тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байгаа ч цахимаар 16000 хүн бүртгэж байна. Цахим ирц бүртгэлийг богино хугацаанд эхний улиралд багтааж цаасгүй болгоно гэсэн мэдээллийг өгснөөр зөвлөлгөөний үеэр яригдсан тулгамдсан асуудлуудад зохих хэмжээнд хариулт өглөө.
Уулзалт зөвлөгөөнд оролцсон залуучууд, дунд үе, ахмадууд бүгд дурсамжтай, эерэг сэтгэгдэлтэй, үе хоорондын ялгааг ойлгосон, санал санаачилга, шүүмжлэлийг дараагийн ажил хэрэг, бодлогодоо тусгах ажил хэрэгч уулзалт болж, амжилттай өндөрлөлөө.
П.Түмэндэмбэрэл

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.