Нүүр Дугаарын сурвалжилга ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!
Дугаарын сурвалжилга

ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!

G.Press 2 жилийн өмнө 74 үзэлт 0 сэтгэгдэл

 

                                

Идэр есийн жавар сөрөн хувинтай нүүрс зөөн шөнийн харанхуйд цан хүүрэг савсуулан явах залууд хэдхэн хоногийн өмнө цагаан цамц, дэгжин костюмтой 20-30 хүүхдийн урд хичээл зааж зогссон нь зүгээр л зүүд байсан шиг санагдана... Цувааны вагон тус бүрд 3-4 том хувинтай нүүрс хүргэж өгөх ёстой. Нэг хувинтай нүүрс барагцаагаар 20-30 кг. Улаанбаатараас ирсэн Чойрын нэмэлт галт тэрэг хоёрхон цаг зогсоод Сайншандын суудалд залгагдан буцах ёстой тул цагийн зүүтэй уралдахаас аргагүй. Тэр зуур “Би ер нь зөв юм хийсэн байгаа даа?” гэдэг асуултыг өөрөөсөө хэдэнтээ асуух. Өнөөх цувааг Сайншандын галт тэргэнд залгагдан хот руу буцахыг хараад сая амьсгаа авч, сэтгэл хөнгөрөн ирээдүйн тухай гэгээн бодол тээн гэр рүүгээ алхана. Өглөөний цагаан гэгээтэй уралдан ирж урд шөнийн галт тэрэгнүүдийн үнсийг асгах ажилтай золгоно. Поошигтой үнс пургиулан түрээд явж байхдаа таньдаг хүн таарчих вий гэж санаа зовох маягтай” гэж Толгойт ТҮГ-ын шурган үзэгч, “Тэргүүний төмөр замчин” Базаррагчаагийн Бямбажав анх төмөр замчин болсон түүхээ ийн хуучиллаа. Хүний хувь тавилан гэдэг таашгүй. 2002 онд УБИС-ийг дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгсөж, багшилж эхэлсэн ч сэтгэлийнхээ гүн дэх хүсэл мөрөөдлөө биелүүлэх сонголтыг хийсэн нь тэр байв.

Уг нь, дунд сургуульд байхын зураг зурах дуртай, бүр үзэсгэлэн гаргаад амжсан түүнд бол дүрслэх урлагийн багш яг тохирох сайхан мэргэжил баймаар... Гэвч хүүхэд байхаас нь зураг зурахаас илүү сэтгэлийг нь догдлуулдаг өөр нэгэн зүйл байсныг тэр хэнд ч хэлэлгүй явж.

Тэр бол Улаанбаатар зүтгүүрийн депогийн дээр байх “ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ! гэдэг үг. Бага байхдаа галт тэргээр явах бүрдээ тэр үгийг ёс мэт давтан давтан уншина. Тэр бүрд нэг л, үгээр тайлбарлах аргагүй гоё мэдрэмж төрнө. Бас аав ээжийнх нь найзууд болох машинч нар хааяа тэднийхээр орж ирэхэд өнөөх үг санаанд нь бууна. Сургуулиа төгсөж нутагтаа ирээд гуравхан сар багшлаад нэг л өдөр төмөр замчин болох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрт нь тухайн үеийн багшийн цалин, төмөр замчдын цалингийн зөрүү ч нөлөөлснийг тэр нуусангүй.

Б.Бямбажав “Чойр ТҮГ-т вагон үзэгч-зэхэгчээр анх ажилд орсон. Зэхэгч болохоор эхний хоёр жил өвөлдөө нүүрс, үнс зөөсөн. Ахын маань хүүгээс нэг хүн “Танай ах багш байхаа болиод “кочегар” болчихсон юм уу?” гэж асуусан гэдэг /инээв/. Хавар дулаарчихаар нүүрс зөөх ажлаас чөлөөлөгдөж, вагон үзэгчээрээ ажиллана.

Залуу байхад сэтгэл тогтохгүй, гаргасан шийдвэртээ эргэлзэх үе цөөнгүй байсан. Тийм үед шинэ залуу ажилтныг тосож авч байгаа хамт олны уур амьсгал, хандлага их нөлөөтэй юм шиг санагддаг. Намайг Чойр ТҮГ-ын ахлах үзэгч Отгонсүх, вагон үзэгч Чимэдцогзол эгч, Цэвээнбазар, Эрдэнэбаатар гээд ах нар тосож авсан. Тэр сайхан хүмүүсээс мөн ч их юм сурсан даа. Галт тэрэг угтаж авахаас эхлээд вагон үзэх аргачлал, вагоны гэмтлийн шинж тэмдгүүд гээд номноос уншаад шууд ой тойнд буухгүй зүйлсийг дагуулж яваад биетээр зааж тайлбарлаад өгнө. Ёстой олон жилийн туршлагатай, ажилдаа эзэн болсон үзэгч нартай хамт ажиллаж байсны хүчинд энэ мэргэжлийг эзэмшиж өдий зэрэгтэй явна гэж боддог. Одоо хэрнэ тэр ах эгч нарын хэлж байсан үгс санаанаас гардаггүй. Тэд маань ихэнх нь одоо тэтгэвэртээ гарсан байна лээ. Хааяа Чойрын ТҮГ руу ярихаар бараг таних хүнгүй болж дээ. Чойрт дөрвөн жил ажиллаад Толгойт ТҮГ-т шилжиж ирсэн” хэмээв.

Өдгөө 22 дахь жилдээ вагон үзэгчээр ажиллаж буй Б.Бямбажав хамт олныхоо дунд хамгийн түшигтэй, тулхтай гишүүн болжээ. Тус ТҮГ-ын дарга Н.Мөнхдорж “Төмөр замчдын хувьд мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний сахилга хариуцлага, дэг журам маш чухал гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүний суурь хүмүүжил гэдэг тун чухал даа. Энэ бүх зан чанарыг шингээсэн хүний нэг нь манай Б.Бямбажав. Вагон ашиглалтын депогийн хэмжээнд вагон үзэгчдийн мэргэжлийн ур чадварыг сорьдог уламжлалт тэмцээн бий. Тэр тэмцээний ялагч маань “Алтан алх”-ны эзэн болдог. Энэ тэмцээнд мань хүн хоёр удаа дэд байр эзэлсэн. Би хувьдаа түүнийг мэдлэг, мэргэжлийн ур чадвараар дутуудаа биш. Харин хашир нягт нямбай зангаасаа болоод хоёр удаа дэд байрт орчихлоо гэж дүгнэсэн. Мөн вагончдын залуу халааг бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулаад явж байгаа. “Багш-шавийн гэрээ”-гээр 10 гаруй залуусыг бэлтгэсэн. Шавь нараас нь ТҮГ-ын дарга нар ч бий. Хамт олондоо нэр хүндтэй, үргэлж сайнаар үлгэрлэдэг ажилтан. Манай ТҮГ-ын гадна болон дотор засвар тохижилтын ажилд Б.Бямбажав оролцоогүй юм байхгүй. Залуучуудаа манлайлаад ажилладаг. Маш бүтээлч, хөдөлмөрч хүн” хэмээгээд түүний хийсэн ажлуудын зургийг үзүүллээ.

Б.Бямбажаваас “Таныг олон шавьтай гэлээ. Залуучуудтай ажиллахад та юуг гол болгодог вэ” гэхэд “Сайхан залуучууд орж ирж байна. Энэ залууст ажил мэргэжлийнх нь амтыг мэдрүүлэн тогтоогоод авахсан гэж боддог. Залуу хүний хувьд туршлага дадлага дутуу үедээ, мэдэхгүй чадахгүй зүйлтэй зөндөө тулгарна. Тийм үедээ сэтгэл хувирах, шантрах бодол илүү төрдөг. Надад ч эхний жилүүдэд тийм үе зөндөө байсан. Ёстой ахмад үеийнхнийхээ тус дэмээр энэ ажил мэргэжилтэй салшгүй холбогдсон. Одоо бол тэтгэвэрт гартлаа л үзэгчээр ажиллана даа. Тэгэхээр залуусыг зэмлэхээс илүү зөөлөн аргаар зааж зөвлөөд ажилд сургаад авахсан гэж боддог. Зэмлэл шийтгэлээс илүү урмын үг хүнд илүү сайн нөлөөтэй юм шиг санагддаг” гэлээ. “Таны үндсэн багш мэргэжил чинь залуу вагончидтой ажиллахад нь нөлөөлдөг үү” гэхэд “Дөрвөн жил багшаар сурсных, заах аргын жаахан юм бий байх аа. Миний ээж, эгч багш хүмүүс. Манайхан чинь багш олонтой айл” гээд инээв.

Тэрбээр, 2007, 2010 онд байгууллагын шилдэг ажилтан, 2012 онд “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль, 2013 онд “Онц хөдөлгөөнчин”, 2018 онд УБТЗ-ын мэргэжлийн аварга, 2022 онд “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр энгэрээ мялаажээ.

Б.Бямбажав өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн аж. 1998 онд оюутан болоод ангийнхаа охинтой танилцан дотносож найман жил үерхсэний эцэст, Б.Бямбажавынх гэдэг айл төрд данслагдаж өрхөө татжээ. Өдгөө тэднийх гурван хүү, нэг охинтой айл. Том хүү нь, ирэх хавар дунд сургуулиа дүүргэх бол бага нь нэгдүгээр ангид орох гэнэ.

Ярилцлагынхаа төгсгөлд “Та төмөр замчин болсондоо сэтгэл хангалуун явдаг уу?” гэж дэмий шахуу асуулт эрхгүй амнаас уналаа. Тэр инээмсэглэн “Сэтгэл дээдийн дээдээр дүүрэн явдаг шүү” хэмээгээд ажилдаа яаравчлан гарлаа.  Ийм эгэл даруухан вагон үзэгчийг зорьж уулзан багахан хөөрөлдсөнөө ийнхүү уншигч таны өмнө дэлгэж байна.

 

Б.Гүнжинлхам

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.