Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт төрж өссөн Далхаа овогтой Оюунтүлхүүр нь бага наснаасаа хөдөлмөрч, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг эрхэмлэдэг нэгэн юм.
Тэрбээр 1986 онд арван жилийн сургуулиа төгсжээ. Спортоор амжилттай хичээллэж, аймгийнхаа волейболын шигшээд тоглодог тамирчин охин байв. Нэгэн өдөр тамирчин найз нь түүнд “Чи төмөр замд ажилд орвол ямар вэ” гэж хэлсэн нь түүний амьдралын замыг өөрчлөх эхлэл болж, Төмөр замын техник мэргэжлийн сургуульд суралцсан байна. 1988 онд ажлын гараагаа Замын IV ангийн 1049 дүгээр километр буюу Авгын гол зөрлөгөөс эхэлжээ.
Д.Оюунтүлхүүрийн хөдөлмөрийн замнал 31 жил үргэлжилснээс 1049 дүгээр километр зөрлөгтөө 16 жил замчнаар ажилласан байна. Тэр үед бүх зүйл гар ажиллагаатай, багаж хэрэгслээ үүрээд 1-2 км замаар явдаг, тэсвэр тэвчээр, ур чадвар сорьсон хүнд хөдөлмөр байв. Гэвч тэр үеийн замчид ажилдаа хайртай, нөхөрсөг, шантрахыг мэддэггүй, хамт олонч сэтгэлээр ажилладаг байсныг үргэлж санан дурсдаг. Д.Оюунтүлхүүрийг анх ажилд ороход нь мастер Д.Санзайжав, бригадын дарга Ц.Цогтхүү нар түүнд анхны заавар зөвлөгөөг өгч, амьдралын замд хөтөлсөн ахмад замчид юм. Багажаа андуураад шоолуулж, шүгэл, дохиогоо буруу тавьж хөглөх зэрэг хөгжилтэй дурсамжууд ч түүний залуу насны ажлын нэгээхэн хэсэг байв.
1992 оноос тэрбээр Замын IV ангид диспетчер болж, тасралтгүй 15 жил тасралтгүй энэ хариуцлагатай албыг гүйцэтгэсэн юм. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, шуурхай удирдлага, холбоо мэдээллийн найдвартай ажиллагаа гээд олон талын нарийн ажиллагаа шаардсан энэ ажилд тэр бүхий л сэтгэл, мэдлэг, туршлагаа зориулжээ.
Д.Оюунтүлхүүр,-“Тэр үед бидний хийдэг ажил бүхэлдээ гар ажиллагаатай, данхраад, дэгээ, балласт бүгдийг гараар гаргана. Гэвч бид шантрахгүй, чин сэтгэлээсээ хийдэг байсан. Диспетчерийн ажил маш өндөр хариуцлагыг шаарддаг. Галт тэрэг саатах, цаг агаарын хүндрэл гарахад шуурхай арга хэмжээ авах нь бидний үүрэг. Хамгийн гол нь мэдээллийг үнэн зөв дамжуулах. Энэ л хамгийн чухал байдаг. Бид удам дамжсан төмөр замчид. Би ч, нөхөр маань ч энэ салбартаа бүх насаа зориулсан. Хүүхдүүд маань ч энэ ажилд дуртай, бидний ажлыг үргэлжлүүлж байгаад маш их баярладаг” хэмээн өгүүлэв.
Д.Оюунтүлхүүрийн нөхрийг Л.Бат-Орших гэдэг. Замын IV ангийн ангид олон жил бригадын даргаар ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан төмөр замчин. Тэдний танилцсан түүх ч бас хөгжилтэй. Мастер Д.Санзайжав шатрын хорхойтон бөгөөд нэг өдөр нөхөртэй нь “Чи намайг хожвол Д.Оюунтүлхүүрийг авч яв, хожихгүй бол эндээ үлд” хэмээн тоглосон гэдэг. Түүний нөхөр нь мастераа хожиж, тэр цагаас хойш Д.Оюунтүлхүүр III хэсэгт шилжин ажиллаж, тэндээс амьдралынхаа ханьтайгаа хамтдаа хөдөлмөрлөж эхэлсэн түүхтэй.
Тэдний гурван хүү нь төмөр замын мэргэжлийг залгамжилж яваа нь бахархалтай хэрэг. Том хүү Б.Догмиддорж төмөр замд ажиллаж байгаад одоо БНСУ-д суралцаж буй. Дунд хүү Б.Чинзориг нь Замын IV ангийн ангид замчнаар, бага хүү Б.Ганзориг нь Сайншандын татах хэсэгт ажиллаж байна.
Зам ангийн диспетчерийн ажил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цаг алдалгүй холбоо дамжуулах өндөр хариуцлагатай алба. Д.Оюунтүлхүүр гар утасгүй, холбооны АТС утсаар ярих үеэс ажлаа эхэлж байсан бол харин одоо бүх зүйл техникжсэн шинэ эрин үе. Тиймээс ч тэрбээр үүнийг бахархалтайгаар ажиглаж, залуу үеийн замчдыг “Илүү сайхан нөхцөлд ажиллаж байгаад баярлаж, бас хариуцлагаа ухамсарлаж яваарай” хэмээн захидаг.
Д.Оюунтүлхүүр өнөөдөр ч Замын IV ангийн амрах байранд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж, залуу замчдадаа зөвлөгөө өгч, хамт олондоо хүндлэлтэй ахмад төмөр замчин болжээ.
Төмөр замын байгууллагад ажилласнаар амьдралынхаа хань, найз нөхөд, спортын баг хамт олноо ч олжээ. “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээрээ бахархаж, олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсээр явна.
Өнөөдөр ч Д.Оюунтүлхүүр нь “Ган зам”-ынхаа ахмадын клубт, софт волейболын талбайд ч, залуу үеийнхний дунд амьд дурсамж, урам зоригийн эх булаг болж оршдог. Түүний хувьд төмөр зам нь зөвхөн ажил биш амьдралын утга учир, нөхөрлөл, бахархал, хувь заяаны зам мөр юм.
П.Түмэндэмбэрэл
