Дуламжавын Золжаргал 1977 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ. Хөдөөний эгэл амьдрал дунд өссөн тэрбээр төмөр зам гэж юу болох, түүнийг хэн засаж, яаж арчилдгийг огт мэддэггүй байв. Төмөр замаар зорчиж л байсан болохоос, төмөр замын цаана ямар их хөдөлмөр, хичээл зүтгэл байдгийг төсөөлж ч явсангүй. Гэтэл долдугаар ангид нь хотоос нэгэн хүү шилжиж ирсэн нь түүний амьдралын чигийг өөрчилжээ. Тэр хүүхэд төмөр замын мастерын хүүхэд, ирээдүйн нөхөр М.Баянмөнх байв. Түүнтэй үерхэж нөхөрлөснөөр Д.Золжаргал анх удаа төмөр замын тухай анх удаа ойлголттой болж эхэлжээ. Он жилүүд өнгөрч, амьдрал үргэлжилсээр. Тэд гэр бүл зохиож, гурван хүүхдийн ээж, аав болов. Гэвч тэр хугацаанд ажил хийж, сургууль соёлд явсангүй. “Би та нарыг тэжээнэ” гэж нөхөр нь хэлдэг байсан учир Д.Золжаргал гэртээ хүүхдүүдээ өсгөж, арын амьдралаа авч явж байлаа. Гэвч түүний зүрхний гүнд нэгэн жижигхэн мөрөөдөл чимээгүйхэн ассаар байв.
Нэг өдөр тэр зам хэмжигч вагоныг хараад,“Би энд л ажилд орно” гэж нөхөртөө хэлжээ. Харин нөхөр нь инээмсэглэн, “Чи төмөр зам мэдэх ч үгүй хүн шүү дээ. Тэнд ажилд орох амаргүй” гэж хэлсэн ч Д.Золжаргалын доторх хүсэл унтарсангүй. Удалгүй амьдралд нь гэнэтийн эргэлт болов. Нөхөр нь ажил дээрээ алдаа гарган ажлаасаа гарах дээрээ тулжээ. Тэр үед нөхөр нь даргадаа, “Миний эхнэрийг ажилд авчих. Манайх гурван нялх хүүхэдтэй. Хоёулаа ажилгүй болчихвол хэцүү байна” хэмээн хүссэн байна. Ийнхүү 2011 онд Золжаргал Толгойт өртөөний VI хэсэгт ажилд оржээ.
Анхны алхам амар байгаагүй ч тэр шантраагүй. Сэтгэлдээ хадгалсан мөрөөдлөө бодож, алхам бүр урагшилсаар байлаа. Эцэст нь 2014 онд өөрийн хүсэж байсан зам хэмжигч вагоны ээлжийн ажилтан болж чадсан юм. Тэр зүгээр нэг ажилд орсонгүй, мөрөөдөлдөө хүрсэн. Нэг удаа нөхөртэйгөө автобусаар явж байхдаа Тээврийн дээд сургуулийг зааж, “Би энэ сургуульд сурах л болно” гэж хэлэхэд нөхөр нь, “Хөгширчихөөд…” хэмээн хариулжээ. Харин Д.Золжаргал дотроо, “Юун хөгшин байдаг юм” гэж бодсон байна. Тэр 35 настайдаа ажилд орсон шигээ, наснаасаа айлгүйгээр эчнээгээр сурч, техникч мэргэжлээр төгсжээ. Түүний хувьд нас бол саад биш, харин зориг л чухал байлаа. Тэр өөрийгөө, “Овойж оцойтлоо цойлоогүй ч гэсэн, хэмжээндээ амьдрал минь тэгширч явна” гэж даруухан хэлдэг. Гэвч түүний туулсан зам, гаргасан шийдвэр, биелүүлсэн мөрөөдөл нь аль хэдийнэ бахархал болсон байлаа. Д.Золжаргал айлын өргөмөл охин ч хайраар огт дутаагүй. Харин ч эсрэгээрээ, ижий аавынхаа алган дээр бөмбөрч өссөн. “Нар ээвэл гараараа хаадаг” тийм л эцэг эхийн хайранд өсжээ. Тиймээс тэр энэ их хайрыг дааж, муу зүйл хийхгүй, зөв явахыг хичээж ирсэн.
Өнөөдөр ч тэр амьдралынхаа төлөө хөдөлмөрлөсөөр л явна. Нөхөр нь төмөр замдаа буцаж ажилдаа орж, ажлын шаардлагаар хоёр талд амьдардаг ч долоо хоногийн хэдхэн өдөр гэр бүлдээ ирж, эхнэр охиноо эрхлүүлдэг. Д.Золжаргал ч ээлжийн амралтаараа бяцхан охиноо дагуулан хөдөө, нөхөр дээрээ очих дуртай. Хөдөөний агаар, амгалан тайван орчинд тэр амьдралаа эргэн нэг хардаг. Тэгээд инээмсэглэн нөхөртөө, “Чи намайг эртхэн ажилд оруулж байхгүй яасан юм бэ” гэхэд нөхөр нь, “Чи өөрөө л ажилд орох болоогүй байсан шүү дээ” хэмээн тоглоом шоглоомоор хариулна. Тэр ярианы цаана 15 жилийн хөдөлмөрийн замнал бий. Өнөөдөр тэрбээр гурван хүү, нэг охины ээж. 2020 онд, 15 жилийн дараа охинтой болсон нь түүний амьдралд дахин баяр баясгалан нэмжээ. Гэхдээ түүний амьдрал зөвхөн ажил биш. Тэр ээж, бас эмээ болсон. Том хүү Б.Мөнхжаргал нь түүнийг амаржаад дөрөв хонож байхад, “Ээж ээ, эмээ болсонд баяр хүргэе” гэж хэлсэн. Тэр мөчид амьдралын нэгэн шинэ хуудас нээгдсэн. Түүний хүүхдүүд өөр өөрийн замналаар явж байна. Дунд хүү Мөнх-Оргил багш болно. Бага хүү Б.Мөнхбат жүжигчин болно. Том хүү Б.Мөнхжаргал нь Англи улсыг зорьж ирээд Батсүмбэр сумандаа гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдарч байна. Бага охин Б.Сондор ирэх жил сургуульд орно. Харин ээж бүгдийнх нь ард чимээгүйхэн, бат зогсож байдаг.
Д.Золжаргалын түүх бол том амжилтын тухай биш. Харин жирийн нэг эмэгтэй зориг гаргаж, мөрөөдлөө орхиогүй тухай түүх юм. Тэр зүгээр л нэг өдөр зам хэмжигч вагоныг хараад, “Би энд ажиллана” гэж мөрөөдсөн. Тэгээд үнэхээр ажилласан. Зарим мөрөөдөл ийм л энгийнээр эхэлдэг. Харин биелэхдээ хүний амьдралыг бүхэлд нь өөрчилдөг. Д.Золжаргал анх төмөр замд замчнаар ажилд орсон. Түүнээс хойш зам хэмжигч вагоны үйлчлэгч, зам хэмжигч, сэв шалгагч, тосолгооч гээд төмөр замын ажлын бараг бүх шатанд ээлжилж ажилласан байна. Тэр зөвхөн ажил хийгээгүй, тэр суралцсан, мэдэрсэн, ойлгосон. 2020 онд нялх хүүхэдтэй болсон учир замд явж чадахгүй болж, VI хэсэгтээ буцаж замчнаар ажиллах болов. Харин удалгүй техникчийн мэргэжил эзэмшсэн тул гармын жижүүрээр томилогджээ. Түүний хариуцаж байсан 396 дугаар км-ийн гарам ачаалал ихтэй, хоёр замтай, галт тэрэг зөрж, зэрэгцэн өнгөрдөг онцгой газар байлаа. Тэр галт тэрэгнүүдийг хараад зүгээр ч нэг хардаггүй бахархдаг байв. Заримдаа бичлэг хийж, тэр агшнуудыг хадгална. Гэвч нэг л өдөр тэр гарам татан буугдаж, түүний бичлэгүүд дурсамж болон үлджээ.
Одоо тэрбээр Сонсголонгийн II км-ийн шинэ гарамд ажиллаж байна. Гармын жижүүрийн ажил нь зүгээр нэг хаалт нээж хаадаг ажил биш. Энэ бол секунд, миллиметрээр хэмжигдэх хариуцлага. Нэгхэн минут анхаарлаа алдвал галт тэрэг ирнэ. Хүн, машин, амь нас эрсдэлд орно. Тэр өдөр, шөнөгүй ганцаараа ажиллана. Хааш хаашаа 50 метр газар хариуцна. Түүнээс цааш юу болж байгааг харах боломжгүй. Хүмүүс заримдаа үгэнд орохгүй. “Амжина шүү дээ” гэнэ. Галт тэрэг шууд зогсдоггүйг ойлгохгүй. Тэр тэвчээртэйгээр, “Ах аа, эгч ээ, миний дүү, аюултай шүү” гэж учирлана. Зарим нь уурлана, хараана. Бүр цохих ч үе бий. Шөнө согтуу хүмүүс тааралдана. Ганцаараа ажиллах хэцүү. Гэхдээ тэр айдсаасаа илүү хариуцлагаа боддог. Учир нь тэр зөвхөн өөрийгөө биш, галт тэрэгний хөдөлгөөн, хүмүүсийн амь насыг хамгаалж байдаг.
“Ажиллах чин сэтгэл байвал хүн юуг ч хийчих юм билээ…” Д.Золжаргал энэ үгийг зүгээр нэг хэлээгүй. Энэ үгийг амьдралаараа баталсан хүн. Төмөр зам дээр бүх зүйлийг хэмжээсээр ярьдаг. Километр, секунд, миллиметр. Гэхдээ тэр хэмжээсүүдийн цаана хүний сэтгэл, хариуцлага, зүтгэл байдаг. “Манай төмөр замын нэгдүгээрт замчид” гэж тэр бардам хэлдэг. Учир нь замчид мм алдвал галт тэрэг явахгүй. Зүтгүүр хүчтэй байж болно. Хурдтай байж болно. Гэхдээ тэр юун дээр явж байна вэ. Энэ асуултыг Д.Золжаргал өөртөө ч, бусдад ч тавьж чаддаг. Тэр зөвхөн ажиллаад зогсохгүй, санаа бодлоо хэлдэг хүн. Ажилчдын дунд болсон нэг арга хэмжээнд хүн бүр зовлон жаргалаа ярьж чаддаггүйг тэр анзаарчээ. Цаг нь хязгаарлагдмал. Хүн бүр дуугарч амждаггүй. Гэвч цаасаар санал авах боломж гарсан нь олон хүний дуу хоолойг хүргэжээ. Тэр үүнд талархдаг. Ялангуяа эмэгтэй замчдын асуудлыг ойлгож, шийдэхэд ойртсон гэж үздэг.
Гэхдээ төмөр замын ажил амар биш. Гармын жижүүр 12 цагийн ээлжээр ажиллана. Хоолоо өөрөө бэлдэж авчирна. Хоолоо цагтаа идэж чаддаггүй. Нойр алдагдана. Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй зүйл. Ходоод өвдөж эхэлсэн. Тэр дуугүй өнгөрөөгүй. “Бидэнд мини хөргөгч хэрэгтэй. Кондишн хэрэгтэй” гэж хэлсэн. Зарим нь “Жижиг зайтай, хоол хийх орчин биш” гэж татгалзсан. “Энэ бол хүн ажиллаж, амьдарч байгаа газар” гэж Д.Золжаргал үнэнийг хэлсэн. Заримдаа үнэнийг хэлэхэд амар байдаггүй. Адлуулах үе ч бий. Гэхдээ тэр бууж өгсөнгүй. Учир нь зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусадтайгаа хамт илүү сайн орчинд ажиллахын төлөө дуугарсан. Ингэснээр асуудал шийдэгдэж 313 дугаар километрийн гарам дээр мини хөргөгч, кондишн тавьж өгчээ. Жижиг мэт санагдах энэ өөрчлөлт хүний хөдөлмөрийг хүндэлсэн, хүний амьдрах орчныг ойлгосон ялалт юм.
Д.Золжаргал сайхан дуулдаг. Багадаа уртын дуу сонирхдог байсан ч зориглож дуулж байгаагүй гэдэг. Харин одоо тэр зоригложээ. Анх “Үлэмжийн чанар” дууг дуулах дуртай. Сургуульд байхаасаа л урлаг уран сайхнаар явжээ. Төмөр замд ажилд ороод сонирхлынхоо дагуу дуулж Замын II ангийнхаа нэрийг олон удаа гаргажээ. Түүний төрсөн аав уртын дуу сайхан дуулдаг, ээж нь бүжигчин хүн байсан нь удамшжээ. Мэргэжлийн хүмүүс түүний дуулахыг сонсоод “Чи хоосонгүй хүн байна” гэх бүрт л огшчихно. Тэр мөчөөс хойш Д.Золжаргал өөрийгөө өөрөөр харж эхэлжээ. Одоо МУГЖ, уртын дуучин С.Цогтсайханы удирдлага дор сурч байна. “Уртын дуу дуулахад дэлхийгээр аялж байгаа юм шиг мэдрэмж төрдөг” гэж байсан. Тэр биеэ барьж дуулдаггүй, задарч дуулдаг, олон хүн байх тусам илүү хүчтэй дуулдаг. Дуулах үедээ тэр зүгээр нэг төмөр замын ажилтан биш. Сэтгэлээ нээсэн, амьдралаа дуулж буй эмэгтэй болдог. Түүний амьдралд бас гуниг бий. Тэр айлын өргөмөл охин. Төрсөн ээж, аавыгаа мэддэг ч хамт өсөөгүй. Тэднийг илүү ойлгож, үгүйлдэг санадаг. “Хүний элэг гэж байдаг юм байна” гэж тэр чимээгүйхэн хэлнэ. Гэвч ганцаараа биш. Тэр дөрвөн аав, ээжтэй хүн. Төрсөн эгч дүү нартаа ойр байхыг хичээх болжээ.
Д.Золжаргал өөрийгөө баян хүн гэдэг. Учир нь мөрөөдөлтэй, гэр бүлтэй, ажилтай, хүүхдүүдтэй, бас зорилготой. Түүний мөрөөдлүүд нэг нэгээрээ биелжээ. Төмөр замд ажилд орно. Хотод амьдарна. Сургуульд сурна. Байртай болно. Машинтай болно. Бүгд биелсэн. Тэр одоо туршлагатай, ахмад ажилтан болсон. Залууст зааж, үлгэрлэнэ. “Бид ажлыг яс хийж сурсан. Одоо залуус арай өөр болсон” гэж тэр хэлдэг ч хүчлэхгүй, харин өөрөө хийж үлгэрлэн харуулдаг. Жинхэнэ хөдөлмөр үгээр биш, үйлдлээр дамждаг гэдгийг тэр мэднэ.
Д.Золжаргал удахгүй гавьяаныхаа амралтад гарна. Охин нь сургуульд орно. Хөвгүүд нь өөр өөрийн замаар амьдралаа бүтээнэ. Харин тэр зүгээр суухгүй. Дуулна, амьдарна, үргэлжлүүлнэ. Төмөр зам түүний амьдралыг өөрчилсөн. Секунд, мм-ээр хэмжигдэх тэр зам дээр сэтгэл, зүтгэлээрээ амьдарсан нэгэн эмэгтэйн түүх ийн үргэлжилсээр байна.
П.Түмэндэмбэрэл
