Нүүр Сурвалжилга ТОД ГЭРЭЛ
Сурвалжилга

ТОД ГЭРЭЛ

G.Press 6 сарын өмнө 130 үзэлт 0 сэтгэгдэл

 

Амьдралд үүрэг нь тодорхой хүмүүстэй хааяа нэг тааралдах. Энэ учрал бүрт зүрх сэтгэл жигтэйхэн уясаж, нэрлэхийн аргагүй зөөлөн мэдрэмж нөмрөөд авдаг. Тодгэрэл багш тэдний нэг ажээ. Төмөр замд ажиллахаар төрөлхөөсөө томилогдчихсон юм шиг тийм л хүн. Салбартаа хайртай, ажилдаа зүтгэлтэй, өчигдрөө дархалж, өнөөдрийг бүтээж, маргаашийг зорьж яваа хоёргүй сэтгэлтэй эгэл баатруудын нэг. 16-хан настай охин Төмөр замын техникумын босгоор алхахдаа 34 жилийн турш ажил амьдрал нь тэр айлаар овоглогдоно гэж төсөөлөөгүй биз ээ.

1991 оны зун Толгойт өртөөнд ачааны вагон хүлээлцэгчээр ажилд орсон тэрбээр  гурван жилийн дараа тээшийн кассир болчихсон цохиж явахдаа Маагаа даргатайгаа санаандгүй тааралдчих нь тэр. Тухайн үед Улаанбаатар өртөөний дарга байсан Магсаржав гуай мэндийн зөрүүгүй л дуу нь чангарч, “Чи чинь энд юу хийж явдаг хүүхэд билээ” гэснээ шууд Улаанбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажилд оруулчихав. “Хариуцлагатай ажиллана шүү, нөхөөр” гэдэг үгийг хавчуулан захиргаадахаа ч мартсангүй. Ачаа вагон хүлээлцэгч гэдэг асар хариуцлагатай ажил. Бусад шиг багаараа ажиллахгүй, авъяас сортоогоороо имэрч хийдэг, хариуцлага алдвал “Хар толгойгоороо хариуцах”-аас өөр мэхгүй. Гэлээ ч үе үеийн мэргэжилтнүүд “Ганц дайчин ганцаарддаггүй”-н жишээгээр чамбай нямбай, амжилттай хариуцлагатай ажилласаар ирсэн нь бахтай. Тодгэрэлийн хувьд төмөр замаар овоглосон 34 жилийн хугацаанд ганцхан удаа шийтгэл хүртсэн нь тэртээ хойно бичиг цаастай зууралдаж явах үед нь тохиолдсон гэнэм. Ингээд бодохоор энэ хүн хариуцлагын дархлаагаа хадаж бэхлээд уджээ. Ярилцаж суухдаа би түүнээс тэсгэлгүй ингэж асуусан юм.

 

-Шагнал шийтгэл хоёрын аль нь танд хүнд санагддаг вэ?

 

-Хоёулаа хүнд шүү дээ. Хүн ер нь шагналыг ч, шийтгэлийг ч даах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

 

-Амьдралаас авсан хамгийн том шагнал чинь юу вэ?

 

-Хэдэн сайхан шавь нар маань бурхны бэлэг шиг санагддаг. Амьдралынхаа 18 жилийг боловсролын салбарт зориулж, ирээдүйн төмөр замчдыг сургахад оролцож байгаагаа л би том шагнал гэж боддог хүн байгаа юм. Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх өртөөдөд миний шавь нар ажиллаж байна... гээд аргагүй л баян хүн шиг цээж түхгэр хариулав. Багш нарын энэ бахархлыг харахаар өөрийн мэдэлгүй цагаан атаа төрдөг дөө. Уг нь манай хүнд төмөр замын бүх шагналаас гадна салбарын яамд, төр засгийн өргөмжлөл хүндэтгэлүүд зайгүй ярайж байсан ч энгэр цоолсноо биш эрхэм шавь нараа л ярьж, “Амьдралынхаа 18 жилийг дунд нь өнгөрүүлсэн алт шиг хамт олон-Политехник коллежийнхон болон шавь нартаа баярлаж байна аа. Гавьяаныхаа амралтад суухын өмнө энэ л талархлаа сониноороо дамжуулаад хэлчихмээр байна” гэж өндөлзөх аж.

            Ц.Тодгэрэл гэдэг хүний багш болсон түүх бас соньхон. 2008 онд хашрыг  Зорчигч тээврийн албанд диспетчер байцаагчаар ажиллаж байхад нь тухайн үед Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал байсан Ю.Идэрчулуун гавьяат дуудуулжээ. Учир нь тус сургуульд ачаа вагон хүлээлцэгчийн ангийг шинээр нээх шийдвэр гарсан юмсанж. Ингээд л хатагтай Тодгэрэл төмөр зам гэх том айлын өөр нэгэн гэр бүлд шилжин суурьшсан түүхтэй. Тодгэрэлийн ээж Ц.Дэжид хөнгөн атлетикийн улсын шигшээ багт байсан, тив дэлхийн болон олимпийн наадмуудад эх орноо төлөөлж явсан нэртэй зартай тамирчин. Тэрбээр спортын карьераа өндөрлөсний дараа багш дасгалжуулагчийн ажилд ухамсарт бүхий л амьдралаа зориулжээ. Харин Тодгэрэлийн аав И.Цэнд-Аюуш төмөр замчин. Улаанбаатар зүтгүүрийн депод насаараа ажилласан, засварчнаас хангамжийн дарга хүртэл хийсэн тод мөртэй нэгэн. Тодгэрэл бүсгүй аавынхаа ч ажлыг, ээжийнхээ ч мэргэжлийг өвлөсөндөө сэтгэл хангалуун явдаг аж. Замын орлогч даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Ц.Сандууз гуай түүний нагац ах гэнэ.

Удам дамжсан төмөр замчид” гэх хэлцийг амьдрал болгосон ийм нөмөр дулаан гэр бүл манайд олон байдаг нь бас л яах аргагүй бахархах зүйлсийн нэг билээ. Нэгэнт Тодгэрэлийн гэр бүлийнхнийг дурдсаных түүний газар дээрх ганц охин нь “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр та бидэнд танил болсон жүжигчин Б.Гэрэлчулуун гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс Монголиагийн тэргүүн мисс сайхан охины ээж Тодгэрэл эдүгээ айлын олон хүүхдийг өөрийн хүүхэд шигээ халамжлан хүмүүжүүлж, тархи зүрхэнд нь хүн чанар, мөн чанарыг суулгахын зэрэгцээ мэргэжлийн чадварт сургах их үйлстээ хойш суулгүй зүтгэсээр байна.

Танаас номын дуу сонссон шавь нарынхаа тоог барагцаалвал хэдий хэр болж байгаа вэ гэсэн асуултад “Саяхан нээрээ нэг тоо бодож үзтэл 500-600 орчим болж байдаг шүү” гээд цайлган инээд цацлан хөхөрч байна билээ. Таны хүнд хэлмээр санагддаг, миний асуугаагүй зүйл юу байна вэ гэхэд “Монгол эх орны төмөр замын бүхий л хэсэглэлд ажиллаж байгаа шавь нартаа л сайн сайхныг хүсч, эзэмшсэн ажил мэргэжлийнхээ эзэн болж явахыг ерөөмөөр байна даа” хэмээн дахиад л шавь нараа нэр усаар нь дурдаад, дурсаад авах. Ер нь бол өөрийгөө биш шавь нараа сурвалжлуулчих санаатай даг аа. Нээрээ “Тодгэрэл багшийг маань та нар сурвалжлаач” гэж бидэнд санал болгосон хүн бол Төмөр замын политехникийн коллежийн Мэргэжлийн боловсрол хариуцсан аргазүйч Цэрэгмаа багш. Шавь нартаа төдийгүй хамтран зүтгэгч багш нартаа ч тод гэрлийг түгээж явдаг хүн бололтой.

Багш хүний насан туршийн амбиц бол шавь нар нь л байдгийг Тодгэрэл багшийн үг үйлдэл болгоноос харж болохоор аж. Хүнээр хүн хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэрхүү мэргэжлээрээ хоолоо олж идэхдээ юуг эрхэмлэж, яаж хандахыг нь ч тэсгэлгүй зааж сургадаг ахмад багш нарын туршлага зүтгэлээр ирээдүйн төмөр замчид иртэй, эрдэмтэй төлөвшиж буйд талархнам.

Тодгэрэл багшийг тодорхойлох үг бодож олох гэж түгдрэх зуур тэр өөрийгөө шууд тодорхойлж орхилоо. “Хэнхэг Тодоо”. Шударгын паянг нь ярьж хоёулаа баахан хөхрөлдөв. Хэдийгээр наадаж наргин хөнгөн нимгэн ярьж суусан ч энэ үеийн хүмүүсийн чигч шулуун зан чанар, хүмүүжил төлөвшил аль ч нийгэмд үнэт зүйл хэвээр үлдэхийг мэдрэхэд сэтгэл цадах шиг болж билээ.

            Намрын зэвэргэн өдрүүдэд бодолд дулаахан хүний сэтгэлийн нүнжгийг тээгээд харьж явахад хөл дор үрэгдэх навчсыг хүртэл хайрлаж, өр сэтгэл нимгэрэн, амьдралын сайн сайхны гэгээ цэлсхийтэл дотор уужруулах нь таатай.

 

 

Б.Занданхүү 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.