Нүүр Дугаарын сурвалжилга Тэр нэгэн хөргийн эзэн...
Дугаарын сурвалжилга

Тэр нэгэн хөргийн эзэн...

G.Press 3 жилийн өмнө 94 үзэлт 0 сэтгэгдэл

 

                                           Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд олны анхаарлыг татсан хөрөг зургууд нийтлэгдсэн нь Б.Төгсзаяагийн гэрэл зургууд. "Төмөр замын бүх ажил мэргэжлийн зургийг авах болно" гэж тодотгосон түүний уран бүтээл дундаас нэгэн зураг илүүтэй нүдэнд тусав. Өөрийн эрхгүй “ Аргагүй л төмөр замчин хүн дээ” гэсэн  өөдрөг бодолдоо ээрэгдэж өнжив.  Нүүрний үрчлээ бүхнээс нь  “Би  төмөр замчин хүн” гэж хэлээд байх шиг санагдах  хөрөг зургийн эзнийг хайлаа.   Асууж сурагласаар  Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ахмад төмөр замчин  Ц.Чулуунбат гэж  мэдэж, утсыг нь олж ярилаа.  Тэрбээр, унаган нутаг нь Улаанбаатар боловч суугуул  Хараа нутгаараа овоглож, тэндээ ээнэгшин дасжээ. Дарханы Барилгын ТМС-ийн суурь машины анги төгсөөд 50 гаруй жилийн өмнө буюу 1972 онд Зүүнхараад ирсэн гэлээ. Өргөж авсан ижий, аав хоёр нь тэр нутагт суурьшсан болохоор тэр. Тухайн  үедээ энд суурьшина, суурьшихгүй гэж бодсонгүй. Харин багын найз Ш.Даваасүрэн нь Зүүнхараагийн вагон депод мастераар ажилладаг байж. Хүүхэд насны унаган найз нь төмөр замтай хувь заяагаа холбоход тусалснаараа амьдралынх нь ачтан минь болсон гэдгийг дурсаад "Найзаас маань гадна тэр үеийн депогийн даргаар ажиллаж байсан Т. Дашдэмбэрэл, токарьчин Д.Энэбиш нар намайг ажил амьдралын их замд "өлгийдөж” авсан юм. Манай Т.Дашдэмбэрэл дарга бол тухайн үедээ Зүүнхараагаас сонгогдсон Ардын Их Хурлын хоёр депутатын нэг нь юм шүү дээ. Хүний зэрэгтэй яваа минь тэдний л ач бас төмөр замын буян. Би анх Механик цехэд бэлтгэл слесариар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. АКП тасгийн засварчин Чагдаржав ахтай багш шавийн гэрээ байгуулж, миний халамжлан хүмүүжүүлэгч болсон юм. Дагалдуулан сургаж байгаа хүнээ тийн нэрлэдэг байлаа шүү дээ.  Бэлтгэл слесарь гэдэг нь төмрөөр эрэг боолт хийдэг ажил. Эндээ таван жил ажиллаад байтал  Хос дугуйн цехэд токарьчнаар шилжихийг орлогч дарга Д.Амар санал болгосноор ажлаа сольж, С. Петрушка багшийгаа дагалдан сурч байлаа. Энэ цагаас хойш 2008 онд гавьяаны амралтад гарах хүртлээ хос дугуйн токарьчнаараа ажилласан даа. Анх төмөр зам байтугай өөр албан газарт ажиллаж үзээгүй байсан надад депогийн цех үлгэрийн ордон мэт л санагддаг сан. Энд ч, тэнд ч машин техник нүргэлээд л... Тоног төхөөрөмж ажиллаад л. Аргагүй шижигнэсэн залуус хөдөлмөрлөдөг газар гэдгийг депод хөл тавьсан өдрөө л ойлгосон.  Эд нараас “Аавын хүү би ч бас дутах юу байх вэ дээ”  гэсэн залуу насны оргилуун, шазруун бодол ч төрж байсан шүү.  Үнэхээр ч,  ажилдаа хурдан дадаж, туршлагажихаар шамдсан даа " хэмээн өгүүлэх түүнээс өмнөх нийгмийн үеийн онцлогийн талаар сонирхлоо. Тэрбээр, "Цалин хөлсний хувьд бидний үед үнэлгээ сайн байсан. Нэг удаа  депогийн ерөнхий нягтлан маань  өндөр цалин авч байна гээд албаны болон байгууллагын цалин хөлсний инженерүүд засварчин  Д.Энэбиш бид хоёрын ажил дээр  зураг авалт хийлээ.  Инженерүүд үзэж, хэлцэж байгаад гурван мөнгөний үнэлгээтэй ажлыг нэг мөнгө болгон бууруулсан. Одоогийн хүүхэд залууст сонин байж мэднэ. Түүнчлэн, залуу байхад олон нийтийн ажил маш их зохиогдоно. Ямар нэгэн үйл ажиллагаагүй өдөр ховор. Лекц, сонсгол, эвлэлийн хурал гээд. Бямба гарагт хагас ажиллаад  үдээс хойш субботник хийнэ. Мод тарина. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь өгчихөөд л тэр болгондоо явдаг байсан даа.

         Манай Д.Амар дарга депо дээр "Ардын театр" байгуулсан юм. Бид театрын уран сайханчид. Ажлаа тараад бэлтгэлтэй. Заримдаа шөнөжин үргэлжилнэ. Энэ  мэтээр олон төрлийн ажилд идэвхтэй оролцдог байлаа манай үеийнхэн. Одоо эргэн санахад бидний залуу нас их л завгүй өнгөрсөн байгаа юм. Социалист хөдөлмөрийн бригад гэж байлаа. Юмхнаар юм хийнэ гээд хоорондоо өрсөлдөж, ШБОС санаачилна.  Л. Норовханд, талийгаач С.Даваасүрэн, Г. Чулуунбаатар нартай хамтран олон ШБОС гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дээ. Шплинт хийдэг машин зохион бүтээж, төмрөөр тулькээ хийнэ. Ер нь, вагоны бүх эд ангиа хойноос ирсэн төмрөөр хийхийг хичээдэг сэн.  Харин өнөөдөр бол гараар хийх нь ховордож, бэлэн материал худалдаад авдаг болсон юм уу даа. Өнгөрсөн намар  депогийнхоо  70 жилийн ойд уригдаж очихдоо анзаарлаа. Орчин үеийн нийгмийн хөгжил юм даа" гээд инээмсэглэв. УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод тасралтгүй 25 жил ажиллаад гавьяаны амралтаа эдэлж буй Ц.Чулуунбат гуай  "Хүндэт төмөр замчин", "Тэргүүний төмөр замчин". Бас V, VI таван жилийн гавшгайч тэмдгээр шагнуулсан. Энэ шагналуудаараа бахархаж, баярлаж явдгаа ярианыхаа завсар хэдэнтээ дурдсан юм.

Түүний хань Д.Цэцгээ оёдолчин хүн. Ханилан суух хүртлээ Чука ахыг зургаан жил хүлээж чадсан "чанга" эмэгтэй. Олон жил тэвчээртэй хүлээсний эцэст Зүүнхараа нутагт нэгэн өрх нэмэгдсэн нь Ц.Чулуунбатынх байжээ. Эдний гурван хүүхэд нь төмөр замчин. Бага хүү нь аавынхаа  мэргэжлийг өвлөж Зүүнхараагийн вагон депод токарьчнаар ажиллаж байгаад гагнуур  руу шилжсэн гэнэ. Охин нь мөн деподоо сэв шалгагчаар, харин том хүү нь Улаанбаатар вагон ашиглалтын депод вагон үзэгчээр ажилладаг. Бэр охин нь галт тэрэгний үйлчлэгч. Үр хүүхдүүд нь аавындаа цуглахдаа төмөр замын ажил амьдралын тухай халуун яриа өрнүүлцгээж, аав ээж хочртоо сонин болгон ярьцгаадаг гэлээ.  Хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод аав голлох үүрэгтэй оролцсон төдийгүй одоо ч шинэ төмөр зам руу "урвах" сэжим гарахад хориглодог гэлээ.  Ийм санал хүүхдүүдээс нь гармагц, Ц.Чулуунбат гуай  “ УБТЗ-ын буян, нөмөр нөөлөгийн хүчээр би хүн, та нар миний үргэлжлэл”  гэж л хэлдэг гэнэ билээ.  

 Улаанбаатарт ажиллаж амьдардаг хүүгийндээ хааяа ирэхдээ төмөр замын хууччуултайгаа уулзана, бурхан болсон найз нөхдийнхөө зарим нэг хүүхдийг эргэж тойрно. Намар бол ургацынхаа дээжээс амсуулна. Хоёр хөгшин тэтгэвэрт гарснаасаа хойш зүгээр суулгүй 0.7 га газартаа хүнсний ногоо тарьж эхэлжээ. Жилээс жилд ургацын хэмжээ нэмэгдэж, нэр төрөл ч олширч. "Одоо бараг бүх төрлийн хүнсний ногоо тарьж байна. Гэр бүлийн хүнсний ногооны хэрэгцээг хангаад илүүг нь зарж борлуулахад намартаа 4-5 сая төгрөгийн орлоготой сууна шүү. Өөрийн гараар тарьсан эрүүл ногоогоо үр ач нартаа, хамт ажиллаж байсан дүү нартаа өгөх их  сайхан бархалтай санагддаг. Зарим нь "Чука ахаа би  хулуу авна шүү, ногоо тавиарай" гээд утас цохидог юм. Зүгээр суулгүй хөдөлж л байвал хүн эрүүл байна. 70 шахаж яваа би  өвдөх өвчингүй нь үүний л ач" хэмээн өгүүлэхийг нь сонсоод өнөөх зургийн эзэн  Чука ах сэтгэлдээ галтай, олонтой  сайхаан хүн юм даа гэсэн бодол төрснийг нуух юун.

Түүний "Ямар ч бүхнээс илүү  сайн хүн байгаад  ганцаараа бол хол явахгүй. Сайн сайхан бүхэн хамт олны л хүч юм шүү. Үүнийг л хүүхдүүд, дүү нартай захиж ирлээ" гэсэн үгээр энэ бичвэрээ өндөрлөе.

 

Б.Золжаргал

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.