Хятад улс далайн түвшнээс дээш 5000 метрийн өндөрт төмөр зам тавьж чадсан дэлхийн цорын ганц улс. Зорчигчид нь хүртэл хүчилтөрөгчийн амьсгалууртай аялдаг энэ газарт төмөр зам барих нь зүүдэнд ч оромгүй зүйл байсан цаг саяхан. Гэтэл Хөхнуур Түвдийн төмөр замаар сүүлийн 18 жилийн хугацаанд 309 сая зорчигч, 913 сая тонн ачаа бараа тээвэрлэжээ. Тус улсын сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч урт болоод байгаа. БНХАУ-ын төмөр замын нийт урт 2035 онд 200 мянган км-т хүрнэ гэж Хятадын төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд дурьджээ. "Хятадын төмөр зам" компани 2024 онд 4.31 тэрбум зорчигч, 5.18 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ. Ашиглаж буй төмөр замын нийт урт 162000 км, үүний 48000 км нь өндөр хурдны зам.
“Бүх зам Ром хүрдэг” хэмээх алдарт зүйрлэл XXI зууны босгыг алхахдаа ийнхүү Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачлагад ирж нэгджээ. Одоо бүх зам нэгэнт Хятад руу чиглэжээ. Түүгээр ч зогсохгүй мөнөөх зам дээгүүр давхилдах галт тэрэг, автомашинуудыг ч дэлхий нийт Хятад улсаас импортлон авах болов. Дэлхийн эдийн засгийн тулгуур багана болсон манай өмнөд хөрш олон улсын ханган нийлүүлэгчдийн тавцанд хэдийнэ өөрийн туг далбаагаа өндөрт өргөчихлөө. Магтаад ч муулаад ч үл зогсох хөгжлийн хурдан хөсөг хэдийнээ хөдөлжээ. Харин Монгол Улс энэхүү хурдны галт тэргэнд эртхэн өөрсдийн суудлыг олж засах л үлдлээ. Түүчээ хөсгөөс үлдэж хоцрох уу, хамт зорчих уу гэдгээ бодолхийлж шийдвэрлэх цаг үед бид амьдарч байна. Эдүгээгээс 10 жилийн өмнө буюу 2015 онд Хятадын төмөр замын нийт урт 121 мянган км-т хүрэхэд дэлхийн мэдээллийн агентлагууд дуугаа авалцан, шагширч байв. Тэгэхэд Хятадын 121 мянган км төмөр замын 19 мянган км нь хурдных бөгөөд тэр нь дэлхийн нийт хурдны төмөр замын 70 хувийг эзэлж байсан юм. Гэтэл өнөөдөр Хятадын төмөр замын энэ үсрэнгүй хөгжлийг мэдээлэхэд харьцуулагдах улс орон үлдсэнгүй, бүгд ард хоцорчээ.
Хятадын Төмөр замын төв компани энэ онд дэд бүтцийнхээ салбарт 800 тэрбум юань буюу 115.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Хэн дэд бүтцийг хянана, тэр улс хүчтэй. Хятадууд энэ зарчмыг 30 жилийн өмнө ойлгож төмөр замын сүлжээгээ өртгөтгөж эхэлсэн. Өнөөдрийн Хятадын төмөр замын мега төслүүдийг харахад тэд үндсэн зорилгоо бараг биелүүлжээ. Хятад улс өнөөдөр дотооддоо ч, гадаадад ч төмөр зам барихад мөнгө хайрлахгүй байна. Энэ ташрамд дурдахад, Хятадын далай дээгүүр тавьсан анхны төмөр зам хоёр жилийн өмнө ашиглалтад орж мөн л дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн дээ. Энэ бол Хятадын хурдны төмөр замын далайн эргийн бүс дэх бүтээн байгуулалтын томоохон төсөл. Хятадын 350 км/цагийн хурдтай орон нутгийн галт тэрэг энэ замаар аяладаг. Фүжөү Шямэни хооронд зайг ганцхан цаг аялдаг болсон юм. Хятадууд Түвдийн төмөр замыг “Тэнгэрийн зам” гэж өргөмжилдөг бол Фүжяний замыг “Тэнгисийн зам” хэмээн нэрийддэг.
Хятадын Засгийн газрын өөр нэг амбицлаг төсөл бол “Шинэ торгоны зам” юм. Энэ төмөр зам манай гаригийн гурван тэрбум хүн амьдардаг Евразийн 18 орныг дайрч өнгөрнө. 2025 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын олон арван мужаас Төв Ази, Европын орнууд руу 110 мянга гаруй удаа ачааны галт тэрэг аялуулжээ.
Хятадын төмөр замын сүүлийн үеийн дэвшлийг тоо баримтаар цухасхан дурдахад ийм байна. “Бүх зам Ром ордог” европийн хаанчлалаас хичнээн зууны дараа “Бүх зам Хятад ордог” азийн түүхэн цаг үед бид амьдарч байна.
Б.Занданхүү
