Нүүр Эрүүл мэнд Т.Батцэнгэл: Судалгаагаар төмөр замчдын дунд ажлын байрны стресс нэлээд өндөр га...
Эрүүл мэнд

Т.Батцэнгэл: Судалгаагаар төмөр замчдын дунд ажлын байрны стресс нэлээд өндөр гарна

G.Press 1 жилийн өмнө 112 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Төв эмнэлгийн сэтгэл зүйч Т.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-УБТЗ-ын хэмжээнд ганцхан сэтгэл зүйч ажиллаж байгаа гэж ойлгосон. 16500 мянга шахам ажилтантай том байгууллагад ганц сэтгэл зүйч бүх хүнд хүрч ажиллана гэдэг боломжгүй. Тэгэхээр таны хувьд ямар хүрээнд ажилладаг вэ?

 

-Төв эмнэлэг орон тооны сэтгэл зүйчтэй болоод дөрвөн жил болж байна. Үнэхээр ганц сэтгэл зүйч ажиллах нь хангалтгүй. Миний хувьд өнгөрсөн хугацаанд үндсэн гурван чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч ирлээ. Нэгдүгээрт, нийт төмөр замчдад, хоёрдугаарт, Төв эмнэлгийн эмч ажилтнуудад, гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Мөн төмөр замын байгууллагуудад сэтгэл зүйн сургалтууд хийх, бүлгийн уулзалт зохион байгуулах зэргээр ажилладаг.

 

-Төмөр замчид маань сэтгэл зүйчид хэр хандаж байна вэ. Зарим хүн сэтгэл зүйчид хандана гэдгийг маш хүндээр тусгаж авдаг. Сэтгэцийн хувьд эрүүл биш хүн л сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг гэж боддог хүн одоо ч байдаг?

 

-Төв эмнэлэгт сэтгэл зүйч ажиллаж байгааг эхэн үедээ хүмүүс сайн мэдэхгүй болохоор хандах нь бага байсан. Жилээс жилд сэтгэл зүйчид хандах хүний тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна төмөр замын байгууллагууд сэтгэл зүйн сургалт авдаг. Би шугам замаар ч нэлээд явсан.

Сэтгэцийн хувьд эрүүл биш хүн л сэтгэл зүйчид ханддаг гэх буруу ойлголттой хүн харьцангуй цөөрсөн. Одоо хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Гэхдээ сэтгэл зүйчид хандах нь хүнээс зориг шаарддаг л даа.

Ер нь хүмүүс өөрийн сэтгэл зүйн боловсрол, төлөвшилд их анхаардаг болсон.

Өөрийнхөө төлөө цаг зав, зориг гаргаж байгаа хүн маш зөв хандлагатай байна гэсэн үг. Тиймээс сэтгэл зүйчид хандах нь ичиж нэрэлхэх зүйл биш.

Сэтгэл зүйчид хандах маш олон шалтгаан байж болно. Жишээ нь, сэтгэл гутрал, нойргүйдэл, түгшил, зовинол, ганцаардал, харилцааны асуудалтай бол сэтгэл зүйчид хандах л хэрэгтэй. Өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ харилцахад хүндрэл учирдаг, эхнэр нөхөр хоёр хоорондоо ойлголцдоггүй, хамт олонтой харилцахад бэрхшээл үүсдэг шүү дээ.

Гадны орнуудад хүмүүс өөрийн ажил, амьдралын төлөвлөгөөнд сэтгэл зүйчтэй уулзах цагийг оруулчихсан байдаг. Манайхны хувьд энэ тал дээр жаахан учир дутагдал бий.

Сэтгэл зүйчид өөрсдөө хандаж байгаа ч хүн байна. Хэвтэн эмчлүүлэгчид болон өвчнөөс үүдсэн сэтгэл зүйн асуудалд өртсөн хүмүүсийг эмчлэгч эмч нь сэтгэл зүйчид хандахыг зөвлөснөөр хүмүүс ирдэг.

 

-Төмөр замчдад сэтгэл зүйн зөвлөгөө тусламж авах эрэлт их байдаг юм билээ. Манай зарим байгууллага сэтгэл зүйчтэй болох хүсэлтийг Замын захиргаанд тавьдаг ч шийдэгдэхгүй л байна. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ? 

 

-УБТЗ 16500 орчим ажилтантай том байгууллагад ганц сэтгэл зүйч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ байгууллага сэтгэл зүйчтэй болохын давуу болоод сул тал бий. Давуу тал нь их ч, сул тал нь байгууллага дээр тогтмол сэтгэл зүйч ажиллаад ирэхээр сэтгэл зүйч хамт олны нэг гишүүн л болчихдог. Тэгэхээр хувь зөвлөгөө авах нь ховордох магадлалтай. Би төмөр зам сэтгэл зүйчдийн багтай болох нь илүү оновчтой гэж хардаг. Сэтгэл зүйчийн баг төмөр замын олон байгууллагатай эргэх холбоотойгоор ажиллавал илүү үр дүнтэй. Жишээ нь, 1000 гаруй ажилтантай байгууллагад нэг удаа долоо хоног,  арай цөөн ажилтантай байгууллагад 2-3 хоног ажиллаад дараагийн улиралд нь дахиад очих гэх мэтээр тойргоор ажиллавал илүү үр дүнтэй гэдэг саналаа би удирдлагадаа тавьсан.

 

-УБТЗ энэ оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Өнгөрсөн онд ажлаас өөрийн хүсэлтээр гарсан ажилтнуудын дунд хийсэн судалгаанд дийлэнх нь ажлын байрны дарамт, байгууллага доторх таагүй уур амьсгал гэсэн шалтгаан дурдсан байсан. Түүний араас цалин хөлс, нийгмийн хангамжийг дурдсан нь ажилтнуудын тогтвор суурьшилд сэтгэл зүй нь их нөлөөлж байна уу даа гэж харсан?

 

-Энэ чиглэлээр гадны сэтгэл зүйн байгууллагатай хамтарч судалгаа хийсэн.

Судалгаагаар төмөр замчдын дунд ажлын байрны стресс нэлээд өндөр гарсан. Дасан зохицох үйл явцыг судлахад олон жил ажилласан ажилтнуудын дасан зохицох чадвар сайн. Харин 0-3 жил ажиллаж байгаа ажилтнуудын дасан зохицол сул гэж гарсан. Ер нь, 0-3 жил ажиллаж байгаа ажилтнууд бол “Generation Z” үеийнхэн. Гэхдээ бүхэл бүтэн үе гэхээсээ ганц нэг хүний зан төлөвтэй хамааралтай асуудлууд гардаг. Тэгэхээр шинээр ажилд орсон залуу ажилтнуудыг сургалт, бүлгийн уулзалтад хамруулах нь их үр дүнтэй. Байгууллага, цех дотроо бүлгийн уулзалтыг зохион байгуулбал их зүгээр. Ийм сургалтын дараа хамт олон дунд үлдэх магадлал нь нэмэгддэг.

 

-Сэтгэл зүйчтэй уулзаад гарч буй хүмүүст ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

 

-Стресст үнэхээр өртсөн, асуудалд орооцолдсон хүн цаг аваад сэтгэл зүйчтэй уулзаад гарахдаа сэтгэл санаа хамаагүй дээрдлээ гэдэг. Тодорхой хэмжээнд тайвшрал авдаг.

 

-Танаас зөвлөгөө авсан хүн дахин ирдэг үү?

 

-Дөрвөн жилийн турш ирж байгаа хүмүүс ч байгаа. Тулгамдсан асуудал нь шийдэгдсэн учраас ирэх хугацаа нь холдсон ч хүний сэтгэл зүйн хэрэгцээ заавал асуудал үүсэхдээ биш. Хэн нэгэн хүн өөрийг нь зүгээр сонсож өгөх нь маш гоё улам эрч хүчтэй болгодог. Дахиад цаашаа мотиваци аваад өөр шинэ зүйл хийе гээд гарах тохиолдол байдаг.

 

-Сэтгэл зүйчид хандаж байгаа хүмүүсийг нас хүйсээр нь ангилж үзвэл...?

 

-Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд сэтгэл зүйчид илүү ханддаг. Мөн өсвөр насны хүүхдүүдтэй уулздаг учраас манай байгууллагын ажилтнууд хүүхдүүдээ дагуулаад орж ирэх тохиолдол их байдаг. Ихэнхдээ асуудалд орчихсон гэдгээ ойлгосон хүмүүс орж ирдэг. Зүгээр сэтгэл зүйчтэй уулзахад ямар байдаг бол гэж сонирхож орж ирэх хүн ч байна.

 

-Төмөр замын байгууллагууд сэтгэл зүйчтэй хэр хамтарч ажиллаж байна вэ?

 

-Байгууллагууд нэлээд ханддаг болж байгаа. Жишээ нь, Дохиолол холбооны II ангитай нэлээд хамтарч ажилласан. Өнгөрсөн жил би бүтэн цехүүдээр нь тойрч бүлгийн уулзалт хийсэн. Долоо хоногийн дөрөв дэх өдөр тэднийх нэг ажилтнаа явуулдаг байсан.

Ер нь, байгууллагуудаас манайд ажлын байрны стресс их байна. Эсвэл ажлаас халшрах хам шинж их, ажилтнуудын харилцаан дээр асуудал үүсээд байна гэх зэргээр хандаж, сургалт авдаг. Хүүхдийн секторын цэцэрлэгүүд, Татах хэсгүүд,

Зорчигчийн вагон депо, өртөө гэх мэт олон байгууллага сургалт, бүлгийн уулзалт зохион байгуулж, ажилтнуудад нь стресс бууруулах аргуудыг зааж өгдөг.

 

-2000-аад оны залуучуудаар ажиллах хүч сэлбэгдэж байна. Гэхдээ ахмад залуу үеийнхний харилцаа хандлагын зөрүү их байдгаас харилцааны бэрхшээл гардаг. Энэ талаар та зөвлөгөө өгөөч?

 

-Эсрэг талын хүнийг бүрэн өөрчлөх боломжгүй. Ахмадууд “Бид тэгж л амьдарч ирсэн. Угаасаа л ийм байсан. Энэ ажлыг ингэж л хийх ёстой” гэх зэргээр асуудалд ханддаг тал бий. Гэтэл шинэ үеийнхэн түүнийг огт хүлээж авч чадахгүй. Ажиллах хүчний хомсдолтой, ажлын байрны сонголт ихтэй энэ цаг үед залууст нэг ажлаас гараад нөгөөд ороход амархан байна. Зарим залуустай уулзахад “Өө болохгүй бол гарна даа” гэх хандлагатай байдаг. Ер нь, харилцааны 30/30/40-ийн дүрэм гэж бий.

Ахмад үеийнхэн өөрсдийн 30 хувийг авч үлдээд, залуу үеийнхэндээ 30 хувийг нь үлдээгээд дундаа хийж зохицох 40 хувийн дүрмийг баримталбал бие биетэйгээ ойлголцоход арай дөхөм байх болов уу. Ахмад үеийнхэн бидний үед ийм байсан гэж тулгаад, залуу үеэ шүүмжлээд, хянаад байвал амжилтад хүрэхгүй.

Залуу үеийнхэн маань ч ахмад үеийнхнээ үгүйсгээд амжилтад хүрэхгүй гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр талаасаа 30/30 хувийн буулт хийгээд 40 хувьд зохицож ажиллах арга бий.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.  

   

Б.Гүнжээ

 

 

 

Харилцааны чадвараа тодорхойлох тест

 

Та дараах асуултуудыг анхааралтай уншаад тухайн үедээ төрсөн сэтгэгдлээ үндэслэн дараах оноог өгнө үү.

 

Тийм 2 оноо

Заримдаа 1 оноо

Үгүй 0 оноо

 

  1. Танд том хэмжээний ажил хэргийн уулзалтад оролцох нь хэцүү санагддаг уу?

  2. Та өвдсөн үедээ эмчид очихыг чухалчилдаг уу?

  3. Танд хүмүүсийн өмнө илтгэл тавих, үг хэлэх хэцүү санагддаг уу?

  4. Та ганцаараа урьд өмнө нь огт очиж үзээгүй газар руу томилолтоор явахаасаа цааргалах уу?

  5. Та өөрт тохиолдсон таагүй явдлаа бусдад ярьж сэтгэлээ онгойлгодог уу?

  6. Танаас гудамжинд үл таних хүн хаяг, цаг асуух нь төвөгтэй санагддаг уу?

  7. Нас нийгмийн байр суурь, боловсролын түвшин өөр хүмүүстэй харилцах нь хэцүү гэдэгтэй та санал нийлэх үү?

  8. Хэн нэгэн хүн хэдэн сарын өмнө танаас мөнгө зээлээд буцааж өгөөгүй тухай түүнд сануулахаас та эвгүйрхдэг үү?

  9. Зоогийн газар таны өмнө таагүй хоол тавибал, та таалагдахгүй байгаагаа бухимдалтайгаар илэрхийлэх үү?

  10. Та танихгүй хүнтэй яриа эхлэхээс төвөгшөөдөг үү?

  11. Та урт дугаарт төлөвлөсөн ажлаа хойш тавин зогсож чаддаг уу?

  12. Та хэн нэгний асуудлыг авч хэлэлцсэн хуралд оролцохоос зайлсхийх хандлагатай юу?

  13. Та өөрийгөө шүүмжлэгч гэж нэрлэж чадах уу?

  14. Та илэрхий алдаатай зүйлд ч дуугүй өнгөрч чаддаг уу?

  15. Танд хүн туслаагүй бол юуны өмнө гомдлоо түүнд илэрхийлэх үү?

  16. Танд өөрийн санаа бодлоо бичгээр илэрхийлэх нь уулзсанаас илүү хялбар санагддаг уу?

Онооны нийлбэрийг бодож гаргана уу

30-32 оноо

Та харилцах чадвартаа анхаарах нь зүйтэй. Энэ таны сул тал байна. Хамгийн гол нь харилцааны явцад өөрийн харилцааны үр дагавар, сэтгэл хөдлөлөө хянаж байх нь зүйтэй. Ялангуяа, ойр дотны чинь хүмүүст тантай харилцах нь хэцүү байдаг аж.

25-29 оноо

Та зожиг дуу цөөтэй. Магадгүй цөөн найзтай байх. Иймд шинэ ажил эхлүүлж, шинэ найз нөхөдтэй болохыг чухалчлах нь зүйтэй. Та өөрийн энэ зангаа сайн мэддэг, сэтгэл хангалуун бус байдаг юм байна. Иймд танд зөвлөхөд сэтгэлээр бүү уна. Өөртөө итгэлтэй бай.

19-24 оноо

Та ерөнхийдөө нийтэч зантай хүн. Олны дунд биеэ барьдаггүй. Өөртөө итгэлтэй аливаа зүйлээс бэрхшээдэггүй зантай. Таны нэг дутагдал санаанд орсноо л ярьж байдаг.

14-18 оноо

Та харилцааны чадвар сайтай хүн байна. Та сайн сонсогч, харилцагчдадаа хүндэтгэлтэй тэвчээртэй ханддаг. Хүмүүстэй амархан танилцдаг. Гэхдээ хэтэрхий шуугиантай нөхцөлд дургүй. Олон үгтэй хүн таныг ядрааж, бухимдалыг тань төрүүлдэг.

9-13 оноо

Та маш нийтэч хүн. Туршлагатай яриасаг, янз бүрийн асуудлаар санал бодлоо солилцох дуртай. Гэхдээ их амархан бухимдан уурладаг. Хүмүүстэй танилцах нь сайхан санагддаг.Бусдын анхаарлын төвд байх дуртай. Тусархуу, чадах зүйлдээ хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Амархан уурладаг ч уур нь дорхноо гардаг. Тэсвэр тэвчээр, нухацтай зан хангалтгүй байдаг нь гол дутагдал. Үүнийг засаж болно шүү дээ.

4-8 оноо

Та бол эгэл шулуун хүн. Нийтэч зан таны онцлог. Янз бүрийн ярилцлага, хуралд оролцох дуртай. Төвөгтэй асуудлаар нухацтай бодох хандлагатай. Сайн мэдэхгүй сэдвээрээ ч санал бодлоо солилцох дуртай. Ажил болгоныг эхэлдэг ч дуусгахгүй орхих нь элбэг.

0-3 оноо

Та байнга л бусадтай харилцаж байдаг. Таны байхгүй газар гэж бараг үгүй. Маш их яриасаг, олон үгтэй. Таны эргэн тойронд болж буй бүх зүйл танд хамаатай.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.