Тэртээ 1986 онд УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрийн босгоор иргэний паспортаа ч авч амжаагүй 16-хан настай, жаахан шар охин алхан орж, турьхан гартаа алх хадаас барин савангийн модон хайрцаг хадах ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нь энэ удаагийн зочны маань төмөр замчин болсон түүх. Тухайн үед үйлдвэрийнхээ хамгийн балчир ажилчин болж, ах эгч нарынхаа хайр халамжинд ажил амьдралтай золгож байсан тэрбээр гуравдугаар сарын 31-нд ажлынхаа “Алтан гараа”-гаа хийж, гавьяаны амралтдаа гарчээ.
Түүнийг Дашноровын Цэгмэд гэдэг. Гавьяаны амралтаа авсан эхний өдөр нь түүнтэй ярилцахаар үйлдвэр дээр нь цаг болзон уулзав.
Д.Цэгмэд эгч инээд цацруулсаар ирж, “Өчигдөр эгч нь насаараа ажилласан энэ үйлдвэртээ сүүлийн өдөр ажиллаж, хамт олноороо хүндтэй үдүүлсэн. Өглөө ажилдаа ирэхэд Алтанцоож мастертай манай цехийн хамт олон хоёр талаараа эгнээд зогсчихсон цэцэг бариад баяр хүргээд эгчийнх нь сэтгэл огшоод баахан мэлмэрүүлсэн. Өнөөдөр ч би догдлолоосоо гарч чадаагүй байна. Энэ сайхан байгууллагад тасралтгүй 39 жил ажиллалаа” гэв.
Тэрбээр, Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул аж. Алс хол нутгаас төмөр замчин болохоор ирсэн түүхээ ийн хуучиллаа.
Б.Цэгмэд “Манай нутагт 1986 онд төмөр замд ажилчин элсүүлэх зохион байгуулалттай ажил өрнөсөн юм. Аав, ээж, ах дүүс минь бүгд малчин байсан. Тэгэхэд аймгийн төвд байсан нагац ах Түвдэндорж Шилүүстэй суманд ирж энэ тухай ярьж өвөө минь ч ах дүүсээрээ явахыг дэмжиж ингээд манайх ам бүлээрээ, нагац эгч Дашхүү, 70 гарч явсан өвөөтэйгөө Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг зорьж ирсэн дээ. Тэр жил манайхнаас гадна Завханаас олон айл Зүүнхараад шилжиж ирсэн шүү. Би дөнгөж наймдугаар анги төгсөөд байсан. Аймгийн төв ч тоотой орж үзсэн надад тэр үеийн Зүүнхараа жигтэйхэн гоё хот санагдаж билээ. Оросууд олонтой. Энд ирээд есдүгээр ангидаа дэвшин орсонгүй, ажил л хиймээр санагдаад болдоггүй. Тэгээд гэрийнхэндээ хэлээд Мод боловсруулах үйлдвэрт ажилд орж байлаа. Тэр өдөр 1986 оны наймдугаар сарын 8-н байсныг тодхон санаж байна. Энэ үйлдвэрт нагац эгч Дашхүү, нагац үеэл Энхцэцэг гээд хамаатан садангууд маань бас ажилд орсон юм. Одоогийн Зүсмэл модон эдлэлийн цех маань тэр үед Хайрцаган завод гэдэг нэртэй байв. Савангийн модон хайрцаг, төмөр замыг цаснаас хамгаалах хаалт зэргийг хийдэг байлаа” гээд инээв.
Арван зургаахан настай жаахан охинд энэ ажил хэцүү санагдаагүй юу гэхэд “Гайгүй дээ. Энэ үйлдвэрийн хамгийн бага нь би. Зөндөө ах эгч нартай хамт ажиллаж байсан. Тэднээс дутахгүй ажиллана л гэж мэрийнэ. Бид өдөрт 50-60 хайрцаг хадах нормтой байсан. Тэгээд ажил хийгээд анхны цалин гэж 100 гаруй төгрөг аваад бөөн баяр, хөл газар хүрэхгүй шахам явсаар өвөөдөө аваачиж өгч билээ. Өвөө минь гэр бүлийнхээ санхүүг барьж, бүх зүйлийг зохион байгуулдаг их хөдөлмөрч мундаг хүн байсан даа” гэв.
Савангийн хайрцаг хадах ажил нь 1990-ээд он гарснаар хийгдэхээ больжээ. Б.Цэгмэд “Бодвол савангийн үйлдвэр нь зах зээл эхлээд ажиллахаа больсон юм болов уу. Манай цех хоёр дахь түүхий эдээр төмөр замын байгууллагуудын хэрэгцээт модон материал, бараа бүтээгдэхүүн хийдэг онцлогтой. Дэр модноос бусдыг л үйлдвэрлэнэ. Дэр мод хийхэд гарсан захаас төрөл бүрийн банз зүсэж гардаг байсан даа.
Энэ сайхан хамт олон дунд 39 жил ажиллаж хөдөлмөрлөн амьдрал ахуйгаа залгууллаа. Сэтгэл их өндөр байна. Би энэ үйлдвэрт ханьтайгаа учирсан. Миний ханийг Н.Түвдэндорж гэдэг. Хань маань Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат. 1995 онд манайд ажилд орсноор бид танилцаж гэр бүл болсон түүхтэй. Миний хань Мод боловсруулах үйлдвэрийнхээ автобаазад моторчин-засварчнаар ажиллаж байгаад гурван жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Манай хүнийг Зүүнхараагийн ард иргэд “Моторчин Түвдэндорж” гэвэл андахгүй. Ажил мэргэжил, ур чадвараараа олонд танигдсан хүн бий.
Бид хоёр нэг охинтой. Охин маань аав шигээ оюунлаг. Дээд боловсрол эзэмшээд одоо Улаанбаатарт Мандал даатгалд ажилладаг” гэж бахархан өгүүллээ.
Эцэст нь хэлэхэд, Зүсмэл модон эдлэлийн О.Алтанцоож мастертай, Ч.Од-Эрдэнэ, У.Идэрсайхан, М.Соронзонболд бригадын даргатай сайхан хамт олонтой гар, сэтгэл нийлж ажиллаж байсандаа үнэхээр их баяртай, бахархал дүүрэн явдаг.
Мөн энэ өдөр намайг энэ үйлдвэрт анх орж ирэхэд хамт ажиллаж байсан мужаан Ц.Оюунчимэг эгч, Баасанжав ах, Өлзийням эгч, миний багш Хаянжимал гээд гайхалтай хүмүүс байсныг эргэн дурсаж байна. Энэ л хүмүүс надад ажил амьдралын ухаан зааж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтанууд гэж талархаж явдаг. Нэгэн цагт ахмад ажилчдынхаа хайр халамжинд ажил амьдралд залгасан шигээ залууст ч гэсэн би өөрийнхөө мэдэх чадах бүхнийг хэлж өгөхийг хичээдэг. Олон шавьтай болсон. Хамгийн отгон шавь Наранбаатар гэж хүү бий. Шавь нартаа ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж, сэтгэл зүрхээ зориулаарай. Ажлаас хоцрохгүй, ажил таслахгүй, зайлшгүй шаардлага л гараагүй бол чөлөө битгий авч байгаарай гэж захьдаг. Би өөрөө тэрийг л эрхэмлэдэг хүн” гэлээ.
Ийм л чинхүү сэтгэлтэй эгэлхэн эмэгтэй 39 жилийн хөдөлмөр зүтгэлээ УБТЗ-д өргөөд гавьяандаа гарчээ. Түүнийг Замын захиргаанаас “Төмөр замчны алдар”, “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт үнэмлэх” зэрэг олон шагналаар удаа дараа шагнаж байсанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд байгууллагынхаа үе үеийн удирдлага, хамт олонд дахин дахин талархаж буйг минь заавал бичээрэй гээд инээмсэглэв.
Б.Гүнжинлхам
