Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй ярилцлаа.
- Сүүлийн жилүүдэд “УБТЗ” ХНН төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. Он гарсаар тээврийн үзүүлэлт ямар хэмжээнд байна вэ?
-“УБТЗ” ХНН-ийн түүхт 76 жилийн ой тохиоlkk. Бид мэргэжлээрээ бахархаж, омогшиж, мэргэжлийн баяраараа ойгоо тэмдэглэдэг уламжлалтай. Төмөр замчид маань жилийн тээврийн зорилтынхоо төлөө маш сайн ажиллаж байгаа. Хагас жилийн байдлаар гадаад, дотоод зах зээл, дээр нь нурмаг ачааны экспорт буурсантай холбоотой ачааны хэмжээ багассан. Гэсэн хэдий ч орон нутгийн болон экспортын өөр ачаа, транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажлыг Замын захиргаанаас зохион байгуулж байна. 2025 он их шандас сорьсон жил болж өнгөрөх нь. Учир нь дотоод гэлтгүй дэлхийн зах зээлээс тодорхой хэмжээгээр нөлөөлж буй хүчин зүйлүүд байна. Үндсэндээ УБТЗ-ын хилийн галт тэрэг солилцоо нэмэгдэж, түүхэн амжилт бий боллоо. Замын-Үүдийнхэн маань өргөн царигаар хоногт 17 галт тэрэг хүлээлгэн өгч, 17 галт тэрэг хүлээн авч байна. Нарийн царигаар хоногт 8 галт тэрэг солилцож байна. Сүхбаатар - Наушкиар ОХУ-тай 10 хүртэлх тооны галт тэрэг солилцож байгаа. Энэ нь Х.Хэрлэн даргатай удирдлагын баг сайн ажилласны үр дүн гэж харж байна.
-Экспортын нурмаг ачаа буурсны гол шалтгаан нь юу вэ?
-Экспортод гардаг нурмаг ачааны дийлэнх нь нүүрс тээвэр. Гэтэл нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тодорхой хувиар буурлаа. Үүнээс шалтгаалж нүүрсний тээвэр багассан. Харин экспортын төмрийн хүдэр, жонш, зэсийн тээвэр бол хэвийн явж байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэж, тогтвортой болбол тээвэр эргээд сэргэх байх.
-Дамжин өнгөрөх тээврийн хувьд?
-Транзит тээвэр бол Монгол Улсын нэг брэнд гэж болно. Энэ тээвэрт УБТЗ маш их ач холбогдол өгч ажилладаг. Тийм ч учраас транзит тээврийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Оны эхний хагас жилийн байдлаар транзит тээврийн хэмжээ тогтвортой байна. Цаашид илүү нэмэгдэх хандлага, боломж бий.
-Тээврийг амжилттай зохион байгуулахад нэн тэргүүнд баримталж, гол мөрдлөг болгодог зүйл нь хөдөлгөөний аюулгүй байдал. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Замын даргын А/02 тоот тушаалаар Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд улирал бүр хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүд “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг зохион байгуулж байгаа. Энэ нь байгууллагын ажилтан удирдлагууддаа санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ажил дээр гарч буй хүндрэл бэрхшээлийг ярилцан шийдвэрлэдэг, хамт олноороо уулзаж, ажил, амжилтаа дүгнэдэг 2-3 цагийн арга хэмжээ юм. Энэ үеэр Замын захиргаанаас аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, бодлого, хөтөлбөр, шийдвэр, тушаал, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийг дүгнэн танилцуулдаг. Мөн ажилтнуудад зориулсан видео, контент, сургалтын материалуудыг боловсруулж сургалт хийдэг. Өнгөрсөн жил бид 2023 онтой харьцуулахад гологдлын тоог тодорхой хэмжээнд бууруулж, дутагдлын тоог барьж ажилласан. Тээврийн хэмжээ нэмэгдэхэд аюулгүй байдлын түвшин, гологдол дутагдлын тоог тогтвортой буюу бууруулахад чиглэдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гологдлын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найм, дутагдлыг 92 нэгжээр бууруулсан байна. Төмөр замчид маань алдаа, дутагдал, гологдол гаргая гэж ажилладаггүй. Гологдол, дутагдлууд гарахад цаг үеийн нөхцөл байдал, гадны хүчин зүйлүүд нөлөөлдөг. Бид 2022 онд боловсруулсан Тээврийн аюулгүй байдлын бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлээд, жил ирэх тусам тээвэр нэмэгдсэн ч УБТЗ-ын хэмжээнд гологдол, дутагдлын тоог жилд 0.4 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Бидний хэрэгжүүлээд буй Аюулгүй байдлын бодлого, хөтөлбөр маань хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж гологдол, дутагдлыг тогтвортой бууруулах зорилготой. Тээврийн хэмжээ хэчнээн нэмэгдсэн ч гологдол, дутагдал тогтвортой түвшинд буурч л байх ёстой. Үүнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол хөрөнгө оруулалт, их барилга, их засварын ажлууд. Тиймээс энэ чиглэлээр хрөнгө оруулалт, их барилга, их засвар, техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлуудыг маш оновчтой эрэмбэлж, өндөр эрсдэлтэй, хөдөлгөөний аюулгүй байдалд тулгамдсан асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг зорьж байна.
-Хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа, дутагдал ч багагүй гардаг байх. Үүнийг бууруулахын тулд юунд илүү анхаарах вэ?
-Бид хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа, дутагдлыг жил ирэх тусам бууруулах төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулдаг. Үүнийг том зургаар нь харвал цаана нь техникийн сургалтын асуудал байгаа. Тиймээс энэ жилийн оны зорилтын хүрээнд Замын даргын А/656 тоот тушаалаар техникийн сургалтын чанар, арга зүйг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Учир нь одоо ажил дээр гарч буй шинэ үеийн залуус ном уншихаасаа илүү сурч мэдэхийг хүссэн, сонирхсон зүйлээс цахим орчноос хүлээн авч, өөрсдөө бие даан суралцдаг болж. Тэдэнд 1980, 1990-ээд оныхонд зааж байсан сургалтын арга барил тохирохгүй байна. Гэхдээ бүгдийг нь бүрэн шинэчлэхээс илүүтэйгээр урд нь байсан суурь судалгаа, үндэслэлүүдийг авч үзэж, техникийн сургалтыг сайжруулах, арга зүй, материаллаг баазыг хөгжүүлэх, цахим хэлбэр рүү шилжүүлэх, зайны сургалт зохион байгуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Ингээд сургалтын нэгдсэн цахим платформыг хөгжүүлж практик 70, танхимын сургалтыг 30 хувь болгоё гэж байгаа юм. Үүний хүрээнд замын хэмжээнд бид “EduUBTZ” хэмээх цахим платформыг шинээр хөгжүүлж ирэх есдүгээр сараас хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт төмөр замчид маань тус сургалтын платформын тусламжтайгаар бие даан суралцах боломж бүрдэнэ. Мөн сонирхсон мэдээллээ авч, номын сангаар үйлчлүүлж, чатаар хоорондоо мэдээ мэдээллээ солилцох, нэгнээсээ суралцах зэрэг олон боломжийг бийг болгохыг зорьж байна. Түүнчлэн, техникийн мэдлэгийн түвшин тогтоох аттестатчиллын шалгалтыг энэ платформдоо багтаана.
-Зэргээ ахиулах гэсэн төмөр замчид ч энэ платформоор бие даан суралцаж, шалгалтаа цахимаар өгөх боломжтой юу?
-Жишээ нь, та III зэргийн ажилтан байлаа гэхэд IV зэрэгт хүрч, инженер болох гэж байгаа бол тухайн түвшинд хүрэхэд ямар мэдлэг, чадвар эзэмшсэн байх шаардлагатай гэдэг нь энэхүү сургалтын программд нээлттэй тодорхой заагдсан байх бөгөөд хүссэн үедээ бие даан суралцаад шалгалтаа өгч, зэрэг ахиулах боломжтой болно, тийм нөхцөлөө бололцоог бий болгохоор ажиллаж. Энэ нь залуучууддаа дараа дараагийн карьер төлөвлөлтөө хийх, өөрсдөө тасралтгүй бие даан суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэхүү платформдоо бид хүний нөөцийн, санхүүгийн гэх мэт УБТЗ-д ашиглаж буй бүх программуудыг холбоно. Ийнхүү ажилтнуудаа бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдүүлснээр хүний хүчин зүйлээс шалтгаалан гарч буй гэмтэл саатал, алдаа дутагдлыг бууруулж чадна гэж үзэж байна.
Нөгөө талдаа гарч буй асуудал бол техникийн хүчин зүйл. Энэ нь тоног төхөөрөмжийн эдэлгээ, хуучралттай хамааралтай. Гэхдээ манай төмөр замчид засвар үйлчилгээг тогтмол, чанартай сайн хийж ажиллаж байгаа. Ажлын байр бүрэн автомат биш хойно хүн л юм чинь алдаа гаргадаг. Гэсэн хэдий ч үүнийг бууруулах чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна.
Гуравдах хүчин зүйл нь төмөр замчид биднээс шалтгаалахгүй байгаа гадны хүчин зүйл юм. Тухайлбал, төмөр замын гарам дээр тээврийн хэрэгслийн жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж галт тэргэнд мөргүүлэх, шүргүүлэх асуудал байна. Энэ нь шууд гологдлын хэмжээнд хүргэдэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулдаг ноцтой асуудал юм. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үер ус, салхи шуурганаас шалтгаалсан гологдол, дутагдлууд гардаг. Ийм үндсэн гурван хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аюулгүй байдлын зорилтын дагуу системчилсэн байдлаар удирдахад Тээврийн хяналтын албаны хамт олон онцгой анхаарч ажиллаж байгаа.
-Сонирхоод асуухад дээрх сургалтын программаар жишээлбэл би бие даан суралцаад засварчин ч юм уу болъё гэвэл болох уу?
-Та сэтгүүлч хэр нь засварчин болъё гэвэл анхнаас нь эхлэх ёстой. Тус сургалтын платформд анхан шатны мэргэжлийн хичээл, гарын авлага, ном сурах бичиг, сургалтын материалуудыг нээлттэй байршуулна. Түүгээр та бие даан суралцаж, зохих мэдлэгийг эзэмшсэний дараа ажилд орох хүсэлт гаргах боломжтой бөгөөд тухайн мэргэжлээр курс болон мэргэжил олгох сургалтад хамрагдаж сертификат, үнэмлэх зэрэг баримт бичигтэй байх шаардлагатай. Тийм тохиолдолд хэн ч ажлын байраа өөрчлөх боломжтой.
Ер нь, энд нэмээд хэлэхэд УБТЗ, төмөр замчдаа чадавхжуулахын тулд Сургалт, хүн хөгжлийн төвийн академитай болох ёстой. Байгууллагын хамгийн үнэт капитал нь ажилтан. Ажилтнуудаа хөгжүүлэх шаардлага бидэнд байна. Цаашид дараагийн тав, арван жилд УБТЗ-д ажиллах мэдлэг чадвартай залуусыг бэлтгэхийн тулд шалгуурыг нь өндөр тавьж өгөх хэрэгтэй. Улсын хэмжээнд ажиллах хүчний хомсдол бий болж байна. Үүнтэй зэрэгцээд бид системтэйгээр менежментийн бодлого боловсруулахгүй бол төмөр замд ч боловсон хүчний асуудал байсаар байна. Тиймээс ЕБС төгсөж буй хүүхдүүдэд ЭЕШ-ын босго оноог нь 600-аар тавьж, тухайн хүүхэд өөрөө хүсвэл төгсөөд таван жил ажиллах гэрээ байгуулан тэтгэлэгтэйгээр суралцаж боломжийг бүрдүүлж, чадварлаг инженерүүдийг бэлтгэхээр зорьж байна. Боловсролын сангаас олгодог зээлтэй л адилхан гэж ойлгож болно. Манай төмөр замчдын дунд ч хүүхдээ их, дээд сургуульд сургах боломжгүй хүмүүс байна шүү дээ. Тэдэнд бид боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс биш өнөөгийн төлбөртэй системээрээ явбал ЭЕШ-д 440-500 оноо авсан хүүхдүүд олон байна. Ирээдүйд УБТЗ-ыг авч явах, чадварлаг мэргэжилтэй инженерүүдийг бэлтгэхэд анхаарах шаардлагатай. Ийм цогц системийг бий болгохоор бид зорьж байна. Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилт тавьсан. Мөн Дархан, Сайншанд, Улаанбаатарт сургалтын HUB төв үүдийг байгуулна. Сургалтын орчин үеийн технологитой, 20-30 хүнийг нэг дор сургах боломжтой энэхүү сургалтын төвүүдэд мэргэжил дээшлүүлэх дотоод сургалтуудыг зохион байгуулж байхаар төлөвлөсөн.
-Сүүлийн жилүүдэд гармын аюулгүй байдлын чиглэлээр нэлээд ажил хийсэн. Цаашид хаанахын гармуудыг өөр түвшинд огтлолцуулах ч юм уу, аюулгүй байдлыг нь хангахаар төлөвлөв?
-Ирэх жил Зүүнхараагийн 233 дугаар км-ийн гармыг жижүүрийн зохицуулалттай, дохиолол, хориглолын байгууламжаар тоноглохоор төлөвлөсөн. Мөн Айрагийн дөрөвдүгээр км-ийн эрсдэлтэй гарам байна. Эдгээр гармуудыг жижүүрийн зохицуулалттай, ПАШ хаалттай болгосноор гармын эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж чадна. Нийслэл хотын гармуудыг бид хоёр өөр түвшинд огтлолцуулах ажлуудыг зохион байгуулж өнгөрсөн онд Таван шарын буюу 396 дугаар км-т автомашины хонгилон гарцтай баригдаж ашиглалтад орсныг та бүхэн мэднэ. Цаашид “Дашваанжил”-ын харалдаа 398 дугаар км-ийн гарам болон Ногоон зоорь гэж нэрлэдэг 402 дугаар км-т хөндлөн гарц хийнэ. Мөн Дүнжингаравын 407-р км-ийн гармыг хоёр өөр түвшин огтлолцуулах асуудлыг нийслэлтэй хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Таны хувьд “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлнэ”, “Аюулыг мэдээлдэг болгоно” гэсэн зорилт тавьж ажилласаар багагүй хугацаа өнгөрчээ. Одоогийн байдлаар энэ зорилтын үр дүн нь хэр гарч байна вэ?
-Энэ бол өмнө нь байсан соёлыг л бид цаг үетэйгээ нийцүүлэн сайжруулан хөгжүүлж буй хэрэг. Манай төмөр замчид нэгдсэн технологи, нийлмэл хөдөлмөртэй хамт олон. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлаас урьдчилан сэргийлэхэд Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой. Тухайн ажлын үр дүнг өнгөрсөн жил тооцож үзсэн. Замын хэмжээнд ажилчдаас 300 гаруй санал санаачилга ирсэн. Тэр дунд тодорхой хэмжээний эрсдэл бий болох, гологдол, дутагдал гарахуйц зүйл хүртэл байсан. Бид ирж буй мэдээлэл бүрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, түүний дагуу чиглэл хариуцсан байцаагч нар маань ажилладаг. Гэхдээ хэн нэгэнд шууд хариуцлага тооцохоос илүү ирсэн мэдээлэл хэр үнэн бодитой вэ гэдгийг шалгаж, алдаа, дутагдал байвал засаж сайжруулахад түлхүү анхаардаг.
-Одоо хоёулаа төмөр замын баяр болон төмөр замчдынхаа талаар ярилцъя. Таны хувьд мэргэжлийн баяртаа хэр олон удаа оролцов?
-Миний үндсэн мэргэжил холбооны инженер. Анх ажилд орсон жилээсээ л төмөр замын баярт оролцсон гэхэд болно. Манайхан баяраар узель, өсгөгч гээд бүх зүйлийг нь ажиллуулах үүрэгтэй байдаг. Бэлтгэл ажил гээд гурав, дөрвөн өдөр л болдог байлаа. Төмөр замчид мэргэжлийн баярын өдөртэй байна гэдэг чухал, бид энэ баяраараа эзэмшсэн мэргэжил, хамт олон, хийж бүтээсэн зүйл, үүх түүх, ахмадуудаараа бахархдаг. Ахмадуудаа хүлээн авч, үг сургаалыг нь сонсож, шинэ залуу ажилтнуудтайгаа танилцаж, хамтдаа баярладаг сайхан өдөр.
-Та улсын баяр наадмын хурдан морины комисст ажиллаж байсан. Хурдан морины комиссынхныг харахаар морь дагах нь их сайхан санагддаг юм?
-Тиймээ, би найман жил ажилласан. Тэгээд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч болоод комиссын ажлаа Замын II ангийн Д.Алтангэрэл даргад хүлээлгэн өгсөн. Ер нь, төрт ёсны баяр цэнгэл гэдэг нь тусгаар улсын бэлгэ тэмдэг, өв соёл нь юм. Үүнийг зохион байгуулах комиссын гишүүнээр ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг. Хурдан морины комисст ажиллаж, морьд уралдааныг зохион байгуулна гэдэг бол өндөр хариуцлагатай ажил.
-Манай УБТЗ-д урлаг, спортын авьяастай төмөр замчин маш олон бий. Тэдний олонх нь мэргэжлийн баяраараа тодордог юм шиг санагддаг?
-Жилд Замын даргын үзлэг дөрвөн удаа явдаг. Нэг явалтаараа 2000-3000 орчим төмөр замчинтай ажлын байранд нь уулзаж байна. Энэ үеэр урлаг, спортын авьяастай, өндөр амжилт гаргасан, олны танил болсон залуус олон таардаг. Тэд хариуцсан үүрэгт ажлаа маш сайн хийхийн зэрэгцээ өөрийн авьяасаа хөгжүүлснийг нь хараад бахархдаг. Манай төмөр замчид их даруу шүү дээ. Бусадтайгаа мөр зэрэгцэн ажлаа хийгээд л эгэл жирийн явж байдаг нь сайхан. Энэ ташрамд урлаг, спортын авьяастай төмөр замчдадаа илүү өндөр амжилт хүсье. Та бүхэн маань УБТЗ-ынхаа соёл урлаг, спортын манлайлагч, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа хүмүүс шүү гэдгийг онцлон хэлье.
Эцэст нь нийт төмөр замчдадаа мэргэжлийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхний маань гэр бүл, үр хүүхэд, аав ээж, ахан дүүс эрүүл саруул, энх тунх байж, Монгол Улсын төмөр замын сүлжээ газрын зураг дээр олон хэсэгт байршиж, тэр бүр нь хилийн гарцтай, тээвэртэй, улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөн төмөр замыг бүтээн байгуулахын төлөө байгаасай гэж хүсэн ерөөе.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Та сайхан баярлаарай!
М.Наранболд
