С.Мөнх-Алдар: Менежментийн тогтолцоо бодит үр дүн авчрахгүй бол хэн ч хүлээн зөвшөөрөхгүй
УБТЗ ХНН-ийн алба, хэлтэс, салбар нэгж бүрт нэвтрүүлж буй Менежментийн нэгдсэн тогтолцоо- /МНТ/ ны хэрэгжилт, өнөөгийн бодит үр дүнгийн талаар Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдартай ярилцлаа.
-УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоо /МНТ/-г хэрэгжүүлэх ажил бодит байдал дээр ямар түвшинд явж байна вэ?
-1990-ээд оны сүүл үеэс эхлэн дэлхийн бизнес, эдийн засаг, тээвэр логистикийн салбарууд даяаршил, нийлүүлэлтийн сүлжээний өргөжилт, дижитал технологийн хөгжлийн нөлөөгөөр маш хурдацтай өөрчлөгдөж эхэлсэн. Ийм нөхцөлд байгууллагууд зөвхөн туршлага, уламжлалт арга барилаар бус олон улсын жишиг тогтолцоо, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, өгөгдөлд суурилсан менежментээр өрсөлдөх шаардлагатай болсон. Тиймээс УБТЗ ХНН-д Менежментийн нэгдсэн тогтолцоо, олон улсын стандартын шаардлага хэрэгжүүлэх асуудал нь нэг байгууллагын дотоод санаачилга гэхээсээ илүү дэлхийн хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлагаас урган гарч ирсэн асуудал юм. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хэдэн жил бидэнд нэг зүйлийг маш тодорхой харуулсан. Менежментийн тогтолцоо гэдэг бол зөвхөн олон улсын стандарт нэвтрүүлэх, эсвэл гэрчилгээ авах тухай асуудал биш. Байгууллагын соёл, ажлын арга барил, шийдвэр гаргалтын тогтолцоог өөрчлөх урт хугацааны хөгжлийн процесс юм.
ЭХНИЙ ҮЕД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ
-УБТЗ-ын хэмжээнд МНТ-ны хэрэгжилт ямар үе шаттай өрнөв?
-МНТ-г хэрэгжүүлэх ажил үе шаттайгаар өрнөсөн. 2020-2021 онд бид энэ ажлын суурийг тавьж эхэлсэн. Энэ хугацаанд олон улсын болон дотоодын туршлага судлах, олон улсын стандартын сан бүрдүүлэх, бодлого, төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт бий болгох, хүний нөөцийн бэлтгэл хангах, байгууллагуудын нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг суурь ажлууд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, энэ үе шат нь тогтолцооны суурь ойлголт, бэлтгэлийн үе байсан. Харин 2022-2023 онд хэрэгжилт, баталгаажуулалтын шат руу орсон. Энэ хугацаанд бид тогтолцооны баримт бичгүүд боловсруулах, процессын зураглал гаргах, дотоод аудит хийх, эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт, баталгаажуулалтын гэхчлэн олон ажил идэвхтэй өрнөсөн. Энэ бол бүтцийн нэгжүүд системтэй ажиллаж, олон улсын стандартын шаардлагыг үйл ажиллагаатайгаа уялдуулж эхэлсэн нэлээд том шилжилтийн үе байлаа. Харин 2024 оноос бид дараагийн шат руу орсон. Энэ нь, зөвхөн стандарт нэвтрүүлэх биш, зөвхөн гэрчилгээ авах биш, харин огтолцоог өдөр тутмын ажил болгох, чанарын соёлыг хэвшүүлэх, тасралтгүй сайжруулалтыг байгууллагын хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг болгох асуудал юм. Яг өнөөдөр бид тогтолцооны “соёл ба хэвшил”-ийн үе шат руу аажмаар шилжиж байна.
ОЛОН САЛБАР НЭГЖТЭЙ БАЙГУУЛЛАГАД ӨӨРЧЛӨЛТ НЭГ ӨДӨРТ ЯВДАГГҮЙ
-Сүүлийн үед УБТЗ-ын бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй зорилт арга хэмжээтэй холбоотой хүмүүсийн дунд нэлээд шүүмжлэл, бухимдал гарч байгаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд ийм бухимдал, шүүмжлэл гарч байгаа нь бодит зүйл. Үүнийг хүмүүсийн буруу ойлголт гэж шууд үгүйсгэж болохгүй. УБТЗ шиг 80 гаруй бүтцийн нэгжтэй том байгууллагад бүгд ижил ойлголттой, ижил түвшинд, нэг арга барилаар ажиллана гэдэг нь өөрөө асар том өөрчлөлтийн ХАНДИВЫН АЯН процесс байдаг. Тиймээс үл ойлголцол, эсэргүүцэл, хэт баримт бичгийн асуудал, хэлбэр хөөсөн хэрэгжилт болон “Дахиад нэг ажил нэмэгдлээ” гэсэн мэдрэмж гарах нь тодорхой хэмжээнд зайлшгүй тохиолддог үе шат шүү дээ. Анх 2020-2021 онд энэ ажлыг эхлүүлэхэд зарим хүмүүс “Дахиад нэг бичиг цаасны ажил нэмэгдлээ”, “Гэрчилгээ авах кампанит ажил юм байна”, “Түр зуурын л зорилт” гэж харж байсан. Нөгөө талаас “Олон гэрчилгээ аваад яах юм”, “Зардал их байна”, “Бодит үр дүн мэдрэгдэхгүй байна” гэсэн асуудлууд ч гарсан. Хэрэв менежментийн тогтолцоо ажилтны бодит ажилд дэмжлэг болохгүй, зөвхөн нэмэлт ачаалал мэт мэдрэгдэж байвал хэрэгжилтийн арга барилд асуудал байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр хамгийн чухал асуудал нь гэрчилгээний тоо биш. Харин тогтолцоо байгууллагын өдөр тутмын ажилд бодит үнэ цэнээ өгч байна уу гэдэг асуудал юм.
СТАНДАРТЫН ЖИНХЭНЭ ЗОРИЛГО НЬ АЖЛЫГ ХҮНДРҮҮЛЭХ БИШ
-Зарим хүмүүс ISO-г зөвхөн бичиг баримт, аудиттай холбож ойлгодог?
-Ийм ойлголт тодорхой хэмжээнд үүссэн нь үнэн. Зарим байгууллагад олон улсын стандартын хэрэгжилтийг аудит давах, гэрчилгээ авах, тайлан бүрдүүлэх түвшинд ойлгож ирсэн тохиолдол бий. Тэгэхээр хүмүүсийн дунд “Цаасан ажил”, “Аудитын үеэр л эмх цэгцтэй болдог”, “Бодит үр дүнгүй” гэсэн ойлголт үүсэх нь аргагүй. Гэхдээ олон улсын стандартын жинхэнэ зорилго нь ажилтны ажлыг хүндрүүлэх биш. Харин давхардлыг бууруулах, процессыг ойлгомжтой болгох, эрсдэлийг урьдчилан харах, хариуцлагыг тодорхой болгох, мэдээллийн урсгалыг цэгцлэх, хүний хамаарлыг багасгах, байгууллагын мэдлэгийг хадгалах зорилготой. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэх гэж байгаа арга нь өөрөө асуудал болж болохгүй.
БИДЭНД Ч АЛДАА, ГАЖУУДАЛ БАЙСАН
-Хэрэгжилтийн явцад ямар хүндрэлүүд хамгийн их гарав?
-Сүүлийн жилүүдэд тодорхой асуудлууд гарсан. Жишээлбэл, удирдлагын ойлголтын ялгаа, дэмжлэгийн тогтворгүй байдал, олон улсын стандартын хэрэгжилтийг зөвхөн нэг албаны ажил мэт харах хандлага байсан. Мөн гэрчилгээ авсны дараа цааш хөгжүүлэх ажил сулрах, “аудитыг аргалж өнгөрөөх” хандлага, бодит сайжруулалт биш баримт бичигт төвлөрөх асуудлууд гарсан. Эдгээрийг нуух шаардлага байхгүй. Харин ч энэ бол тогтолцооны өөрчлөлт хийж байгаа байгууллагуудад дэлхий даяар нийтлэг тохиолддог үе шат. Олон улсын туршлагаас харахад менежментийн тогтолцооны хэрэгжилт ихэвчлэн дараах мөчлөгөөр явдаг. Эхлээд хүмүүс ойлгодоггүй, эсэргүүцдэг, дараа нь хэлбэр хөөсөн хэрэгжилт давамгайлдаг. Харин үүний дараа л байгууллагууд процессоо хэмжиж, өгөгдөлд тулгуурлан тасралтгүй сайжруулалт хийж эхэлдэг. Тэр үед тогтолцооны бодит үнэ цэнэ гарч эхэлдэг. Өнөөдөр дэлхийн томоохон төмөр замууд, үйлдвэрлэл, агаарын тээвэр, эрчим хүчний байгууллагууд ч ийм үе шатыг туулж ирсэн. Өөрөөр хэлбэл, үл ойлголцол, эсэргүүцэл, хэлбэр төдий хэрэгжилт гэдэг нь тогтолцоо буруу яваагийн шинж биш. Харин байгууллага өөрчлөлтийн шилжилтийн үе дээрээ явж байгаагийн нийтлэг шинж юм.
МНТ БОДИТ ҮР ДҮН АВЧРАХГҮЙ БОЛ ХЭН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
-Өнөөдөр хамгийн чухал тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?
-Хамгийн чухал асуудал бол тогтолцоог төслийн ажил биш, байгууллагын өдөр тутмын ажлын соёл болгох асуудал. Бид өнөөдөр “бүх зүйл төгс болсон” гэж ярихгүй. Харин олон улсын жишгийн дагуу тогтолцооны соёл руу шилжих урт хугацааны өөрчлөлтийн үе шатандаа явж байна гэж харж байгаа. Менежментийн тогтолцоо бодит үр дүн авчрахгүй бол хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв ажил хөнгөвчлөгдөхгүй, давхардал буурахгүй, ойлгомжгүй процесс цэгцрэхгүй, эрсдэл буурахгүй, мэдээллийн урсгал сайжрахгүй бол хүмүүсээс эсэргүүцэл гарах нь зөв. Тиймээс цаашид аливаа зорилт, хөрөнгө оруулалт, процессын сайжруулалт, эрсдэлийн удирдлага, чанарын асуудлыг МНТ-ны зарчимтай уялдуулж, бодит үр дүн рүү чиглүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна.
ИРЭЭДҮЙН ӨРСӨЛДӨӨН ТЕХНИКЭЭР БИШ, ТОГТОЛЦООГООР ЯВНА
-Төмөр замын салбарын цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Цаашид төмөр замын салбар улам л өгөгдөлд суурилсан, автоматажсан, уялдаа холбоотой болно. Тиймээс чанарын удирдлага, эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, байгаль орчны менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, тасралтгүй сайжруулалтын соёл илүү чухал болно. Өөрөөр хэлбэл, ирээдүйн өрсөлдөөн зөвхөн техникээр биш, тогтолцоо, удирдлагын чадавхаар явагдана. Эцсийн дүндээ менежмент гэдэг бол байгууллагын асуудлыг илүү зөв, тогтвортой, ухаалаг шийдэх тухай ойлголт юм.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
