Агаарын цэнхэр долгионыг ган харгуйтай шаглаж
Алс ирээдүйн хөгжлийг гэрлийн хурдаар дөтөлсөн
Хязгаар чанадын хэргийг зүрхэн ховдолд аргамжиж
Халуун сэтгэлийн тэмүүллийг хүслийн зоргоор нь учруулсан
Төмөр замчин холбоочдын яруу алдар
Тунхагт түүхэнд тод мөртэй...
Тиймээ, төмөр замын тээврийн ажлыг холбоочдын хөдөлмөр зүтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд бол эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвар, оюун бодол, өргөн сэтгэлгээнийхээ цар хүрээгээр төмөр зам хэмээх нарийн технологи, өндөр сахилга баттай салбарын аюулгүй байдал, ажлын уялдаа холбоог агаарын цэнхэр долгионы хүчийг ашиглан минут, секунд, доолийн зөрүүгүйгээр хангаж байдаг онц чухал үүрэгтнүүд. Чухамдаа энэ л сэжмээр Дохиолол холбооны II ангийн Шалган турших тасгаар энэ сарын 16-нд ороод гарсан юм. Тус тасаг уг нь дөрвөн эмэгтэй, долоон эрэгтэй гээд 12 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Гэхдээ яг намайг очиход ажлын байран дээрээ ердөө ахлах инженер Г.Дэлгэртөр л хоёр инженерийнхээ хамт байв. Тэд ч бас юу юугүй гадаа ажлын талбар руугаа явах гэж байсан учраас энэ удаагийн сурвалжилга маань илүү товчхон өрнөсөн билээ.
Ангийн хэмжээнд байгаа холбооны бүх төхөөрөмжид үзлэг шалгалт хийн баталгаажуулж, “засагдах боломжгүй” гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдээс ирсэн төхөөрөмжүүдэд шаардлагатай засварыг лабораторийн орчинд хийх үдсэн үүрэгтэй энэ хамт олны хувьд сонгох холбоо, дамжуулах төхөөрөмж, холбооны тэжээлийн байгууламж, хяналтын камеруудын хэвийн ажиллагааг ч хариуцан ажилладаг аж. Боловсон хүчний хувьд чиглэл хариуцсан тав, долоон механикчтай. Тэдний гурав нь ОХУ-д мэргэжил эзэмшсэн бол бусад нь ТЗДС-ийг төгссөн тухай ахлах инженер Г.Дэлгэртөр танилцууллаа.
Түүний хувьд 1993 онд ажлын гараагаа эхлүүлснээс хойш эдүгээ УБТЗ-д тасралтгүй 32 жил ажиллаж байгаа хашир туршлагатай нэгэн. Тэрбээр, Дохиолол холбооны III ангид ажиллаж байгаад хоёр жилийн өмнө энд шилжиж иржээ. “Намайг анх ажлын гараагаа эхлүүлж байх үед агаарын шугамаар 3-12 сувгийг өндөр үелзлийн төхөөрөмжөөр нэвтрүүлдэг байлаа. Гэтэл одоо шилэн кабель ашиглаж, нэг шөрмөсөөр нь 1000-аад суваг нэвтрүүлэх боломжтой болсон. Ер нь, манай салбар маш хурдтайгаар хөгжиж, тоног төхөөрөмжүүд ч нь ч эрс шинэчлэгдэж байна. Манай хамт олны хувьд тэжээлийн чиглэлээр 20-иод жил ажилласан хашир туршлагатай инженер Б.Наранболд, өртөө зөрлөгийн жижүүрийн байруудад байдаг бүх төрлийн холбоо буюу сонгох холбооны чиглэлээр Э.Эрдэнэ-Очир гээд ажил мэргэжлээр хэдийнэ гартаа оруулсан хашир туршлагатай инженерүүд ажилладаг. Орчин цагийн техник технологийг эзэмшсэн олон сайхан залуустай мөр зэрэгцэн ажиллаж буйгаараа бахархдаг” хэмээн ярилаа.

Г.Золзаяа:Үе хоорондын шилжилтийг бүтээж яваа учраас илүү хичээдэг
Шалган турших тасгийн механикч
-Би Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. Галт тэргэнд ч сууж үзээгүй хүн ТЗДС-д элсэж байлаа. Дараа нь 2011 онд ОХУ-ын Омск хотод магистраа хамгаалахаар гурван жил сурсан. Тэгээд л энэ тасагт орсон доо. Манай тасгийн хамт олон шинэчлэн сайжруулах шаардлагатай ажлууд дээр нэн тэргүүнд нүүр тулдгаараа онцлогтой. Бид өмнөх үеийн технологи, тоног төхөөрөмжөөс орчин цагийн тоног төхөөрөмж, ажлын арга барилд шилжих үед нь ажиллаж байгаа нэг бодлын азтай, нөгөө бодлын өндөр хариуцлагыг нуруундаа үүрч яваа хүмүүс. Ахмад болон дүнд үеийнхээ бүтээж ирсэн зүйлийг үе хоорондын шилжилт дээр залгамжлан авсан учраас бидэнд алдах эрх байхгүй.
У.Амарзаяа:Онол практик хоёрын дунд том ялгаатайг ойлгосон
Шалган турших тасгийн дамжуулахын инженер
-Миний бие 2022 онд Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургуулийг холбооны инженерээр төгссөн. Мөн оныхоо наймдугаар сарын 1-нээс ажлын гараагаа эхлүүлж, энэ оны хоёрдугаар сараас дамжуулахын инженер болсон. Шинэ ажлаа аваад хоёр сар гаруй л хугацаа өнгөрч байна. Онолын хичээлээ үзэх ажлын талбарт гардан хийх хоёрын дунд маш том ялгаа байдаг юм байна гэдэг бодол хамгийн түрүүнд төрсөн. Ялангуяа, гарсан гэмтэлтэй нүүр тулна гэдэг шинэ залуу ажилтны хувьд амаргүй шүү. Гэхдээ одоо нэг үеэ бодвол гэмтлээ олж илрүүлээд, засварлаад байгаа учраас түүндээ улам урамшаад ажиллаж байна даа.
Шалган турших тасгийн хамт олон үндсэн үүрэгт ажлынхаа зэрэгцээ ШБАЗ-ын чиглэлээр өндөр санаачилгатай ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд Замын даргын үзлэгийн комисст галт тэрэг ойртон ирж буйг замчдад урьдчилан мэдээлэх төхөөрөмжийг өөрсдийн гараар бүтээснээ танилцуулсан юм. Тус төхөөрөмжийг зохион бүтээхийн тулд зураг схемээ гаргана, шаардлагатай бэлдцүүдээ БНХАУ-аас захиалж авна, бэлдцээ хүлээж авсныхаа дараа тэдний төсөөлснөөр техникийн шаардлага хангах нь уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн туршиж үзнэ. Кодоо бичнэ, угсарна гээд хоёр сарын хугацааг зарцуулан шаргуу ажиллажээ. Товчхондоо радио, дохиолол, камерын инженер, механикч, моторын механикч гээд чиглэл бүрийн мэргэжилтнүүдийн хамтын хөдөлмөрөөр нэг төхөөрөмжийг бүтээдэг байна. Дээрхтэй адил зориулалтын төхөөрөмж ОХУ болон Германы төмөр замд ашиглагддаг ч нэг бүрийнх нь үнэ дунджаар 20-иод сая төгрөгийн өртөгтэй байдаг аж. Харин Монгол инженерүүд үүнийг таван сая гаруй төгрөгийн өртгөөр өөрсдөө зохион бүтээжээ.
“Галт тэрэгний ойртолтыг мэдээлэх төхөөрөмж” одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд зам төмөр дээр суурилуулах мэдрэгч, ажлын фронтын хоёр талд байршин мэдээлэл дамжуулах станц, анхааруулга өгөх зориулалт бүхий чанга яригч, замчин бүрт галт тэрэг ойртон ирснийг дуу, чичиргээгээр мэдэгдэх зориулалт бүхий бугуйн цаг шиг хэлбэртэй төхөөрөмж гээд цогц системээс бүрдсэн аж. Энэ тухайд ахлах инженер Г.Дэлгэртөр “Одоо бидэнд замчидтайгаа хамтран төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгах ажил л үлдээд байна. Тэдний хэрэглээнд яв цав нийцсэн, үйл ажиллагаа нь хялбар байх ёстой. Энэ төхөөрөмжийг манай Б.Сүхбат инженер анх санаачилж, оюутан байх үеэсээ туршиж, сайжруулж ирсэн юм. Сайжруулах зүйлс ч бий. Жишээ нь, 30-40 метрийн өндөртэй саад тааралдахад дохиоллынх нь түвшин унаад байгаа. Тэгэхээр радио модулийнхаа чадлыг нэмэх шаардлага бий. Уг нь техникийн үзүүлэлт шууд хаагдаж байгаа орчинд 15 метрийн радиуст барих ёстой. Бодит байдалд 5 км-ийн зайнд барьж байна билээ. Гэхдээ бидэнд тийм ч холын зайнд барих шаардлагагүй. Галт тэрэгний найдвартай тоормосын зайнд нь ажиллаж байвал болох юм. Уул, толгод бартаатай зайд илүү сайн ажиллах нь чухал. Гэтэл тэр шаардлагыг хангахгүй байна. Дээр нь суурилуулж, зөөвөрлөхөд хялбар байх ёстой. Гэхдээ Starlink гээд өндөр хурдны интернэт орж ирж байгаа энэ үед бид камерын системтэй цогцоор нь хөгжүүлэх ч боломжтой. Бид цаашид үйл ажиллагааг нь байршил тогтоогч буюу GPS рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд хүний үйл ажиллагаа улам багасна” хэмээн ярилаа.
Ийм төрлийн ажлыг хийхэд ангийн удирдлага өндөр ач холбогдол өгч шаардлагатай тохиолдолд зөвхөн дотроос нь гэлтгүй өөр тасгуудаас ч мэргэжилтэн татаж, баг болгон ажиллуулдгийг тэд онцолж байлаа. Тиймдээ ч тэд илүү идэвхтэй, эрэл хайгуулч ажилладаг нь илэрхий. Тухайлбал, саяхан зохион байгуулагдсан “Инновацийн өдөрлөг”-т 2010 оноос хийж ШБАЗ чиглэлээр хийсэн бүх тоног төхөөрөмжөө дэлгэн тавьсан билээ. Гармын чиглэл заагч, автомат зарлан мэдээлэгч, галт тэрэгний замнал заагч, автомат зарлан мэдээлэгч, хүчдэл хянагч төхөөрөмж гээд олон төхөөрөмжийг тэд өнгөрсөн хугацаанд зохион бүтээж, энэ хэрээр ангийнхаа зардлыг хэмнэж, орлогыг нэмэгдүүлж, төмөр замчдын аюулгүй ажиллагааг хангажээ. Хамгийн сүүлд л агаарын шугамын хяналтын төхөөрөмж зохион бүтээж, Эмээлт зөрлөгт байршуулсан байна. Энэ төхөөрөмж нь төмөр замын технологийн холбоо шилэн кабель руу бүрэн шилжсэнтэй холбоотой ашиглалтгүй, нөөцөд байгаа агаарын шугамаас хулгайд алдагдах тохиолдлыг таслан зогсооход үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Тодруулбал, өртөө, зөрлөг хооронд суурилуулсан дээрх хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар агаарын шугамын хаа нэгтээ гэмтэл гарвал шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан жижүүрийн механикч нь хянах боломжийг тэд бүрдүүлсэн байна.
Бугуйнд зүүдэг төхөөрөмжийнхөө дэлгэц дээрх антены үүрэгтэй ялтсыг ангийнхаа логоны дүрстэй хийснээс эхлээд хэлбэр загварт ч тэд онцгой анхаарсан нь харагдав. Цаашлаад тэдэнд өртөө зөрлөгүүд дээр байгаа холбооны хуучин оролтуудыг шинэчлэх, шинээр баригдаж байгаа өртөө зөрлөг, зам сунгалт гээд их барилгын угсралтын ажлууд, холбооны чиглэлээр хийгдэж байгаа шинэчлэлтүүдийг гардан хэрэгжүүлэх гээд төлөвлөгөөт ажил олон бий.
Дайны цагт холбоочид үргэлж галын шугамд тулалдаж ирсний адил энхийн цагт ч төмөр замын холбоочид их хөдөлмөрийн халуун цэгт хамтдаа буцаж, инженерийн шийдэл, сэтгэлгээний хурдаараа ийнхүү түүчээлж явна.
Б.Дэлгэрхишиг
