Хичээлийн шинэ жилийн эхний дугаартаа ТЗДС-ийн зүтгүүрийн багш С.Галбадрахтай уулзлаа. “Багш бол залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар суулгах, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм” хэмээн тодорхойлсончлон тэр багшийн арга ухааныг бүрэн эзэмшсэн хүн шиг санагддаг юм.
Тэрбээр, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд аав Н.Сандаг, ээж Ц.Хэнмэдэх нарынхаа дөрвөн хүүхдийн гурав дахь хүү нь болж мэндэлсэн байна. Аав нь Улсын аварга малчин айлын 11 хүүхдийн бага, сумын алдарт уяач, малын их эмч мэргэжилтэй хүн байж. Н.Түмэн, Н.Готов зэрэг авга ах нарын олонх нь 1980-аад оны эхэн үеийн аймгийн алдарт уяачид. Малчин айлын хүүхдүүдийн нэгэн адил С.Галбадрахын хүүхэд нас ч хонь хариулж, хурдны морь унаж өсжээ. Хурдан морины хүүхдээс хасагдсан ч өөрөө морь уядаг болж, хусуур зүүчихсэн “том амьтан” явдаг байснаа дурсан инээв. “Хичээл амарлаа л бол адуу руугаа яарна. Том болоод уяач болно хэмээн боддог байлаа” гэх. Мөн “Аав аймгийнхаа Эрдэнэ сумын Намын үүрийн даргаар томилогдсоноор бид гэр бүлээрээ тус суманд шилжин амьдарсан. Эрдэнэ сум төмөр замтай болохоор багаасаа л төмөр замын талаар ойлголттой болсон. Суманд найм төгсөөд ес, аравдугаар ангидаа Сайншандад сурч галт тэргээр ирж очдог байлаа. 1998 онд аймгийн нэгдүгээр сургуулийг төгсөөд шууд л зүтгүүрийн мэргэжил сонгож суралцсан. Тухайн үед манай сургууль коллеж байсан юм. Тэгээд гурван жил техникчээр сурч төгссөн. Тэр үед сурлагаас нь хамаарч цөөн хүүхдийг сонгон үргэлжлүүлж хоёр жил сурган бакалавр олгодог, шаталсан сургалтын тогтолцоотой байлаа. Үүнд нь би сонгогдон сурч, 2004 онд төгсөж Сайншанд татах хэсэгт засварчнаар ажилласан. Өмнө нь, техникчээр төгсөөд туслах машинчаар зуныхаа амралтаар ажилладаг байсан” хэмээн ажил амьдралын гараагаа товчхон өгүүлэв. Түүний аав, ээжийн талаас төмөр замд ажилладаг хүн байгаагүй аж. Гэвч С.Галбадрах төмөр зам хэмээх их айлын гишүүн болохыг хүсэж, найзуудтайгаа хамт төмөр замын мэргэжил сонгожээ. Тэдний төгсөлтөөс одоо Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн ерөнхий инженер Б.Сониунбат... гээд дурдвал олон бий. С.Галбадрах Сайншандын татах хэсэгт засварчин, ээлжийн мастер, ээлжийн хүлээн авагч, ахлах хүлээн авагч зэрэг шат ахин ажиллаж байхад нь 2005 оны арванхоёрдугаар сард Замын даргын тушаал гарч дээд сургуулийн багшаар томилжээ. Энэ тухайгаа “Анх багш болно гэхээр санаанд огт буугаагүй. “Оюутнуудад хичээл зааж чадахгүй баллаад хаячих болов уу”, “Ер нь, би багш болж чадах уу” гэж их эмээж билээ. Бас найз нөхдөөсөө холдоод явна гэхээр нэг л хэцүү. Тэглээ гээд тушаал гарчихсан болохоор найз нөхдөөрөө үдүүлээд хоргодох сэтгэлтэй л наашаа явсан даа. Багш болсон даруйдаа айдастай байдаг сан. Учир нь надад хичээл заасан багш нар хажууд сууж байна. Багш нарын өрөөнд ч тайван сууж чадахгүй, бушуухан л ангидаа орчихно \инээв\. Хамгийн хэцүү нь багш нар, бас Б.Сэрвүүд захирал хүртэл миний хичээл заахыг хараад суучихдаг. Сурганы аргад суралцаагүй болохоор их түүртэнэ. Нэг бол хамаг юмаа нэг дор ярьчихна. Үгүй бол дутуу ярина. Тиймээс хичээлийн дараа багш нар заавар зөвлөгөө өгнө. Д.Тоодой багш “Чи айж сандрах хэрэггүй. Хамгийн гол нь заах хичээлээ эмх цэгцтэй л болгочих” гэж билээ. Өөрсдийнхөө зааж буй хичээлд суулгана. Миний оюутнуудын даалгавар шалгасан байдлыг үзнэ. Залуу багш нараа Д.Тоодой, Ш.Түмэнжаргал, Д.Түмэнжаргал, Д.Сүрэнцоо, Б.Загдсүрэн гэж гол багш нар маань дагуулж сургасан даа. Мөн Д.Гомбосүрэн, Г.Боргой, Ш.Байгалмаа, Б.Баасанням, Ч.Дашням, С.Ариунболд, дотуур байрны багш Бурмаа, одооны Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэн гээд нэрлэвэл олон багш бий. С.Ариунболд багшийн удирдлага дор бакалаврын дипломын ажлаа хийхдээ судалгаа хийж, цаашид судалгааны ажил хийдэг болохыг хүсэж, биеэ дайчилсны хүчинд 2016 оноос судалгааны ажил хийж эхэлсэн. Одоогоор Москвагийн их сургууль, Новосибирскийн их сургууль, Омскийн их сургуулийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллүүдээ хэвлүүлээд байна. Энэ бол сайн багш нарын маань л ач. Манай багш нар хүүхэд бүрийн араас хөөцөлдөж, сургах, зөв хүн болгохын төлөө чин сэтгэлээсээ хичээж ажилладаг байсан. Би багш болоод эхний хоёр гурван жилдээ ер нь их будилсан. Лекцүүдээ бэлдэж өөрийн болгоно гэдэг амаргүй. Хоёр жилийн турш лав сургууль дээр хоносон байх. Хамгийн сайхан нь олон жилийн түүхтэй, материаллаг бааз ихтэй сургууль байсан нь залуу багш нар сурахад их дөхөм байсан. Биднийг МУБИС-ийн заах аргын сургалтад хамруулсан. Анх “Би чинь зүтгүүрийн инженер хүн. Тиймээс Зүтгүүрийн депод л ажиллах ёстой” гэж боддог байсан бол сайхан багш, ажилчдаар хүрээлүүлээд ирэхээр багш болсон нь зөв зам минь байжээ гэж бодогдсон. Багшийн мэргэжил үнэхээр сайхан. Хаана ч явсан “Багшаа, багшаа” гээд л шавь нар хүндлэнэ. Москвад нэг удаа төмөр замын зүтгүүрийн инженерүүдтэй хамт мэргэжил дээшлүүлэх сургалтад суусан юм. Тэр үеэр Европ дахь Монгол залуучуудын том наадам болж байсан. Бид үзэхээр очтол маш олон залуус энд тэндээс “Сайн уу багшаа” гээд хүрээд ирж билээ. Тэгтэл шавь нараас маань европт сурдаг олон залуу байсан. Хамт явсан инженерүүд “Багш хүн ямар сайхан юм бэ” гэцгээгээд л... Одоо тэр шавь нарын зарим нь төгсөж ирээд төмөр замдаа том том дарга нар болсон байна. Нэрлэвэл дуусахгүй олон бий. Тэгэхээр онцолж нэрлээд дэмий байх. Шугам замаар явахад ч сайхан шүү. Зүтгүүрийн депогуудаар дүүрэн шавьтай” хэмээн бахархав.
ТЗДС залуу багш нараа бэлтгэн сургаж, С.Галбадрах, Ч.Баттунгалаг, Ц.Мөнхбаяр нарын хэдэн залуу багшийг ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуульд магистрт сургасан байна. С.Галбадрах “1980-аад оны эхээр төгссөн багш нар бөөнөөрөө орж ирсэн нь нэгэн зэрэг 2010 оноос тэтгэвэртээ гарснаар залуу багш нар маш олноор ирсэн. Тиймээс бид ч ахмад багш нараасаа сурсан бүхнээ л залуустаа дагуулан сургах гэж хичээдэг. Заавал зүтгүүрийн гэхгүй өөр мэргэжлийн багш нартай ч багш шавийн гэрээ байгуулдаг юм. Манай зүтгүүрийн багш нар харьцангуй тогтвор сууршилтай. Хамгийн сүүлд ирсэн М.Жаргалсайхан багш гэхэд арав гаруй жил боллоо. Д.Наранболд болон Замын мэргэжлийн аварга Б.Мягмар багш бид гурав оюутны нэг анги. Д.Тоодой багшийн отгон шавь нар шүү дээ. Багшийнхаа энд хүрэхийн төлөө хичээж л байна даа” гэв. Түүнтэй адуу, хурдан морь яривал нүд нь сэргээд л явчих аж. “Төмөр замчин болж, багшилж эхэлснээр адуунаасаа жаахан хөндийрсөн. Харин сүүлийн ганц нэг жил л өөртөө цаг гаргаж сурч байна. Зуны амралтаараа адуун дээрээ очдог. Манайхан хурд сайтай. Аймаг, сумандаа нэлээд амжилт гаргасан. Улсын наадамд Готов ахын адуунаас “Дэлгэр” хээр түрүүлсэн шүү дээ. Энэ мэт зарагдаад улс, бүсийн наадамд айрагдсан хэд хэдэн морь бий. Авга ах нарын хүүхдүүд одоо ихэвчлэн аймаг сумандаа л морь уралдуулж байна. Хааяа л нэг улсад ирэх юм” гэж ярихдаа тэр бодлоороо дамжин хөдөө хээр талд морин дэл дээр дэрвэж явах шиг санагдав. Аав нь биерхүү хүн байсан гэх. Залуудаа сумын наадамд зодоглочихдог, бас аймагтаа уртын дуу дуулж, морь, бөх цоллодог Ардын авьяастан хүн байж. Томоохон үйл ажиллагааг үргэлж л “Түмний эх” дуугаар нээдэг байсан гэнэ.
С.Галбадрахын эмзэглэж, харамсаж явдаг нэг зүйл гэвэл шавь нараас нь олон жил төмөр замдаа ажиллаж чадварлаг инженер болсон хойноо ажлаасаа гарч буй явдал. Энэ тухай “Ярилцаад үзэхээр дандаа л амьдралаа дээшлүүлэхээр ажлаасаа гарч байна гэх юм. Заримыг нь шинэ төмөр замууд, бусад хувийн хэвшлүүд аваад байна. Олон жил бэлтгэсэн инженерээ алдана гэдэг байгууллагад үнэхээр хэцүү шүү дээ. Багш хүн амжилттай яваа шавь нараа хараад бахархдаг юм. Байгууллагын болон Замын мэргэжлийн аварга боллоо, амжилт гаргалаа гээд танай сонин дээр бичигдсэн байхыг нь хараад баярладаг. Харин ажлаа орхиод явахад нь харамсдаг юм” хэмээн хуучлав. Мөн “Орчин үеийн залуучуудын сэтгэлгээ өөр болсон. Манай зүтгүүрийн багш нар хамтраад дөрвөн тернажёр угсраад сургуулийнхаа нэр дээр оюуны өмчийн гэрчилгээг нь авсан. Хүүхдүүдийн сонирхолд нийцүүлэн илүү яаж хөгжүүлж, баяжуулах вэ гэдэгт үргэлж л шинэ санаа эрэлхийлдэг. Жолоодлогын тернажёрт Чойроос Сайншанд хүртэлх замыг хийчихсэн байгаа. Цаашид бусад замыг оруулна. Мөн бид Хятадуудтай хамтраад VR технологиор дадлагын кабинет хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нүдний шил зүүгээд л зүтгүүр дотор орчихно гэсэн үг. Ер нь, одооны залуусыг хуучных шиг ном унш гэж шахаад, самбарын өмнө үргэлж уран донгодоод, “Бидний үед гараараа бичиж, зурж, схем харж, уншиж сурсан” гээд тулгаад байх утгагүй. Зарим нь “Одоо үеийн хүүхдүүд...” гэж муулдаг. Би тэгж ярьдаг хүмүүст үнэхээр дургүй. Шинэ үеэ муулж буй үгээ өөртөө л хэл гэмээр санагддаг. Гэтэл одооны хүүхдүүдийн сэтгэлгээ, сонирхол тэс өөр болсон шүү дээ. Харин сэтгэлгээнд нь нийцэхийн тулд бид л өөрсдөө хөгжих шаардлагатай. Шинэ үеийг удирдах, сургах, дагуулах арга барилд л суралцах хэрэгтэй. Тэднийг зөв сургаж, чиглүүлж чадвал ирээдүйн хөгжил гэрэл гэгээтэй төсөөлөгдөж байгаа. Оюутнуудаас маань маш сайхан санаа гардаг. Тиймээс бид түүнээс нь сургалтынхаа үйл ажиллагаанд тусгадаг. Багш хүний давуу тал нь шинэ үетэйгээ өдөр бүр харилцаж, тэднээс суралцаж байдаг. Ер нь, мэргэжлийнхээ сайхныг олоод харчихвал цалин мөнгөний асуудал бол юу ч биш. Хамгийн гол нь ажлаасаа аз жаргал, сайн сайхан, бахархлыг л мэдэрч байвал тэр нь амжилт шүү дээ. Сургалтын баазаа сайжруулахын тулд яамд болон гадны байгууллагаас зарласан төслийн уралдаанд бид үргэлж оролцдог. Зөвхөн Замын захиргаанаас мөнгө нэхээд хэвтээд байж болохгүй. Дээр нь Зүтгүүрийн аж ахуйн алба, түүний харьяа депонууд үргэлж тусалдаг. Анги танхимуудыг маань засварлаж өгсөн. Манай зүтгүүрийн аж ахуйн мэргэжлийн хөтөлбөр бол Монгол Улсын техникийн ууган хөтөлбөр шүү дээ. Улсын магадлан итгэмжлэлд хоёр удаа орсон. Тиймээс энэ хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд маань Засгийн газраас зарладаг бүх тэтгэлэгт хамрагдах боломжтой. Өнгөрсөн оноос дадлагын цагаа уртасгасан. Хоёр сар дадлага хийсэн оюутнуудад мэргэжлийн зэрэг олгож байна. Төгсөөд дагалдалгүй шууд үндсэн ажилтан болно гэсэн үг. Ийм сайхан боломжуудыг бий болгосон” гэв. Түүний гэр бүлийн хүн нь Т.Ундармаа гэж зургийн багш бүсгүй байдаг аж. Тэд хоёр хүү, нэг охины аав, ээж болжээ. Ийнхүү эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, төмөр замдаа олон зуун мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй С.Галбадрах багштай уулзаж хөөрөлдлөө. Түүний “Залуусын сэтгэлгээнд нийцэхийн тулд бид л өөрсдөө хөгжих хэрэгтэй” гэхийг сонсоод багш хүн бүр ийм бодолтой байгаасай гэж бодсон билээ.
М.Наранболд
