Нүүр Дугаарын сурвалжилга Сэтгэлийн дуудлагаар...
Дугаарын сурвалжилга

Сэтгэлийн дуудлагаар...

G.Press 2 жилийн өмнө 77 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 -“За больё доо”, “Одоо л больё” гэх бодол шинэхэн төмөр замчин байхад олон удаа төрж байсныг нуугаад яах вэ. Хар багаасаа дурласан ажил байтал шантармаар үе зөндөө тохиолдоно. Гэхдээ яг л “нугармаар” хүнд үед төмөр замчдын хамтач, нийтэч, тусч чанар, сайхан сэтгэл, халуун дулаан уур амьсгал намайг энэ хамт олон дунд авч үлдэж, өдий зэрэгт хүргэж дээ” хэмээн Сайншанд өртөөний ачаа вагон хүлээлцэгч, Замын мэргэжлийн аварга Гомбожавын Гүнжидмаа ярьж сууна. Удам залгасан төмөр замчин бүсгүй өдгөөгөөс 23 жилийн тэртээ Сайншанд өртөөнд ажилд орж байжээ.

-Анх ажилд ороход ачаа вагон хүлээлцэгч нар ганцаараа ээлжинд гардаг байлаа. Битүү вагоны хаалганууд нэвт онгорхой ирэх тохиолдол олон. Ганц эмэгтэй хүн бүх хаалгыг хааж, зөрчилгүй болгоод галт тэргээ хугацаанд нь явуулна  гэдэг амаргүй. Гажаатай хаалганууд дийлдэхгүй. Лоомоор хөшнө. Говь салхи шуурга элбэгтэйг хэлэх үү. Нүдгүй шуурах үе бишгүй. Салхины өөдөөс вагоны хаалга хаана гэдэг бүр хэцүү. Хүч хүрэхгүй аргаа барж зогсоход вагон үзэгч, туслах жижүүр, зүтгүүрийн бригад хэн таарсан нь тусална.

Оросоос мод, модон материал, гуалин их явна. Хагас вагон дээр ачсан гуалин бэхэлгээ нь сулраад багцаараа урагшаа гүйчихнэ. Хэмжээнээсээ хэтэрсэн бол вагон руу авирч гараад лантуугаар цохьж цааш нь оруулна.

Духны хаалганаасаа 400 мм хэтэрсэн бол хөрөөднө. Бэхэлгээг нь чангална. Эмэгтэй ачаа вагон хүлээлцэгчийн ээлжин дээр мод модон материалын ачаа ирсэн бол амарч байгаа эрэгтэй ачаа вагон хүлээлцэгчийг дуудаж туслуулдаг байлаа. Тэд маань цааргалалгүй ирээд тусална. Төмөр замчид гэдэг ийм л нэг нэгэндээ дэмтэй сайхан хамт олон доо. Надад тус болж байсан бүх хүнд тухайн үедээ баярлаж талархсанаа илэрхийлээд өнгөрсөн ч одоо хэрнэ тэр хүмүүсийн дүр төрх миний сэтгэлд тодоос тод байдаг.

“Замын мэргэжлийн аварга” гэх хүндтэй шагнал хүртээд зогсож байхдаа тусыг нь хүртсэн олон хүний царай төрх надад тодхон санагдаж байсан шүү. Хэчнээн он жил өнгөрсөн ч тэр хүмүүсийн дэм тус мартагддаггүй юм” гэж Г.Гүнжидмаа сэтгэл бахдан ярилаа.

Түүний ярианаас “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ” гэдэг үг санаанд бууна. Ажил мэргэжилдээ, хамт олондоо сэтгэлээ өгсөн хүн л хамгийн үнэнч үлддэг аж. Үүнийг нөгөө талаас нь харвал залуу төмөр замчдыг өөрийн хүн болгож, сэтгэлээр нь “уяж” авна гэдэг байгууллагын соёл, удирдлагын хамт олныг бүрдүүлэх чадвар, арга ухаан, хандлага, мэдрэмж, уур амьсгал гэх олон зүйлээс бүрдэх биз ээ. Өнөө цагт цалингийн ахиуг хараад тэдэн хүн тийшээ шилжсэн, ийшээ явсан гэх тайлбар олонтаа сонсдох болсон. Гэхдээ цалин хөлс гэдэг учир шалтгааны зөвхөн нэг л тал нь юм билээ л дээ.

Замын аварга бүсгүй маань Дорноговь аймгийн Сайншанд хотын унаган иргэн аж. Түүний ээж Чимэдийн Цэрэн нь Сайншанд өртөөнд сумчингаас эхлээд билет товарын кассир, товарын группийн дарга, мэдээлэгчээр ажиллажээ. Харин аав нь Замын-Үүдийн гаальд ажиллаж байгаад эрт ажлаасаа гарч, хувиараа ажиллаж байгаад бурхан болжээ. Айлын найман хүүхдийн долоо дахь нь болж төрсөн Г.Гүнжидмаа багаасаа төмөр замчин болно гэж боддог байжээ. Түүнээс өмнө нэг эгч, хоёр ах нь төмөр замчин болсон тул хүсэл мөрөөдөл нь тийм ч хол санагдаагүй нь лавтай. Гэвч түүнийг наймдугаар анги төгссөн жил Төмөр замын техникумын ашиглалтын ангид эмэгтэй хүүхэд авах хуваарь ирсэнгүй. ТМС-ийн вагоны үйлчлэгчийн ангийн хуваарь байсан ч авсангүй. Учир нь, ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөнө гээд бат нот шийдчихсэн байв. Гэтэл техникумуудын хуваарийг хотод очоод солиулж болдог гэж сонссон тул Улаанбаатарын Барилгын техникумын хуваарь арга буюу авчээ. Гэвч сургуулийн хуваарь солиулна гэдэг тийм ч санаан зоргоор болдог ажил биш байж. Эхний жил сэтгэл нь төмөр зам руу татагдах ч эрхгүй хичээлдээ суусаар байв. Дараа жилээс нь сургуульдаа, анги хамт олондоо дасаж сэтгэл хоёрдох нь гайгүй болжээ. Тэгсээр нэг л мэдэхэд дөрвөн жил ард үлдэж, сургуулиа барилгын шугам сүлжээний техникч мэргэжлээр төгсөн нутагтаа ирлээ. 1990 он гэдэг хамаг бүхэн урваж хөрвөж, хөл толгой, зах замбараа нь олдохгүй болсон үе хойно мэргэжлийн ажлаа олж хийх аятай боломж таарсангүй. Дорноговь аймгийн III арван жилийн сургуульд физикийн лаборант-бичээчээр гурван жил ажиллачихаад бусдын жишгээр ганзагын наймаанд явах болов. Тэр хооронд бага дүү нь дунд сургуулиа дүүргээд Сайншанд өртөөнд холбогчоор ажилд орчихсон байв. Бүсгүйн хувьд төмөр замчин болох итгэл найдвар сэтгэлийнх нь мухарт “улалзсаар” л... Бага балчир үе шигээ зав чөлөөгөөрөө ээжийнхээ ажил руу гүйдэг хэвээрээ. Очоод ээжээсээ “Энэ юу вэ?”, “Тэр яадаг эд вэ?” гэж асууж шалгаадаг янзаараа. Ганц ээж ч гэхгүй, таних мэдэх ах эгч нараасаа ч элдвийг асууж сурч л явна. Тэгсээр зүрх сэтгэлийнхээ дуудлагыг даган 2000 оны намар төмөр замчин болжээ.

Тэгэхэд ээж нь тэтгэвэртээ суусан байсан тул ачаа вагон хүлээлцэгч Д.Алтанцэцэг гэх хүнийг дагалдах болжээ. Юуны төлөө төмөр замчин гэр бүлийн охин билээ. Багаасаа таньж мэдэх болсон өртөөний хамт олон дүү шигээ, охин шигээ тосож авсан нь мэдээж. Тэд бүгд л түүний багш гэнэ. Үүний дээр ээж гэж гэрийн багштай, дээр нь насаар дүү ч түрүүлж төмөр замчин болсноороо бага дүү Ц.Цогтбаяр ч чамгүй багшилна. Хэзээ хойно өртөөнийхөн нь “Чи ажилд орохоосоо өмнө ч биднээс элдвийг асууж сурч явдагсан” гэдэг байж.

Нэг эгч нь Чойр хэсэглэлд зөрлөгийн жижүүр, хоёр ах нь Сайншанд депод ажиллах тул тэд халуун бүлээрээ цуглавал төмөр зам, ажил мэргэжил нь ярианы гол сэдэв болно.

Замын мэргэжлийн аварга болсон тухайгаа Г.Гүнжидмаа “Багануурт сувилалд амарч байтал Товарын конторын эрхлэгч маань утасдаад “Та Замын мэргэжлийн аварга боллоо. Хот руу очиж зургаа авахуулах хэрэгтэй” гэхэд нь ер санаанд ордоггүй. Дотроо байгууллагын аварга болсон юм байх даа гэж бодоод “За за...” гээд их тайвнаар “Миний зургийг эвлүүлчихгүй юу даа” гэтэл “Та юу яриад байна вэ. Та чинь бүхэл бүтэн Замын аварга болчихоод байна шүү дээ” гэхэд нь л сая ойлгож, тэгээд л сандарчихсан /инээв/.

Багануураас такси бариад хот руу явлаа. Хотын зах руу ороод л зам түгжирч, явсаар байтал орой болчихлоо. Ачаа вагон хүлээлцэгч нар ажлын хувцас өмсөнө үү гэхээс дүрэмт хувцас өмсдөггүй болохоор дүрэмт хувцас олох хэрэг гарсан. Манай хамт олон Сайншандаас дүрэмт хувцас, тэмдэг, зүүлт суудлаар өгч явуулсныг тосож авсан. Хамт олон минь нэгнийхээ төлөө сэтгэл гаргадаг сайхан хүмүүс.

Удирдах газарт шагналаа аваад гараад ирэхэд хоёр эгч минь тэр олон хүн дотроос онцгой харагдаж, өөрийн эрхгүй огшсон шүү.

Хүн ер нь ямар нэгэн шагнал авна гэж ажил хийдэггүй шүү дээ. Хийх ёстой ажлаа хийсэн шиг хийгээд явж байхад болно доо. Надаас өмнө дүү маань төмөр замын бараг бүх шагналыг хүртсэн дээ. Төмөр замчин болъё гэж багаасаа хүсэж дурласан болохоор төмөр замчны алдар хүндийг өндөрт өргөж явахсан гэж боддог.  

Ачаа тээврийн ажил хүн харахад амархан юм шиг мөртлөө сэтгэл зүйн хувьд хүнд үе их байдаг. Зарим үед өөртөө ч итгэхгүй, хийсэн ажлаа дахин дахин шалгаж нягталдаг” гэв.

-Би тантай ярилцах гээд бараг хоёр сар болов уу даа. Таны ажлын ачаалал тийм их байдаг хэрэг үү” гэхэд “Манай хэсэглэл Зүүнбаян, Өргөн зэрэг ачилтын өртөөдтэй. Тийшээ зарим ачаа вагон хүлээлцэгч нар томилогдоод явна. Зарим эрэгтэй ачаа вагон хүлээлцэгч нарыг маань тээш рүү авчихна. Тийм үед үлдсэн хэд нь тулаа хийдэг л дээ. Байгууллагын дотоод хөдөлмөр зохион байгуулалтын улмаас ачаалал өндөртэй ажиллах үе байдаг.

Түүнээс биш одоо бол ээлжиндээ дөрвүүлээ гардаг болсон. Намайг анх ажилд орж байхыг бодоход одоо өртөө зөрлөг бүр дээр ачаа коммерын зөрчлөө арилгаад явуулдаг болсон учраас ажил маань бас ч гэж хөнгөрсөн.

Төмөр замын маань ажил арвин байвал төмөр замчдын маань амьдрал тэр хэрээр л дэвжинэ гэж боддог доо” хэмээн тэр яриагаа өндөрлөлөө.  

 

Б.Гүнжинлхам

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.