Нүүр Чөлөөт Сэтгэлд үлдсэн 1000 зурвас
Чөлөөт

Сэтгэлд үлдсэн 1000 зурвас

G.Press 2 жилийн өмнө 65 үзэлт 0 сэтгэгдэл


Яг мартах шахаж шүү, зарим зүйлийг. Гэхдээ эргэж санасан нь яамай. Санасан дээрээ цаасан дээр буулгаж авмаар чи биднийг холбож байсан цахим зурвасуудын зарим нь сэтгэлийн минь нэгээхэн хэсэгт хадгалагдаж үлдэж. Бүгдийг нь би уг нь чамд гомдсон өдрөө гар утаснаасаа юу ч үгүй арилгаж орхисон. Хэсэгхэн эргэлзэж тээнэгэлзсэнээ арилгах товчийг зоригтой дарсан. Чамаас ирсэн бараг 1000 зурвас зуурхан л ор үгүй болж, сэтгэл хоосрох юм шиг санаад. Харамсаагүй гэж үү? Харамссаан харамссан, маргааш нь, нөгөөдөр нь, өнөөдөр хүртэл. Гэхдээ сэтгэлд минь огт арилаагүй мөрүүд байна. Магад нэг л өдөр бүдгэрчихнэ. Хайрын хэлээр ярилцаж, жигтэйхэн итгэж байсан цаг мөчүүд минь ямар гэгээн юм бэ?


-Би заримдаа нүдээ аниад чамайгаа ямар нүдтэй, хөмсөгтэй билээ, ямар хамартай, уруултай билээ гээд төсөөлөх юм. Уулзахгүй удахаар мартах гэж байгаа юм шиг санагдаад...


-Тэгээд намайг ямар төрхтэйг санаж байна уу?


-Нүдийг чинь сайн санаж байна. Харин ямар хөмсөгтэйг чинь санахгүй байна. Хамрыг чинь бол мартаагүй. Миний аавынхтай адилхан. Уруул... уруулыг чинь л огт санахгүй байх юм.


-Миний уруулыг мартчихлаа гэж үү?


-Тиймээ, бодоод бодоод огт санаанд орохгүй байна. Ямар билээ, хэлээд өгөөч. Яг мартах нь...


-Би яг одоо цайны цагаараа ажлаасаа гараад гэр лүүгээ орох гэж байна. Хурдхан ороод толинд хараадахъя!


-Харсан уу? ямар уруултайгаа хэл л дээ?


-Харсан. Гэхдээ мэдэхгүй байна. Юу гэж хэлэх юм бэ?


-Өө, надад чиний зураг байгаа шүү дээ. Мартчихаж тэндээс харчихъя л даа. Би өөрөө харчихъя. Компьютер дээр байгаа.


-Яасан нөгөө зургаа олоо юу?


-Оллоо, харлаа.


-Тэгээд ямар харагдаж байна.


-Их сайхан юм аа. Үзэсгэлэнтэй. Тан шиг ийм уруултай эр хүн ховор байх аа.


-Ээ, бурхан минь дээ...


Тиймээ, би чи, бид ингэж бичдэг байсан. Ингэж нэгнийгээ санадаг байсан. Одоо бид хэнд ч дурласан ахиж ингэж бичихгүй гэдгээ мэднэ. Ахиад хэзээ ч давтагдахгүй хором мөчүүд минь...
-Чиний зургийг сонин дээрээс олж хараад гэнэт амьсгал боогдож байгаа юм шиг дотор давчдаад... “Энэ хүн шүү дээ, тиймээ, энэ нүд шүү дээ” гэж би өөртөө хэлсэн. Тэгээд хурал дээр үг хэлэх ээлж болоход би дуугарч чадаагүй, дараагийнхаа хүнийг ярих хооронд жаахан тайвширсан гэж хэлэхдээ чи надад гараараа хоолойгоо боож байгаа юм шиг харуулснаа санаж байна уу? Өнгөрсөн бүх зүйлийг уучлах минь ганцхан тэр мөч байлаа. Чи надад сая сая удаа худлаа хэлсэн ч бай ганцхан тэр мөчид үнэнээ хэлсэн гэдэгт чинь үнэхээр итгэдэг. Хамгийн сүүлчийн удаа уулзаад явахад хамгийн сүүлчийн удаа тов тодорхой асуултад минь чи “Үгүй ээ...” гэж огт сандрахгүй, мэгдэхгүйгээр итгэлтэйгээр хариулаад хаалгаа хаасан. “Үгүй” гэсэнд чинь би нүдгүй итгэсэн...
Гэхдээ чиний чин үнэн, бас худал хуурмаг аль нь юм бол. Энэ хорвоогийн тэс өөр хоёр өнгийг чи хаана нь нийлүүлж, хаана нь салгадаг юм бэ?
...Галт тэрэгний буйдхан өртөө. Бусдаас ялгамгүй энэ хөдөө буйдхан газар чамаас л болоод сэтгэлд минь ямар дотно, дулаахан санагддаг байв аа. Би нүдээ аниад л төсөөлдөгсөн. Хав харанхуйд өртөөний хажуугийн хоёр гуравхан гэрлийн шон хавь ойрыг арай ядан гэрэлтүүлнэ. Гурав, дөрөв, таван ч давхар билүү ижил хэдэн саарал тоосгон сууцнуудын цонх бүгд гэрэлтэй. Хэн ч үл холхих энэ галт тэрэгний буудал дээр гараа алдлаад салхи мэдрээд л зогсох минь... Тэгээд энэ гэрэлтэй цонхнуудын алиных нь цаана чамайг аж төрдөг бол гэж боддогсон. Нүдээ аниад л би дэргэд чинь хүрдэг байлаа. Дэндүү ойрхон.
Өглөө ажил руугаа алхангаа чамайгаа гэрээсээ гараад ажил руугаа тайван алхаж яваа гэж төсөөлдөг. Тэгээд энэ мандаж байгаа өглөөний тунгалаг нарыг харж байгаа. Яг энэ наран дээр бидний харц уулзаж байгаа гэж мэдэрдэг сэн.
Галт тэрэгний буйдхан тэр өртөөнд аяны замаасаа хазайж буугаад үүрд үлдмээр санагддаг байж билээ. Гэвч тэгж хүсэх хэрэггүй болж... Зүгээр л дурсах минь, дурсамжаа нүднээсээ, сэтгэлээсээ угаах гэж уйлах минь бас л дурсамж...
Яг мартах шахаж байж шүү, тэр зурвасуудыг чинь. Гэхдээ мартахад хайран, дэндүү хайран, бас хадгалахад дэндүү хүнд, дэндүү хатуу дурсамж минь дээ, чи. 

 

Б.Цэгцүүхэй 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.