Нүүр Дугаарын сурвалжилга Сэрүүн тунгалаг агаартай Сэлэнгэ мөрний өглөө
Дугаарын сурвалжилга

Сэрүүн тунгалаг агаартай Сэлэнгэ мөрний өглөө

G.Press 2 жилийн өмнө 66 үзэлт 0 сэтгэгдэл

 

Галт тэрэгнээс буунгуут Сэлэнгэ мөрний сэрүүн тунгалаг уур амьсгал цээж дүүргэн сэнхийх нь нэн таатай. Хоёр оны зааг дээр Сүхбаатар өртөөний ажил үйлсийг сурвалжлахаар зорьж ирсэн минь энэ. Зам зуур халуун вагонд бүгчимдээд олигтой унтаж амраагүйг хэлэх үү өртөөний амрах байранд орж дэр толгой нийлүүлэв үү үгүй юу гүн нойронд автсан байв. Амрах байрны жижүүр “Цахилгаан халаагуураа залгаарай” гэж хэлснийг нь мартсан болохоор ч тэр үү өрөө нэлээд жиндүү байв. Хүмүүсийн хөлийн чимээнээр сэрж, хувцаслан гарвал төмөр замчдын ажил хэдийнэ жигдэрчээ. Сүхбаатар өртөөний дарга Т.Хоролсүрэн цахим хуралтай завгүй харагдана. Түүнийг хурлаа дуустал хөдөлгөөнчдийн ажил үйлстэй танилцахаар жижүүрийн байрыг зорив.

Сүхбаатар өртөө хүлээн авч, явуулах нийт 13 замтайгаас гадна гүйлтийн нэг замтай. 14 дүгээр зам дээрээ вагон орхихгүй зөвхөн илчит тэрэгний гүйлтэд зориулж ашигладаг учраас том давуу тал болдог аж. Тухайн өдрийн хувьд (2023.12.27) ОХУ-аас долоон галт тэрэг хүлээн авч мөн тооны галт тэрэг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байв. 12.00 цаг гэхэд тав дахь галт тэргийг хойш нь хөдөлгөхөд бэлэн болжээ. Зургаа дахь галт тэргийг нь 13.23 цагт үдэн гаргах аж. Улмаар, 16.14 цагт долоо дахь галт тэргийг явуулж, 14.00 цагт хойд хилээр орж ирсэн долоо дахь галт тэргийг хүлээн аваад 17.00 цагт галт тэрэг солилцооны ажил дуусах юм байна.

 

М.Жанболат:Зургаан жилийн өмнө зүүд шиг бодогддог байсан зүйл ч бодит ажил болсон

 

 Энэ өдрийн ээлжинд Сүхбаатар өртөөний жижүүр М.Жанболат ажиллаж байв. Тэрбээр,“Манай өртөөний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс галт тэрэг солилцоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн.  2023 нэгдүгээр сарын 1-ний байдлаар Орос Монголын хилээр нэвтэрч байгаа галт тэрэгний тоо хамгийн дээд хэмжээ нь хоногт ес хүрч байсан бол өнгөрсөн хугацаанд гурван ч удаа 10 хос галт тэрэг солилцлоо. 12 галт тэрэг өгч, арван галт тэрэг хүлээн авсан ч тохиолдол бий. Би 2017 онд жижүүрээр ирж байсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 10 хос галт тэрэг солилцоно гэдэг бидний хувьд зүүд шиг санагддаг байлаа. Одоо гэтэл манай хамт олон Оросын талд “Бид 12 галт тэрэг хүлээлгэн өгье. Зөрүүлээд танай талаас мөн тооны галт тэрэг өг” гэж ярих хэмжээнд хүрлээ. Энэ бол өртөөний хүчин чадал нэмэгдсэн, хоёр улсын хилийн өртөөдийн хоорондын уялдаа холбоо сайжирсны илрэл юм даа.  Өмнө нь манай өртөөний зам дээр условны 71-тэй таван галт тэрэг л багтдаг байсан. Бусад галт тэргийг нь хувааж, богинохон болгодог, түүнийг нь дагаад ажиллагаа маш их шаарддаг байлаа. Одоо харин бид хилийн хэлэлцээрийнхээ дагуу условны 71-тэй галт тэргийг чөлөөтэй хүлээн авдаг боллоо” гэв. Түүнээс нефтийн тээврийн талаар тодруулахад “Вагончид, ачаа тээврийнхэн, машинч нар, бичиг баримтынхан гээд хүн бүрийн оролцоотойгоор ажиллаж байж зургаан цагт нь багтааж нефтийн ачааг явуулдаг. Өнгөрсөн шөнө л гэхэд 46 цистерн вагон нефтийн ачаатай орж ирсэн. Үүнийг 32-ыг нь манай ээлжинд бүрэн найруулж 12.00 цагт аялалд гаргахад бэлэн болоод байна. Үлдсэн 29 вагоныг 15.30 цагт явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бидний хувьд нефтийн ачааг нэн тэргүүнд явуулах, Наушки өртөөтэй нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. ОХУ-аас орж ирж байгаа вагон бүрт техникийн бүрэн үзлэг хийж, найруулаад явуулж байгаа гээд ачаалал өндөр байна” хэмээн ярьсан юм. Түүний дурдсанаар, бичиг баримтын болон бусад чиглэлээр зөрчилтэй вагонууд тэдний ажилд багагүй хүндрэл учруулдаг байна. Тус вагонуудыг салбарын яамнаас, шалган асуудлыг шийдвэрлэх ёстой ч холбогдох хүмүүс нь хэзээ очиж шалгах нь тодорхойгүй удаан хугацаагаар зам эзэлж зогсдог. Энэ нь галт тэрэг солилцоонд саад болдог аж. Гэхдээ өмнөхөө бодвол энэ асуудлыг удирдлагын хэмжээнд анхаарч, тодорхой хэмжээгээр шийдвэрлэдэг болсон гэнэ.

Сүүлийн сард бензин шатахууны хомсдолтой улс даяараа нүүр тулсан учраас тус өртөөнд орж ирж байгаа нефтийн төрлийн ачаанд нийтээрээ анхаарал хандуулсан гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Миний хувьд тус өртөөнд ажлын ачаалал ид оволзож байгаа болов уу гэсэн бодолтой очсон ч эсрэгээрээ зам парк дээр хөдөлгөөн бага, гадна ажиллаж байгаа хүмүүс ч нэг их харагдахгүй аж. Энэ нь оны төгсгөл болж ажлын ачаалал харьцангуй багассантай холбоотойгоос гадна өртөөний удирдлагын хэмжээнд оновчтой менежмент хийж, гадаа ажиллах хүмүүсийнхээ тоог цөөлсний үр дүн аж.

 

Д.Амаржаргал:Орчин цагийн залуус цоо шинэ түвшинд сэтгэж, ажилладаг

 

Мөн энэ үеэр Сүхбаатар өртөөний тооцооны хэсгийн эрхлэгч Д.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр, “Сүхбаатар өртөө нь хилийн өртөө, тэр дундаа орон нутгийн ачилт буулгалтыг гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой. Манай хамт олон 2023 онд ачилтын төлөвлөгөө 105, статик даацыг 116 хувийн биелэлтэй гүйцэтгэлээ. Мөн орон нутгийн ачааны вагоны сул зогсолт, ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг бууруулсны зэрэгцээ бусад төлөвлөгөөт үзүүлэлт давж биелсэн үзүүлэлттэй байна. Өмнөх онтой харьцуулахад ачилт 20-30, орлогын үзүүлэлт 40-50 хувийн өсөлттэй гарлаа. Тооцооны хэсгийн хувьд хоёр үндсэн кассир, тооцооны нэг эрхлэгч зөвхөн өдрийн цагаар ажилладаг. Ажлын ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан зарим үед шөнийн цагаар, амралтын өдрүүдээр ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг шаардлага гардаг. Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл орон тоо нэмэх шаардлага гарна. Би 2000 онд ТЗДС-ийг техникч мэргэжлээр төгсөөд Ерөө өртөөнд хуваарилагдан ажлын гараагаа эхлүүлж байлаа. Эдүгээ 23 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед ахмад төмөр замчин н.Дулмаа эгчийг дагалдан жижүүрээр орж байлаа. Тэр үеийн хүмүүсийн ажлын туршлага, хүнд зааж сургах арга барил маш сайн байлаа. Тэднийхээ зааж сургасан арга барилаар л өдий зэрэгт хүрлээ. Миний залуу үеийг өнөөгийнхтэй харьцуулахад тэс өөр. Бид ахмадууд яаж заана түүнийг нь дагуу сурч, ажилладаг байсан учраас ахмад ажилтнуудынхаа үгийг үсэг орхилгүй бичиж тэмдэглэж авдаг байлаа. Өнөөгийн залуус харин гар утсандаа бичээд авчихна. Заавал хүний зааврыг хүлээгээд байлгүй интернэт орчноос хэрэгцээтэй мэдээллээ авчихна гээд сэтгэлгээ нь илүү өргөн цар хүрээтэй, асуудалд хандах хандлага нь  ч өөр болсон” хэмээн ярьсан юм.

Ийнхүү сэрүүн тунгалаг агаартай Сэлэнгэ мөрний хөвөөнөөс эхэлсэн сурвалжилгаа бичиж явсаар нэг л мэдэхэд 17.00 цаг болжээ. Өртөөний даргын өрөөнд орвол өглөө эхэлсэн цахим хурал нь дөнгөж дуусаж байв. Оны төгсгөл болж байгаа учраас тайлан мэдээллээ нэгтгэх шаардлага хаана хаанаа байдаг л бололтой. Гэхдээ “Төмөр замын удирдлагын ажил шалгалтаас шалгалт, хурлаас хурлын хооронд үргэлжилж байна” гэсэн шүүмжлэл байдаг нь бас бодууштай л зүйл юм даа гэсэн эргэцүүлэл тэр хооронд төрснийг нуух юун.

 

Б.Дэлгэрхишиг

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.