Нүүр Ярилцлага С.Дүүрэнбаяр: Замыг элснээс хамгаалахад алсын тор татах, геонэхмэлийг зэрэгцүүлж...
Ярилцлага

С.Дүүрэнбаяр: Замыг элснээс хамгаалахад алсын тор татах, геонэхмэлийг зэрэгцүүлж тавих нь оновчтой

G.Press 7 сарын өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

Улаанбаатар төмөр замд удам дамжсан төмөр замчин олон бий. Тэдний нэг нь Замын IV ангийн хэсэглэл хариуцсан инженер С.Дүүрэнбаяр. Түүний аав Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Сандаг, авга ах Д.Санзайжав нар ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн буурлууд юм. С.Дүүрэнбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

 

-Сайн байцгаана уу. Би 2001 оноос замчнаар ажлын гараагаа эхэлсэн. Ажлын болон шалгалтын бригад, замын мастераар ажиллаж байсан. Анх замчны курсээр мэргэжил эзэмшсэн юм. Бригадын даргаар ажиллаж байхдаа ТЗДС-ийг техникчээр төгсөж, I, XV, VIII  хэсэг дээр замын мастераар ажилласан замналтай. 2022 онд “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд эчнээгээр инженерийн ангид суралцаж, 2024 онд төгсөж, одоо VIII  хэсэгт хэсэглэл хариуцсан инженерээр ажиллаж байна.

 

-Таны аав Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Сандаг, авга ах Д.Санзайжав нараараа бахархаж, тэднээс их зүйл суралцаж ирсэн байх?

 

-Би гурван үеийн төмөр замчин гэдгээрээ үргэлж бахархдаг. Төмөр замд ажилд орсондоо огтхон ч харамсдаггүй. Хувийн төмөр зам байгууллагдаж, бүтээн байгуулалтууд хийгдэж, ажиллах саналууд ирдэг ч эндээсээ явчих сэтгэл огт төрдөггүй. Бид цалин харж амьдрахаасаа илүү үе залгамжилсан, олон жил ажилласан, УБТЗ-ын ирээдүй хойч нь гэдэг үүднээс тогтвор суурьшилтай ажиллахыг боддог. Аав маань 2016 онд Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртэхэд ангийн удирдлага, үр хүүхдүүд нь угтсан сайхан дурсамжууд бий. Би “Тэргүүний төмөр замчин”, 2024 онд “Замчны алдар” хүртсэн, их талархаж явдаг. Гавьяа шагналыг олон жил үр бүтээлтэй ажилласан цаг хугацааны урамшуулал гэж ойлгож явдаг. Гавьяа шагнал бодож түүний төлөө ажиллаж явсангүй. Төмөр замын гавьяа шагналууд тодорхой цаг хугацаатай. Төмөр замын шагналууд хавтгайрдаггүй, гаргасан амжилт, ажилласан жил, ажлын бүтээмж гээд бүх шаардлагаа хангаж авдаг учраас бусад одон медальтай харьцуулшгүй үнэ цэнтэй. Би таван хэсэглэл хариуцдаг. IV-VIII хэсэглэлийн хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой бүх зүйлд нь анхаарал тавьж ажилладаг. Гэнэтийн асуудал гарвал аль ч хэсэглэл дээр очиж ажиллахад бэлэн байдаг. Долоо хоногийн нэг дэх өдөр  VIII хэсэг дээр суудлаар ирж нэг, нэг хоногоор ажиллаж байгаад л тав дахийн орой гэртээ харьдаг.  

 

-Замын ангийн аль ч хэсэгт яваад очиход сайхан тохижжээ. Томилолттой хүмүүс тав тухтай амраад, маргааш нь ажлаа эрч хүчтэй хийх нөхцөл нь бүрджээ?

 

-Хэсэглэл хариуцсан инженер хүнд хэсгүүдийн амрах байрны тав тух чухал. 2000 онд хэсэглэл хариуцсан инженерээр ажиллахаар ирэхэд амрах байрууд тав тух муутай, өвөл хүйтэн, зундаа халуун байсан бол одоо аль ч хэсэг дээр яваад очиход зуны халуунд сэрүүцэх, өвөл нь дулаацах эйркондишн, залуучуудын гол хэрэглээ болсон цахим орчинтой болсон. Ялангуяа Номт зөрлөг дээр үнэгүй интернэт хэрэглэдэг нь залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлж байгаа болов уу.

 

-Та ажлын үүргээсээ шалтгаалж өдөрт хэчнээн км газар алхдаг вэ?

 

-Өдөр бүр хоорондын зам, тууш шалгах, нормативаа биелүүлэхэд найман км газар алхана. Алхах нь бидний өдөр тутмын ажил болохоор ядрах зүйл огт байхгүй. Миний хариуцдаг замын VIII хэсэгт хамгийн бага радиустай тахирууд арчлагддаг. Замын байдал тогтвортой, ер нь бага радиустай том том тахируудыг алсаас харахад гоё харагддаг. Номтод элсний асуудал их байсан. Бид 2016 оноос хойш алсын торыг татаж эхэлсэн. Гурав дахь жилээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Торон доторх өвс ургаад одоо VII хэсгийн зам дээр алхахад элс харагдахгүй болсон. Их засвар орсон учраас ачаалал багассан. Зам хэмжигчээр ч үр дүн нь өөр гардаг болсон. Сайншандаас урагшаа их засвар хийгдсэн. Их засврын дараа замаа тогтворжуулж авахад 1-2 жилийн хугацаа шаардагддаг. Одоо манай хэсэглэл тогтворжоод байна. Ерөнхийдөө зам сумын үзлэг хийж, ажилчдын аюулгүй ажиллагаа тал дээр түлхүү анхаарч, нормативт үзлэгийг сар бүр хийгээд явдаг. Цахим норматив хөтөлдөг. Мөн өдөрт нэг хэсгийн зам сумын үзлэг, шаардлагатай бол сургалт орно, хурал зөвлөгөөнөө хийнэ, үзлэг шалгалтаа тогтвортой хийж байхгүй бол зөрчил дутагдал гарчих гээд байдаг талтай. Нормативын дагуу үзлэг шалгалтаа цаг хугацаанд нь чанартай хийгээд явахад үр дүнгээ өгдөг.

 

-Алсын тор татахын ач холбогдлын талаар тодруулж ярина уу?

 

-Би инженерийн ангийг эчнээгээр төгсөхдөө “Төмөр замыг элснээс хамгаалахад алсын тор татах, геонэхмэлийг зэрэгцүүлж тавих” гэсэн сэдвээр дипломоо хамгаалсан. Алсын торны санааг 2006 онд манай аав анх санаачилж, Цагаанхад зөрлөгт 1.2 км газарт анх татаж байсан. Малчдын эсэргүүцэлтэй ч тулгарч байсан. Өнөөдөр Цагаадхад зөрлөгийн хариуцсан зам элс цасанд дарагддаггүй. Номтод татсан алсын тор одоо л үр дүнгээ өгч эхэлж байна. Салхин дээр нь алсуур тор татчихаар малын хөлөөр хөрс нь сулрахгүй маш үр дүнтэй байгаа. Алсын тор татсан даруйдаа үр дүнгээ өгч чадахгүй, цаг хугацаа шаардагдана. Өвс ургамал өндөр ургаж элсний нүүдлээ барих хэмжээний болтол хугацаа орно. Харин геонэхмэл нь шууд үр дүнгээ өгдөг. Гэхдээ тодорхой хугацаатай. Тэр хугацаанд нь алсын тор татсан хэсэгт өвс ургамал ургах явцад геонэхмэл нь элсний нүүдлээ шууд хорьчихдог. Геонэхмэлийн нэг давуу тал нь дараагийн цэг дээрээ ашиглах боломжтой. Энэ санааг Хятад улсын замаа элс дарагдахаас хамгаалж байгаа технологийг цахим орчноос  судлаад дипломоо хамгаалж байсан. Үүнийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Хэрэгжүүлнэ ч гэж бодож байгаа. Миний хариуцаж байгаа замын IV хэсгийн 41 дүгээр зөрлөгийн элсний асуудал хүндрэлтэй байгаа. Замыг элс дарчихаар л элснээс үүдэлтэй бусад ажлууд нь хоцрогдоод ирдэг. Тэр хэмжээгээрээ IV хэсгийн балл элсний асуудлаас болж өссөн байгаа. Зэргэлдээх V хэсгийн зам элсэнд дарагдахгүйгээс балл нь тогтвортой, байнгын 10 гарч байхад IV хэсгийн сарын ажлын 14-15 хоногт нь элстэйгээ зууралдаж байна. Тэгэхээр зам дээр үзүүлэх засвар үйлчилгээ нь зэргэлдээ хэсгээсээ хамаагүй бага болоод явчихна, зөвхөн элстэй зууралдсанаас болоод тэр юм.

 

-Диплом хамгаалсан ажлаа зам ангидаа танилцуулсан уу. Эсвэл хэрэгжүүлж байгаа юу?

 

-Энэ асуудлыг шийдвэрлэх гэж дипломоо энэ чиглэлээр хамгаалсан. Миний дипломын удирдагч нь ангийн дарга. Замын албаны Ерөнхий инженерийн удирдлага дор хамгаалдаг. Хөрөнгө мөнгөний хувьд  өндөр зардал гарахгүй. 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөвт ажил. Хийгдэх ажлууд энгийн, шинэ технологи биш. Алсын торыг томсгосон бригадаар алсуур татаж байгаа л ажил юм. Геонэхмэлийг худалдаж авах л асуудал, түүнийг нутагшуулахад шинэ технологи, шинэ хүний нөөц бэлтгэх шаардлагагүй. Бэлэн өгөгдөл нь интернэт орчинд ч байгаа. Үүнийг нутагшуулахад санхүүжилт л хэрэгтэй. Ингэснээр төмөр зам элсний асуудлаасаа салж болно.

 

-Их засвар орсон замыг арчлахад танд хэрэгжүүлэх өөр шинэ санаа юу байна вэ?

 

-Шинэ санаа гэхээсээ илүү их засвар орсон замд 4-5 жилийн эргэлттэй ВПР машиныг явуулбал сайн. Жилээс жилд ачаа тээвэр, галт тэрэгний хурд нэмэгдсэнээс ачаалал их  байгаа. Бага радиустай тахирууд дээр цариг ихээр тэлдэг.  Техник, технологи хөгжих тусам хүний гараар хийх ажлыг багасгах зорилтын хүрээнд замын ангиудад нэг, нэг ВПР машинтай байх нь зүйтэй. Манай ангид хоёр л машин байгаа. Тэр нь их барилга их засвар гээд  байнгын ачаалалтай явдаг. Зав зайнд нь зам ангиуд авч хэсэг, хэсэг дээр бага газар чигжүүлдэг. Одоо манайд гурав алгасаад нэгээр бетон дэрээр солиод дуусчихлаа. Дахиад нэг алгасаад нэг болгож байгаа. Гурав алгасаад нэг болгохоор баланс нь 100 хувь биш л бол сэгсрэгдэх нь зөндөө. Долоо хоногтоо л сэгсрэгдэнэ. Нэг алгасаад нэг болгоод балансыг нь сольчиход гидо өртөөний замууд хурд багатай болохоор нэг сайн ажил хийсэн байхад хэдэн жилдээ мартагдана. Ингээд бусад ажил руугаа анхаарлаа хандуулаад явчихна.

 

-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд ажлын амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.