Нүүр Сурвалжилга Шавийн эрдэм багшаас эхтэй
Сурвалжилга

Шавийн эрдэм багшаас эхтэй

G.Press 1 жилийн өмнө 146 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Багш хүний хамгийн аз жаргалтай үе бол амжилтад хүрсэн шавь нараараа бахархаж, тэднээрээ хүрээлүүлэх. Тэр тусмаа шавь нар нь нэгдээд багшийнхаа алдрыг тэмдэглэж, баярлуулах юм байна. Ийм нэгэн гэгээн үйл ажиллагаа өнгөрөгч Баасан гарагт боллоо. Тодруулбал, Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар төмөр замд 35 жил ажиллахдаа олон арван вагончдыг дагалдуулан сургаж, заан зөвлөж, багш шавийн харилцаатай явж иржээ. Тиймээс шавь нар нь нэгдэж ахлах байцаагчаар ажилласных нь 30 жилийн ойг тохиолдуулан “Багшийн алдар” өдөрлөгийг ТЗДС-д зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Вагоны аж ахуйн албаны орлогч дарга Б.Түвшинтөр нар зочноор уригдсан юм. Харин шавь нарыг нь төлөөлж Тээврийн хяналтын албаны вагон хариуцсан байцаагч Ц.Түмэндэлгэр, Ачааны вагон засварын депогийн дарга Э.Эрдэнэбат, хос дугуйн инженер А.Баттулга, Вагон ашиглалтын депогийн дарга Б.Азжаргал, Дархан Вагон засварын газрын дарга А.Мөнхбат, Сайншанд ТҮГ-ын дарга Б.Хишигжаргал, Замын-Үүд ТҮГ-ын дарга Г.Эрдэнэбаатар, Улаанбаатар ТҮГ-ын дарга Б.Бат-Орших, Сүхбаатар ТҮГ-ын дарга Д.Бат-Орших, төвийн хэсэглэлийн байцаагч Б.Аюушсүрэн, хойд хэсэглэл хариуцсан байцаагч С.Алдармандах нарын 20 гаруй залуус хүрэлцэн ирсэн байлаа. Мөн ТЗДС-ийн вагоны ангийн багш нар, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд оролцсон юм.

“Багшийн алдар” өдөрлөгийг нээн Тээврийн хяналтын албаны вагон хариуцсан байцаагч Ц.Түмэндэлгэр багшдаа баяр хүргэн үг хэлж, талархал илэрхийллээ. А.Пүрэвбаатар байцаагчийн хувьд өнгөрсөн хугацаанд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ хөрөнгө мөнгө хэмнэх, хүний хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр 90 гаруй шинэ бүтээл, ашигтай загвар зохион үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг. Үүнээс 21 бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан байна. Мөн вагоны мэргэжлийн ажилтнуудад зориулсан 36 ном, сурах бичиг, 200 гаруй гарын авлага, тэргүүн туршлага, зөвлөмж бичжээ. Эдгээр бүтээл нь ТЗДС, ПТК-ийн оюутнуудын хичээлийн сурах бичиг, инженер техникийн ажилтнуудын ширээний ном болсныг шавь нар нь онцолж байлаа. Түүнчлэн, Монгол Улсад мөрдөгдөж буй вагоны засвар, ашиглалтын чиглэлийн заавар, стандартуудыг боловсруулах, сайжруулахад тасралтгүй санаачилга гарган ажиллаж ирсэн хүн юм. А.Пүрэвбаатарыг төмөр замчдаас өнөө цагт вагоныг хамгийн сайн мэдэх хүн гэж олон хүний амнаас сонсож байв. Сэтгүүлч миний хувьд ч түүнтэй шадарлаад арваад жил болохдоо “Энэ хүнийг вагон зохиосон гэвэл худлаа ярьсан болно. Харин мэднэ гэвэл багадах юм байна” гэж бодогддог юм. Тэрбээр, шавь нартаа болон оюутнуудад зориулан 90 минутын турш илтгэл тавьсан нь маш сонирхолтой байлаа. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш дарга “Манай төмөр зам мэргэжлийн чиглэл бүрдээ ажлаа арван хуруу шигээ мэддэг чадварлаг хүмүүстэй. Вагоны А.Пүрэвбаатар шиг татах хэсгийн Л.Ганбаатар, замын Г.Вандандагва, Ж.Борхүү, холбооны Болдбаатар, ашиглалтын Хөдөлмөрийн баатар Н.Ширнэндугар агсан... гээд нэрлэж болно. Өнөөдөр үнэхээр сайхан үйл ажиллагаа болж байна. Вагоны аж ахуйн албаны удирдлага, А.Пүрэвбаатарын маань шавь нар, ТЗДС, “Ган зам” сониныхон хамтраад өдөрлөгийг ёстой нэг урлан шаглаж байна. А.Пүрэвбаатарын сая уншдаг лекцийг сонсоод их, дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь авч хэлэлцээд, энэ хүнд өгөх ёстой цол зэргийг нь олгох юмсан гэх бодол зурсхийн орж ирлээ. Оюун мэдлэгээ эдийн засаг болгож буйд бид талархаад баршгүй. Төмөр зам бол төмөр дээгүүр төмөр өнхөрдөг болохоор элэгддэг шүү дээ. Харин манай А.Пүрэвбаатар тэр элэгдлийг хэрхэн багасгах вэ гэдэг дээр амьдралынхаа 30 гаруй жилийг зориуллаа. Энэ бол үнэхээр сайхан. Яруу амьдрал гэж яг үүнийг л хэлэх байх аа гэж бодож байна. А.Пүрэвбаатар зүгээр нэг өөрөө явж байгаад ийм хүн болоогүй л дээ. Сайхан багш нараас суралцсан. Техникумын багш нараас гадна вагоны салбар дахь ажил амьдралынх нь багш нар энэ хүнийг маш сайн сургасан. Тэр багш нарынх нь нэг Дамчаа инженерийг гэж би боддог. Олон мундаг хүний мэдлэг, туршлага, ур ухааныг манай А.Пүрэвбаатар өөртөө бүрэн шингээж чадсан. Түүнийг нь өвлөн авч, төмөр замын ажлыг улам урлан шаглаж буй вагончин залуучуудаар би бахархаж байна” гээд Монголын Ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа” одонгоор шагнасныг энгэрт нь зүүж өглөө. Мөн үе үеийн шавь нарынх нь зүгээс баглаа цэцэг, талархлыг гардуулан өгсөн юм.

Энэ үеэр шавь нарыг нь төлөөлж Ачааны вагон засварын депогийн дарга Э.Эрдэнэбат “Миний хувьд байцаагчийнхаа удирдлага дор вагон үзэгч мэргэжил эзэмшсэн цагаас хойш 19 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд А.Пүрэвбаатар байцаагчаас олон зүйлийг сурсан. Таныхаа цаашдын амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээгээд депогийнхоо инженер, техникийн ажилчдын дамжуулсан пянз тоглуулагчийг гардууллаа.

Мөн тус депогийн хос дугуйн инженер А.Баттулга “Байцаагч гэхээр л авардаг биш, “алдаг” хүн гэж хүмүүс ярьдаг. Миний багшийн хувьд намайг аварсан нь олон. Ер нь, байцаагч гэдэг нь зөвлөн туслагч юм шүү гэдгийг ойлгуулсан. Би нэг удаа Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайнд очиж золгосон юм. Энгэртээ нэг ч одонгүй байхаар нь гайхаад асуутал “Миний гайхуулах ёстой улс газар дээр байхгүй болсон учир хэндээ гайхуулж зүүх билээ дээ” гэж билээ. Тиймээс багшийн энэ өдөрлөгт би одон медалиудаа зүүж ирлээ. “Миний шавь шүү” гэж бусдад бахархах болов уу гэж бодсон юм. 1992 онд би УБТЗ-ын ажилтан болсон цагаас хойш заавар зөвлөгөөг нь авч явна. Багшийнхаа 30 жил ахлах байцаагчаар ажиллаж буйгаар нь үнэхээр их бахархаж байна. Ирээдүйд олон Пүрэвбаатар бий болоосой гэж хөтлөгч маань хэллээ. Маргаашийн Пүрэвбаатар болно гэдэг амаргүй. Учир нь энэ хүн босгыг маш өндөрт тавьсан шүү дээ” гээд багшдаа баяр хүргэлээ.  

Шавь нарынхаа талархлын үг, хайр энэрэл дунд бялхах А.Пүрэвбаатар байцаагчийг хараад зарим оюутанд “Ирээдүйд ийм л хүн болох юмсан” гэх битүүхэн хүсэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Төгсгөлд нь А.Пүрэвбаатар байцаагч шавь нартаа талрхал илэрхийлж, оюутнуудад хандан зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, “Манайхан дотор “Онол, практик хоёр зөрдөг” гэсэн буруу ойлголт байдаг. Тэрийгээ заавар дээр их тулгуурлаж ярьдаг хэр нь зааврынхаа заалт бүрийг тайлбарлаж чаддаг хүн хэд байгаа юм. Маш цөөн шүү дээ. Тиймээс та бүхэн, ялангуяа энд сууж буй оюутнууд тэр ойлголтоос ангижрах ёстой шүү. Онол, практик хоёр бол салшгүй холбоотой. Бүх тооцоолол техникийн онолоороо л гардаг. Миний багш Дамчаа гэж мундаг хүн байсныг Р.Раш дарга ярилаа. Вагоны аж ахуйн бүхий л юмыг мэддэг. Тэр их сонин хүн байсан. Гологдол гаргаж, шуурхай хурлаар буруудчихаад ирэхэд “Явж ажлаа хий” гэхээс өөр юм хэлэхгүй. Харин бусдад тооцуулаад маадгар ирвэл “За чи ямар заль гаргав, тэр залиа хэл” гээд суулгачихна. Дамчаа гуайд тайлбарлах гэж шуурхай хурал дээр тайлбарласнаас хэцүү юм болно доо (инээв). Бүр сарын дараа ч юм уу “Нөгөөх чинь чиний хэлсэнтэй ойролцоо юм байна шүү” гэнэ. Би тийм л мундаг багштай байлаа. Улаанбаатар ТҮГ-т дадлага хийж байхад Ж.Дашаа гэж шурган үзэгч байв. Тэр хүнээс би маш их зүйл сурсаны хүчинд УБТЗ-ын анхны авто угсрааны зааварлагч болж байсан. Мөн шурган үзэгч Баярхүү, Зорчигчийн вагон депогийн слесарь Цогоо, Ачааны вагон засварын депогийн Пүрэвжав, Улаанбаатар ТҮГ-ын дарга Эрдэнэчулуун, авто тоормосын зааварлагч Лхагва, байцаагч Лхамсүрэн гуай... гээд дурдаад байвал олон мундаг хүний буянд би ажлын дөртэй болсон доо. Оюутан залуучууд та бүхэн ажлын туршлагатай хүн бүхний үгийг маш сайн сонсож байгаарай” гэхчлэн зөвлөгөө өгсөн юм.

Ийнхүү “Багшийн алдар” өдөрлөг бахархал дүүрэн болж өндөрлөлөө. Оролцсон хүн бүхэн сэтгэл өндөр байж, оюутан залуус ч А.Пүрэвбаатар байцаагчаас үлгэр дуурайлал авч, ирээдүйн зорилгоо тодорхойлсон болов уу.

 

М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.