Нүүр Гадаадын төмөр зам С.А.Павлов: Дэд бүтцийг хөгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай
Гадаадын төмөр зам

С.А.Павлов: Дэд бүтцийг хөгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай

G.Press 6 сарын өмнө 83 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо өнгөрсөн 21-23-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр “Оросын төмөр замуудНХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А. Павловын Оросын «Гудок» сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

 

УБТЗ, МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ЧУХАЛ ҮЙЛДВЭР ЮМ

 

-“Оросын төмөр зам” НХН нь УБТЗ ХНН-ийн Оросын талын хувийг удирддаг. УБТЗ өнөөдөр ямар байгаа, итгэлцлийн удирдлагын хугацаанд ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-УБТЗ ХНН нь 1949 оны зургадугаар сарын 6-нд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан. Дүрмийн санг хоёр улсын Засгийн газар хувь тэнцүү бүрдүүлсэн учир төмөр зам удирдах ажиллагааг талууд тэгш эрхтэйгээр буюу паритетийн зарчмаар явуулдаг. Замын ашиглалтын урт нь 1.8 мянга гаруй км бөгөөд 1520 мм-ийн өргөн царигтай хоёр шугамаас бүрддэг. Үүнд, ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар боомтоос- Улаанбаатар - Замын-Үүд (БНХАУ-тай хиллэдэг боомт) гэсэн үндсэн шугамаар бүхий л ачааг тээвэрлэдэг;

Орос, Монголын хилээс Чойбалсан хот хүртэлх нутгийн зүүн хэсэгт байрлах зам.

УБТЗ ХНН-ийн хувьцаа эзэмшигчид нь "Оросын төмөр зам" НХН болон Монгол Улсын Зам, тээврийн яам юм. 2009 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн үндсэн дээр манай компани УБТЗ-ын Оросын талын хувьцааг итгэлцлийн үндсэн дээр удирдаж байна.

Одоогийн байдлаар УБТЗ нь Орос, Монголын хамтарсан цорын ганц томоохон төсөл юм. Өнгөрсөн жил үүсэн байгуулагдсаныхаа 75 жилийн ойг 33.44 сая тонн ачаа тээвэрлэж, бас нэгэн дээд амжилтаар угтав. Энэ нь өмнөх оноос 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм. 2023 онд тээвэрлэлтийн өсөлт 16.7 хувьд хүрсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд тээвэрлэлтийн хэмжээ 50 хувиар өссөн. Баригдаад удаж буй дэлхийн аль ч төмөр зам ийм өндөр өсөлттэй байгаагүй болов уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2024 оны наймдугаар сард УБТЗ ХНН-ийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ. Ингэхдээ тэрбээр Оросын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг өндрөөр үнэлэн дурдаж байсан. Ташрамд хэлэхэд, манай мэргэжилтнүүд компанийн нийт ажилчдын нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг бөгөөд бүгд удирдлагын багт ажилладаг. Тэд Оросын төмөр замын шилдэг технологи, менежментийн туршлагыг УБТЗ-д нэвтрүүлж, заримдаа тэдний хэрэгжүүлж буй технологи бүр биднийхээс ч давж гардаг. Тухайлбал, тэд л түрүүлж галт тэрэг хуваарийн дагуу бус радио дохиогоор бие биенээ дагадаг виртуал холболтын технологийг анхлан нэвтрүүлсэн. Ингэснээр замын хүчин чадлыг оновчтой ашиглах боломжтой болсон. Өдгөө үүнтэй ижил төстэй системийг Оросын төмөр замын зүүн бүсийн хамгийн ачаалалтай хэсгүүдэд ашиглаж байна.

УБТЗ ХНН нь 16000 гаруй өндөр мэргэшсэн төмөр замчдыг ажиллуулдаг Монголын томоохон ажил олгогчдын нэг юм. Энэ ташрамд УБТЗ нь Монгол Улсын ард иргэдийн хувьд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар дурдахад, тус компани нь уурын зуух, орон сууц, нийтийн аж ахуй, хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн байгууллага, соёл амралтын хүрээлэн, чуулга, спорт цогцолбор зэрэг нийгмийн зориулалттай 937 объектыг ажиллуулдаг гэдгийг сануулъя. Мөн УБТЗ-ын удирдах зөвлөлөөс компанийн ажилчдад зориулан орон сууц барих асуудлыг шийддэг.

 

ШИНЭЧЛЭЛ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

 

-Өнөөдөр УБТЗ ямар сорилттой тулгарч, ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

 

– Нэгдүгээрт, мэдээж, дотоодын болон олон улсын ачаа тээвэрлэлтийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс дэд бүтцийг шинэчлэх асуудал бий. Зах зээлийн таатай нөхцөлд УБТЗ удахгүй жилд 50 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой болох ёстой. Гэвч энэ нь одоогийн дэд бүтцийн хувьд боломжгүй юм. Ташрамд дурдахад, 17 сая тонноор өсөн нэмэгдэх ачаа тээвэрлэлтийн дөрөвний гурав нь Монгол Улсын дотоодын болон экспортын ачаа тээвэрлэлт байгаа. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжилд хэрэгтэй ачаа юм. Мөн чингэлгээр дамжин өнгөрөх тээвэр нэмэгдэнэ. Тухайлбал, Монголын газар нутгаар дамжин өнгөрөх ирээдүйн “Сибирийн хүч-2” хийн хоолойг барихад шаардлагатай барилгын материал нийлүүлэх хэрэгцээ үүснэ. Энэ бүх ачаа тээвэрлэлт нь УБТЗ-ын хувьд маш өндөр ашигтай.

Хоёрдугаарт, хөдлөх бүрэлдэхүүнийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Зорчигчийн бүх вагоныг, ачааны вагоны талаас илүү хувийг, мөн зүтгүүрийн гуравны нэгийг орчин үеийн вагон, зүтгүүрүүдээр солих шаардлагатай.

УБТЗ-ыг яаралтай, иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг ОХУ-ын Тооцооны танхим болон Монгол Улсын Үндэсний аудитын газрын хамтарсан аудитын шалгалтын дүн мөн баталж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд тээврийн хэмжээ, орлого мэдэгдэхүйц өссөн хэдий ч УБТЗ-ыг хөгжүүлэх, санхүүгийн байдлыг нь сайжруулах хэд хэдэн шийдвэрийг нэн даруй гаргах ёстой гэж тайлангийн гол дүгнэлтэд дурджээ.

 

-УБТЗ-ын хөгжлийн ойрын хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулж байгаа юу?

 

- Тэгэж хэлж болно оо. Яагаад ингэж сонин хариулж байгаа вэ гэвэл замын сүлжээний хөгжлийг зохицуулсан баримт бичиг аль хэдийн бэлэн болсон. Тодруулбал, Орос, Монголын төмөр замчид өнгөрсөн жил УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх Техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Уг хөтөлбөр нь 1.1 тэрбум ам.доллар (4 их наяд төгрөг)-ын өртөгтэй бөгөөд замын саатлыг арилгах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх зорилготой юм.

 

ТЭНЦВЭРИЙГ ХАЙЖ БАЙНА

 

-Эдгээр томоохон төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ?

 

- Компанийн удирдлагыг хоёр тал тэгш эрхтэйгээр хэрэгжүүлдэг учир асуудлаа зөвшилцөх шаардлагатай болдог. Үүний тод жишээ бол “УБТЗ-ын дунд хугацааны тарифын бодлого” хэмээх өөр нэг чухал баримт бичгийн хэрэгжилтийг дурдаж болно. Ерөнхий хороо уг баримт бичгийг дэмжсэн. Гол зорилго нь инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төмөр замын үнэ тарифыг индексжүүлснээр дэд бүтцийг арчлах, засварлахад шаардлагатай ашиг орлогыг олох явдал байсан.

Тарифын дунд хугацааны бодлогыг зөв хэрэгжүүлбэл дэд бүтцийн засвар, арчилгааг хангаж чадна гэдгийг дахин онцолъё. Харин дэд бүтцийг хөгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Өнөөгийн тариф нь үндэсний хүдэр болон нүүрс экспортлогчдын сонирхолд нийцэж, барилгын болон бусад салбаруудыг дэмжиж байгаа учраас Монголын талын байр суурь үндэслэлтэй. Ачаа тээврийг хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын иргэд болох төмөр замын зорчигчдыг ч мөн анхаарч үзэх хэрэгтэй.

Саяхан “UB Post” сонинд УБТЗ-ын зорчигчийн вагонуудын байдлыг нэлээд хатуу боловч харамсалтай нь ерөнхийдөө шударга шүүмжилсэн нийтлэл гарав. Зорчигч тээвэрлэлт нь УБТЗ-д ашиггүй, жил бүр 40 тэрбум төгрөгийн татаас шаарддаг гэдгийг би ХНН-ийг хамгаалах үүднээс хэлмээр байна. Дээр дурдсан нийгмийн салбарт мөн хэмжээний мөнгө зарцуулагдаж байгаа. Тиймээс хэдий харамсалтай ч орчин үеийн зорчигчийн вагон худалдаж авах мөнгө үлдэхгүй байна.

Оросын төмөр замууд НХН нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын болон дотоодын (Оросын) жишгийн дагуу УБТЗ-ын алдагдсан орлогыг нөхөх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зорчигч тээвэрлэлтэд татаас олгох механизм боловсруулах саналыг удаа дараа тавьж байсан. Уг асуудлыг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов болон Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нараар ахлуулсан Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй. Зорчигчдыг 40 жилийн насжилттай вагонд суухыг санал болгох нь үнэхээр эвгүй байгаа ч Монгол Улсын бүх удирдлага энэ асуудлыг хангалттай тулгамдсан гэж үзэхгүй байгаа бололтой. Уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн итгэл найдвар тээн монгол түншүүддээ ийнхүү саналаа үргэлжлүүлэн тавьсаар байх болно.

 

Энэ асуудлыг шийдвэрлэх ямар хувилбар байна вэ?

 

- Энд онц шинэ зүйл огт байхгүй. Зохих түвшний тариф тогтоож, зорчигч тээврийн алдагдлыг нөхөж, мөн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хурдан хэрэгжүүлж эхэлснээр УБТЗ-ыг хөгжлийн шинэ түвшинд гаргаж, зорчигчдод маш сайн үйлчилгээ үзүүлж, дэд бүтцийг хөгжүүлж, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх боломжтой болно. Ингэснээр Монголын эдийн засаг бэхжиж, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридороор ачаа бараа зөөж, өндөр өрсөлдөөнтэй Европ-Азийн чингэлэг дамжин өнгөрөх тээврийн зах зээл дэх Монголын байр суурь бэхжинэ. Шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, хамтарсан үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг алдахгүй байх гэж найдаж байна. Харин Оросын төмөр замууд нь Оросын талын хувьцаа эзэмшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ч, хөрш зэргэлдээ улсын төмөр замын хувьд ч ийм шийдвэрийн хэрэгжилтэд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ.

 

Ярилцсан Сергей Волков

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.