Сайншанд өртөөний найруулагч В.Цэрэн-Очир бол 2024 оны Замын мэргэжлийн аварга. Түүний төрсөн нутаг Ховд аймгийн Мөст сумын уугуул боловч говь сайхан нутагт галт тэрэгний найруулагчаар 23 дахь жилдээ ажиллаж байна. Алс баруун хязгаарын хүү говийг зорьж төмөр замчин болно гэсэн төсөөлөл ч байсангүй. Мөст сумандаа аравдугаар ангиа төгсөж, Ховдын ...дугаар ангид цэргийн албаа хааж ирээд нутгаасаа эхнэр авчээ. Цэргийн албаа хааж, эрт гэрлэсэн нь УБТЗ гэдэг их айлтай ажил, амьдралаа холбох шалгуур болно гэдгийг тэр үед яахан мэдэх билээ. 2000 онд баруун аймгуудаас зам харилцаа муу, үйлдвэржилт байхгүйгээс төвийг чиглэсэн их нүүдэл өрнөсөн үе. Ажил төрөл ч ховор тэр үед В.Цэрэн-Очир эхнэрээ дагуулан нүүдэл дагаж хот руу иржээ. Хамаатны эгч Н.Цэндхүү нь Дорноговь аймгийн Барилга орон сууцны ангид цэвэрлэх байгууламжийн оператор хийдэг байсан нь төмөр зам ажилд орох “жим” нь болжээ. В.Цэрэн-Очир ”Алтайн уулс шиг минь түшигтэй Ёндонноров дарга маань анх ажилд орох өргөдлөө бариад уулзахад надаас “Цэрэгт явсан уу, эхнэр хүүхэдтэй юу” гэсэн хоёр л асуулт асуусан. Тэгээд "Цэрэгт явж алдагдахгүй, эхнэр хайж дэмий тэнэхгүй л юм байна. Энэ хүнийг ажилд ав" хэмээн элэгсэг сайхан хүлээж авсан сан. Надад анх зааж зөвлөсөн найруулагч, өндөр настан, СТА Ц.Цэнджав, Замын мэргэжлийн хоёр удаагийн аварга найруулагч Даваажав нар минь юм. Тэд бол миний багш нар. Батхүү ах маань надтай бүхий л сэдвээр чөлөөтэй ярилцдаг. Тэр хүмүүсийн заавар, зөвлөмжийн ач буянаар өдий зэрэгтэй амжилттай ажиллаж амьдарч явна даа. Миний ханийг Б.Байгалмаа гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Нутгаасаа эхнэрээ дагуулаад хоёр цүнх хувцастай гарсан бид хоёр говь сайхан нутагтаа ирж амьдраад хүүтэй болсон. Одоо хүү маань МУИС-ийн нэгдүгээр дамжаанд сурдаг ” хэмээн дурслаа.
В.Цэрэн-Очир 2002 онд Сайншанд өртөөний вагон цехэд ажилд орж байжээ. Анх вагон зэхэгчээр ажилд орсноор хөдөлгөөнчин болох эхлэл нь тавигджээ. 2013 оноос галт тэрэгний найруулагчийн туслахаар, 2016 оноос галт тэрэгний холбогчоор гурван жил, найруулагчаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Практикаар мэргэшиж, ажиллах явцдаа МСҮТ-ийг төгсөж, мэргэжлийн үнэмлэхтэй болсон байна. Тэрбээр өдөр бүр хэдэн вагон ачилтад тавьж өгөх вэ. Хэчнээн вагон буулгах вэ. Аль аль замуудаас хэчнээн вагон татаж авч, галт тэрэг явуулах вэ гэдэг нарядаа аваад түүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Зүтгүүрчидтэй алхам тутамд харилцана. Вагон чирж, түрж явдаг учраас вагончидтай хамтрах гэхчилэн хөдөлгөөнийг явуулдаг таван байгууллагатайгаа хамтран ажиллаж, үргэлж холбоо хэлхээтэй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлаа дүрэм журам гэж харах биш өөрийн гэр бүл, аав ээж, үр хүүхдийнхээ элэг бүтэн аж жаргалтай амьдралын төлөө байгууллагынхаа тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах нь үр ашигтай жигд хэвийн үйл ажиллагааг нь хангахад оруулж байгаа миний хувь нэмэр гэж тэр боддог. Ажлын чиг шугамыг зорилгоо болгож, түүнийхээ төлөө зөв дадалтай, эерэг хандлагатай, чин сэтгэлээсээ миний үүрэг гэж бодож ажлаа хийсний үр дүнд өнөөдөр тэр Замын мэргэжлийн аварга болсон болов уу.
В.Цэрэн-Очир бусдыгаа манлайлж, шинийг сэтгэх, эрэлхийлэхийг үргэлж эрмэлздэг. Замаас зарласан “Аюулгүй байдлын соёл”-ын хүрээнд Сайншанд өртөөний Инженер техникчдийн зөвлөлийн залуучууд дотооддоо “Аюулгүй байдлын соёлыг түгээгч, хэрэгжүүлэгч ажилтан” номинацийг бий болгожээ. Улирал бүр А-05 сургалтыг явуулж, 2024 оны дөрөвдүгээр улирлын анхдагч энгэрийн тэмдгийн эзэн нь В.Цэрэн-Очир болсон байна. 23 жилийн тэртээ залуухан хүү бүхнийг анхнаас нь эхэлж, учраа олохгүй сурж мэдэхээр гүйж явсан найруулагч маань өнөөдөр ажлаа хийх аргаа олчихсон, зөв хандлага тогтчихсон, шинээр ирж байгаа залуучуудаа дагуулж үлгэрлэж, явах үүрэг хариуцлагатай нэгэн болжээ. Олон ч шавьтай ч болсон аж.
Түүнд шантрах үе тохиож байсан гэнэ. Холбогчоор ажиллаад хоёр жил болсны дараа ажлаасаа гарах тухайгаа эхнэртээ цухуйлгатал түүний эхнэр Б.Байгалмаа нь “Чи ажлаасаа гарч болно оо. Нялх хүүхэдтэйгээ гурвуулаа яаж амьдрах вэ” гэсэн бол, ээж нь “Миний хүү ээжийнхээ төгссөн сургууль, мэргэжлийг үргэлжлүүлээд явбал уг нь зүгээр юм даа” гэжээ. Хайртай хүмүүсийнх нь хэлсэн үг түүнийг торгоож, эргэж буцалтгүйгээр би энэ л ажлыг хийх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүргэсэн байна.
В.Цэрэн-Очир ээжийнхээ талаар “Миний ээжийг Т.Сүрэнжав гэдэг. Ээж маань 1972 онд УБТЗ-ын техникумыг автозамын техникч мэргэжлээр төгссөн. Төмөр замынхаа мэргэлээр ажиллаагүй ч төмөр замдаа хайртай. Одоо Ховд аймагтаа 75 настай энх тунх амьдарч байна хэмээн ярилаа. Харин аав маань нефьтийн сав төхөөрөмж гагнадаг гагнуурчин хүн байсан. Бага байхдаа аав, ээжийнхээ ажил дээр их очдог байлаа. Надад ажилчин болох хүсэл эрмэлзэл маш их байсан. Замын анги, нефтийн угсралтын ажилтан, эсвэл кранчин болъё гэсэн бодол мөрөөдөлтэй л явсан. Биднийг аравдугаар анги төгсөх үеэр улс орны байдал тогтворгүй, мөрөөдөл минь хаягдаж цэрэгт явж ирээд ажилгүй хэсэг байлаа. Нутаг орноосоо хол явъя гэсэн бодол төрөөд эхнэрээ дагуулаад л гарсан. Харамсах зүйл огт байгаагүй ээ. Говь сайхан нутагтаа ирж, төмөр замд ажилд ороод өдий зэрэгтэй, нэр төртэй явж байгаа маань ажлын буян. Магадгүй би төмөр замд ороогүй бол малчин болчихсон, эсвэл нутагтаа өөр л ажил хийж байсан болов уу. Төмөр замтай ажил амьдралаа холбосондоо үргэлж баяртай байдаг. Говь нутагтаа ч амархан дассан. Төрсөн нутагтаа амралтаараа очихоор говио санаад гэр рүүгээ буцах бодол төрдөг. Гал усны аюулгүй сайхан газар шүү. Сайншанд өртөө 140 ажилтантай. Найруулагч тав, туслах найруулагч дөрөв нийтдээ хориод хүн бий. Өдөр тутамдаа найруулагч хүн өртөөний жижүүрээс төлөвлөгөө наряд аваад түүний дагуу галт тэргээ найруулна. Вагоноо тавина, татна. Зүтгүүрийн хөдөлгөөн машинч, туслах найруулагчийг найруулагч удирдаж явна. Найруулагчийн ажил хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ордог. Хангалт жил бүр сайжирч, бүх зүйл өдөр, цаг минут, секундээр сайжран шинэчлэгдэж, орчин цагийн техник, технологийг нэвтрүүлээд явж байна” хэмээн бахархан өгүүлж байлаа.
Сүүлийн үед төмөр замчид залуужиж байна. Залуусыг яаж төлөвшүүлэх вэ, нэг зүгт харсан хандлагыг хэрхэн бий болгох вэ гэхчилэн В.Цэрэн-Очир алс хэтийг тод томруун хардаг нь түүний ярианаас илхэн. Америк, Европод ажлын цагийг богиносгосноор бүтээмж нь дээшлээд хүмүүсийн аз жаргалын индекс нь дээшилдэг. Хүмүүс ажлаас халшрах биш ажлаасаа баяр баясал, аз жаргал мэдэрдэг болсон тухай судалгааг Блүүмбэрг, Оксфордын сургуультай хамтраад хийсэн тухай зурагтаас үзэж байсан. Манайх ч бас энэ тал дээр анхаарлаа хандуулбал залуучууд тогтвор суурьшилтай ажиллах байх гэсэн бодол төрж байсан. Хөдөлгөөнчдийн зөвлөгөөний хэлэлцүүлгийн үеэр энэ тухай ярих гэсэн ч цаг хугацаанд баригдаад хэлж чадаагүй. Техник, технологийн эрин зуунтайгаа хөл нийлүүлэн тэдний араас хоцролгүй явах ёстой болчихоод байна. Бид залуучуудаа сургая, төлөвшүүлье гэхээсээ илүүтэй хамтдаа сураад хөгжөөд явах нь илүү үр дүнтэй. Би ганц хүүтэй хүн. Таван жилийн өмнө хүүтэйгээ ойлголцохгүй, хүү минь ч өсвөр насандаа байсан үе байсан. Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүүгийн маань үеийнхэн өөр орчинд өсөж, ондоо зүйлсийг хэрэглэж, үзэл бодол, үнэт зүйлийн хувьд ч их ялгаатай болж ирснийг ойлгож хүүтэйгээ ярилцсанаар үр дүнд хүрсэн. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яавал илүү сайн дотносож, нээлттэй ярилцах талаар, компанийн удирдлагууд шинэ, залуу ажилтнуудтайгаа хэрхэн ойлголцож, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх талаар бодолцох шаардлагатай болжээ гэж ярихыг сонсоход бахархалтай санагдаж байсан юм.
П.Түмэндэмбэрэл
