Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн уурын зуухны механикч Сашкагийн Батзоригийг Зүүнхараагийнхан андахгүй. Түүний аав Сашка Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт насаараа токарьчин, ээж Цэрэндулам нь Зүүнхараагийн Төмөр замын эмнэлэгт насаараа эх баригч,сувилагчаар ажиллажээ. Аав нь гарын дүйтэй, нарийн мэргэжлийн токарьчин байсан бол, ээж нь Зүүнхараад шинээр төрсөн бараг бүх хүүхдийг эх барьж авсан энэрэнгүй үйлсийн их ачтан ажээ. Аав, ээжийнхээ алдар хүндийг өргөж яваа жирийн нэгэн ажилтан Сашкагийн Батзоригийн гар хүрээгүй зүйл гэж Ачааны вагон засварын депод бараг үлдээгүй гэвэл хэтрүүлэг болохгүй.
С.Батзориг анх 1998 онд тэр үеийн СУ-II хэмээх барилга үйлдвэрлэлийн ангид туслах ажилчин болсноор УБТЗ-тай ажил, амьдралаа холбожээ. Тэндээ жил ажиллаад Вагон засварын депод тэргэнцэрийн засварчны дагалдан болжээ. Төдий л удалгүй жинхэлж, тэргэнцрийн засварчин болж найман жил ажиллажээ. Тэгтэл 2007 онд түүнийг ОХУ руу Ангарск дахь Суховскийн сургуульд сэв шалгагчийн сургалтад явуулжээ. Ингээд сэв шалгагч болсон С.Батзориг буцаж ирээд туршлагатай ажилтан Ганхуягийг дагалдаж их зүйлийг сурчээ. Ингээд тэр зургаан жил сэв шалгагчаар ажиллаад 2014 оноос уурын зуухны механикч болжээ.
С.Батзориг ямар ч ажил хийсэн мэдрэмжтэй, нягт нямбай байхыг эрмэлзэнэ. Түүнийг засварчин, сэв шалгагчаар ажиллаж байх үед өдөрт заавал ямар нэгэн гэмтэл доголдол илэрч, засаж сайжруулах хэрэг гарна. Ер нь аливаа элэгдэл, эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад л гардаг учраас түүнийг илрүүлэхэд засварчин, сэв шалгагч нараас маш нарийн мэдрэмж шаардана. Тухайн үед вагоны дам нуруунд их бага хэмжээний цууралт үүсэх, авто угсрааны их бага шүдэнд ан цав гарах, шингээх аппаратны татах хом элэгдэх, тасрах тохиолдол их гардаг байжээ.
Энэ бүхнийг илрүүлэхэд өөрийн зөн совин их нөлөөлсөн гэж тэр боддог. Ер нь үзлэг хийж байхдаа энэ дамнуурга дээр юм гарахгүй дээ гээд үзэхэд гарахгүй, харин энэ дамнуургад гэмтэл гарч магадгүй гээд үзэхэд л гэмтэл илэрдэг байсан гэнэ. Энэ бол болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэхэд түүний оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.
Одоо тэр депогийнхоо уурын зуухны механикчаар ажиллаж байна. “Манай уурын зуух байгууллагынхаа халаалтыг хариуцаад зогсохгүй хос дугуйн цехийг халуун уураар хангадаг. Бид өвөл зунгүй, 24 цагаар, дөрвөн ээлжээр ажилладаг. Манай уурын зуух чинь орон нутгийн болон төмөр замын бусад зуухуудыг бодвол маш цэвэрхэн, жишиг зуух талдаа орно” гэж С.Батзориг бахархан хэллээ. Ингэж аятай тохитой болгоход ээлжийн ажлынхаа хажуугаар С.Батзоригийн санаачилж хийсэн зүйл их бий. Тухайлбал, ажилчдын хувцас солих өрөө гээд умгар өрөө байсныг өргөтгөж, том заал болгоод, халуун усны душийг сольж, бүх шкафыг шинэчилж тав тухтай болгожээ. Түүнчлэн уурын зуухныхаа дотор талын бүх хаалгыг төмөр вакум болгож шинэчилжээ. Энэ бүхнийг дан ганц өөрсдийн нөөц бололцоо, ур чадвараараа хийж гүйцэтгэжээ. “Энэ зуух чинь зөвхөн галлагаа хийх гэж, үнс тоосондоо баригдаж суудаг газар биш, бидний ажлын байр, байгууллагын өнгө үзэмжийг илтгэх газар шүү дээ” гэж тэр хэллээ.
С.Батзориг ажлаа сайн мэдэх тусам улам их сонирхож хийнэ. “Үүнийг ингэж бага зардлаар өөрчилж, засмаар байна” гэхээр дарга, удирдлагууд нь сайн дэмждэг болохоор урамтай. Өнгөрсөн жил байгууллагын захиргааны хүсэлтээр депогийнхоо үүд, коридор, даргын болон техникийн хэлтсийн өрөө, депогийн музей зэргийг засаж тохижуулах ажлыг цехийнхэнтэйгээ хамт хийж гүйцэтгэжээ. Тэр бүх засвар тохижилтын зураг, эскиз, төсвийг С.Батзориг өөрөө гаргасан гэхээр аргагүй л гартаа уртай, сэтгэлдээ галтай хүн гэмээр. Одоо энэ ажил нь түүний хобби шахуу болжээ.
Тэгээд ч ажлын бус цагаараа С.Батзориг дүнзэн байшин барьдаг хоббитой. Түүн шиг сайн торх босгож, байшин барьдаг хүн Зүүнхараад байхгүй гэнэ. “Зүүнхараагийн бараг бүх байшинг би барьсан даа” гэж тэр бахархан өгүүллээ. “Одоо бодоод байхад би мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагддаг. Уг нь байшингийн зураг зохиодог дизайнер ч юм уу, эсвэл барилгын инженер болсон бол ч . . . тэглээ гээд одоо яах билээ. Харин ч одоо хүслээ гүйцээж байх шиг байна” гэж С.Батзориг сэтгэл хангалуун хэллээ.
Түүний ажил дуусна гэж үгүй. Залгуулаад Вагон сургалтын танхимыг засаж эхэлж байгаа гэнэ. Ингэж эргэлдээд нэг мэдэхэд С.Батзориг энэ байгууллагын гадна дотор бүх засвар, засал чимэглэлийн ажлыг хариуцдаг хүн болж хувирчээ. Тэр ч бүү хэл дээврийн засвар хүртэл хийх ажил гардаг гэнэ. Энэ бүхэнд тэр цааргалалгүй ажиллаж, байгууллага хамт олныхоо төсөв, хөрөнгийг чадах чинээгээрээ хэмнэхийг хичээнэ.
“Та ч их чухал хүн байна даа. Байгууллагадаа хэмнэлт оруулж, бүх ажлыг өөрөө хийчихнэ. Өртөг урамшуулал хэр авдаг вэ?” асуувал “Өгнө өө, өгнө хөөрхий” гээд инээв.
С.Батзориг байшин барина гэхээр л сэтгэл нь хөдөлнө. Хүмүүс энэ байшинг яаж барих вэ? Яаж засвал аятайхан бэ? гээд асууж зөвлөгөө авахаар ирэхэд их урамшиж, өөрийнхөө туршлагаас харамгүй хуваалцаж, анхаарах зүйлийг нэгд нэгэнгүй хэлж өгнө. Хэрэв байшин бариулах айл Зүүнхараад байх юм бол ажлынхаа заваар, Улаанбаатар хотод бол амралтаа авч байгаад тухтайхан үздэг ажээ. Жилдээ 6-7 дүнзэн байшин барьдаг гээд бодохоор өнгөрсөн хориод жилийн хугацаанд бараг 100 гаруй байшин барьжээ.
Байшингийн торх босгохдоо дүнзний хоёр буланд ховил, углуурга гаргах ёстой. Нэг байшингийн дүнзний ховил, углуургыг гараар цавчиж хийхэд 21 хоног шаардагддаг байжээ. Иймд С.Батзориг гадаадын хэвлэлээс уншиж судлаад ховил, углуурга гаргагч машин зохион бүтээжээ. Ингэснээр нэг торхны дүнзийг хоёр хоногийн дотор бэлтгэх боломжтой болжээ. Дүнзийг ачиж, өргөж, буулгах зориулалттай автомат удирдлагатай бага оврын краныг өөрөө угсарч хийсэн нь түүний ажлыг ихээхэн хөнгөвчилжээ.
“Дүнзэн байшин ч цаанаа л гоё шүү, мод үнэртээд л” гээд С.Батзориг өөрийн мэдэлгүй сүүрс алдлаа. Хавар болж, цаг дулаарч байгаа болохоор энэ жилийн байшингаа ингэж барина даа гэж тэр төсөөлж бодсон биз ээ.
С.Батзориг багаасаа спортод дуртай, хөлбөмбөгөөр хичээллэдэг байжээ. Одоо тэр Зүүнхараагийнхаа шигшээ багт тоглоно. Ажлын чөлөө зав муу учраас тууштай хичээллэх боломжгүй ч хөлбөмбөгийн “Өдрийн од” багт тоглож, улсын лигээс хүрэл медаль, “Замчин” спорт хорооны багт тоглож Бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль хүртэж байжээ. Одоо Сэлэнгэ аймгийн болон Замчин спорт хорооныхоо ахмадын багт тоглож, мастерын ангилалд өрсөлдөж, дөрвөн ч удаа Улсын аварга болоод байна. Ингэж уралдаан тэмцээн болгоноос хоосон хоцрохгүй, медаль зулгаана.
Дээр үед Зүүнхараагийн орос мэргэжилтнүүд мөсөн талбай засч, хоккей их тоглодог байжээ. С.Батзориг мөн л хоккей сонирхож, мөсөн талбайд их ирж тоглодог байжээ. Оросууд буцсанаас хойш мөсөн талбай үгүй болж, олон жил эзгүйрчээ. Сэтгэлд хоногшсон багын тоглоомоо сэргээхийн тулд байгууллагын захиргаандаа хүсэлт тавьж, зориулалтын мөсөн талбай байгуулж, хүүхэд залуучуудаа уриалж, хоккейн спортоор хичээллүүлж эхэлжээ. Одоо Вагон депогийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн хүртэл зохион байгуулдаг болжээ.
С.Батзориг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөлбөмбөгөөр хоёр тэмцээнд хоккейгоор дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль хүртэж, мастеруудын 40 нэмэх, 50 нэмэх ангиллын аварга шалгаруулах тэмцээнээс хоёуланд нь аваргын алтан медаль хүртжээ.
С.Батзоригийн эхнэр Дохиолол холбооны II ангид ажиллаж байгаад одоо хувиараа аж ахуй эрхэлдэг ажээ. Тэднийх хашаандаа ногооны талбайтай, багахан хэмжээний хүлэмжтэй. “Бид өөрсдөө бүх юмаа хийдэг. Манай хашаанд ирсэн хүмүүс маш их гайхдаг” гэж тэр хэллээ.
Ийм л ажил, амьдралын арвин баялаг туршлагатай, спорт, хөдөлмөрийн бахархам амжилттай, гарын ур, сэтгэлийн хаттай хүн Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод ажиллаж байна.
Г.Энхбаатар
