Долоо хоногийн замын даргын планёрк дээр өвлийн бэлтгэл ажлын талаар тал бүрээс нь нухацтай ярилцав. Урьд нь бид замын аж ахуйн талаар ихэвчлэн хөндөж ярьдаг байлаа. Харин энэ удаа зүтгүүрийн аж ахуйн тулгамдсан асуудал дээр төвлөрч ярив. Орлогч дарга Б.Гантөмөр, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Н.А.Гук нар зовлон жаргалаа тодорхой ярьсан. Сэлбэг хэрэгсэл дутагдаж, зүтгүүрүүдийн үзлэг засварууд удааширч байна, төмөр замын гол зардал бол цалин, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун гурав байдаг л даа.
Сэлбэгийг ихэвчлэн гаднаас л авна шүү дээ. Бидэнд өөрт бас нөөц байна. Өнгөрсөн тавдугаар сард Зүтгүүрийн депог түшиглэн зохион байгуулагдсан инновацийн үзэсгэлэн тун зэгсэн болсон. Якорын голыг хүртэл хуванцараар орлуулж үр дүнд хүрч байгааг тооцоо судалгаатайгаар үзүүлсэн байсан. Саяхан Вагоны албаны инженер шинийг санаачлагч Пүрэвбаатар Замын-Үүдэд нарийн царигийн вагоныг угсарч аж ахуйн тээвэрт орууллаа.
Холбооны II ангийн инженер Сүхээ радио хориглолоор явж байгаа зүтгүүрүүдийн кабинд дохиололын блокыг гэрийн лабораторийн аргаар үйлдвэрлэж, ашиглаж том үр дүнд хүрч байна. Цаашид эдгээр инновацийн бүтээлүүлийг үйлдвэрлэлд тууштай нэвтрүүлэх ажлууд нэн хэрэгтэй байна. Үүнийг бүр засварын төлөвлөөндөө том үсгээр тусгаж өгвөл илүү хэрэгтэй болно.
Мөн инноваторуудын гарыг цайлгаж, урам өгч байхад ч анхаарах ёстой. Цаашид УБТЗ-ын Төв засварын үйлдвэрийнхээ барилга талбайг Шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаан дээр тулгуурлаж, хөгжүүлж таарна. Мөн ачаа, суудлын вагоны эргэн тойронд ажил хэрэгч хариуцлагатай яриа өрнөсөн. Энэ талаар миний бие дараа сийрүүлж бичье.
Депогийн дэргэд Цахилгаан машины үйлдвэр баригдаж, энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа нь нэн сайн хэрэг. Саяхан Улаанбаатар хотод олон улсын “Робокон”-ы тэмцээн болж Монголын баг тамирчид хоёдугаар байр эзлэв. Өнгөрсөн хавар Техникийн их дээд сургуулиудын багш оюутнуудын дунд роботын сагсны тэмцээн болж тэнд манай Төмөр замын их сургуулийн Мөнхбаяр ахлагчтай баг идэвхтэй оролцож, муугүй амжилт үзүүлсэн билээ. Харин одоо Мөнхбаяр багш маань хаана явна мэдэхгүй. Мөн олон улсын төмөр замын залуучуудын уулзалт болж өнгөрөх шиг болсон. Цаашид энэ харилцаа сувгуудаа ашиглаж, төмөр замчин залуучуудынхаа техникийн сэтгэлгээг хөгжүүлэхэд гойд анхаарах ёстой гэж мунхагланам.
Мөн УБТЗ-д ажиллаж байгаа РЖД-ын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг ч үр дүнтэй ашиглаж нэвтрүүлэх талаар аль аль талдаа анхаармаар байна. РЖД бол техник технологийн хөгжлөөрөө өндөр том зам шүү дээ. Тийм учраас мэргэжилтнүүд маань тэр өндөр хөгжил туршлагаасаа биднийхээ тархинд шингээж, арьсанд нааж өгөх талаар илүү санаачлагатай ажиллахыг миний бие ахмад төмөр замчин хүний хувьд орос монгол гэлтгүй нөхөддөө зөвлөж байна.
Төмөр замын ахмад инженер Р.Раш
