Нүүр Ярилцлага Р.Отгонзул: “Бадарчингийн паян”-гийн сахилгагүй бандийн дүрдээ илүү хайртай
Ярилцлага

Р.Отгонзул: “Бадарчингийн паян”-гийн сахилгагүй бандийн дүрдээ илүү хайртай

G.Press 11 сарын өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

Бүжигчний мэргэжил тэвчээр хатуужил, ёс суртахуун, дэг журам, гоо зүйн өндөр мэдрэмж, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвартай нийтэч болгож төлөвшүүлдэг гайхалтай урлаг. Энэ бүхэн Равдангийн Отгонзулд гүн шингэжээ. Тэр бас азтай. Учир нь хонхны баяраа хийснийхээ маргааш л ТЗДБЧ-д бүжигчнээр ажилд орсон байна. Р.Отгонзул 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Баянзүрх дүүргийн ”Шавь” цогцолбор буюу 69 дүгээр дунд сургуулийг төгсөж “Мюзик холл” хөгжим, театр, кино урлагийн дээд сургуулийг 2003 онд дүүргэжээ. Оюутан байхдаа ТЗДБЧ-д дагалдан бүжигчнээр ажиллаж байсан түүнд чуулгын босго “өндөр” байсангүй. Тухайн үед ТЗДБЧ-ын даргаар  ажиллаж байсан МУСГЗ Л.Сэнгээ “Манайд жүжигчин мэргэжилтэй бүжигчин хүүхэд хэрэгтэй” гэж ажилд авчээ.  Дөрвөн ахтай айлын бага охин адтай, их хөдөлгөөнтэй нэгэн байж. Багаасаа бүжиглэх дуртай сургуулийнхаа урлагийн үзлэгт тэргүүлдэг, тэрбээр “Мюзик холл” хөгжим, театр, кино урлагийн дээд сургуульд дуулах бүжиглэх, жүжиглэх ур чадварыг бүрэн эзэмшжээ. Бүрэн дүүрэн хэмээн тодотгохын учир нь тэр жүжгийн дүрээ, бүжиглэх ур чадвараараа бусдаас ялгарч тодорсон авьяаслаг бүсгүй. Урлагийн замнал нь МУСГЗ Л.Сэнгээгийн “Амьдрал гэдэг галт тэрэг” дуулалт жүжигт гол дүрийг бүтээснээр эхэлж, “Бадарчингийн паян”, “Бүсгүйн заяа”, ”Агсал баатар”, “Хандармаа” хүрээ дуурь зэргээр үргэлжилнэ. Түүний төрөлхийн адтай, сэргэлэн, дэггүй ч гэмээр зан нь сахилгагүй, эсвэл эсрэг дүр бүтээхэд зориулагдсан мэт. Дийлэнхдээ ч эсрэг талын дүрийг бүтээжээ. Р.Отгонзул “Бадарчингийн паян”-гийн сахилгагүй бандийн дүрдээ илүү хайртай. Тэрбээр жүжгийн завсарлагаанаар ч  тэр хувцастайгаа сахилгагүйтэн дураар байсан үе нь одоо хүртэл нүдэнд тод харагддаг гэсэн.

Р.Отгонзулын анхны уран бүтээл “Амьдрал гэдэг галт тэрэг” жүжиг хүндхэн шалгуур бас цаашид задрах, тэсрэх хаалгыг нээж өгсөн нь түүний ярианаас анзаарагдана. Анхны гол дүр, нууц амрагийн сэтгэл хөдлөлийн увидас, нүцгэлэх зэргээр дүрээ гаргасан нь мэргэжлийн шалгуурыг хүндхэн, амаргүй жүжигчний давснаар илүү нээлттэй задарч чадсанаар түүний алиа хонгорхон дүр төрх нь “Амьдрал гэдэг галт тэрэг” жүжгийн дууны клипэд мөнхрөн үлджээ. Жүжгийн дууны үгийг Л.Сэнгээ, аяыг Г.Энхбаяр зохиосон бол Элькондор хамтлагийн дуучин Д.Хэрлэн, Н.Амараа нар дуулж амилуулсан байдаг.  Тэр цагаас хойш түүний амьдрал төмөр замтай, тэр тусмаа ТЗДБЧ-тай салшгүй холбоотой байсаар 22 жилийг ардаа үджээ. Төмөр замчин залуутай гэр бүл болж, тэд сайхан хүүтэй болжээ. Түүний хамгийн бахархах үнэт зүйл нь өдийг хүртэл ээж аавтайгаа хамт амьдарч байгаа нь гэсэн. Аав, ээжийгээ орхиод хэсэг хугацаанд Солонгос орныг зорьсон нь хамгийн хэцүү үе байсан гэж дурсаж байлаа.

Р.Отгонзул МУГЖ Ц.Батбаярын “Харьцангуй донж“, “Эрин зууны торгон зам”, “Лезгинка”, “Замчдын жавхаа”, Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар”, “Адуучин”, “Хөдөө нутгийн залуус”, “Сэргэлэн биелгээ”, “Гурван найз”, “Хүрээ намба”, “Их хааны хэвтүүл”, “Хэнгэрэгтэй илч” зэрэг олон сайхан бүтээлүүдэд бүжиглэж байжээ.

Р.Отгонзул, ”Миний залуу нас, бүх амьдрал, хүүгийн маань аав хүртэл төмөр замын мэргэжилтэй, чуулга маань миний хоёр дахь гэр. Өглөө гэрээсээ гарч хүүгээ цэцэрлэг, сургуульд нь өгчихөөд ажил дээрээ ирдэг. Орой тараад хүүхдээ авна. Бүжигчнээс өөр ажил хийнэ гэхээр надад төсөөлөгддөггүй. Надад бусад урлагийн байгууллагаас ажиллах, бүжиглэх санал нэг бус удаа ирдэг байсан ч нэгэнт эхлүүлсэн энэ чуулгадаа үлдсэн. Анх манай хамт олон, чуулгын дарга маань халуун дотно хүлээн авсан нь намайг энд үлдэх шалтгааны нэг нь байсан болов уу. Манай чуулга МУСГЗ Л.Сэнгээгийн зохиол, Д.Ганболдын найруулсан “Тэнгэрийн сум”  түүхэн дуулалт жүжгийг тоглоод багагүй хугацаа өнгөрлөө. Анх жүжигт тоглох  батламж гардан авсан.  Жүжгийн дүр хуваарилахад бүгд цагтаа концертынхоо танхимд цугларна шүү гэлээ. Тэр өдөр уран бүтээлчид гол, туслахаа аваад л байдаг. Тэгсэн Л.Сэнгээ дарга, “За би энэ дүрийг нэг хүнд өгнө, тэр л чадна. Миний хамгийн анхны “Амьдрал гэдэг галт тэрэг” жүжгийн гол дүрийг бүтээсэн Р.Отгонзул Хуагчин эмгэний дүрийг бүтээж чадна гэж итгэж байгаа учраас би өөрөө энэ батламжийг гардуулж өгнө” гэсэн нь хамгийн том урам, шагнал байсан хэмээн өгүүлж байсан. Хуагчин эмгэний дүр үг хэлэхгүй, үйл хөдлөл ч бага тийм л туслах дүр. Гэхдээ тэрбээр Хуагчин эмгэний дүрийг амилуулж, жүжгийн шигтгээ болгож чадсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. 

Өнөөдөр Р.Отгонзул Төмөр замын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн “Цагаан лавай” чуулгын хамтарсан тоглолтод оролцож, жуулчдад зориулсан хөтөлбөрт “Мөнх тэнгэрийн соёрхол”  мэндчилгээний бүжигт Бөртэ хатны дүрийг бүтээж, “Алтайн ятгын туульс” бүжгийн олны хэсэгт бүжиглэж байна. Жуулчны тоглолт, “Анхны нар харах” аялал зэрэг хүндэтгэлийн тоглолтын цамын бүжигт Цагаан өвгөний дүрээр бүждэг. Цагаан өвгөний цамнахыг үзэгчид үзэх гэж их хичээдэг. Учир нь Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байсан гэдэг. Цамаас өмнө хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай байдаг гэнэ лээ.

Р.Отгонзул удахгүй тэтгэвэртээ гарна гэхэд нь гайхаж, авьяас тэтгэвэрт гардаггүй биз дээ гэж асуухад, “Би 50, 60 нас хүртлээ бүжиглэхгүй нь тодорхой. Залуу бүжигчдэд  зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Бие хөгширч нас ахисан ч сэтгэл маань бүжиглэсээр байх болно. Уян хатан чанар, цэх шулуун алхаа зэрэг чинь бүжиглэдэг хүнд автоматаар суучихдаг. Бүжгийн хувцсаа өмсөөд тайзан дээрээ гарахад онгод минь орж үзэгчдийн сэтгэлийг огшоож чадах гал халуун эрмэлзэл үргэлж байх болно. Төмөр замын чуулгыг Зулаагүйгээр төсөөлөхийн аргагүй болтлоо ээнэгшин дасжээ” хэмээн түүний хүүрнэхийг сонсоход бүжгийн арга техникийг суралцахад тэсвэр хатуужил шаарддагийг, бүжгийн урлагийн хатуу ширүүнийг, бүжиг хүнийг сахилга бат, тэсвэр хатуужилтай, багаар ажиллах чадварт сургадгийг хараад бахдамаар санагдаж байлаа. 

ТЗДБЧ-ын үйл ажиллагаа өгсөж уруудах аль ч үед Р.Отгонзул тэнд ажилласаар ирсэн тууштай уран бүтээлч. Тэрбээр хөдөлмөр, уран бүтээлийнхээ үр шимийг хүртэж Соёлын тэргүүний ажилтан, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар” эрхэм хүндтэй шагналын эзэн нь болжээ. Түүнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.