Монгол цэргийн баярын өдөр буюу энэ сарын 18-нд “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийн нээлт болов. Есүхэй баатрын хөвгүүдийн бага нас, Тэмүжин, Бэгтэр хоёрын зөрчил, тэмцэл, хайр энэрлийн тухай өгүүлэх уг жүжгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, ахмад төмөр замчин Л.Сэнгээ бичсэн байна. "Монголын нууц товчоо"-нд Бэгтэр, Бэлгүдэй хоёр загасыг нь булааснаас зөрчил үүсэж, улмаар Бэгтэрийг харваж хөнөөснөөр гардаг. Харин энэ жүжигт тэд зөвхөн загаснаас бус гол нь хаан ширээний төлөөх тэмцэл, дээр нь Есүхэй баатар Тэмүжинийг дагуулан бэр гуйхаар явсныг Татарын Жалибухад Бэгтэр хэлсэн зэрэг олон шалтгаантай байснаар харуулжээ. Энэ бол цэвэр Л.Сэнгээ зохиолчийн дэвшүүлсэн санаа. Түүнийг би аливаа зүйлийн учир шалтгааныг олох, зангилааг тайлах, оновчтой санал дэвшүүлэхдээ гарамгай хүн гэж боддог юм.
Замын дарга асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш “Л.Сэнгээ бол маш ажилсаг, хичээнгүй, хөдөлмөрч хүн. Холбооны мэргэжилтэй хэр нь уран бүтээлч, соёл урлаг, утга зохиолын өндөр мэдрэмж, мэдлэгтэй. Мань хүн анх үндсэн мэргэжлийн ажлаасаа эхэлсэн ч нам олон нийтийн ажил хийж, төмөр замынхаа соёлын болон хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан. Эдгээр ажил нь түүний дотор нуугдаж байсан авьяасыг ил болгож өгсөн байх. Өөрөө ч юмны арга эвийг сайн олж, хүн бүртэй эвтэйхэн харьцдаг даа. “Тэнгэрийн сум” жүжгийн цомнолыг бичсэн юм байна. Би үзээд “Яаж ингэж дотор нь амьдарч байсан юм шиг бичив” гэж их гайхсан. Үнэхээр сайхан жүжиг болсон. Ажиллаж байх хугацаандаа төмөр замын баяр ёслол элдэв үйл ажиллагааг гардан зохион байгуулж, өөрөө хөтөлдөг байлаа. Ер нь, Л.Сэнгээ аливаа ажлыг удирдан зохион байгуулахдаа маш гаргууд хүн” гэж тодотгосон юм.
Л.Сэнгээ даргаас “Та яагаад цэргийн баяраар жүжгээ нээв. Таны амьдрал цэрэгтэй ер нь холбогддог билүү” гэж сонирхон асуутал “Би бэлтгэл офицер шүү дээ. 1973-1976 онд Зүүнбаянд цэргийн алба хаасан. Карантины 45 хоног дуусгаад ротын бичээч болж, төдөлгүй пулемёт тасгийн дарга, салааны орлогч, Эвлэлийн үүрийн даргаар томилогдсон. Ахлах түрүүч цолтой байлаа. Тэгтэл Зенитийн батарейн Улс төрийн орлогч өвчний улмаас чөлөөлөгдлөө. Тэр үед Чойрт жил бүр армийн зенитийн буудлага болдог байв. Буудлагад Зенитийн батарей явах болтол Улс төрийн орлогчгүй. Гэтэл шууд офицерийн орон тоонд намайг түр орлогчоор тавьчихдаг юм. Ингээд цэрэг жагсахад офицер, офицер жагсахад цэрэг гээд жагсаалд ордоггүй байсаар ахлагч цолтой халагдсан даа. Дараа нь Намын дээд сургуульд цэрэгжилтийн хичээл ордог учраас дэслэгч цолтой төгссөн. Тэгэхээр чинь би бас цэргийн хүн байгаа биз” гээд инээсэн юм. Ер нь, цэргийн дарга бол их шаггүй эр байхаар тэвхгэр, нэвтрүүлэгч гэмээр дуу хоолойтой энэ хүний удирдлагад “Ган зам” сонины сэтгүүлч болоод өрөөнд нь ортол “За хө, өдөр тутмын сонинд албаны дарга хүртэл байсан хүнийг би туршиж үзнэ ч гэж юу байх вэ. Харин томилолтоор жаахан явуулж төмөр замжуулна даа. Төмөр зам, төмөр замчдын тухай бичих сэтгүүлч хүн хүмүүсээ таньдаг, байгууллагуудын онцлогийг сайн мэддэг байх хэрэгтэй” гэж билээ. Төд удалгүй шугам замд томилолт бичин явуулж, ирэнгүүт л “Материалаа гялс бичиж өгөөд оройн галт тэргэнд суу” гэж илгээсээр сард лав 20 шахам хоногт нь би галт тэргэнд явсан юм даг. Нээрээ ч ингэснээр төмөр замын зангилаа, өртөө, зөрлөг, салбар нэгжүүдийн уялдаа холбоог ойлгож, төмөр замчидтай ч танилцаж эхэлсэн юм.
Л.Сэнгээ дарга аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, дүр эсгэдэггүй, хийж буй ажлаа сайн мэддэг байх ёстой гэсэн зарчимтай хүн. Тэр л зан чанар нь түүнийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх өндөр цолонд хүртэл хөтөлсөн байх. Тэрбээр, хүүхэд нас болон төмөр замчин болсон түүхээсээ “1971 онд Төмөр замын техникумын алтан босгоор алхаж орсноосоо хойш 44 жилийн дараа буюу 2016 онд тэтгэвэртээ гарсан. Би хоёр аав, хоёр ээжийн хайр энхрийлэлд умбаж, эрийн цээнд хүрсэн азтай хүн. Миний төрсөн аав, ээж минь сургуулийн захирал, багшаар ажилладаг хөдөөгийн сэхээтнүүд байлаа.Харин үрчлэн авч өсгөсөн аав, ээж минь эгэл жирийн малчид. Тэр хоёр маань хүүхэд гарахгүй болохоор олон хүүхэдтэй үеэл дүүгийнхээсээ намайг үрчилж авсан хэрэг. Хэдэн жилийн дараа би хоёр эмэгтэй дүүтэй болж, айлын том хүүгийн эрх ямбыг эдлэх болсон доо. Миний бага нас хөдөөгийн багачуудынхтай л адил аав ээждээ туслан хонь хурганы наагуур, цаагуур гүйж, тарвага зурамтай хөөцөлдөх маягаар л өнгөрсөн. Аав маань нутаг усныхандаа нэртэй адуучин, уургач болохоор наадамд морь уяж,зуны хэдэн сарыг морины уяан дээр өнгөрүүлдэгсэн. Найман настайгаас эхлэн хурдан морь унаж, бие жижигтэй учир бараг 15 нас хүртлээ унаач хүүхэд байлаа. Бас ном унших их дуртай. Тавдугаар ангид суралцаж байхдаа сургуулийнхаа анхны “Д.Нацагдорж” тэмдэгтэн болж, наймдугаар ангид ортлоо сумын номын сангийн бараг бүх номыг уншиж дууссан. Аав, ээж минь надад гармон хөгжим авч өгснөөр халтар хултар хэдэн ая тоглоно.Сургуулийн урлагийн үзлэгээр шүлэг уншина.Бас ханын сонинд ганц нэг шүлгэрхүү юм гаргачихна.Тэгээд ч тэгсэн үү, наймдугаар ангиа төгсөхөд минь Багшийн сургуулийн Соёлын ажилтны ангийн хуваарийг сургуулийн захиргаа надад шууд хуваарилчихлаа. Ийнхүү хөдөөгийн бор хүү нийслэл хотыг зорьсон доо” хэмээн хуучилсан юм. Гэвч соёлын ажилтны анги нь нэг л мэдэхэд төрсөн аавынх нь шийдвэр, далд зохион байгуулалтаар өөрчлөгдөж, төмөр замын сургуулийн босго алхуулсан байна. Энэ тухайгаа “Аав тэр үед хотод шилжин ирээд Октябрийн районд Зохион зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байв. Сургуульдаа бүртгүүлж, шалгалтаа өгчихөөд аав дээрээ очтол “Багшийн сургуулийн соёлын анги гэдэг чинь жаахан дэмий л юм болж. Хөдөө клубийн эрхлэгчээр явна гэсэн үг. Хавар төлд, намар хадланд хөөгдөж, гэрийн бараа хардаггүй л ажил даа” гэв. Аав сумын Намын хороо, нэгдлийн даргаар олон жил ажилласан, хөдөөгийн амьдралыг арван хуруу шигээ мэднэ. Нэг өглөө “Сэнгээг сургуулийн боловсон хүчин дээр дуудаж байна” гэв. Яаран очвол тамгатай бичиг өгч “Энэ бичгийг аваад Төмөр замын техникум дээр оч.Чамайг тийш нь шилжүүлэхээр яамны шийдвэр гарсан байна” гэх нь тэр. Хальт харвал хөгжмийн сонсголоор тэнцээгүй учир гэсэн үг дурайж байв. Аав, техникумын захирал Д.Самбуу гуайтай сайн найзбайж.Тэд намайг ийм аргаар шилжүүлсэн байсан юм. Ийнхүү би төмөр замын тосгон руу жирийсэн дээ” гэв. Тэрбээр, дундуур нь цэргийн гурван жилийн алба хааж, 1978 онд сургуулиа төгсөөд Түнх өртөөнд холбооны монтёроор хуваарилагджээ. Мэргэжлээрээ арван жил ажиллан 1988 онд Намын Дээд сургуульд элссэн байна. Энэ талаар “Ингээд 1990 он гарав. Нийгэм бүхэлдээ шинэчлэл өөрчлөлтийн давалгаанд өртсөн амаргүй цаг үе. Шалгалт шүүлэгтээ дарагдаж, хажуугаар нь элдэв цуглаан энэ тэрийн үед хамгаалалтад зогсож явтал Төмөр замын намын хорооны Дэмбэрэлдаш дарга олон хүний гарын үсэгтэй хүсэлт маягийн бичиг барьсаар ирж “Зангилааны намын хорооны даргаар чамайг ажиллуулах хүсэлтийг танай Салхитынхан гаргасан. Хамт олныхоо хүсэлтийг биелүүлнэ биздээ. Сургуулийн удирдлага зөвшөөрч байна. Шалгалтаа урьдчилаад өгчих гэх нь тэр. Ийнхүү би сургуулийнхаа дөрвөн жилийн ангийг хоёр жилд багтаан төгссөн анхны бөгөөд сүүлчийн сонсогч болсон. Бас ч үгүй онц дүнтэй төгссөнийг юу гэх вэ /инээв/. Салхитынхан маань халуун дотно хүлээж авсан. Хоёр жилийн дараа намын байгууллага татан буугдаж,зангилааны даргын албанд томилогдов. Урд нь нам олон нийтийн байгууллагын хийдэг байсан бүх ажлыг хариуцна. Завсарт нь Удирдлагын хөгжлийн институтийг төгсөж амжив. 1995-1996онд шиг санагдана. Улс орны хэмжээнд “Соёлын жил” зарлагдаж зангилаа, байгууллага бүр концерт бэлтгэж тусгай комисст үзүүллээ. Комиссынхны сэтгэлд нийцсэн бололтой. Ямарч гэсэн эхний байруудын нэгэнд шалгарлаа. Мөн тэр үеэр “Ган зам” сонинд “Соёлоор хоцрогдвол сохрохтой адил” гэсэн шүүмжлэлт нийтлэл минь гарлаа. Энэ бүхэн нөлөөлсөн болов уу, 1997 оны тавдугаар сард Дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон доо. Энэ томилолт миний хувьд огт төсөөлшгүй гэнэтийн байсан. Тэр үед Дуу бүжгийн чуулга маань 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн урлагийн том байгууллага байлаа” хэмээн хуучилсан юм. МУСТА Б.Чанцалдулам “Л.Сэнгээ дарга зохиолч, яруу найрагч болохоор уран бүтээлчидтэйгээ хамтраад “Нарны өртөө”, “Амьдрал галт тэрэг” гэх мэт олон сайхан дуулалт жүжиг, “Хараа гол”, “Ханхөхий нутаг”, “Учралын ган зам” зэрэг олон дуу бүтээсэн. Одоо ч “Тэнгэрийн сум” түүхэн жүжиг бичээд тоглуулж байна. Их уран бүтээлч сэтгэлгээтэй хүн л дээ. Удирдлагын хувьд ажилчдадаа дарга гэсэн өнцгөөс ер харьцдаггүй. Ажилчдынхаа ар гэр, ахуй амьдрал, нийгмийн асуудлыг ч давхар харж, дэмждэг байлаа. Хэнийг ч ялгахгүй харьцаж, зааж зөвлөдөг. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, хэнийг яавал болох вэ гэдгийг маш сайн мэддэг. Арга хэмжээ авсан ч маргааш нь сайн зүйл хийвэл магтаж, бүр шагнах ч тохиолдол бий. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Ер нь, аливаа асуудлыг зөв өнцгөөс нь хардаг. Л.Сэнгээ даргын үед ажлаас халагдсан хүн нэг ч байхгүй. Ажлын хариуцлага алдсан хүнийг арга хэмжээ авч, ажлаас нь халъя гэхээс илүү засахад их анхаардаг хүн дээ” гэсэн юм.
Л.Сэнгээ Дуу бүжгийн чуулгын даргаар долоон жил гаруй ажиллаад байтал 2004 оны сонгуулийн дараахан Хэвлэх үйлдвэрийн дарга, “Ган зам” сонины эрхлэгчээр томилжээ. “Энэ албыг хашиж байсан ахмад төмөр замчин, нэрт сэтгүүлч Ж.Нямдаш дарга тэтгэвэрт гарахдаа надад ажлаа өгөх санал гаргасан юм билээ. Бас л шинэ орчин. Үйлдвэрийг нь удирдаад байж болмоор санагдах ч, сонинд бол гологдох янзтай.Тиймээс Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курстжил шахам суралцаж, сэтгүүлчийн диплом гардсан. Ж.Нямдаш дарга маань “Үйлдвэр яах вэ. Сониндоо л анхаар” гэж захисан.Монголынхуруу дарах том сэтгүүлчдийн нэг, төмөр замын залуучуудын байгууллагын ахмад зүтгэлтэн энэ хүн намайг сэтгүүлчийн хөдөлмөрт дөрөөлүүлсэн ачтан” хэмээн бахархав. Тэрбээр, Хэвлэх үйлдвэрийн дарга, сонины эрхлэгч болсноор өнгөт хэвлэлийн технологид шилжих,тоног төхөөрөмж шинэчлэх, хараар дөрвөн нүүр гардаг байсан сониноо өнгөт 12 нүүр болгосон санаачилга зүтгэл түүнийх. Л.Сэнгээ даргын авьяас билиг, аливаа ажлыг удирдан зохион байгуулах арга барил, ур чадварыг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа, залуу дарга нар, төмөр замчид заавар зөвлөгөөг нь авч, бичсэн номуудыг нь уншин ажил амьдралдаа тусгадаг юм билээ. Энэ талаар Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт “Л.Сэнгээ дарга бол мэргэжлийн төмөр замчнаас гадна УБТЗ-ын салбар нэгжүүдийн болон удирдах ажилтнуудын түүхийг бичдэг сэтгүүлч, төмөр замын оюуны тархи юм. Тухайлбал, “Түүчээ” ном нь байна. Энэ номоос сүүлийн 20 жилд үе үеийн Замын дарга нарт ямар хүндрэл байв, долоо хоногийн нэгдсэн хурлаар юу яригддаг байв гэдгийг харж болно. Мөн Улаанбаатар төмөр замын нэвтэрхий толь, Түүх өв соёлын хураангуй толь бичгийг бүтээлээ. Ер нь, энэ мэт яривал Л.Сэнгээ дарга бидэнд асар их өв соёл, түүхийн номыг бүтээж өгөөд байна. Гавьяандаа гарсан ч бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм шиг сэтгэл зүрх, оюунаа төмөр замдаа бүрэн зориулж буйд нь би их баярладаг. Манай төмөр замчид тэтгэвэртээ гарсан ч тухайн байгууллагынхаа түүх, өв соёл, үнэт зүйлийг бий болгох чиглэлээр Л.Сэнгээ дарга шиг ажиллаж байвал шинэ ирж буй залуустаа хэрэгтэй, гурван үеийн хэлхээ холбоо улам бэхжинэ гэж боддог доо” хэмээн тодотгосон юм. Энэ мэтчилэн Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналт зохиолч, МСНЭ-ийн нэрэмжит шагналт сэтгүүлч, МУСГЗ Л.Сэнгээгийн ажил, амьдрал, уран бүтээл, удирдах арга барил, чадварын талаар дэлгэрэнгүй бичнэ гэвэл сонины ганц нүүр багадаж, хэд хэдэн боть ном болох биз ээ.
М.Наранболд
