Жил бүрийн 4-р сарын 26-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан УБТЗ ХНН-ээс оюуны өмч, инновацийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурталчлах, шинэ санаа, санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “УБТЗ-ын оюуны өмч-Төмөр замын инноваци 2025” өдөрлөгийг өнгөрсөн Баасан гаригт Улаанбаатар татах хэсэгт зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж Хөдлөх бүрэлдэхүүн, замын засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Т.Гантөмөр хэлсэн үгэндээ “Манай төмөр замын хөгжил өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн хөгжлөөс шууд хамаарч байна. ХНН УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд жил бүр 100-120 шинэ бүтээл, ашигтай загварыг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, түүнээс гарах эдийн засгийн үр өгөөж жил бүр өссөөр байна. ШБАЗ-ын үр дүнд сүүлийн 15 жилийн хугацаанд 15.0 тэрбум төгрөгийн хэмнэл гаргаад байна” гэв.
Өдөрлөгийн үеэр УБТЗ-ын инженер, техникийн ажилтнуудын бүтээсэн шинэлэг санаа, оновчтой шийдлүүдийг агуулсан инновацийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, "Шинэ бүтээл, бүтээлч нэгж, ажилтан" шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн алба, хэлтэс, салбар нэгж, ажилтнуудад шагнал гардууллаа.
“Шилдэг бүтээл” номинацийн “Гранпри бүтээл”-ээр "Цахим анхаарамж" - Замын даргын 2024.03.04-ний өдрийн А/213 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, “Шилдэг бүтээлч ажил”-аар, Дохиолол холбооны албаны ДТХ хариуцсан инженер М.Эрдэнэбаярын “Улаанбаатар ялгах довын цахилгаан шилжүүлэгчийн авто сэлгүүлэн залгагчийг контантгүй болгох схемийн шийдэл" бүтээл,
Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн инженер Г.Гантулга, мастер Э.Анхбаяр, гагнуурчин А.Нэргүй, Э.Шинэтөр, засварчин А.Ууганаа нарын "Хагас вагоны дээд бүслүүр хэвлэх төхөөрөмж" бүтээл
“Шинжлэх ухаанч бүтээл”-ээр ТЗДС-ийн захирал С.Галбадрахын "Дизель хөдөлгүүрийн ажиллах үлдэгдэл нөөцийг тодорхойлох нейрон сүлжээний шаталсан загвар" нэг сэдэвт бүтээл, Зорчигчийн вагон депогийн инженер Х.Анхбаяр, З.Баярмагнай, Т.Болдоо нарын "Зорчигчийн вагоны тэргэнцэр цэвэрлэх технологийн шинэчлэл" бүтээл тус тус шалгарав.
“Бүтээлч ажилтан” номинациын “Шилдэг шинийг санаачлагч”-аар Улаанбаатар татах хэсгийн ерөнхий механик Ч.Ганзориг, “Шилдэг зохион бүтээгч”-ээр Улаанбаатар татах хэсгийн туслах тоноглолын цехийн засварчин О.Отгонбаяр, Дохиолол холбооны албаны радио хариуцсан инженер Б.Энхдалай,нар, “Шилдэг хөгжүүлэгч”-ээр Тээвэр зохион байгуулалтын албаны тээврийн үйлчилгээний технологи хариуцсан инженер Ц.Уянга, Зорчигчийн вагон депогийн цахилгааны инженер Б.Базарсад, “Шилдэг зохиогч”-оор Төмөр бетон дэрний үйлдвэрийн ерөнхий инженер Ч.Түмэнбаяр, Улаанбаатар татах хэсгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хадбаатар нар тус тус шалгарлаа.
“Бүтээлч нэгж” номинацийн “Бүтээлч алба”-аар Зорчигч тээврийн алба, Мэдээллийн технологийн алба, Дохиолол холбооны алба, “Бүтээлч байгууллага”-аар Улаанбаатар татах хэсэг, Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, Зорчигчийн депо тус тус шалгарав.
“Бүтээлч баг, хамт олон”-оор Дохиолол холбооны II ангийн Холбооны шалган турших тасаг, Төмөр замын чуулга, Замын II ангийн Тоонолж сэргээн засварлах цех тус тус шалгарсан байна.
Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер, техникийн ухааны доктор Г.Бүрэн-Итгэл:
-Энэ жилийн оюуны өмчийн өдрийг дэлхий даяараа “Хэмнэлийг мэдэрье” уриан дор тэмдэглэж байна. Энэ уриатай холбоотой жижиг булан нээх саналыг надад тавьсны дагуу хөгжмийн салбарт оюуны өмчийг хамгийн сайн хадгалж чаддаг бүтээгдэхүүн болох пянзны үзэсгэлэн гаргая гэж шийдсэн. Энэ үзэсгэлэндээ өөрийнхөө цуглуулгаас 80 орчим пянзыг дэлгэлээ. Үүнд сонгодог, жаз, рок гэхчлэн урсгал чиглэлээр нь он оны пянз үзүүлэхийг хичээсэн. Хамгийн жижиг нь гэвэл бүжгийн пянзнууд байна. Ер нь, урлагийн салбарт оюуны өмч маш чухал байдаг. Анхны пянз 1887 онд бүтээгдсэн ч 1948 оноос хөгжмийн салбарт маш том зүйлийг гаргаж ирсэн нь хүмүүс тухайн дуучны бүтээлийг гэртээ бодитоор нь сонсох боломжтой болсон. Пянз бол дуугаралт сайтайн дээр бодитоор нь мэдрэх боломжийг нээж өгдөг. Сүүлийн жилүүдэд пянзны моод эргээд бий болж байгаа. Миний хувьд ОХУ-д оюутан байх үедээ 2013 оноос зөвхөн сонсохыг хүссэн хамтлагийнхаа пянзнуудыг цуглуулж эхэлсэн. Одоогоор 300 гаруй пянзтай. Энэ үзэсгэлэн дэх хамгийн эртнийх нь 1964 оных, сүүлчийнх нь 2025 оных. Харин төмөр замтай холбоотой дуутай гэвэл манай “Хурд” хамтлагийн пянз байна.
Дохиолол холбооны албаны инженер М.Эрдэнэбаяр:
-Манай Улаанбаатар өртөөний Ялгах довын цахилгаан шилжүүлэгч нь контакттай шүү дээ. ОХУ-д үүнийг контактгүйгээр шийдсэн байдаг. Харин Монголд түүнийг нь шууд хэрэгжүүлэхэд өртөг нэлээд өндөр. Харин миний хувьд схемийнх нь шийдлийг өөрчлөн тохируулаад ялгах дов дээр контактгүй цахилгаан шилжүүлэгчийг ашиглалтад нэвтрүүлсэн. Үнэ өртгийн хувьд 5-7 дахин хямд тусаж, механикчийн ажлыг 7-8 дахин хөнгөлж, хөдөлмөр бүтээмжийг нэмэгдүүлж, жилдээ 50 орчим сая төгрөгөөр хэмнэлт гаргана гэж тооцож байгаа. Үүнийг нэвтрүүлснээр цахилгаан шилжүүлэгчийг одоо өдөр бүр шалгах шаардлагагүй, долоо хоногт нэг л шалгахаар болсон.
Зүүнхараа дахь ачааны вагон депогийн засварын цехийн мастер Э.Анхбаяр:
-Бид хагас вагоны дээд бүслүүрийг хэсэгчлэн солих төхөөрөмж бүтээсэн. Хагас вагон ачилтын үеэр их гэмтдэг. Түүнийг нь бид 100х100 харьцаатай швлер төмөр тавьж сэргээн засварладаг байсан. Ингэж сэргээн засварласан хагас вагоны дээд бүслүүрийн ашиглах хугацаа 1-2 жил байсан бол одоо энэ төхөөрөмжийг бүтээснээр ашиглах хугацаа 2-3 жил болж нэмэгдсэн. Төхөөрөмж хийхэд 49 сая төгрөг зарцуулж, зардлаа 1.2 жилийн хугацаанд нөхсөн. Одоо ашгаа өгөөд эхэлсэн. Энэ ажилд манай засвар хариуцсан инженер Г.Гантулга, гагнуурчин А.Нэргүй, Э.Шинэтөр, засварчин А.Ууганаа бид хэд зургаан сар зарцуулсан.
Г.Энхбаатар
