Энэ удаад бид тун онцгой зочдыг хоймортоо урьж ярилцлаа. Энэ жил уншигчдадаа 68 дахь жилдээ хүрч буй манай сонин түүхэндээ гурван удаа нэрээ сольсныг төмөр замчид андахгүй бизээ. 1990 оны хавар манай сонин “Найрамдлын зам” нэрээ “Өдтэй бичиг” гэж өөрчилсөн байдаг. Харин тэр түүхэн өдөр бүл нэмсэн тээвэрчин гэр бүлийг олж, ээж охин хоёрын гэрэл зургийг “Өдтэй бичиг” сонины тусгай дугаарын тэргүүн нүүрэнд нийтэлж, редакцийн мэндчилгээг уншигчдадаа хүргэсэн байна.
Уг мэндчилгээнд “... Манай сониныг шинэ нэрээр нэрлэсэн өдөр төрсөн Толгойт өртөөний эдийн засагч В.Ундармаагийн охин Солонгын баяр. Түүний аав “Найрамдлын зам” сонинтой нас чацуу Авто чиргүүлийн үйлдвэрийн мастер Т.Ганболдын баяр. Энэ нийтийн их баярыг тохиолдуулан уншигч танд аз жаргалыг хүсэн ерөөе. Хайрт Монгол орноо мандуулан хөгжүүлэх бидний үйлс дэлгэрэх болтугай!
Таныг хүндэтгэн мэндчилсэн “Өдтэй бичиг” сонины эрхлэгч С.Цэрэндорж” гэжээ.
Ингэж хорвоод хүмүүн заяаг олж мэндэлснээ сонины хуудсаар “тунхагласан” охин өдгөө үе дамжсан төмөр замчин болж, харин ээж нь гавьяаны амралтдаа гарсан байна.
Тухайн үед Толгойт өртөөний эдийн засагч В.Ундармаа отгон охин Г.Солонгыг төрүүлээд байсан нь тэр байж. Одоо охин нь Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийг вагоны инженер мэргэжлээр төгсөөд Зорчигчийн вагон депод ажиллахын зэрэгцээ докторантурт суралцаж байгаа аж.
-Манай сонинтой учрал ерөөлөөр холбогдсон хоёр зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе?
Ээж: Баярлалаа. “Ган зам” сониныхоо редакцийн хамт олонд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
Охин: Баярлалаа.
-Сонины тэргүүн нүүрэнд охинтойгоо гарсан тэр түүхээс яриагаа эхэлье?
Ээж: Манайх гурван хүүхэдтэй. Солонго миний бага охин. Миний охин 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд Улсын II амаржих газар төрсөн. Тухайн үед эмнэлэгт 4-5 хоноод хүүхдийн хүй цөглөсөн бол гэрт нь гаргадаг байсан. Бид хоёр гэртээ гараад 20-иод хонож байтал сонины сурвалжлагч гэх нэг залуу ирээд баахан зураг хөрөг аваад явсан. Намайг хүүхдээ тэвэр, өргө, хөхүүлж байгаад авхуул гэх мэтээр олон зураг авсан. Таван настай том охин маань хүртэл дүүгээ тэврээд зураг авхуулсан. Бидний зургийг сонин дээр гаргана л гэж байсан. Бид охиндоо нэр ч өгч амжаагүй байсан. Сонины сэтгүүлч шинэ хүндээ нэр өгч амжаагүй гэхэд минь “Том охины нэр хэн билээ?” гэхэд нь “Уянга” гэсэн нь “Эгч нь Уянга юм чинь дүүг нь Солонго гэвэл болох юм байна” гэсэн. Ингээд сонины сэтгүүлч нэр хайрласан охин доо.
Гэртээ хүүхдээ харж байгаа би сонин дээр гарсан үгүйгээ ч мэдээгүй байтал нэг өдөр өртөөнийхөн маань манайд пирхийтэл ороод ирлээ. “Та хэд чинь урьдчилж хэлэхгүй яагаад хүрээд ирэв?” гэхэд манайхан ““Өдтэй бичиг” сонины эхний нүүрэнд та хоёр гарчихсан байна. Сонин хэвлэлд хүүхдээ тэврээд гарчихсан хүнийг эргэхгүй яаж болох вэ?” гэцгээж билээ. Тэгж л сонинд гарснаа харсан даа. Тэр бол манай гэр бүлийн хувьд хамгийн сайхан дурсамжтай үйл явдал болж байлаа.
-Дөрөвдүгээр сарын 24-нд олон л хүн төрсөн байх. Ямар шалгуураар сонинд гарахаар сонгогдсон бол... Сониныхон танд юм хэлж байсан уу?
Ээж: “Найрамдлын зам” сонин “Өдтэй бичиг” гэж нэрээ сольж, үүнийгээ тэмдэглэж наадам хийсэн юм билээ. Тэгээд төмөр замчид, тээвэрчдийн сонин учраас тухайн өдөр төрсөн төмөр замчин, тээвэрчин гэр бүл байна уу гэж эрж сурсан байх. Миний нөхөр Ганзориг Чехэд автохөдөлгүүрийн инженерээр төгссөн хүн. Тухайн үед Авто засварын заводын чиргүүлийн үйлдвэрт ажиллаж байсан. Тиймээс манай гэр бүлийг тээвэрчин гэр бүл гэж сонгосон байх. Би энэ үйл явдлыг ихэд бэлгэшээж, сэтгэл хөдөлж,
“Солонго нэрийг охинд минь хайрлахдаа
Сонины сурвалжлагч юу бодсоныг хэн мэдэх вэ
Ямар ч байсан миний охин
Яахын аргагүй билэгтэй охин
“Найрамдлын зам” сонин нэрээ өөрчилж
“Өдтэй бичиг” болгосон наадмын өдөр төрсөн охин
Өөрийнхөө хойноос эрэл хайгуул болгож
“Өдтэй бичиг”-ийн сурвалжлагчийг гэртээ урин дуудсан
Төрөөд сар болоогүй нярайгаараа
Тэргүүн нүүрийг зургаараа мялааж эцэг эх ах дүүгээ баярлуулсан
Танхил бяцхан үр минь миний хайртай охин...” гэх зэргээр хэдэн мөр холбож байлаа.

-Та шүлэг бичдэг юмуу?
Ээж: Залуудаа өөрийнхөө хэмжээнд хэдэн мөр холбодог байлаа.
-Г.Солонго маань энэ тухай багаасаа мэддэг байв уу?
Охин: Манай гэрэл зургийн цомогт тухайн үед авхуулсан зурагнууд, сонины хайчилбар хадгалаастай байдаг байсан. Ээж маань гэрэл зургийн буланд 1990.05.18 гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгэхээр би төрөөд 26 хоногтой байсан юм билээ. Ээж “Миний охин ингэж сонин дээр гарсан. Ээж нь охиндоо зориулж ийм шүлэг бичсэн” гээд үзүүлж байсан. Тухайн үед сонины тэргүүн нүүрэнд нийтлэгдэх нь битгий хэл гэрэл зураг авхуулах нь тун цөөн байсан үе шүү дээ. Миний хувьд их л азтай сайхан хувь тохиол гэж бодож, дотроо их бэлгэшээж явдаг. Хожим төмөр замын мэргэжил эзэмшээд, УБТЗ-д ажлын гараагаа эхэлж байхдаа дотроо “ Би ер нь төмөр замчин болох хувьтай хүн байж” гэж бэлгэшээж байсан.
-Ярианы сэдэв ажил мэргэжил рүү эргэснийх ээж, охин хоёрын төмөр замчин болсон түүхийг сонирхъё. Таны хувьд...?
Ээж: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат. Москвагийн Зам харилцааны их сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа 1983 онд төгсөж ирээд, Ноос ноолуурын үйлдвэрийн Эрдэм шинжилгээний туршилтын төвд стандартын инженерээр таван жил ажиллаад Толгойт өртөөнд 1988 оны наймдугаар сард эдийн засагчаар төмөр замчны гараагаа эхэлж, тасралтгүй 32 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.
-Та төмөр замын инженер-эдийн засагчаар төгсөж ирээд яагаад өөр салбараас хөдөлмөрийн гараагаа эхлэв?
Ээж:-Сургуулиа төгсөөд иртэл Замын-Үүд рүү яв гэсэн л дээ. Тухайн үедээ залуу ч байж, тэр халуун газар руу явахгүй гэсэн юм. Хотод л үлдмээр байдаг. Тэгтэл хүргэн ах маань намайг Ноос ноолуурын үйлдвэрийн Эрдэм шинжилгээний туршилтын төвд ажилд оруулж өгсөн юм. Би тэнд таван жил стандартын инженерээр ажилласан. Гэхдээ тэр хугацаанд төмөр замдаа үндсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг бодолтой анкетаа өгчихсөн, хүлээлттэй л байсан л даа. Тэгтэл төмөр замын Ачаа тээврийн албаны ахлах эдийн засагч Өлзийцоо “Орон тоо гарсан. Одоо ирж мэргэжлийн ажлаа хий” гэж дуудсан. Тэгээд л Толгойт өртөөнд эдийн засагчаар ажилд ороод тэтгэвэрт гартлаа ажилласан даа. Би Ноос ноолуурын үйлдвэрийн Эрдэм шинжилгээний туршилтын төвд ажиллаж байхдаа их зүйл сурсан шүү. Тэнд чинь нэхмэлийн машинууд дээр цаг минутаар ажлын зураг авалт хийдэг байсан. Минутад хэдэн ширхэг утас ээрэв, секунтэд хэдийг гэх мэтээр маш нарийн чимхлүүр ажил хийж байсан болохоор Толгойт өртөөнд ирэхэд эдийн засагчийн ажил үнэхээр хөнгөхөн байсан. Өртөөний ажлын гол үзүүлэлт вагон явуулалт. Ажилчид нь хэдэн вагон явуулав гэдгээрээ хийснээр цалинждаг байсан юм.
-Солонго маань мэргэжлээ өөрөө сонгосон уу?
Охин:-Би төмөр замчин болно гэж төсөөлөө ч үгүй явсан. Ээжийн сонголт шүү дээ. Эгч, ах хоёр маань өөр мэргэжил сонгосон болохоор сүүлийн найдвар нь би л тунаж үлдсэн байх. Намайг төмөр замчин болоорой гээд л байдаг байсан. Дунд сургуулиа төгсөөд ЭЕШ-аа өгөөд КТМС-ийн компьютерийн удирдлагын систем гэсэн хуваарь авчихсан байлаа.
Ээж:-КТМС-ийн хуваариа аваад ирэхээр нь “Чамайг төмөр замын сургуульд оруулна” гэлээ. Тэр жил бас Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн баахан багш нар ирчихсэн шалгалт авч байсан. ТЗДС-д шалгалт өгүүлэх гээд охиноо уйлуулаад... Загнаад л... бөөн л юм боллоо /инээв/. Уйлж очоод шалгалт өглөө. Физик, математикийн шалгалтаас дажгүй оноо аваад гараад ирлээ.
Охин: Тэр жил ТЗДС дөрөвхөн охин авна гэсэн байсан. Охидуудаасаа миний оноо эхний дөрөвт багтаагүй, арав хавьцаа байсан байх. Ээжид “Тэнцэхгүй гэж хэлээ биз дээ. Би угаасаа төмөр замд орохгүй” гэлээ. Тэгтэл ээж Орост тэтгэлгээр сургах хүүхдүүдээс шалгалт авч байна. Тэнд шалгалт өгөөдөх гээд байна. Би ч үгүй гээд зөрчихсөн.
Ээж: Тэр чинь их адал явдалтай бүтсэн юм. Орос багш нар ирчихсэн шалгалт авч байна гэхээр нь охиноо шалгалт өгүүлье гэтэл Боловсон хүчний албаныхан “Хүүхдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд шалгалтад оруулахгүй” гээд болдоггүй. Замын дарга дээр оръё гэсэн чинь ажлаар гадагшаа явчихсан байна. Замын даргыг ирэхийг хүлээвэл охиноо шалгалтад оруулж чадахгүй болчих гээд болдоггүй. Тэгэхээр нь Р.Раш даргатай уулзахаар гүйгээд очлоо. Дарга тэгэхэд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байсан. Өглөө эрт яамны үүдэнд хүлээж байтал Раш дарга хүрээд ирлээ. Учир байдлаа хэллээ. Раш дарга өрөөндөө дагуулж ороод өргөдөл дээр минь “Дэмжиж байна. Шалгалтад оруулъя” гэж цохож өглөө. Сайдын цохолттой өргөдлөө барьсаар Боловсон хүчний албаны Дашмаа эгч дээр ирж хүүхдээ шалгалтад оруулахаар болсон.
-Охин нь төмөр замчин болохгүй гээд байхад л ээж сайд хүртэл явсан байна шүү дээ?
Охин:-Харин тиймээ. Би бол дотроо орос хэлний шалгалтад тэнцэхгүй гэж бодохгүй юу. Дунд сургуульд англи хэл л үзсэн болохоос орос хэл үзээгүй. Гэхдээ орос хэлний ойр зуурын хэдэн үгтэй. Орос хэлний шалгалт бичгээр авч таарсан нь надад дөхөм байсан. Орос хэлний шалгалтын дүнг физик, математикийн шалгалтын оноотой харгалзаж тэнцүүлнэ гэсэн. Орос хэл дээр бага оноо авсан ч дундаж оноогоороо тэнцээд гараад ирсэн. “Шалгалтад тэнцлээ” гэхэд минь ээж надаас илүү баярласан. Ээжийнхээ тэгж их баярлаж байгааг нь хараад би уяраад... Бас хилийн дээс алхаж сурна гэж бодохоор гайгүй санагдсан.
Ээж:-Тэр жил төмөр замаас хэлний бэлтгэлд 30 хүүхэд явсан. Манай Боловсон хүчний албанаас тэр хүүхдүүдийг вокзал дээр үлээвэр хөгжимтэй сайхан үдэж гаргаж өгсөн. Охин маань уйлсаар л галт тэргэнд суугаад явсан даа.
-Солонго ээжийнхээ хүслийг биелүүлж, төмөр замчин болсноо хэр оносон гэж боддог вэ?
Охин: Сургуульдаа очоод суралцаж байхад мэргэжил маань үнэхээр сонирхолтой, таалагдсан. Гэрээсээ хол бие даагаад анх удаа амьдарч үзэж байгаа болохоор юм юм бодогдоно. Өвлийн амралтаараа ирээд буцахдаа “Ээжээ таны зөв байсан шүү. Охин нь сургуульдаа, мэргэжилдээ дуртай болсон. Хичээж сайн суралцанаа...” гэсэн утгатай уртаас урт захиа бичиж үлдээгээд явж байлаа. Анх төмөр замчин болохгүй гэж ээжтэйгээ муудаж байснаа бодохоор инээд хүрээд байдаг. Ээжийн минь зөв байсан.
Ээж: Би өөрөө төмөр замын мэргэжил эзэмшээд, төмөр замдаа насаараа ажилласан болохоор энэ байгууллага надад сайхан санагддаг. Манай төмөр замд тогтсон бааз суурь сайтай. Бидний үед цалин өндөртэй, хүмүүсийнхээ амьдрал ахуйг сайхан харж үздэг байсан. Би гурван хүүхдээ төмөр замынхаа буянаар хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Үр өгөөжтэй сайхан байгууллага. Миний охин голоод байх хэрэггүй. Сургуулиа төгсөөд ирэхээр болно бүтнэ гээд л явуулсан. Вагоны цонхоор мэлмэртлээ уйлаад явсан нь санаанаас гардаггүй.
-Солонго төгсөж ирээд хаанаас ажлын гараагаа эхлэв?
Охин: Төгсөж ирээд Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажлын гараагаа эхэлж, жил зургаан сар ажилласан. Хоёр өвлийг давсан шүү. Хотын хүүхэд болохоор вагоны галлагаа хийх л хамгийн хэцүү байсан. Гэхдээ эгч нарынхаа зааж өгснөөр галлагааг ямар ч асуудалгүй хийж сурсан. Тэр үедээ би амьдралд хэрэгтэй нэг зүйл сурлаа даа гэж бодож байлаа. Сургууль төгсөөд ирсэн жаахан охин олон янзын хүмүүстэй харьцаж сурсан. Олон танил, найз нөхөдтэй болсон. Вагоны үйлчлэгч сайхан ажил шүү. Тэгтэл Инженерийн төв байгуулагдахад тэнд инженерээр очоод жил хагас ажиллаж байтал тэр төв маань татан буугдахад буцаад Зорчигчийн вагон деподоо ирж, чанарын менежерээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай чанарын менежер байсан Ганбат ах намайг их сайхан хүлээж аваад хамт нэг жил ажилласан. Тэгэхэд надад “Миний дүү болбол докторт суралцаарай” гэсэн. Тэр үед РЦНК дээр тэтгэлэгтэй хөтөлбөр явж байхаар нь очиж бүртгүүлээд аспирантурт явах шалгалтад тэнцээд нэг жилийн чөлөө аваад явсан. Тухайн үед нэг л жилийн чөлөө өгдөг байсан болохоор чөлөөгөө сунгах боломжгүй. Ажлаасаа гарах болчихоод байсан. Тэгээд ажлаа хийж байгаад 2020 онд хүүхэд асрах чөлөөгөө аваад хүүхдээ ой гарантай болгоод ахиад сургууль руугаа явсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаагаа ашиглаад сурч байгаа. “Доктороо хэзээ төгсөх вэ гэж битгий асуу” гэж үг байдаг /инээв/.
-Таны мөрөөдлийг биелүүлж удам залгасан охиноо та бол тултал дэмжинэ биз?
Ээж:- Сурахаар явахад “Ар нь түүз” гэдэг шиг л хүүхдийг нь хараад, арын хамаг ажлыг нь амжуулаад эмээгийнхээ үүргийг дандаа 100-аас дээш хувиар биелүүлж байгаа шүү дээ /инээв/. Ээж, охин, зээ гурав чилийсэн гурван жилийг ардаа хийчихсэн. Одоо нэг жил үлдээд байна даа. Техникийн ухааны доктор хамгаалахад чинь асар их тооцоо судалгаа хийдэг юм байна. Туршилтын ажлууд ч их хийдэг юм байна.
Охин: Нэгэнт л зорьсон юм чинь ард нь гарч л таарна даа гэж бодож яваа.
-Үнэхээр сайхан түүхийг та хоёр минь бүтээж яваа юм байна. Солонго маань төмөр замчин болох хувь заяатай охин байж дээ?
Охин: Мартснаас намайг есдүгээр анги төгссөн жил ээж намайг амралтаараа ажил хийх үү. Цалингаараа дэвтэр ном гээд хичээлийнхээ бэлтгэлийг өөрөө хангана шүү дээ гэхээр нь тэгье гэлээ. Тэгтэл өртөөний гурван давхарын оффисийн үйлчлэгчийн ажил байсан. Шал угааж чадахгүй юм биш гээд нэг сар ажиллаад анх удаа цалин авч байлаа. Тэр үед цалингаа бэлэн мөнгөөр тавьдаг байсан. Тэр үед үйлчлэгчийн цалин 40 мянган төгрөг байсан байхаа. Жигтэйхэн их мөнгө авсан мэт санагдаж байсан шүү.
Ээж: Тэр үед төмөр замын цалин бусад салбарынхны цалингаас өндөр байсан шүү. Тийм ч учраас хүмүүс төмөр замд ажилд орохыг хүсдэг. Төмөр замчид хүүхдүүдээ удам залгасан төмөр замчид болгодог байсан. Одоо бол жаахан хэцүү байх шиг байна. Биднээс шалтгаалахгүй хөрш орнуудын дайн дажингаас үүдсэн хүндрэлүүд их байх шиг байна.
Охин: Ээж Ахмадын холбооныхоо идэвхтэн гишүүн. Би Залуучуудын төв байгууллагынхаа Хяналтын зөвлөлийн гишүүн. Бид хоёр хааяа гурван үеийн уулзалт дээр таарна. Хоёр талд бөөн идэвхтэй хоёр хүн л явж байдаг даа. Төмөр замчин гэдэг энэ алдрыг ээжээсээ өвлөөд авч яваадаа баяртай, бахархалтай сайхан байдаг. Энэ ташрамд удахгүй болох Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг нийт төмөр замчдадаа хүргэе.
Б.Гүнжинлхам
