Нүүр Томилолт Галт тэрэгний өдрийн аялал хийе гэвэл Мандалыг зориорой
Томилолт

Галт тэрэгний өдрийн аялал хийе гэвэл Мандалыг зориорой

G.Press 2 цагийн өмнө 9 үзэлт 0 сэтгэгдэл

Саяхан Мандал зөрлөгөөр ороод гарлаа. Зөрлөгийн дарга З.Дэлгэрцэцэг ээлжийн амралтаа авч, туршлагатай жижүүр Б.Долгорсүрэн ажил үүргийг нь орлон ажиллаж байлаа. УБТЗ-д 21 дэх жилдээ ажиллаж буй Б.Долгорсүрэн Мандал зөрлөгт зургаа дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр, Толгойт өртөөнөөс ажлын гараагаа эхэлж, Ногоонтолгой, Мандал зөрлөгт ажиллаж байгаад 2015 оноос Замын-Үүд хэсэглэлийн Сумангийн зоо зөрлөгийн даргаар томилогдож, 2020 оноос Мандал зөрлөгтөө эргэн ирж ажиллаж байгаа гэв. Энэ зөрлөг хүлээн авч, явуулах таван зам, мөн ачилт буулгалтын замтай, ихэвчлэн төмөр замын ачаа буудаг онцлогтой. Өнгөрсөн онд гэхэд 190 вагон ачаа буусны 130 гаруй нь төмөр замын аж ахуйн ачаа байжээ. Мөн найман вагонд ачилт хийсэн нь мөн л төмөр замын ачаа байсан гэж танилцууллаа. Ийнхүү ачилт буулгалт бага байдаг нь нийслэлд ойр, хатуу хучилттай автозамаар холбогдсон учир жил ирэх тусам орон нутгийн ачааны буулгалт, ачилт буурсан гэнэ. Мөн зорчигч тээврийн хувьд сүүлийн жилүүдэд галт тэрэгний тасалбар онлайн хэлбэр рүү шилжсэнээр тасалбарын борлуулалт багасжээ. Тэд уг нь тасалбар худалдаалалтаа нэмэгдүүлэх гэж гурван тасалбар авсан хүн нэг кофе зэрэг урамшуулал хүртэл зарлаж үзсэн гэнэ. Гэвч цаг үеэ дагаад хүмүүс онлайн худалдааг сонгодог болсноор төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Ер нь, хөгжил дэвшил зарим ажлын байрыг хэмнэхэд ч нөлөөлж байгаа бололтой. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс ачаа вагон хүлээлцэгч, тооцооны операторын орон тоогоо Толгойт өртөө рүү шилжүүлж, одоо Мандал зөрлөгийн дарга, дөрвөн жижүүр, жижүүр-найруулагч, бэлтгэл жижүүр, үйлчлэгч гэсэн найман ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ер нь, Мандал зөрлөг нь хөл хөдөлгөөн бага газар уу гэхэд бас тийм биш аж. Ялангуяа, урин дулааны улиралд зорчигчийн галт тэргээр үйлчлүүлэгсдийн тоо харьцангуй өсдөг аж. Батсүмбэр сум нь сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын бүс болон хөгжиж түүнийг дагаад олны хөл хөдөлгөөн нэмэгддэг аж. Сурагчдын зуны амралт эхэлмэгц хүүхдүүд олноор зорчдог учир ГТХАБ-д онцгой анхаарах шаардлагатай болдгийг Б.Долгорсүрэн ярьж байлаа. Үүнээс гадна тэгш, сондгой чиглэлийн зорчигчийн галт тэрэг цаг гаруйн зайтай аялдаг тул галт тэргэнд хүүхдээ суулгаж үзүүлэх гэсэн эцэг эхчүүд Улаанбаатараас хүүхдээ дагуулан галт тэргээр ирж, Батсүмбэрээр бяцхан аялал хийгээд галт тэргэнд суугаад буцдаг гэнэ. Мөн гадны аялагч нар ч Монголын зорчигчийн галт тэргээр богино зайд аялаад буцахад энэ маршрут хамгийн тохиромжтой нь гэнэ шүү. Хоттой ойр, дээр нь тасалбар хямд тул сүүлийн жилүүдэд ийм аялагчид нэлээд ирдэг болсон тухай сонирхууллаа. Амралт баяр ёслолын үеэр зорчигчийн галт тэрэгнээс Мандалд 300 хүртэл зорчигч бууж, хөл хөдөлгөөн ихэсдэг онцлогтой юм байна. Тэгэхээр Мандал их хөлийн газар гэж болохоор... Б.Долгорсүрэнгээс Мандалд ажиллаж амьдрахад ямар байна гэхэд “Амьдрахад таатай сайхан газар шүү дээ. Би энд гэр бүлээрээ ажилладаг. Хот руу оръё гэж огт боддоггүй” гэж итгэлтэй хариулна билээ. Харин зөрлөгийн байшин цэвдэгтэй газар баригдсан тул хана туурга нь хагарч, ан цав гарсныг үзүүлж, “Өнгөрсөн жил хэмнэлтийн жил гээд их засварын төлөвлөгөөнөөс хасагдсан. Энэ жил засварт орох болов уу гэж найдаж байна. Ажлын байр маань ийм байдалтай байгаа нь тиймхэн байна. Өвөлдөө хүйтэн тул тух алддаг. Бусдаар бол бидэнд хэцүү зүйл алга” гэсэн юм. Уг нь энэ зөрлөгийн барилга баригдаад арав гаруйхан жил болж буй юм билээ. Гэвч хагарч цуурсан хана туургыг хараад газар хөдлөлт л битгий болоосой гэж бодсноо нуух юун. Мандалынхан энэ хавар 150 орчим мод тарьжээ. Уг нь түүнээс олон мод таримаар байвч өртөөний орчинд хүссэн газраа мод тариад байж болдоггүй юм байна. “Энэ хавиар төмөр замын холбоо, шилэн кабелийн шугам байдаг учраас аюулгүй байдлаа бодолцож, холбооныхноосоо зөвлөгөө авч, мод тарих газраа сонгож тарьсан. Мод чинь томрох тусмаа үндэс нь газар хавж ургадаг учир нэлээд алсыг харж, бодолтой тарих ёстой юм билээ шүү” гэж Б.Долгорсүрэнгийн ярьсан нь бас л бодох асуудлын нэг аж. Ийнхүү Мандал зөрлөгөөр буугаад мордох зуураа тэмдэглэж авснаа уншигчидтайгаа хуваалцахад ийм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.